Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 455

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч И.Төрболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн И.Төрболдод холбогдох эрүүгийн 1811013600479 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ичинхорлоогийн Төрболд, 1995 оны 04  сарын 03-ны өдөр Төв аймаг Баянжаргалан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмээгийн хамтаар, Төв аймаг Зуун мод 5 дугаар баг Нацагдорж 9 дүгээр гудамж 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:НЕ95040316/

 

Шүүгдэгч И.Төрболд нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 4 сарын 26-ны өглөө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд А.Эрдэнэшагайг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр ба хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Төрболд нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд А.Эрдэнэшагайг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр ба хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Төрболдоос мэдүүлсэн: “ 2018 оны 4 дүгээр сарын 26-ний 05 цагийн орчим хохирогч А.Эрдэнэшагай манай найз Э.Болдбаатарын найз охиныг шөнийн цэнгээний газраас гараад явж байхад нь танилцъя гээд гэрт нь хүргээд, оруулж өгсөн. Бид нар бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор “чи яагаад харанхгуй шөнө айлд орж ирээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд нөгөө охин нь гаргаж өгөх гээд гарахад манай найз араас нь гараад муудалцаад зогсож байхад нь би цохьчихсон гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч А.Эрдэнэшагайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед /хх-11/: “..эхлээд нэг удаа нүүрлүү цохисон. Дараа нь элэгдэж цохисон. Өөр яаж зодсоныг санахгүй байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир зарим зүйлээ санахгүй байгаа юм..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Мөнхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13/ “..Төрболд гээд эгчийн найз залуу гарахад эгч намайг араас нь гардаа гэхээр нь би гараад очтол шөнө гэрт нь орж ирээд хэрүүл маргаан хийж байсан нэг эрэгтэй хүнийг Төрөө ах цохиод унагаачихсан тэгэхээр нь би очиж салгаад нөгөө залуу нь босч ирээд зодоон хийх гээд дайраад байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хар шөнө айлд ирчихээд буцаад найз охин дагуулаад гараад явахдаа яадаг юм бэ гэж хэлээд зогсож байтал Төрболд араас гарч ирээд намайг цохиж аваад чи хүнтэй муудалцаад байгаа юм уу болохгүй согтуу хүнтэй битгий муудалц гэсэн чинь нөгөө залуу нь цаанаас нь Төрөөрүү томроод байхаар нь Төрөө тэр залууг нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиод авсан ба тэр үед нөгөө залуу гуйваад хашаа мөргөөд унасан..” гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5466 дугаар дүгнэлтэнд: /хх-23/ “..1.А.Эрдэнэшагайгийн биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр ба хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч И.Төрболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-17-19, 36/ “.2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үүрээр 05 цагийн үед өөрийн түрээсэлдэг нийтийн байрандаа унтаж байхад найз Болдбаатарын найз охин Мөнхжаргал гаднаас танихгүй залуу дагуулж орж ирсэн ба тэр залуу нь үүрээр танихгүй айлд орж ирчихээд архи уусандаа ч юм уу жоохон томорч байгаад гараад явсан ба Мөнхжаргал нь тэр залуугаа гаргаж өгнө гээд хамт гараад явахад Болдбаатар уурлаад араас нь дагаад гарахаар нь би араас нь гарсан. Тэгээд гадаа гараад очиход тэр 2 муудалцаад зодолдох гээд байхаар нь Болдбаатарыг нэг цохиод нөгөө залууг нь бас нэг удаа цохиод та нар зодолдож болохгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу миний өөдөөс томороод байхаар нь би зодчихсон. Би түүнийг эхлээд шанаа нүүрэн тус газар нь цохисон тэгэхэд шүд нь унасан байх. Тэгээд газар унахаар нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд дээрх гэмтлүүд үүссэн байх.” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч И.Төрболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-40/, зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5466 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Эрдэнэшагайд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Төрболд нь хохирогч А.Эрдэнэшагайтай маргалдаж, улмаар зодож, түүний биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр ба хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал биед бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

 

Иймд шүүгдэгч И.Төрболдыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч И.Төрболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч И.Төрболд нь хохирлыг хэрэгт хавсаргасан баримтын хүрээнд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч И.Төрболд нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ичинхорлоогийн Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Төрболдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Төрболдод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Төрболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч И.Төрболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Төрболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАЯР