Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00625

 

“Азг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02407 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00407 дугаар магадлалтай,

“Азг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.С, Э.Э, “И” ХХК, “А э д э” ХХК нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх эд хөрөнгөөс 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И” ХХК-д даалгах, “А э д э” ХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг гаргуулан “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, Н.Сгаас компанид учруулсан хохиролд 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж “Э” ХХК-д нөхөн төлүүлэх,

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн бие даасан шаардлага: Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг Н.Сгаас гаргуулах, 61,325,000 төгрөгийг Э.Эээс тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанбаганын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанбагана, Б.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаатар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Азг” ХХК нь хариуцагч Н.С, Э.Э, “И” ХХК, “А э д э” ХХК нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээний дагуу Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И” ХХК-д даалгах, “А э д э” ХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг гаргуулан “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, Н.Сгаас компанид учруулсан хохиролд 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж “Э” ХХК-д нөхөн төлүүлэх,тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд “Э” ХХК нь хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 61,325,000 төгрөгийг Н.Сгаас гаргуулах, 61,325,000 төгрөгийг Э.Эээс тус тус гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02407 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж “Э” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Азг” ХХК-ийн “И” ХХК-нд холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу “Азг” ХХК нь Соёмбот цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 м.кв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар авсан болохыг тогтоолгож, “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, хариуцагч “А э д э” ХХК-нд холбогдуулан гаргасан дээрх талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн хариуцагч Н.С, хариуцагч Э.Э нарт холбогдуулан гаргасан 122,650,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00407 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/02407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Сгаас 206,250,000 төгрөг, хариуцагч Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Азг” ХХК-ийн “И” ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захиалгаар ажлын байр барих гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу “Азг” ХХК нь Соёмбот цогцолборын 1-р орц, 5 дугаар давхрын 120 м.кв талбайг ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар авсан болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, хариуцагч “А э д э” ХХК-д холбогдуулан гаргасан дээрх талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн хариуцагч Н.С, хариуцагч Э.Э нарт холбогдуулан гаргасан 122,650,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 3,157,950 төгрөг, мөн өдөр төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгчийн төлсөн 771,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанбагана хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т тус тус заасан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү хэмээн уг гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”

4.1.1. Маргааны үйл баримттай холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг харилцан зөрүүтэй хэрэглэсэн талаар, Магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэн, тухайн үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, хуулийн хэрэглээ оновчгүй байгааг залруулахдаа”, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсныг Иргэний хуулийн 228.1, Компанийн тухай хуулийн 86.1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Энэ нь хоёр шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтын талаар харилцан ялгаатай дүгнэлтийг өгснийг илэрхийлж байх ба ийнхүү нэг үйл баримтыг харилцан ялгаатай дүгнэж хуулийг зөрүүтэй хэрэглэснийг хяналтын шатны шүүхэд хандан хянуулах үндэслэл бүрдсэн байна. Шүүхүүд гэм хор арилгах хуулийн зохицуулалтыг ийнхүү ялгаатай байдлаар хэрэглэснээр, хариуцагч тал гэм хорыг арилгавал зохих хэр хэмжээ, шалтгаант холбоо, харилцан шүтэлцээг нэг мөр тодорхойлж шийдвэрлээгүй орхигдуулсан.

4.1.2. Хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрийн улмаас гэм хорыг арилгавал зохих хэмжээ үндэслэлтэй дүгнэгдээгүй талаар, тодруулбал, анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу “нотолгооны үүргийн хуваарилалт хариуцагчид оногдоно” хэмээн үндэслэлтэй дүгнэлт өгсөн атлаа, хариуцагч Н.С, Э.Э нарын нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нотолж чадаагүй дүн болох 653,200,000 төгрөгөөр хариуцлага, хохирлын хэмжээг хязгаарлаж, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч баримтжуулсан тооцооллыг “хохирлын дүнг эргэлзээгүй тодорхойлсон гэхээс илүүтэй ... үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгийн талаар дурдсан гэж үзэхээр байна” гэж хэргийг шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх “хэргийг бүхэлд нь хянан үзэж” дүгнэлт өгөхдөө, давж заалдах гомдолд дурдсан дээрх хариуцлага, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж бууруулсан дүгнэлтийн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй орхисон ба Иргэний хуулийн 228.1 дэх хэсэгт заасан гэм хорыг “учруулахаас өмнөх байдалд сэргээх” замаар арилгах үүрэг, журмыг удирдлага болговол дээрх дүнгээр хязгаарлан тогтоосон шийдэл нь мөн оновчгүй болохоор байна. Иймд энэ талаар хяналтын шатны шүүх хянан үзэж хууль хэрэглээний зөрүүг арилгаж шаардагдах дүгнэлт, оновчтой шийдлийг гаргаж өгнө үү.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2 “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”

4.2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бичгээр гаргасан шаардлагаас өөрөөр томьёолж дүгнэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй шийдэл болсон талаар, 2015.12.15-ны өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-нд “Нэг “Ерөнхий зүйл”-ийн 1.5. Гүйцэтгэгч барилгыг 2016 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд оруулан Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах техникийн болон улсын комиссын актаар захиалагчийн эзэмшилд хүлээлгэн өгнө.”, “Гурав “Төлбөр тооцооны журам”-ын 3.2. Төлбөрийг бэлэн буюу бэлэн бус аль ч хэлбэрээр төлж болно. 3.3. Анх гэрээ байгуулахад нийт үнийн дүнгийн 100 хувийг бүрэн төлнө.”, “Дөрөв “Гүйцэтгэгчийн үүрэг, эрх”-ийн 4.6. Барилгыг техникийн болон улсын комисс ашиглалтанд хүлээн авсны дараа төлбөр тооцоо нь бүрэн дууссан нөхцөлд захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгнө.”, “Төлбөр гүйцэтгэх хуваарь хүснэгтийн төлбөр хийх хугацаа гэрээ байгуулахад байх ба үнийн дүн 600,000,000 төгрөгийг төлсөн тухай төлбөр хийсэн тэмдэглэлд тусгагдсан” зэргийг үндэслэн нэхэмжлэгч “Азг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь: (1) 2015.12.15 өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-ний дагуу “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхар дахь 120 м.кв талбайг “Азг” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И” ХХК-д даалгах; (2) “А э д э” ХХК-аас эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхар дахь 120 м.кв талбайг гаргуулан “Азг” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах; (3) Н.Сгаас компанид учруулсан үлдэгдэл хохирлын нөхөн төлбөрт 206,250,000 төгрөгийг нөхөн төлүүлэх; (4) Э.Эээс компанид учруулсан хохирлын нөхөн төлбөрт 246,750,000 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус гаргасан. Шүүх хуралдааны явцад буюу нотлох баримт шинжлэн судалсны дараагаар асуулт тавих үе шатанд шүүх бүрэлдэхүүнээс Н.С нараас хохирол нэхэмжилсэн шаардлагын хувьд “Азг” ХХК нь “хохирлыг компанид төлүүлэх” гэснийг хэрхэн ойлгох болохыг тодруулж асуух үед, шаардлагад дурдсан “компанид” гэдэг нь тухайн хохирлыг “Э” ХХК-д төлүүлэх гэсэн утгаар шаардлагыг гаргасан болохоо Компанийн тухай хуулийн 86.1 дэх хэсэгт нийцүүлэн тодруулж тайлбарлаж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, дээрх (1) 2015.12.15 өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-ний дагуу “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхар дахь 120 м.кв талбайг “Азг” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И” ХХК-д даалгах; (2) “А э д э” ХХК-аас эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхар дахь 120 м.кв талбайг гаргуулан “Азг” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагуудыг нэхэмжлэлд дурдсанаас өөр байдлаар тайлбарлаж, “шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө, ... ирээдүйд өмчлөх эрхийг шударгаар олж авсан болохыг тогтоолгож, “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгуулах, “А э д э” ХХК-нд холбогдуулан талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах” гэж тодруулсан мэтээр буруу тайлбарлан дүгнэж хэргийг шийдсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд диспозитив зарчмын дагуу хэргийг шийдвэрлээгүй болохыг давж заалдах журмаар гомдол гаргахдаа эсэргүүцсэн боловч давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсгийн 6 дугаар догол мөрөнд энэхүү гомдлыг хангах “хууль зүйн үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг талуудаас тодруулсны үндсэн дээр тухайн маргаанд хамааралтай хуулийг тайлбарлан хэрэглэх учиртай. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу биш байна” гэсэн нь анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх 1, 2 дугаар шаардлагууд нь “Азг” ХХК захиалгын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг шилжүүлэн авагч болохынхоо хувьд гэрээний үүргийг шаардаж буй, мөн шударгаар олж авсан захиалагчийн эрх тусгагдсан хөрөнгийг дуусаагүй барилгын нийлбэр, нэгдсэн бүртгэл бүхий гэрчилгээгээр дамжуулан олж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу хууль бусаар захиран зарцуулсны үр дагаврыг арилгуулах шаардлагуудад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр өөрөөр ойлгож, энэхүү ойлголтдоо үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг “...ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай...” хэмээн үзэж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

4.2.2. Нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр, магадлал буруу гарахад хүргэсэн талаар, 2015.12.15-ны өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-нд “3.5. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах бол энэ тухай 14 хоногоос доошгүй хугацааны өмнө гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, Н.С, “И” ХХК дээрх “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-г цуцалсан гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд Н.С болон “И” ХХК-ийн захирал Р.Бадамдорж нарын гэрчээс асуугдахдаа өгсөн мэдүүлгийг уншихад, гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй, харин гэрээний үүргээ “И” ХХК биелүүлэх шаардлагатай болохыг Н.С илэрхийлсэн байдаг. Нөгөөтэйгүүр, тухайн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар явагдаж байсан шалгах ажиллагааг зогсоох болсон гол үндэслэл нь Н.С дээрх “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-ний төлбөр бүрэн төлөгдсөн, захиалагчийн эрхийг “Азг” ХХК-д шилжүүлж өгч байгаа мэдүүлэг, тайлбар болсон. Харамсалтай нь, ийм илэрхий үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд буруу дүгнэж, “цуцалсан” гэх баримтгүй, гэрээгээр тохирсон журамд нийцэхгүй тайлбарыг үнэн зөв хэмээн хүлээн авч, хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон нотлох баримтуудыг үнэлээгүй, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж буй чухал баримтуудын талаар үнэлэлт өгөхөөс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн. Тухайлбал, 2015.12.15-ны өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-ний дагуу захиалагчийн эдлэх эрхийг “Азг” ХХК нь Н.Сгаас шилжүүлэн авсныг нотлох баримтуудад: 2016.10.24-ний өдрийн “Өглөг, авлага болон зээл баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ”, 2016.03.01-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлэгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, /шүүх дүгнэлт өгөөгүй төдийгүй, “шаардах эрх нэхэмжлэгч “Азг” ХХК-нд шилжин ирсэн гэх үндэслэл тогтоогдоогүй” хэмээн үзсэн нь ойлгомжгүй байна/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын архив дахь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай Г-1783 дугаар материалаас Н.Сгийн хяналтын прокурор Б.Отгончимэг, мөрдөгч Б.Ууганбаяр нарт өгсөн тайлбар, мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг, түүнчлэн Н.С нь гомдол гаргагчийг хохиролгүй болгохоор төлбөр бүрэн хийгдсэн захиалсан байраа шилжүүлэн өгөхөөр болсон гэх дүгнэлтийг үндэслэн тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоох үндэслэл болсон, прокурорын газрын архивын материалд хадгалагдаж буй Н.С, “И” ХХК хоорондын 2011.03.14-ний өдрийн “Захиалгаар орон сууц барих гэрээ”, 2014.06.20 өдрийн “Захиалгаар орон сууц барих гэрээ”, мөн 2015.12.15 өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”, тус гэрээний үнийн дүн 600,000,000 төгрөг, уг төлбөрийг бүрэн төлсөн тэмдэглэл зэрэг баримт, /шүүх дүгнэлт өгөөгүй/, “И” ХХК хэргийн оролцогч, хариуцагчаар татагдан оролцоогүй байх үедээ, шүүхэд нотлох баримт хэлбэрээр гаргаж өгсөн албан бичигт дурдсанаар дээрх захиалгын гэрээ нь 2018.06.29-ний өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байсан талаар тодорхойлсон албан бичиг, /шүүх дүгнэлт өгөөгүй/, “И” ХХК болон “Э” ХХК хооронд тухайн үл хөдлөх хөрөнгийн цогцолбор барилгаас захиалах эрхийг олж авсныг баталгаажуулж байсан гэрээ, /шүүх дүгнэлт өгөөгүй/, “И” ХХК нь “Э” ХХК-аас нийт 30,806,720 төгрөгийн махыг барилгын ажилчдынхаа хэрэгцээнд авч ашиглаж байсан баримт, /шүүх дүгнэлт өгөөгүй/, “Азг” ХХК-аас “И” ХХК-д үүргийг шилжүүлэн авсан талаараа мэдэгдэж байсныг гэрчлэх гэрчийн мэдүүлэг, барилгын явцтай танилцсан тайлбар, /шүүх дүгнэлт өгөөгүй/, “И” ХХК нь захиалагчийн эрх “Азг” ХХК-д шилжсэнээс хойших хугацаанд дур мэдэн гэрээг цуцлах эрхгүй, түүнчлэн гэрээг хэрэгжүүлэхгүй гэх ямар нэгэн илэрхийлэл илэрхийлж байгаагүй, зөвшөөрсөн “эс үйлдэхүй”-г гаргасаар ирсэн /шүүх дүгнэлт өгөөгүй/ зэргээр тогтоогддог. Учир нь, “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-ний 4.7-д “Захиалагч энэхүү гэрээгээ өөр этгээдэд шилжүүлэхийг хүсвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба шинээр үүрэг хүлээх этгээдийг гүйцэтгэгч зөвшөөрөхгүй байх эрхтэй” гэж заасны дагуу “И” ХХК нь захиалагчийг зөвшөөрөхгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар, “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэсний дагуу, төлбөр нэгэнт бүрэн төлөгдсөн болох тэмдэглэгээ хийгдсэн учраас захиалагч тал солигдох, шаардах эрхээ шилжүүлэх нь үүргийн мөн чанарт нөлөөлөхгүй, “И” ХХК зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхгүй байсантай дээрх нь холбоотой юм.

4.2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотлох үүргийг тэнцвэргүй хуваарилж, нотолгоогүй тайлбарыг үнэн зөвөөр хүлээн авч бодит байдалд тохирохгүй дүгнэлт өгсөн талаар, уг хэрэгт хариуцагч нар илтэд худал тайлбар хэлж, урьдын тайлбар, байр сууриа тогтмол өөрчилж, нотлох баримтгүйгээр татгалзлаа хэлсээр ирсэн ба хариуцагч талуудаас гаргаж өгсөн нийт нотлох баримтын тоо 10 орчим хуудсаас хэтэрдэггүй. Тухайлбал, захиалгын гэрээг хариуцагч талууд зарим үед “гэрээ байгуулагдаад” “цуцлагдсан”, зарим үед “төлбөр бүрэн төлөгдсөн” эсхүл “хэсэгчлэн төлөгдсөн”, зарим үед “огт төлбөр төлөгдөөгүй”, “анхнаасаа гэрээг дүр үзүүлэн хийсэн” гэж хоорондоо хорших байдлаар тайлбараа өөрчилсөөр ирснийг шүүх үнэн зөв хэмээн хүлээн авч шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. “И” ХХК, “А э д э” ХХК хариуцагч талууд болохынхоо хувьд тухайн захиалгын гэрээг дүр үзүүлсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт өгөөгүй байхад, нөгөөтэйгүүр, “гэрээ цуцалсан” гэх ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн тогтворгүй өөрчлөгдсөөр ирсэн тайлбар, харилцан зөрүүтэй мэдүүлгийг нь үндэслэн гэрээг цуцлах асуудлыг “анхны үүрэг гүйцэтгүүлэгч Н.Стай тохиролцон шийдвэрлэсэн нөхцөл байдлыг буруутгах боломжгүй” гэж дүгнээд, гэрээг цуцалсан, 100 сая төгрөг буцааж өгсөн, автомашин өгч өрийг хаасан гэх мэт баримтгүй тайлбаруудыг хүлээн авсан ба давж заалдах шатны шүүх үүнийг шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч талуудаас илтэд зөрүүтэй байдлаар, тогтворгүй хувьссан тайлбаруудыг нотлох баримтгүйгээр хэлэхэд шүүх үнэн зөв гэж хүлээн авч, бусад зөрүүтэй нөхцөл байдлыг харьцуулахгүйгээр зарим хэсэгчлэн авагдсан баримтуудыг хоорондоо нийцэж байна гэж дүгнэж байгаа нь шударга бус, нотлох баримтын үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журамтай нийцэхгүй бөгөөд үүний улмаас маргаанд ач холбогдол бүхий захиалгын гэрээ нь “гуйлтаар хийгдсэн хүчин төгөлдөр бус” гэрээ юм уу, эсхүл “төлбөр төлөгдөөгүй гэж үзэн цуцлагдсан” гэрээ юм уу гэдэг нь дүгнэгдэхгүй тодорхой бус үлдэж, “Азг” ХХК нь захиалагчийн шаардах эрхийг шударгаар олж авсан этгээд мөн эсхүл биш асуудал нь нээлттэй, дүгнэгдээгүй орхигдсон. Үүний улмаас “Азг” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, хуулиар тогтоосон эрх зүйн хамгаалалтын гадуур үлдэх болсон нь “И” ХХК захиалгын гэрээг “хүчинтэй” байх хугацаанд нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд шилжүүлж бүртгэл хийлгэсэн, улмаар гадаадын хөрөнгө оруулагчид төрүүлсэн хууль ёсны итгэл, эрхийг шударгаар олж авсан нөхцөл байдлыг овжин аргаар үгүйсгэснийг шүүх хүлээн авсан явдлаар илэрнэ. Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан боловч Н.С, “И” ХХК, “А э д э” ХХК нь тухайн “дүр үзүүлсэн” гэж тайлбарлаж буй хэлцлийнхээ талаар бусдын өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй байдлаар хэрэг шийдвэрлэгдэж, улмаар Н.С, Э.Э нарын учруулсан хохирлыг шүүх зөвхөн 653,200,000 төгрөгийн хэмжээгээр хязгаарласан дүгнэлтийг өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, 2014.07.25-ны өдрийн “Туслан гүйцэтгэгчийн гэрээ дүгнэсэн акт”-ыг “Эй Эн Ди Эм /АNDМ/” ХХК “Э” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.С, ерөнхий нягтлан бодогч Э.Э нартай үйлдээд зөвхөн тухайн гэрээний хүрээнд гэхэд 419 тонн махыг сертификатаар баталгаажуулж хүлээн аваад 410 тонн махыг борлуулсан болохыг тулган баталгаажуулж, төлбөр тооцоог шийдсэн, бүрэн хүлээн авсан байгаа нь нотлогдсон тул, хариуцагч талын “үйл ажиллагаа доголдсоны улмаас алдагдал хүлээсэн” гэх тайлбар няцаагддаг. Шүүхээс 1,053,000,000 төгрөгийг “...бүхэлд нь эрх бүхий албан тушаалтны “Э” ХХК-нд учруулсан хохирол мөн гэж үзэх нь учир дутагдалтай, хариуцагчийн төлөөлөгчийн энэ үндэслэлийг дурдаж тайлбар гаргаж байгааг буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлт нь үүгээр үгүйсгэгддэг. Мөн Н.С нь өөрөө бусад этгээдээс авах авлагыг хувьдаа авсан тул “Э” ХХК-ийн өмнө өөрөө хариуцлага хүлээх болохоо бичгээр баталгаажуулж гэрээ байгуулсан байхад, шүүхээс “энэ асуудлаар “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс шүүх болон бусад байгууллагад хуульд заасан журмын дагуу маргаан үүсгэн ажиллагаа хийх замаар компанийг хохиролгүй болгох боломжтой” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй буруу дүгнэлт болсон. Хариуцагч Н.С, Э.Э нарын нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нотолж чадаагүй дүн болох 653,200,000 төгрөгөөр хариуцлага, хохирлын хэмжээг анхан шатны шүүх хязгаарлаж, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч баримтжуулсан тооцооллыг “хохирлын дүнг эргэлзээгүй тодорхойлсон гэхээс илүүтэй ... үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгийн талаар дурдсан гэж үзэхээр байна” гэж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянахгүй орхисон. Хэрэгт ач холбогдол бүхий олон тооны нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт нэхэмжлэгч тал гаргасныг шүүгч 2021.10.14-ний өдрийн 09361 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснээр, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож чадаагүй байхад, давж заалдах шатны шүүх энэ талаар мөн ямар нэг дүгнэлт өгөлгүй орхисон атлаа холбогдох “баримтгүй” гэж шийдсэн байна. Энд анхан шатны шүүх хуралдааныг зарим үед нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулж “захирамж”-аар шийдвэрлэсэн, зарим үед бүрэлдэхүүнтэйгээр явуулж “тогтоол”-оор шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нэг мөр хэрэгжээгүй нөхцөл байдал илэрдэг.

4.3. ЗХШХШтХ-ийн 123.2.3 “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн”

4.3.1. Хуулийг 2009.06.15-ны өдрийн №18 дугаар тогтоолд заасан албан ёсны тайлбарын 1 дэх хэсгээс өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар, УДШ-ийн 2009.06.15-ны өдрийн №18 дугаар “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7 дугаарт уг хэрэг хамааралтай хуулийн заалтыг албан ёсоор тайлбарлажээ. Тодруулбал, “Хуулийн 123 дугаар зүйлийн 123.2,-т зааснаар “шаардах эрх шилжүүлэх”-д шаардах эрх эзэмшигч Н.С нь шаардах эрхээ бусдад “Азг” ХХК шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчид “И” ХХК энэ талаар мэдэгдэх л үүрэгтэй болохоос түүний зөвшөөрлийг авах, шаардах эрхээ шилжүүлж буй гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний талаар танилцуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж тайлбарласан. Гэвч анхан ба давж заалдах шатны шүүх үүнээс өөр хэлбэрээр хуулийг тайлбарлаж, Н.С нь “И” ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан шаардах эрхийг хүлээн авагч “Азг” ХХК нь мэдэгдэл хүргүүлсэн, түүнийг “хүлээн авсан аливаа баримт авагдаагүй” гэж дүгнэх замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг баримтлаагүйтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл, Н.С мэдэгдсэн, мэдэгдээгүй эсэх асуудал, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй эсэх, Н.С нь өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний хариуцлага, үр дагавар нь “Азг” ХХК-ийн буруу болох эсэх, түүнчлэн захиалгын гэрээний дагуу хүлээснээр цуцлах тохиолдолд бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байх шаардлагыг Н.С, “И” ХХК-ийн талууд биелүүлсэн эсэх, “И” ХХК нь захиалагч өөрчлөгдөхийг зөвшөөрөхгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь “Азг” ХХК-ийн буруу болох эсэхийг дүгнэхэд дээрх албан ёсны тайлбарт заасныг баримтлах учиртай байсан.

4.3.2. Хуулийг 2010.06.22-ны өдрийн №17 дугаар тогтоолд заасан албан ёсны тайлбарын холбогдох хэсгээс өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар, “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010.06.22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 1.4-т “Хүсэл зоригийг үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна идэвхгүй байр сууриар илэрхийлэх боломжтой учир хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан “эс үйлдэхүй” гэдэгт бусадтай хэлцэл хийхгүй байх, хэлцэл хийх бусдын саналд хариу өгөхгүй байх, эрх, үүргийг дуусгавар болгох талаар санал, санаачилга гаргахгүй байх, дуугүй байснаар хүлээн зөвшөөрөх зэргээр тодорхой үйлдэл хийхгүй, хийхээс татгалзахыг хамааруулан ойлгоно” гэж зааснаар, “И” ХХК нь “Азг” ХХК-д шаардах эрх шилжих хүртэл хугацаанд тухайн захиалгын гэрээний шаардах эрх шилжсэн нөхцөл байдлыг эсэргүүцэх, шаардах эрхийн үндэслэл болсон захиалгын гэрээг дуусгавар болгох санал, санаачилга гаргаагүй, хүлээн зөвшөөрсөөр байсан, нэгэнт шаардах эрхийг Н.С шилжүүлэн өгснөөсөө хойших хугацаанд дур мэдэн хөндлөнгөөс гэрээг цуцлах эрхгүй болсон чухал үйл баримтыг хоёр шатны шүүх үнэлээгүй, албан ёсны тайлбарыг баримтлаагүй байна. Хариуцагч талууд хоорондоо хоршин “гэрээг бид дараа нь цуцалсан”, “2021 онд автомашин өгч гэрээг цуцалсан” гэх агуулгатай аливаа тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, шударга бус тайлбар юм. Н.С нь өөрөө нотариатчаар гэрчлүүлэн, шаардах эрхээ “Азг” ХХК-д 2016 онд шилжүүлэн өгчихсөн гэрээгээ хожим 2-5 жилийн зай завсартайгаар өөрөө дур мэдэн хөндлөнгөөс оролцож тохиролцоо хийх замаар цуцлах эрхгүй нь илэрхий байтал, шүүх Н.С, “И” ХХК талууд 2018, 2020, 2021 онуудад гэрээг “цуцалсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж хүлээн авсан нь хамгийн ноцтой алдаа билээ. Ийнхүү буруу шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болбол, хариуцагч талууд үүргээс чөлөөлөгдөх, хариуцлагаас мултран зайлсхийх, дур зоргоор давуу байдал эдлэх бололцоо бүрдэхээс гадна, эрх зүйн орчны тодорхой зохицуулалт, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарт итгэсэн гадаадын хөрөнгө оруулагч эрх зүйн хамгаалалтын гадуур үлдэхээр байна. Өмнө дурдсанчлан, 2015.12.15-ны өдрийн “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-ний 4.6 дахь хэсэгт “Барилгыг техникийн болон улсын комисс ашиглалтанд хүлээн авсны дараа төлбөр тооцоо нь бүрэн дууссан нөхцөлд захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгнө” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасныг тайлбарласан боловч шүүх дүгнэхдээ, “тухайн “И” ХХК-ийг хариуцагчаар татан чухам ямар баримтууд гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар тодруулахыг нэхэмжлэгчид удаа дараа сануулж байсан хэдий ч хангалттай тайлбарыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй” хэмээн үзсэн нь шүүх хэргийн бодит байдлыг хангалттай тогтоож, дүгнээгүйг илэрхийлэхээр байна. “И” ХХК-ийн тайлбарласнаар, “2018.06.29 өдөр гэрээ цуцлагдах”-аас өмнө буюу захиалгын гэрээ хүчин төгөлдөр байх үед охин компани болох “А э д э” ХХК-д “Соёмбо” цогцолборын дуусаагүй барилгыг ямар нэгэн хэлцэл, гэрээгээр бус, хувьцаа эзэмшигчийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг дэх баримтуудаар нотлогдсон.Эрхийн бүртгэлийн Ү-2203034652 дугаартай “Соёмбот өргөө цогцолбор” үл хөдлөх хөрөнгөөс 1-р орц, 5-р давхар дахь 120 м.кв талбайд “Азг” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шударгаар тусгагдсан, захиалагчийн эрхийг шударгаар олж авсан нөхцөл байдлыг шүүхүүд үнэн зөвөөр дүгнээгүй нь дээрх албан ёсны тайлбарыг удирдлага болгохгүй байгаатай холбоотой. Энэ нь Иргэний хуулийн 122 дугаар зүйл /Эдийн бус хөрөнгө өмчлөх эрх олж авах/-ийн 122.2 дахь хэсэгт “Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно”, 122.3 дахь хэсэгт “Өмнөх эзэмшигч нь тухайн эрх, шаардах эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг шинэ эзэмшигчид өгөх, шинэ эзэмшигч шаардвал дээрх эрхээ шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шилжүүлэх бөгөөд холбогдох зардлыг шинэ эзэмшигч хариуцна” гэж тус тус заасны дагуу, мөн Иргэний хуулийн 495 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн эрхийг хууль ёсоор олж авсан этгээдийн эрхийг зөрчсөний үр дагаврыг арилгах үүргийг “А э д э” ХХК хүлээж байгааг шүүх бодитоор дүгнээгүй байна. Тухайн “А э д э” ХХК бусдын шаардах эрх тусгагдсан хөрөнгийг шаардах эрх хүчин төгөлдөр үед шилжүүлэн авсан боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, аливаа захиалагч нартай холбогдох ямар нэгэн үйлдэл хийгээгүй болохоо шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь илэрхийлсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” зааснаар, “Азг” ХХК нь иргэн Н.С болон “И” ХХК-иудын хоорондын захиалгын гэрээ нь хуурамч эсвэл тухайн гэрээ нь цуцлагдсан эсэх талаар мэдэхгүй тул захиалагчийн эрхийг шударгаар олж авсан этгээд юм. Энэ хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлж ажлын байрыг өмчлөлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг нэн тэргүүнд гаргасан. Хүчин төгөлдөр бус хэлцэл эсвэл талууд гэрээгээ цуцалсан эсэхийг огтхон ч мэдээгүй “Азг” ХХК-ийг “шаардах эрхийг шилжүүлэн аваагүй” гэж үзэж, эрх хүлээн авагчид хамааралгүй шаардлагыг хамруулан хэрэглэж тухайн үед буюу одоогоос 7 жилийн өмнө 600,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан үл хөдлөх эд хөрөнгө олж авах эрхийг үгүйсгэсэн нь нэхэмжлэгчид илт хохиролтой нөхцөл байдал болсон. Учир гэвэл, одоогийн цаг хугацаа, зах зээл, эдийн засгийн хүчин зүйлийн улмаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг олж авах захиалагчийн эрхийн үнэлгээ нь үлэмж нэмэгдсэн бөгөөд үүргийг шударгаар гүйцэтгэхээс зайлсхийж буй хариуцагч талууд нь энэ тохиолдолд шударга бусаар үүргээс чөлөөлөгдөх болоод буйг, мөн нэхэмжлэгчийн хувьд нэн тэргүүний ач холбогдолтой шаардлагын хувьд дээрх үл хөдлөх хөрөнгийг олж авах зорилгоор гаргасан зэргийг шүүх үнэлж үзэхийг хүсч байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанбаганын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.29-ний өдрийн 001/ШХТ2022/00441 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, энэ талаар шийдвэр, магадлалын зарим дүгнэлтийг өөрчлөх үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээн дэх шийдэл, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Нэхэмжлэгч “Азг” ХХК нь хариуцагч Н.С, Э.Э болон “И” ХХК, “А э д э” ХХК-д холбогдуулан Соёмбот өргөө цогцолбор үл хөдлөх эд хөрөнгөөс 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг “И” ХХК-д даалгах, “А э д э” ХХК-аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, тус компанид учирсан хохиролд Н.Сгаас 206,250,000 төгрөг, Э.Эээс 246,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг,

Гуравдагч этгээд “Э” ХХК нь хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний төлөгдөөгүй хүүгийн төлбөр 122,650,000 төгрөгийн хохирлыг хувааж хариуцагч Н.Сгаас 61,325,000 төгрөг, Э.Эээс Н.Сгаас 61,325,000 төгрөг тус тус гаргуулах бие даасан шаардлагыг тус тус гаргасан.

Хариуцагч Н.С, Э.Э болон “И” ХХК, “А э д э” ХХК нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдох “Азг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “И” ХХК, “А э д э” ХХК-уудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Э” ХХК-ийн Н.С, Э.Э нарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулсан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Азг” ХХК-ийн хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг гэж, “И” ХХК болон “А э д э” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг гэж тус тус үзсэн, “Э” ХХК-ийн Н.С, Э.Эрдэнэчимэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг баримталжээ.

Харин давж заалдах шатны шүүх “Азг” ХХК-ийн хариуцагч Н.С, Э.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг, тус компанийн “И” ХХК болон “А э д э” ХХК-д холбогдуулан гаргасан болон гуравдагч этгээд “Э” ХХК-ийн Н.С, Э.Э нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг тус тус баримталжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримттай холбоотой хуулийг харилцан зөрүүтэй хэрэглэснээс хариуцагч талын гэм хорыг арилгавал зохих хэр хэмжээг нэг мөр тодорхойлж шийдвэрлээгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасныг үндэслэснийг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.29-ний өдрийн 001/ШХТ2022/00441 дүгээр тогтоолоор хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гомдлын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

11. Хэргийн үйл баримтыг товч дурдах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч “Азг” ХХК, “Назам” ХХК-тай хамтран нөөцийн мах бэлтгэх, худалдан борлуулах зорилгоор 2012.08.09-ний өдөр “Э” ХХК-ийг үүсгэн байгуулан гүйцэтгэх захирлаар Н.Сг томилж, “Азг” ХХК 60 хувийн хувьцаа эзэмшигчээр, “Назам” ХХК 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, улмаар нэхэмжлэгч “Азг” ХХК нь махны зоорь, мах боловсруулах үйлдвэр байгуулж тогтвортой ажиллуулах төслийг хэрэгжүүлэхэд зориулан 2012.08.09-ний өдөр “Э” ХХК-д 415,000 евро, 2013.10.18-ны өдөр 1,053,000,000 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

Дээрх 415,000 евро нь “Э” ХХК-д “Азг” ХХК-с оруулсан  хөрөнгө  байсныг  зохигч тайлбартаа дурдсан, уг хөрөнгө оруулалттай холбоотой “Назам” ХХК нь “Э” ХХК дахь өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг “Азг” ХХК-д шилжүүлэн өгснөөр уг мөнгөний асуудлаар талуудын хооронд маргаангүй болжээ.

Гагцхүү 1,053,000,000 төгрөгийн хувьд, зохигчийн хооронд маргаан үүссэн бөгөөд “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С төлбөрөөс 806,250,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч 2016.10.24-ний өдөр өглөг авлага барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг “Азг” ХХК-тай байгуулсан. Энэхүү төлбөртөө тэрээр “И” ХХК-тай байгуулсан захиалгаар ажлын байр барих гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбот орон сууц, үйлчилгээний цогцолборт өөрийн эзэмшлийн 120 м.кв талбайтай оффисын байрыг “Азг” ХХК-д шилжүүлэхээр уг гэрээгээр тохиролцсон нь тогтоогджээ.

“И” ХХК дээрх Соёмбот орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгын төслийг 2017.05.24-ний өдөр “А э д э” ХХК-д шилжүүлсэн тул тус компани 70 хувийн гүйцэтгэлтэй уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

12. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч “Азг” ХХК-ийн өмгөөлөгчийн дээрх 120 м.кв талбайг “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг болон эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн талаар болон Н.С, Э.Э нараас хохирол гаргуулж “Э” ХХК-д олгох шаардлагатай холбоотой гомдлын хүрээнд дараах дүгнэлт хийлээ.

13. Нэхэмжлэгч “Азг” ХХК нь “Назам” ХХК-тай хамтран “Э” ХХК-г байгуулсан хувьцаа эзэмшигчийн хувьд удирдах албан тушаалтны компанид учруулсан гэх хохирлыг хариуцагч Н.С, Э.Э нараас шаардаж “Э” ХХК-д олгуулахаар шаардсан нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг зөрчихгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

14. “Азг” ХХК-аас “Э” ХХК-д 2013.10.18-ны өдөр 1,053,000,000 төгрөгийг шилжүүлснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь хуульд нийцжээ.

Хэдийгээр зээлдэгч “Э” ХХК нь зээлдүүлэгч “Азг” ХХК-д мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч тус компани санхүүгийн чадварын хувьд үүргээ биелүүлэх боломжгүй болсныг зохигч үгүйсгээгүй байна.

15. Дээрх мөнгийг “Э” ХХК-ийн эрхлэн явуулж буй мах бэлтгэх, худалдах үйл ажиллагаанд зарцуулах, улмаар ашиг олох, буцаан төлөх зорилготой байсан хэдий ч хариуцагч Н.С компанийн гүйцэтгэх захирлаар, Э.Э нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа зохих ёсоор зарцуулаагүй, хяналт тавиагүй, хувьдаа авсан зэргээс  уг мөнгөний үнийн дүнгээр компанид хохирол учирсан гэж, нэхэмжлэгч Н.Сгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэрээг үндэслэн 120 м.кв талбайг 600,000,000 төгрөгт тооцож авах, зөрүү 206,250,000 төгрөгийг хариуцагч Н.Сгаас гаргуулах, эдгээрийг нийт 1,053,000,000 төгрөгөөс хасч зөрүүг Э.Эээс гаргуулахыг хүсч шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байна.

16. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч хариуцагч Н.С, Э.Э нарын буруутай ажиллагаанаас “Э” ХХК-д учирсан хохирлын хэмжээг зөв тодорхойлоогүй байна.

17. Хоёр шатны шүүх хариуцагч Н.С, Э.Э нарын “Э” ХХК-д учруулсан хохирлын хэмжээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээ, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сгийн 806,250,000 төгрөгийн төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн 2016.10.24-ний өдрийн гэрээг үндэслээгүй, хэрэгт авагдсан “Баянсагсай” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, аудиторч Д.Мөнхцэцэгийн гэрчийн мэдүүлгийг хохирлын хэмжээг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-ийн бусдаас авах авлагыг тус компани хуульд заасан журмын дагуу шаардан авах боломжтой гэж шүүх үзэн бусад хариуцагч Н.С, Э.Э нарын хувийн дансаар авсан, анхан шатны баримтгүй бусдад зээлдүүлсэн болон үндсэн хөрөнгө, удирдлагын тусгай зардлын мөнгөн хөрөнгө зэрэгт нийт 653,200,000 төгрөгийн хохирлыг компанид учруулсан хохирол гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэв.

18. Иймд Н.Сгийн төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн талуудын хооронд байгуулагдсан гэрээг эргэлзээтэй баримт гэж үзэх үндэслэлгүй, тухайн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр байх тул энэ гэрээний дагуу төлбөрийг  төлөх үүрэгтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай  хуульд нийцнэ.

Харин нэхэмжлэгч 120 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зөрүүгээр Н.Сгаас хохиролд 206.250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг зөрчихгүй, хууль хэрэглээний хувьд шийдвэрт” өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

19. Нэхэмжлэгчийн 2015.12.15-ны өдрийн Соёмбот өргөө цогцолборын 1-р орцны 5-р давхарт байрлах 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч “И” ХХК-д, уг үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “А э д э” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг зөрчөөгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Азг” ХХК-ийн 2019.04.17-ны өдрийн 87/19 дугаартай “И” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тухайн компани хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, “И” ХХК-ийн Н.Стай байгуулсан байр захиалгын гэрээг Н.С төлбөрөө төлөөгүйгээс талууд 2018.06.29-ний өдөр цуцалсан гэх тайлбарыг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй. Иймээс хариуцагч “И” ХХК, “А э д э” ХХК-ийн  хувьд нэхэмжлэгчийн өмнө эд хөрөнгө шилжүүлэх, бичиг баримт гаргуулах үүрэг үүссэн гэдгийг нотлох баримтгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй .

20. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 120 м.кв талбай хүлээн аваагүй тул 806,250,000 төгрөгийн зөрүүд 600,000,000 төгрөгийг хариуцагч Н.Сгаас шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж энэ үндэслэлээр шийдвэр, магадлалын дүгнэлтийг өөрчлөв.

21. Э.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00407 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Азг” ХХК-ийн /төлөөлөгч Д.Алтанбагана/-ийн 2022.04.08-ны өдөр 3,228,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН