Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00038

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Э

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

 

            “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Э-г Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар томилохыг Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2017/0015/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.       

                                                           

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1986 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш Нийслэлийн 13 дугаар сургууль, Эрдэнэт хотын 8 дугаар сургуульд математикийн багш, Орхон аймгийн ЗДТГ-ын Боловсролын асуудал хариуцсан түшмэл, 1, 14 дүгээр сургуулиудын захирал, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн ерөнхий захирал зэрэг ажлуудыг 32 дахь жилдээ тасралтгүй хашиж байна. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын “Ерөнхий боловсролын зарим сургуулиудын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” 2017.06.28-ны А/363 дугаар захирамж гарч “Эрдэнэт” цогцолбор сургуулийн нэрийг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болгон өөрчилж улмаар Орхон аймгийн Засаг даргын “Хөдөлмөрийн гэрээ цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” 2017.08.31-ний Б/23 дугаар захирамж гарч надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017.08.31-ний өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлөн, сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдан нэр дэвших хүртэлх хугацаанд 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017.08.31-ний өдрөөс эхлэн ажиллуулж, албан тушаалын цалинг минь бууруулсан шийдвэр гаргалаа.

Иймээс би боловсролын болон төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллачихаад хөдөлмөрийн сахилгын болон ажил, албан тушаалтай холбоотой ямар нэг зөрчил гаргаагүй байж ажилгүй болох гэж байгаадаа гомдолтой байна.

Учир нь:

1. Би анх 2002 онд Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтанд орж тэнцэн “Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон ба “Эрдэнэт” цогцолбор сургуулийн нэр өөрчлөгдөн 1 дүгээр сургууль болсноор тус сургуулийн бүтэц, захирлын орон тоо, ажил үүрэгт ямар ч өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл хичээлийн 2 байранд 1-12 дугаар ангийн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байсан бол одоо ч энэ бүтцээрээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

2. Би 1963 онд төрсөн 54 настай, 2018 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэх учир “Боловсролын тухай хууль”-д заасан тэтгэмжүүдээ 2018 оны төсөвт суулгуулахаар өргөдөл өгсөн, үүнийг төсвийн төсөл батлан явуулсан БСУГ-ын дарга болон бусад эрх бүхий албан тушаалтнууд мэдэж байгаа, тэтгэвэрт нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаад гарна. Иймд Орхон аймгийн Засаг дарга нь Б/23 дугаар захирамж гаргаснаараа ҮЭХолбоо, АОЭХ-той байгуулсан “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт” 2017-2018 оны хэлэлцээрийн 4.5 дахь заалт болох “Өндөр насны тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн нийгмийн баталгааг хангах үүднээс ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 47, 52, 57 нас хүрсэн ажилтнууд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн сахилгын ноцтой зөрчил гаргаснаас бусад тохиолдолд захиргааны санаачлагаар ажлаас халуулахгүй байх чиглэл баримтлан, хяналт тавьж ажиллана.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Орхон аймгийн багш нарын бага хурал 2017.08.29-нд болсон. Үүний дараа надад “... Намайг танай сургуульд захирлаар томилохоор Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг явуулсан байна.”.... гэж тодорхой нэр бүхий багш хэлсэн. Энэ нь сонгон шалгаруулалтанд тэнцэх, миний оронд томилогдох хүн тодорхой болчихсон гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл сургуулийн нэр өөрчлөгдсөнийг далимдуулан өөрийн намын хүнийг томилох гэсэн ёс зүйгүй үйл ажиллагаа явагдаж байна.

Иймээс би Орхон аймгийн Засаг даргын 2017.08.31-ний өдрийн Б/23 дугаар захирамжийг ашиг сонирхлын зөрчилтэй, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа учир  уг захирамжийг хүчингүй болгож, намайг Нэгдүгээр сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын Б/23 дугаар захирамжаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлахдаа Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр чөлөөлсөн тул энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан салбар нэгж татан буугдсан, ажилтны тоог цөөрүүлсэн асуудал байхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа үйлчилгээний үлгэрчилсэн норматив байдаг. Тэр нормативд бага, дунд сургуульд нэг захирал байна гэж заасан байдаг. Энэ нормативынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн сургуулийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй, сургуулийн нэр өөрчлөгдөөд үйл ажиллагааны хавсралт гаргаж өгсөн. Зөвхөн сургуулийн нэршил өөрчлөгдсөн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалж  ажлаас чөлөөлсөн тул энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Би анх Засаг даргын тушаал гарахад 1 дүгээр сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллуулах байх гэж бодож байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг минь цуцалж, Эрдэнэт цогцолбор сургуулийн захирлаас чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулах хүртэл 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг Орхон аймгийн Ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн захирлаар томилохыг Орхон аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 захирамжаар цогцолбор сургуулиудыг ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө Боловсролын тухай хуульд зааснаар Боловсрол, соёл, урлагийн газрын санал, дүгнэлтийг үндэслэн зохион байгуулсан. Ийнхүү өөрчлөн зохион байгуулахдаа цогцолбор сургуулиудын захирлуудыг шинээр бий болсон сургуулиудын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

2. Нэгэнт цогцолбор сургуулийн захирлын албан тушаал үгүй болсон тул нийт цогцолбор сургуулийн захирлыг сургуулийн захирлаар түр томилсон, тухайн үед энэхүү шийдвэрийг цогцолборуудын захирал нарт танилцуулсан.

3. Орхон аймгийн хэмжээнд нийт сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна. Одоогоор шалгаруулалт хэзээ болох, хэдэн хүн оролцох зэрэг нь тодорхойгүй байхад урдаас ямар нэг хүнийг томилохоор тодорхойлсон зүйлгүй болно. Энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй зохион байгуулагдах бөгөөд  тухайн шалгаруулалтын болзол шаардлагыг хангасан этгээд оролцох боломжтой, эрхтэй. Нэхэмжлэгч Д.Э нь шалгаруулалтанд орох эрх нээлттэй байна. Аймгийн Засаг даргын Б/23 захирамж нь ашиг сонирхлын зөрчилгүй, хууль эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд цогцолбор сургуулийн үйл ажиллагааг ердийн бүрэн дунд боловсролын сургууль болгон өөрчилсөн нь дан ганц иргэн Д.Э-д чиглэгдээгүй нийт иргэд, сурч боловсрох хүүхэд, багш ажилчдад хамааралтай, тэдний цаашдын боловсролын системийн үйл ажиллагаанд хийж буй өөрчлөлт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хэргийн холбогдох баримтуудтай танилцаж нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцоно. Нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан Б/23 дугаартай Орхон аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болгох үндэслэл нь Засаг дарга захирамжаа гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлүүдийг Засгийн газрын 2014 оны 75 дугаартай тогтоол зэрэг эдгээр хууль эрх зүйн актыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Энэ захирамжийг нэг бүрчлэн үзэхээр зарим сургуулиудын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон нь харагддаг. Хавсралт нэг дээр “Эрдэнэт” цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль” гэж өөрчилсөн байдалтайгаар А/363 захирамж гарсан. Захирамжийн 2 дугаар заалтанд  сургуулиудын бүтэц зохион байгуулалтын асуудлыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор шийдэж дуусгахыг Боловсрол, соёл урлагийн газарт Ж.Бат-Амгаланд, хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийгмийн бодлогын хэлтэст үүрэг болгож даалгасан байдаг. Энэ баримтыг харахаар А/69 тоот тушаалтай холбогддог юм. Энэ тушаалын нэгдүгээр хавсралтанд анги бүлгийн тоо гэсэн байгаа, үүн дээр нэгдүгээр сургууль гэсэн үг үсэг байдаггүй юм. Хоёрдугаар хавсралтан дээр удирдлагын бүтцийг баталсан байгаа.

Удирдлагын бүтэц 6 буюу сургууль тус бүр 1 захиралтай байхаар заасан байгаа. Б/33 дугаартай захирамжийн үндэслэл болж буй А/363 захирамж дээр Д.Э захирал болон Нэгдүгээр сургуультай холбоотой бүтэц орон тоонд өөрчлөлт орсон зүйл алга байна. Тийм учраас энэ бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр Д.Э захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сургуулийн захирлын ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Э захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ үйл ажиллагаа нь анхнаасаа хууль бус учир Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийг, удирдлага болгон 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилохыг Орхон аймгийн Засаг даргад үүрэг болгохыг даалгасан зохицуулалтыг оруулж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эдгээр баримтуудтай холбогдуулаад хариуцагчийн тайлбараас үзэхэд “Цогцолбор” сургууль байж байгаад “Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль” гэж өөрчлөгдсөн учир цогцолбор сургууль байхгүй болсон, аж ахуйн нэгж татан буугдсан гэсэн үйл баримт хэрэгт байхгүй, хариуцагч энэ талаар нотлоогүй. Боловсролын тухай хуулиараа нэг зохион байгуулалтаас нөгөө зохион байгуулалтанд оруулж буй Засаг даргын А/363 захирамжтай бид маргаагүй. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын А/39 дугаартай тушаалтай мөн  маргаагүй, зохион байгуулалт хийснийг бид хүлээн зөвшөөрч байна.

Д.Э захиралтай холбоотой Засаг даргын Б/23 дугаартай захирамж анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны актын  талаар зохицуулалт байгаа. Захиргааны акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан эрх зүйн шууд үр дагавар агуулсан, амаар болон бичгээр гаргасан шийдвэр үйл ажиллагааг ойлгоно. Б/23 тоот захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37.4-т заасан эрх зүйн акт гэж ойлгож байна. Энэ акт  хууль бус захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 48-д хууль бус захиргааны акт хүчингүй болгох, энэ зохицуулалтын 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн акт гэж үзэж байна. Нэг байгууллагын нэршил өөрчлөгдсөн шалтгаанаар ажлаас чөлөөлж түр орлон гүйцэтгэгч болгож сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Маргаан бүхий Б/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Э-г Ерөнхий боловролын 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд томилохыг Засаг даргад даалгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Э нь “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар Д.Э-г томилохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1], шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийг шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 тоот захирамжаар “Эрдэнэт” цогцолбор сургуулийг өөрчлөн “Ерөнхий боловсролын I дүгээр сургууль” болгосон хэдий ч миний эрхэлж байсан удирдлагын бүтэц болох “Ерөнхий боловсролын I сургуулийн захирал-1” өөрчлөгдөөгүй, бүтэц орон тоо хасагдаагүй хэвээрээ байгаа нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/39 тоот тушаалаас харагдаж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй,

            Мөн миний бие аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “2017 оны үр дүнгийн гэрээ” байгуулсан, үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийг эрх бүхий албан тушаалтнаас дүгнээгүй байхад Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм” гэж,

            Хариуцагч болон түүний төлөөлөгч нараас “Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 захирамжаар цогцолбор сургуулиудыг ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө Боловсролын тухай хуульд зааснаар Боловсрол, соёл, урлагийн газрын санал, дүгнэлтийг үндэслэн зохион байгуулсан. Цогцолбор сургуулиудын захирлуудыг шинээр бий болсон Ерөнхий боловсролын сургуулиудын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

Орхон аймгийн хэмжээнд нийт сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна.

Одоогоор шалгаруулалт хэзээ болох, хэдэн хүн оролцох зэрэг нь тодорхойгүй байхад урдаас ямар нэг хүнийг томилохоор тодорхойлсон зүйлгүй болно. Энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй зохион байгуулагдах бөгөөд  тухайн шалгаруулалтын болзол шаардлагыг хангасан этгээд оролцох боломжтой, эрхтэй. Нэхэмжлэгч Д.Э нь шалгаруулалтанд орох эрх нээлттэй байна” гэж тус тус маргажээ.

            Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” Б/23 тоот захирамж нь хууль бус захиргааны акт болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна. Үүнд:

            1. Хариуцагчаас Д.Э-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтласан нь үндэслэлгүй юм.

            Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан...” гэдгийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжид Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэлийг хамаарах талаар дурьдсан боловч хариуцагч болох Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 тоот захирамжид “Эрдэнэт” цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын I дүгээр сургууль” болгон өөрчилсөн байна.

Иймд дээрх сургуулийг татан буугдсан, эсхүл шинээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”  2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д:  “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална,

Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

Дээрх байдлуудаас дүгнэхэд “Эрдэнэт” цогцолбор сургуулийг “Ерөнхий боловсролын I дүгээр сургууль” гэж сургуулийн нэршлийг өөрчилснөөс татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, сургуулийн захирлын орон тоо-1 хэвээр байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/39 тоот тушаал[2],  нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбаруудаар тогтоогдож байна.

 Хэдийгээр аймгийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.З-т зааснаар “орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх” эрхтэй боловч “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

            Нөгөөтэйгүүр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирал Д.Э нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “2017 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ”-г байгуулсан[3], уг гэрээг дүгнээгүй[4]  байхад Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг маргаан бүхий захиргааны актдаа үндэслэж Д.Э-г эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан болох нь тус тус тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Э-г Орхон аймгийн Ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн захирлаар томилохыг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Э-г Орхон аймгийн Ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн захирлаар томилохыг Орхон аймгийн Засаг даргад даалгасугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.САРАНГЭРЭЛ

                                                    

 

 


[1] ХХ-ийн 1-2, 81 дүгээр тал

[2] ХХ-ийн 19 дүгээр тал

[3] ХХ-ийн 10-14 дүгээр тал

[4] ХХ-ийн 57 дугаар тал