Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 417

 

С.Г-О-ын нэхэмжлэлтэй,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны

Төрийн нарийн бичгийн даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Б.Мөнхтуяа

            Шүүгчид:                          Г.Банзрагч                      

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                     Ч.Тунгалаг             

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Шилжүүлэн ажиллуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаалын 1 дэх заалтын “... С-о-ын Г-О ...”-т холбогдох хэсгийг, мөн өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/144 дүгээр тушаалын хавсралтын 50-д заасан С.Г-О-тхолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилохыг, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар бүхий тус  яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтнээр томилсон тушаалд заасан ТЗ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин 795,935 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, хоол унааны зардлыг гаргуулахыг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0521 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-Ө нарыг оролцуулж,

            Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-Ө-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Г-О-ын “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/143 дугаар тушаалын 1 дэх заалтын “… Сэр-Одын Ган-Очир ...”-т холбогдох хэсгийг, мөн өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/144 дүгээр тушаалын хавсралтын 50-д заасан С.Г-О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилох, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нэхэмжлэгчийн ахлах мэргэжилтнээр томилсон тушаалд заасан ТЗ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин 795,935 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэх 10 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, хоол унааны зардлыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0521 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... тус яамны орон тооны хязгаарыг баталсан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол /өмнөх/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаар тогтоолуудыг харьцуулан судалж шинжлээгүй, мөн маргаан бүхий Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143, Б/144 дүгээр тушаал баталсан огноо болон нэхэмжлэгчийн шалгалт өгч тэнцсэн гэх Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дүгээр тогтоолын огноо, түүнд дурдсан мэдээлэл нь нэхэмжпэлийн шаардлагад дурдсан асуудлаар өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын шаардлагыг хангаж буй эсэх талаар хэргийн материалыг судалж шинжлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт тодорхой туссан байна.

4. Мөн хэрэгт авагдсан хариуцагч талын гаргасан тайлбар, нотлох баримтыг бүрэн судалж шинжлэлгүй, тэдгээрийн утга, огнооны талаар шүүх хуралдааны үеэр талуудаас лавлаж нягтлаагүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан зарим бодит бус мэдээлэлд үндэслэн хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Төрийн албаны тухай хуульд заасан анхдагч, үндсэн нөхцөл шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч мэтээр авч үзэн түүний ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийн талаар хангалттай нотлох баримт цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэн, хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч С.Г-О нь 2006 онд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт өгч тэнцсэнээр тус газарт томилогдон ажиллаж, 2007 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон бөгөөд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилд томилох тухай 27 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Төрийн нарийн бичгийн даргын Ажлаас чөлөөлөх тухай 2014 оны 69 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хууль /хүчингүйд тооцсон/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хууль /хүчингүйд тооцсон/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлнө, мөн хуулийн 17.7-д “энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө” гэж тус тус заасан.

6. Тэрбээр 2014 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж, “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаад буцаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар 15-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилогдохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байсан нь 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар зөрчил болон илэрсэн. Тодруулбал, нэхэмжлэгчийн 2007 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн баримтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Уг зөрчлийг арилгаж, хууль тогтоомжид нийцүүлэхээр С.Ган-Очирыг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцуулах талаар хүсэлтийг тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/12 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1342 дугаартай албан бичгээр С.Г-Онь өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байх тул төрийн жинэхэнэ албанд орох тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх нь зүйтэй гэсэн зөвлөмж ирүүлсэн.

7. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 370 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” гэсэн нэгжгүй болсон. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/143, “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144, “Ажил, албан тушаалд томилох тухай” Б/145 дугаар тушаал тус тус батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг зохион байгуулсан.

8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардпагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/13 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан “төрийн албаны шалгалт өгч тэнцсэн байх тусгай шаардлага”, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1342 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг тус тус үндэслэн С.Ган-Очирыг тус яаманд ажил, албан тушаалд томилоогүй болно.

9. Шүүхээс “хэрэгт авагдсан материалуудын хүрээнд нэхэмжлэгчийн хэрэгжүүлэн ажилладаг байсан чиг үүрэг байхгүй болсон буюу хариуцагчийн гаргасан тушаалууд хуульд нийцсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин нэгдүгээр зүйлийн 41.1-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Захиргаа нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтална”, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно”, 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалттай тус тус нийцэхгүй байна.

10. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах үндсэн шаардлага, нөхцлийг хангаагүй иргэнийг Төрийн албаны тухай болон холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны төв байгууллагаас өгсөн зөвлөмжийг зөрчиж, ажил албан тушаалд томилох эрх яамны Төрийн нарийн бичгийн даргад олгогдоогүй. Мөн “Төрийн албаны шалгалт өгөөгүй бол ажлаас чөлөөлнө, өөр ажилд шилжүүлнэ” гэсэн утга бүхий зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн /2002/ холбогдох 22, 23, 24 дүгээр зүйлүүдэд тусгаагүй байх тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144 дүгээр тушаалд нэхэмжлэгчийн нөхцөл байдлын талаар хуулийн үндэслэлийг заах боломжгүй байна.

11. Шүүхийн магадлалд тус яамыг өмнөх бүтцээр 75 орон тоотой байсан бөгөөд шинэ бүтцийн дагуу тус яам нийт 78 албан хаагчийн орон тоотойгоор батлагдаж 67 албан хаагчийг томилсон гэжээ. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолын хавсралтаар тус яамыг 78 орон тоотойгоор баталсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор 2016 оны 3 дугаар тогтоолд заасан орон тооны хязгаарт багтаан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, 78 албан хаагч томилогдсон. Мөн Төрийн нарийн бичгийн дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй тул холбогдох тушаалдаа сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг тусгаагүй болно. Мөн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга, Геологийн хэлтсийн дарга, Эдийн засаг, хөрөнгө оруулалт, судалгааны хэлтсийн даргын албан тушаалыг оруулалгүй баталсан 67 орон тоо бүхий тушаалыг магадлалд дурджээ. Ойлгомжгүй болон зөрүүтэй орон тооны талаар хуралдааны үеэр хариуцагчаас нягтлах, лавлах боломжтой байсан боловч асуугаагүй.

12. Орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон талаар тайлбар, баримтыг хариуцагчийн зүгээс удаа дараа шүүхэд хүргүүлсэн нь хэргийн материалд авагдсан. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн бүхий л байгууллагын холбогдох дүрэм, журам шинэчлэгдэж байгаа бөгөөд тухайн үед Төрийн албаны зөвлөлд батлуулахаар хүргүүлсэн албан тушаалын тодорхойлолтыг шүүхэд хүргүүлсэн. Мөн дэс түшмэлийн /ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн/ албан тушаалын тодорхойлолт одоог хүртэл батлагдаагүй байна.

13. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо С.Г-Онь шалгалт өгч тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж биелсэн, төрийн албаны шалгалт өгөөгүй гэх зөрчил арилсан байсан” ... тайлбарт давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг “төрийн жинхэнэ албан хаагч” хэмээн тооцож үнэлэлт, дүгнэлт өгчээ. С.Г-Онь маргаан бүхий 2018 оны Б/144 дүгээр тушаал батлагдсанаас хойш 5 хоногийн дараа буюу Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Түүнчлэн уг тогтоолд С.Г-ОТөрийн захиргааны албан тушаал “ТЗ-6” зэрэглэлд шалгалт өгч тэнцсэн байх бөгөөд яамны ахлах мэргэжилтний /ТЗ-8/ ажлын байр, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахааргүй байна.

14. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтална”, 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна, 17.7-д “энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө” гэж тус тус заасан байдаг.

15. Хэрэв нэхэмжлэгч С.Г-О нь холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангасан төрийн жинэхэнэ албан хаагч байсан, эсвэл маргаан бүхий Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Б/144 дүгээр тушаал батлагдахаас өмнө шалгалт өгч төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байсан тохиолдолд бүтцийн өөрчлөлтөөр түүний /төрийн жинхэнэ албан хаагч/ ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон эсэх, түүний хөдөлмөрлөх эрх болоод бусад хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

16. Нэхэмжлэгч талын зүгээс “хариуцагч захиргааны байгууллага хуулийн шаардлага хангаагүй хүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон, Төрийн нарийн бичгийн даргаас тушаалуудтай холбоотой тодруулга авах гэхэд шүүх, хуулийг үл хүндэтгэн хүрэлцэн ирээгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийг зөвшөөрөөгүй байхад тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шалгалт өгч тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж биелсэн, төрийн албаны шалгалт өгөөгүй гэх зөрчил арилсан байсан” гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “Нэхэмжлэгч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй”, 36 дугаар зүйлийн 36.1-т “Хэргийн оролцогч ... өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэсэнтэй нийцэхгүй байна.

17. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн хүний нөөцтэй холбоотой шийдвэрийг баталдаг бөгөөд шаардлага хангаагүй хүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон тохиолдол байхгүй болно. Мөн анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалтай холбоотойгоор дуудахад Төрийн нарийн бичгийн дарга нь Ерөнхий сайдын захирамж болон сайдын тушаалаар гадаад, дотоодод томилолтоор ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байсан. Томилолтоор ажиллах тухай шийдвэрүүдийг тухай бүр шүүхэд хүргүүлж байсан.

18. Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлийг хавсралтын хамт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний гарын үсгээр албажуулан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 03/1273 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно.

19. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтална, 11.2-т “энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд С.Г-Онь төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар төрийн /жинхэнэ/ албан хаагчийн эрх, үүрэг, нийтлэг баталгаа болон бусад холбогдох харилцааг зохицуулахаар байна.

20. Нэхэмжпэгч С.Г-О Төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж, Төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах болзол шаардлагыг хангаагүйгээс үүссэн нөхцөл байдлын талаар гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, шалтгааныг зүй тогтол, дэс дарааллын дагуу, тал бүрээс бодитоор үнэлж дүгнэн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэрийг гаргажээ.

21. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0521 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн С.Г-О-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            22. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

            23. Нэхэмжлэгч С.Г-О-оос “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Шилжүүлэн ажиллуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаалын 1 дэх заалтын “... С-О-ын Г-О ...”-т холбогдох хэсгийг, мөн өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/144 дүгээр тушаалын хавсралтын 50-д заасан С.Г-О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... яамны бүтэц, үйл ажиллагаа, стратеги, бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор намайг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ  надтай тохиролцсон зүйл байхгүй, тушаал гарсан хойно албан ёсоор танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. одоог хүртэл Ашигт малтмал, газрын тосны газраас ажилд орох талаар мэдэгдээгүй, ажилд томилсон тушаал гараагүй, намайг зөвшөөрөөгүй байхад яамны харьяа агентлагт шилжүүлсэнд гомдолтой” гэж, хариуцагчаас “... хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан, ... орон тоо болон бүтцийн өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон тул ... харьяа агентлагт шилжүүлэн томилсон, ... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилогдохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байсан нь 2018 оны 11 дүгээр сард Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар зөрчил илэрсэн ... ” гэх зэргээр маргажээ.

            24. Анхан шатны шүүх эдгээр маргааны үйл баримтуудад холбогдуулж, “... /анх/ томилогдохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байсан” гэх нэг үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу, уг үйл баримт нь нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн томилох үндэслэл болох эсэх, маргааны бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаал бодит байдалд хэрхэн хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн, нэхэмжлэгчээс гаргасан “... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилохыг, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар бүхий тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтнээр томилсон тушаалд заасан ТЗ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин ...,  нэмэгдлийг гаргуулах ...-ыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, хариуцагчаас “... яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь “Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” гэсэн бүтцийн нэгж болж өөрчлөгдсөн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ... /байхгүй/” гэж маргасан байхад нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

            25. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь одоо ямар ажил албан тушаалд томилуулахыг даалгах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй, “... ТЗ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин ...,  нэмэгдлийг гаргуулах”-ыг шаардаж байгаа үндэслэлийг тодруулж, хэрэгт авагдсан, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1342 дугаар “... С.Г-О нь төрийн жинхэнэ албанд орох тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх нь зүйтэй” гэх албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч С.Г-О нь “Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтний орон тоон дээр шалгалт өгч тэнцэн, дэс түшмэлийн ангилалын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн” баримтыг маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэх шаардлагатай.

26. Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...С.Г-О нь төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж, Төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах болзол шаардлагыг хангаагүйгээс үүссэн нөхцөл байдлын талаар гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, шалтгааныг зүй тогтол, дэс дарааллын дагуу, тал бүрээс бодитоор үнэлж дүгнэсэн, ... давж заалдах шатны шүүхийн ... магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0521 дүгээр магадлалыг хэвээр үлдээж хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-Ө-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА