Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2021/01990/И |
Дугаар | 210/МА2022/00708 |
Огноо | 2022-04-15 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2022/00708
Г.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00050 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Аын хариуцагч ЭНЭҮТ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбямба, хариуцагчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ЭНЭҮТ үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,399,410 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэнэ.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.А нь тус байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд орсон. Улаан бүсэд ажиллаж байхдаа н.Наранхүү ахлагчтай үл ойлголцлоос болж маргалдаж, н.Наранхүү ахлагч өргөдөл гаргасан. Уг өргөдлөөр нэхэмжлэгчийг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан. Нэхэмжлэгчид ямар нэгэн сануулга өгөхгүйгээр шууд ажлаас халсанд гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д заасны дагуу тооцсон. Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин буюу 2021 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсөөс тооцоход нэг сарын дундаж цалин 1,461,341 төгрөг, ажлын дундаж өдөр 21,5 хоногоор тооцоход өдрийн цалин 67,970 төгрөг болно. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 153 хоногийн цалин хөлс 10,399,410 төгрөг болно гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Г.Аыг туршилтын 3 сарын хугацаанд ажиллуулахад удаан хөдөлгөөнтэй, тайван, үйлчилгээний менежерээс удаа дараа ажилдаа хойрго хандсан гэдгийг сануулж байсан. Цар тахлын үед хүний нөөцийн боломж бололцоо муу байсан тул гэрээгээ цуцлах боломжгүй автоматаар 3 сарын хугацаанд үргэлжлүүлж ажиллуулсан. Байгууллагын ажилчдаас нэхэмжлэгчийг ажилдаа хойрго, удаан, ажилчидтай муудалцдаг гэсэн гомдол ирэх бүрт нь амаар сануулга өгч байсан. Нэхэмжлэгчийг өрх толгойлсон эх хүн учраас цар тахлын үед илүү цагийн хөлсийг нь маш сайн олгоно гэж хэлсэн. Нэхэмжлэгч олон удаа ажлаас чөлөө авдаг, гэнэт хүүхэд өвдсөн ажилдаа очиж чадахгүй гэх зэргээр олон шалтаг хэлдэг байсан. Аж ахуйн хангамж үйлчилгээний албаны ажилчдын хурлын тэмдэглэлд “үйлчилгээний менежер н.Цэлмэгээс Н.Ариунжаргалын ажил гүйцэтгэлийн чанар муу, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, утсаар их ярьж зүгээр суудаг, ажлыг цагт нь эхлүүлдэггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй дуугүй бай, гар би өөрөө мэдэж байна гэх мэтээр үгээр дайрч доромжлон шаардлага хүлээж авдаггүй байсан” талаар тусгагдсан.
2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн аж ахуй, хангамж үйлчилгээний хэлтсийн хурал дээр аж ахуй үйлчилгээний албаны дарга н.Мөөс үйлчлэгч Б.А цэвэрлэгээ үйлчилгээ болон халдвар хамгааллын дэглэмийн талаар шаардлага тавихад үл биелүүлж, шаардлагыг хүлээж авахгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай н.Наранхүү эмчийн гомдлыг танилцуулсан. Мөн соёл үйлчилгээний албаны менежер н.Эрдэнэчимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээний хуудсаар үйлчлэгч Г.А Б блокийн 5-6 давхарт цэвэрлэгээ хийсэн боловч цэвэрлэгээгээ хангалтгүй хийсэн, шалны хүрээ арчихаас өөр зүйл хийгээгүй, цэвэрлэгээний алчуур хиртэй, цэвэрлэгээний багаж замбараагүй, шаардлага тавихад өөрийгөө өмөөрч байсан талаар хурлаар хэлэлцсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3, 5.3.3-т заасан хэрүүл маргаан үүсгэх, цээртэй үгээр доромжилсон, ажилтны үл хүндэтгэсэн ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халах тушаалдаа хуулийн заалтыг 40.1.2 гэж техникийн алдаа гаргасан байсныг Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.3-т зааснаар зассан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Аыг .... Аж ахуй, хангамж үйлчилгээний албаны соёл үйлчилгээний ажилтан-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар .... ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 10,229,387 төгрөг гаргуулж Г.Ад олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 178,620 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,229,387 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.
4.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүнд 487,695 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцсон. Ковидын хүнд нөхцөл байдлын үед улаан бүсэд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад хүнд нөхцөл байдлын нэмэгдэл олгож байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо улаан бүсэд ажиллаж байсан үеийн цалин хөлсөөр тооцон нэмэгдэл хөлсийг олгосон нь Эрүүл мэндийн сайдын баталсан журам, төвийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Г.А нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс улаан бүсэд ажиллагаагүй тул уг нэмэгдэл хөлсийг улаан бүсэд одоо хүртэл ажиллаж байгаа бусад эмч, эмнэлгийн ажилтнуудын адил авч болохгүй. Түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөрийн гэрээнд заасан 487,695 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ. Улаан бүсэд ажиллаагүй хүнд улаан бүсэд ажиллаж байж олгодог нэмэгдлийг олгох нь Хөдөлмөрийн хуульд заасан тэгш байх, цалин хөлсийг хийснээр олгох шударга ёсны зарчимд үл нийцнэ. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,413,865 төгрөгийг олгох нь хуульд нийцэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтаас 6,815,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ЭНЭҮТ аж ахуй, хангамж үйлчилгээний албаны соёл үйлчилгээний ажилтан-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин, хөлс тодорхойлох журмын 7.А-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг 2021 оны 3 сар, 4 сар, 5 сарын дунджаар тооцож 1 сарын дундаж цалин 1,461,341 төгрөг гарсан. Үүнээс 1 өдрийн цалин нь 67,970 төгрөг бөгөөд үүнийг 153 ажлын хоногт үржүүлэн, нийт дүнг гаргасан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г.А хариуцагч ЭНЭҮТ-т холбогдуулан тус төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,399,410 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь зөв боловч түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтоохдоо холбогдох хууль болон журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч Г.А 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ЭНЭҮТ-т 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлчлэгчээр ажиллаж байсан, гэрээний хугацааг үргэлжлүүлэн 3 сараар сунгажээ. Тэрээр тус төвийн ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/83 дугаар тушаалаар эмнэлгийн эмч, ажилчидтай ёс зүйгүй харилцаж ажлын байранд хэрүүл маргаан үүсгэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Ажил олгогч нь дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах зохицуулалтыг баримталснаа техникийн алдаа гаргасан гэж тайлбарлан, улмаар 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/119 дугаар тушаалаар “40.1.2” гэснийг “40.1.4” гэж залруулсан байна. /хх6-9, 24/
4. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
5. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 16.3, 16.4, 16.4.1-16.4.13-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө”, “... гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ..,” бол хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохоор тусгагдсан байна. Тэрээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-5.3.18-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчлүүдийг “... ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажилтнуудыг үл хүндэтгэх, ажилтан, албан хаагчдыг өөрийн эрхшээлд байхыг шаардах зэрэг ёс зүйн зөрчил гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажилтны буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөсөө илүү хохирол учруулсан ...” гэж нэрлэн заажээ. /хх61-71/
5.а. Нэхэмжлэгчийн гаргасан гэх “цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа байнга хангалтгүй гүйцэтгэдэг, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, утсаар их ярьж зүгээр суудаг, ажлаа цагт нь эхлүүлдэггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй, хэл амаар доромжилдог ...” гэх зөрчлүүд нь дээр дурьдсан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэв.
5.б Мөн хэрэгт хариуцагч байгууллагын үйлчилгээний менежер С.Ц, А.Э, эмч Р.Н нарын нэхэмжлэгч Г.Аын талаар гаргасан гомдол, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагч байгууллагын аж ахуй хангамж үйлчилгээний албаны хурлын тэмдэглэл авагдсан байх боловч уг зөрчлийг нэхэмжлэгч нь хэзээ, хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй, гаргасан зөрчлийг нь шалган тогтоосон баримтгүй байна. /хх29-32/
5.в Түүнчлэн, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэснийг зөрчиж 2 нас 9 сартай хүүхэдтэй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу. Иймд ажил олгогчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/83 дугаар тушаал нь хууль зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
6. Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Цалин хөлс тодорхойлох журам”-ыг буруу хэрэглэсэн байна.
Талууд хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 487,695 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд хэргийн 4 дүгээр тал дахь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд ажил олгогч нь ажилтанд буюу нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сард 347,368 төгрөг, 12 дугаар сард 2,153,788 төгрөг, 2021 оны 1 сард 668,469 төгрөг, 2 сард 751,142 төгрөг, 3 сард 1,839,099 төгрөг, 4 сард 994,008 төгрөг, 5 сард 1,550,916 төгрөгийн цалин хөлс олгосон байна. /хх4/
Дээр дурьдсан Цалин хөлс тодорхойлох журамд ажилтны ажилгүй байсан үеийн 1 сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сард тогтмол авч байсан дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан. Нэхэмжлэгчид 2020 оны 3, 5 сард олгосон цалин хөлсийг тогтмол авсан дундаж цалин хөлс гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн “ковидын хүнд нөхцөл байдлын үед улаан бүсэд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл олгож байсан, шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг улаан бүсэд ажиллаж байсан эмч нарын цалингаар тооцсон” гэх гомдол үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн авсан 2021 оны 1 сарын 668,469 төгрөгийн, 2 сарын 751,142 төгрөгийн, 4 сарын 994,008 төгрөгийн цалин хөлсийг дундажлан нэхэмжлэгч нь 1 сард 804,539 төгрөгийн цалин хөлс авч байсан гэж үзэв. Тооцоолбол, ажлын 1 хоногт 37,420 төгрөг байх ба 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 7 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 5,631,773 төгрөг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ажил олгогчид мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “... 10,229,387 төгрөг гаргуулж Г.Ад олгож ...” гэснийг “... 5,631,773 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,597,614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ... ” гэж нэмж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дах заалтын “... 178,620 ...” гэснийг “... 105,058 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
А.МӨНХЗУЛ