Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дэлгэрмөнх,

яллагдагч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1014 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Э.Бт холбогдох 1720000720129 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ярс овгийн Э-н Б, 1989 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт /Дархан-Уул аймгийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

Э.Б нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр БНХАУлсын ӨМӨЗОрны Шилийн гол аймгийн Эрээн хотод хохирогч Н.Аыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, биед баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017.08.18/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархан хуйх, нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллагдагч Э.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6-д заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна. Яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулсан бөгөөд тэдгээр баримтуудын зарим нь Баатарын Энхзориг гэдэг хүний баримтууд байх бөгөөд эдгээд баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хүний баримт мөн эсэхэд эргэлзээ төрж байх тул энэ байдлыг дахин шалгуулах шаардлагатай.

Мөн яллагдагчийн суурь боловсролын гэрчилгээний болон хувийн хэргийн хуулбарууд хэрэгт авагдаагүй.

2. Хэргийн 2 дугаар хавтасны 14 дүгээр талд 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 08 дугаартай прокурорын даалгавар авагдсан бөгөөд уг даалгаварт Ж.Хас, Ч.Төгсбаатар, Б.Саранбаатар нараас гэрчийн мэдүүлэг авах талаар заасан байхад хэрэгт гэрчээр Ж.Хас, Б.Саранбаатар нарыг байцааж, Ч.Төгсбаатарыг огт асуугаагүй байна. Ч.Төгсбаатарыг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн бол прокурорын дээрх даалгаврын зарим хэсгийг хүчингүй болгосон, эсхүл гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй талаарх эрх бүхий албан тушаалтны баримт авагдаагүй байна. Иймд прокурорын даалгаварт заагдсан ажиллагааг нэг мөр хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Э.Бт холбогдох эрүүгийн 1720000720129 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж хэргийг прокурорт буцаахдаа 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заалтаар хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүйгээр шүүх шийдвэрээ гаргасан, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх нь шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, банкны албан тоотууд, Хил хамгаалах газрын, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын архивын мэдээлэл, Тээврийн хэрэгслийн эзэмшдэг, өмчилдөг талаархи албан тоот, Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн албан тоот зэрэг Э.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан байна. Гэмт хэрэг хэзээ хаана яаж үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар өөрөөр хэлбэл архидан согтуурсаны улмаас Э.Б нь хохирогч Н.Аын биед хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ...хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн байна. Мөрдөгч санал гаргаагүй даалгавартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирүүлсэн тохиолдолд  даалгаврын   зарим хэсгийг хүчингүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүхийн буцаасан заалтын зарим заалтыг хангаагүй байхад шүүх бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон хэргийг шийдвэрлэдэг практик тогтсон бөгөөд шүүх прокурорын биелүүлээгүй заалтад ямар нэгэн шийдвэр гаргах ёстой гэсэнтэй утга агуулга нэг байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Э.Бын өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг хангасан. Хавтас хэрэгт Баатрын Энхзориг гэх хүнтэй холбоотой нотлох баримтууд байна. Энэ хэрэгт Энхзориг гэх хүн ямар хамааралтай юм бэ гэсэн байдлаар хэргийг буцаасан. Үүнийг зөв гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч Төгсбаатарыг оролцуулах шаардлагагүй гэсэн байдлаар улсын яллагч эсэргүүцэл бичсэн. Прокурор нэгэнт даалгавар бичиж байгаа бол биелэгдэх ёстой. Гэрч Төгсбаатарыг оролцуулах шаардлагагүй гэсэн тогтоол гарах ёстой. Ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талын нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан үндэслэлээр бүрдүүлэх нь зүйтэй. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Э.Бт тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд       Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1014 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1014 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл яллагдагч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ц.ОЧ