Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0092

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 01 өдөр

 

Дугаар 221/МА2018/0092

 

Улаанбаатар хот

Д.Э нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Э 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Э Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар томилохыг Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Э Орхон аймгийн Ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн захирлаар томилохыг Орхон аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Шинээр ирсэн нотлох баримтуудтай танилцах боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргасан.

1. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад хандан өргөдөл, гомдол гаргасан бөгөөд уг асуудлаар эвлэрэн хэлэлцэх боломж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэврийн насыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нарийвчлан зохицуулсан журам гарсан эсэх, хэрвээ гарсан бол тэтгэврийн насыг хэрхэн нэмэхээс хамаарч бид захирамжийг өөрчлөх, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжтой юм. Тийм учраас энэ шүүх хуралдааныг түр хойшлуулах хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримттай танилцах талаар тусгайлан гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед нотлох баримт шинжлэн судлах явцад танилцуулах боломжтой тул хангахаас татгалзсан. Ингээд хэлэлцүүлгийн үед тухайн баримтуудыг танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч миний нотлох баримттай танилцах, цаашлаад мэтгэлцэх эрхийг хязгаарласан арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Ямар нотлох баримт шинээр ирсэн, тэдгээр баримтууд нь ямар ач холбогдол бүхий баримтууд болох талаар мэдээгүй мэтгэлцсэн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмын талаар зохицуулсан бөгөөд 6 дугаар зүйлийн 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” гэж тус тус заасныг зөрчсөн.

Хоёр: Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/10 дугаар тушаал болон бусад баримтыг үндэслэсэн. Аймгийн Засаг даргын 2017 оны Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгоход дээрх захирлын Б/10 захирамж тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын Б/10 дугаар тушаал нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гарсан байна.

Гэтэл Аймгийн Засаг даргын Б/23 дугаар захирамж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан бөгөөд Захирамжлах хэсгийн 2-т “Д.Э сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдан нэр дэвших хүртэлх хугацаанд 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ. Энэ захирамж гарснаар нэхэмжлэгч Д.Э 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын Б/10 тушаалыг гаргахдаа захирал Д.Э гэж гарын үсэг зуран уг тушаалыг гарган хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Э захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч байх хугацаандаа “захирал Д.Э” гэж тушаал гаргасан нь илт хууль бус акт гэж үзэх боломжтой юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д энэ тухай тодорхой заасан байдаг. Утга агуулгын илэрхий алдаа бүхий акт нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дээрх Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын Б/10 тушаал нь ямар нэгэн эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус акт байсан.

Шүүх шийдвэр гаргахдаа дээрх илт хууль бус актыг нотлох баримтаар шинжлэн судалж үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн байна.

Энэ нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй, харин шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх байдлаар маргааныг дуусгавар болгох ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжих боломжтой тул анхан шатны шүүхийг талуудад эвлэрэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарснаас үл хамааран хэргийн оролцогчдын эвлэрэх хуулиар олгогдсон эрх хэрэгжих бүрэн боломжтой, түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эвлэрэх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан нь тодорхой байх тул шүүхээс эвлэрэн хэлэлцэх боломжийг олгоогүй гэж үзэх боломжгүй.

Мөн шүүх хуралдаан даргалагчаас талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой юу гэсэн асуултад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль аль нь боломжгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.

2.Нэхэмжлэгч Д.Э зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны өмнө Орхон аймгийн Засаг даргын 2002 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн өөрийг нь 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлаар томилсон тухай 57 дугаар тушаал, тус сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн мэргэжлийн багш нар болон захиргаа, аж ахуйн ажилтнуудын ажил, албан тушаалын жагсаалт, орон тоог баталсан тухай Б/10 дугаар тушаалыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд хэрэгт авагдсан эдгээр баримттай танилцуулаагүйгээс мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь хуудсанд эдгээр баримтыг шинжлэн судалсан болох нь тусгагдсан байгаагаас гадна Засаг даргын дээрх захирамж нь хариуцагчийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр байна.

3.Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/10 дугаар тушаал нь цаг хугацааны хувьд маргаан бүхий актын дараа гарсан, иймд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, шийдвэрийн үндэслэл хэсэгт ч энэ талаар ямар ч дүгнэлт хийгдээгүй байна.

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/363 дугаар тушаалаар Эрдэнэт цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль” болгож зөвхөн нэршил өөрчилсөнийг нэхэмжлэгч Д.Э ажиллаж байсан Эрдэнэт цогцолбор сургуулийг татан буулгасан, эсхүл шинээр 1 дүгээр сургуулийг байгуулсан гэж дүгнэх боломжгүй.

Иймд хариуцагчийн зүгээс сургуулийн бүтэц өөрчлөгдсөн нэрийдлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус, уг асуудлыг шийдвэрлэхийн тулд маргаан бүхий актад заасан үндэслэлээр бус Д.Э аймгийн БСУГ-ын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон уг газрын саналыг харгалзан үзэх учиртай.

Энэ талаар ч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д тодорхой заасан байдаг.

Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд тухайн маргаанд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримталсан нь буруу, өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн нэрийг өөрчилсөн нь уг зүйлийн “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН