Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0390

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 04 өдөр               

 

         Дугаар 128/ШШ2020/0390

 

             Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Одмаа, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц овогт С-н Г

                  

Хариуцагч: Уу,хүяТнбд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143, Б/144 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Уу,хүяны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Ш.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага, тодруулгыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Гын ажиллаж байсан нэгж буюу "Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын 4 гол чиг үүрэг Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор Уу,хүяны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан тогтоолын хавсралтаар чиг үүрэг хэвээр хадгалагдаж, шинэ бүтцийн нэгж болох “Геологи, уул уурхай бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-т нэгтгэгдсэн.

Тийм учраас хавтаст хэргийн 81 хуудаст нэхэмжлэгч С.Гыг өөр байгууллагад шилжүүлэх зөвшөөрөл авах хуудаст ажил, албан тушаалын нэршил нь "... Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн ..." гэж бичсэн байна. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144 дүгээр тушаалын хавсралтаар С.Гыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө “... Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал Ахлах мэргэжилтэн ..." гэсэн ажил, албан тушаалаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч С.Г нь тус яаманд Ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд дараах чиг үүрэгт ажлыг хийж байсан:

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад ашиглалт явуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх болон МУ-ын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ашиглаж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаа;

-Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасан шинээр ашиглалтад орох уул уурхай, уулын баяжуулах үйлдвэрийг хүлээн авах улсын комиссыг хариуцан ажиллуулах;

-Уул уурхайн үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажил явуулах аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг мөрдүүлэх;

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын статистик мэдээлэл нэгтгэх;

Дээрх чиг үүрэгт ажлыг гүйцэтгэхээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдааны нарийн бичгийн даргаар/орон тооны бус/ сайдын тушаалаар томилогдон ажилласан.

Тухайн үед ажлаа хүлээлгэн өгөхдөө тус яамны мэргэжилтэн Г.Нд хүлээлгэн өгсөн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгон урьд эрхэлж байсан Уу,хүяны Геологи, үүрхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт “... Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал Ахлах мэргэжилтэн ...” гэсэн ажил, албан тушаалд томилуулахыг даалгах гэж өөрчилж байна.

... Б/143 дүгээр тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлэн ажиллах тушаал байгаа. Шилжүүлэн ажиллах буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт хэсэгт өөр байгууллагад шилжүүлэн ажиллах тохиолдолд тухайн төрийн албан хаагчтай тохиролцсон зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зөвшөөрөл авсан тохиролцсон дээр тулгуурлаад тушаал баталгаажаад ямар ажил албан тушаалд дээр очиж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр болох байсан. Яаманд буцаж орохдоо тогтвор суурьшилтай мэргэжлийн дагуу ажиллана гэсэн хүсэл зорилготой орсон. Шалгалтаа өгөөд тэнцээд л явж байсан үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан. С.Гыг бүтэц орон тооны хувьд болон мэргэжлээр нь ажиллуулах боломж байсан. Яамны бүтцэд өөрчлөлт орж өөрчлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийн баталгаа гэж байдаг. С.Гын төрийн албан хаагч гэж үзэж 2 дугаар сард томилсон байдаг.

... С.Гыг хуулиар бол төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байна. Үндэсний хөгжлийн газарт хэдий шалгалт өгсөн байсан ч төрийн албанд эргэн орох тохиолдолд төрийн албаны мэргэжлийн шалгалт өгнө гэж заасан хууль зүйн зохицуулалт байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийн хариу тайлбар болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардагдах нотлох баримтыг шаардлага хангуулан хүргүүлж байна. Үүнд:

1. Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Ахлах мэргэжилтэн албан тушаалд томилуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилогдохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байсан нь 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар зөрчил болон илэрсэн.

            Тодруулбал, нэхэмжлэгчийн 2007 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн баримтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Уг зөрчлийг арилгаж, хууль тогтоомжид нийцүүлэхээр С.Гыг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцуулах талаар хүсэлтийг тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/12 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1342 дугаартай албан бичгээр С.Г нь өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байх тул төрийн жинхэнэ албанд орох тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх нь зүйтэй гэсэн зөвлөмж ирүүлсэн.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал(ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэжлийн шалгалт өгнө”, Уу,хүяТнбдын 2016 оны Б/13 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан “төрийн албаны шалгалт өгч тэнцсэн байх тусгай шаардлага”, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1342 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг тус тус үндэслэн С.Гыг тус яаманд ажил, албан тушаалд томилоогүй болно.

Нэхэмжлэгч С.Г нь маргаан бүхий 2018 оны Б/144 дүгээр тушаал батлагдсанаас хойш 5 хоногийн дараа буюу Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна.

Түүнчлэн уг тогтоолд С.Г Төрийн захиргааны албан тушаал “ТЗ-6” зэрэглэлд шалгалт өгч тэнцсэн байх бөгөөд яамны ахлах мэргэжилтний /ТЗ-8/ ажлын байр, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахааргүй байна.

Хэрэв нэхэмжлэгч С.Г нь холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч байсан, эсвэл маргаан бүхий Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Б/144 дүгээр тушаал батлагдахаас өмнө шалгалт өгч төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байсан тохиолдолд бүтцийн өөрчлөлтөөр түүний /төрийн жинхэнэ албан хаагч/ ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон эсэх, түүний хөдөлмөрлөх эрх болоод бусад хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... хууль дээдлэх, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтална, 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тус тус заасан байх тул С.Гыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

...нэхэмжлэгч С.Г нь Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу С.Г, түүний төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой ил тод хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх төрийн албан хаагчийн эрх зүйн байдал нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар тогтооно. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3 дахь хэсэгт заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах гүйцэтгэх албан тушаалд мэргэшлийн үндсэн дээр эрхэлж байгаа монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ гээд тус тус заасныг үзэхэд маргаан бүхий захиргааны акт батлагдах үед С.Г нь төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байсан. Үүнийг нотлоод төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг дээр иргэн гэж явж байгаа.

...Тушаалын сонсох ажиллагаа хийж байхад би сонсоод сууж байсан. Тэр үед нэхэмжлэгч өөрөө шүүхэд хандана явдаг газраар явна гээд дуусгасан байдаг. Шалгалтад тэнцлээ ажилдаа орох ямар ч материал бүрдүүлж ирээгүй, хүний нөөцийн мэргэжилтэнтэй ирж уулзаагүй байсан. Төрийн нарийн бичгийн дарга болон тамгын газрын даргаас нэхэмжлэгчийн талаар мэдээлэл аваад шүүх хуралд орж байгаа. Одоо яамандаа ТЗ-6 гаар ч хамаагүй томилогдоно гэж байгаа нь нэхэмжлэгчийн тухайн үед өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл өмгөөлөгчийн ярьж байгаа үйлдлүүд хоорондоо зөрүүтэй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн Засгийн газрын 275 дугаар тогтоолоор яамдуудад ТЗ-9, ТЗ-10 гэсэн албан тушаалын ангилал бий болсон. Нэхэмжлэгчийн шаардлагаар ахлах мэргэжилтнээр томилж өгнө үү гэсэн шаардлага нь ТЗ-6 гаар агентлагт мэргэжилтний орон тоонд шалгалт өгсөн хүнд яаманд ТЗ-10 аар уул уурхайн бодлого хариуцаж байгаа ахлах шинжээчийн албан тушаалд тавих боломжгүй.

... Төрийн нарийн бичгийн дарга Ашигт малтмал газрын тосны газарт очиж ажиллах хүмүүс байна уу гэж асуусан мэргэжлийн шаардлага хангахгүй, хүүхэд асарах чөлөөтэй байсан хүмүүс орж ирээд орон тоо нь байхгүй болсон 4 хүн байсан. Тэгээд С.Г миний өрөөнд зөндөө орж ирж байсан ТЗ-6 дээр шалгалт өгсөн гэдгээ хэлж байсан. Агентлаг дээр сул орон тоо гарсан байгаа эхлээд тэнд очоод ажиллаж бай төрийн захиргааны албан хаагч болохоор жинхлэх талаарх саналуудыг хэлж байсан. Шилжүүлэн ажиллуулах гэдэг нь С.Гт боломжит хэлбэрийг өөрийнх нь нөхцөл байдлыг дээрдүүлэх боломжийг олгож тушаал гаргасан” гэв.

 

Гуравдагч этгээд Г.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Гүнчинсүрэн овогтой Н миний бие ШУТИС-ийн Уул уурхайн Их сургуулийн Ашигт малтмалын баяжуулалтын ангийг 2008 онд Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер мэргэжлээр бакалавлын зэрэгтэй төгссөн.

Миний бие сургуулиа төгсөөд 2008-2009 онд “М” ХХК-ийн Олон овоотын алтны уурхайн баяжуулах үйлдвэрийн оператор, 2009-2012 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхайд байгаль орчны мэргэжилтэн, ээлжийн мастераар ажиллаж байгаад 2013 оноос тус яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Танай шүүхээс ирүүлсэн иргэн С.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох гомдолд гуравдагч этгээдээр татагдсан байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаар тогтоолоор Уу,хүяны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон.

Ийнхүү яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсоны дагуу тус яамны бүтцэд байсан Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хуучин нэрээр)-ын чиг үүргийг Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газруудад шилжүүлсэн байдаг.

Улмаар Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/146 дугаартай тушаалаар миний бие тус яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтэст мэргэжилтэнээр томилогдсон болно.

Тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна, Үүнд:

1. Ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэргүүний техник технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих,

2. Уурхай, уулын үйлдвэрүүдийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдийн мэргэшил арга зүйгээр хангах, зохицуулах,

3. Нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн бодлого, төсөл, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах, тайлагнах,

4. Яамны болон нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тухай бүр холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Уу,хүяТнбдын баталсан удирдамжаар томилдог.

Өөрөөр хэлбэл, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт хамааралгүй орон тооны бус чиг үүрэг юм.

Цаашид миний бие С.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул тус хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Э овогтой Б миний бие ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн их сургуульд 2009 онд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр /020090716/, 2018 онд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр магистр /Е20184663/ зэргээр тус тус төгссөн.

Миний бие сургуулиа төгсөөд ... 2018 оноос хойш тус яаманд мэргэжилтнээр ажиллаж байна.

Танай шүүхээс ирүүлсэн иргэн С.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох гомдолд гуравдагч этгээдээр татагдсан байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаар тогтоолоор Уу,хүяны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон.

Ийнхүү яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсоны дагуу тус яамны бүтцэд байсан Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хуучин нэрээр)-ын чиг үүргийг Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газруудад шилжүүлсэн байдаг.

Улмаар Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/160 дугаартай тушаалаар миний бие тус яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтэст мэргэжилтэнээр томилогдсон болно.

Тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

1. Байгаль орчныг хамгаалах талаар холбогдох байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын байгаль орчныг хамгаалах талаар 5одлогын санал ыг тусгах, хэрэгжилтийг хангах;

2. Бичил уурхайн үйл ажиллагаанд чиглэсэн төсөл, хөтөлбөр, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах хяналт тавих;

3. Орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

4. Цацраг идэвхит ашигт малтмалын олборлолттой холбогдолтой эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хуулийн төсөлд санал өгөх, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах, тайлагнах;

5. Яамны болон нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Ашигт малтмалын орд ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийн асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Уу,хүяны сайдын баталсан тушаалаар томилдог.

Өөрөөр хэлбэл, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт хамааралгүй орон тооны бус чиг үүрэг юм.

Цаашид миний бие С.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул тус хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч С.Г нь анх Уу,хүяТнбдад холбогдуулан “Уу,хүяТнбдын “Шилжүүлэн ажиллуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дүгээр тушаалын 1 дэх заалтын “...С-ын Г...”-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Уу,хүяанд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилохыг, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин, олговрыг гаргуулахыг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг тус тус даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баас нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143, Б/144 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Уу,хүяны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тодруулсан[1].

              Тэрээр 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд тэрээр энэхүү шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж,  хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгч шийдвэрлэв. Үүнд:

 

              С.Г нь төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2006 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт өгч тэнцэн, тус агентлагт томилогдон ажиллаж байгаад Уул уурхайн яам/хуучин нэр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнээр томилогдон ажилласан байна.

Улмаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дүгээр тушаалаар Төрийн албаны тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн С.Гыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.

Үүний дараа С.Г нь Уу,хүяТнбдын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалын дагуу тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх үед нь мөн төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144 дүгээр тушаалаар тус албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/143 дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ[2].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдэн төлөөлөгчөөс дээрх Б/143, Б/144 дүгээр шийдвэрүүдийг эс зөвшөөрч “ажлын байрны чиг үүрэг хасагдаагүй өөр албан тушаалуудад хуваагдан шилжсэн байхад С.Гын зөвшөөрлийг авалгүйгээр өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нь төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж төрийн жинхэнэ албан тушаалын нөөцөд байх хугацаа өнгөрсний дараа дараа дахин томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөлгүйгээр томилогдсон байсан ба түүнийг дахин төрийн албан тушаалд томилох нь төрийн албаны хуулийн зөрчилд хүргэх үр дагавартайн дээр ТЗ-д ангиллын албан тушаалд шалгалт өгч тэнцсэн атлаа ТЗ-8 ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Уу,хүяны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 370 дугаар тогтоолоор тус яамны зохион байгуулалтын бүтцийг 5 газар/үүний дотор Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай/, 8 хэлтэстэй байхаар баталжээ[3].

Дээрх тогтоол гарсантай холбогдуулж Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144[4] дүгээр тушаалын хавсралтаар тус яамны нийт 74 төрийн захиргааны албан хаагчийг чөлөөлсний дотор хавсралтын 50 дугаарт Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Г багтжээ[5].

Улмаар Уу,хүяТнбда нь мөн өдрийн огноотой Б/145 дугаар тушаалын хавсралтаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн 78 орон тоог баталсан[6] боловч Б/146 дугаар тушаалаар 67 албан хаагчийн албан тушаалд томилж шийдвэрлэсэн байна[7].

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл, хариуцагч нь Засгийн газрын шийдвэрээр Уу,хүяны бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан маргаан бүхий Б/144 дүгээр тушаалыг гаргаж тус яамны төрийн захиргааны нийт алба хаагчдыг чөлөөлсөн байх тул уг тушаалаас зөвхөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй Б/144 дүгээр тушаал нь Уу,хүяТнбдад Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д  “Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.6.9-т “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж тус тус зааснаар олгогдсон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144 тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин “... Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд хариуцагч нь Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатай байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж төрийн жинхэнэ албан тушаалын нөөцөд байх хугацаа өнгөрсний дараа дараа дахин томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөлгүйгээр томилогдсон байсан ба түүнийг дахин төрийн албан тушаалд томилох нь төрийн албаны хуулийн зөрчилд хүргэх үр дагавартай тул томилоогүй” хэмээн тайлбарлан маргах боловч С.Гын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох иргэдийн нөөцийн жагсаалтад байх хугацаа дууссан явдал нь түүнийг дахин төрийн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болохоос бус нэгэнт томилогдож ажилласны дараа хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн явцад албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2014 онд Төрийн албаны тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн иргэнийг 2018 онд албан тушаалд дахин томилохдоо тухайн ажил, албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байсан байх ба тухайн үед энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй атлаа Засгийн газрын шийдвэрийг үндэслэн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийхдээ түүнийг албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч С.Гын эрхэлж байсан Уу,хүяны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын “Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны 2016 онд батлагдсан тодорхойлолтод уг ажлын байрны зорилгыг “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд  уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын арга хэмжээг хангах” гэж, үндсэн зорилтуудыг  1/салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашиг, дотоод гадаадын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх хэрэгжилтийг хангуулах, 2/салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх, хоорондын уялдааг зохицуулах, ашигт малтмалын олборлолт, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлагыг санал зөвлөгөөгөөр хангах гэж тус тус тодорхойлсон[8] байх ба энэхүү чиг үүрэг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэгт хадгалагдан үлдсэний дээр орон тоо цөөрсөн гэж үзэхээргүй байна. Тодруулбал,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын “3.3. Зохион байгуулалтын бүтэц” хэсгийн 3.3.3-т “Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг; Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд геологи, уул уурхайн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах, ... стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төлөвлөх, гэрээ хэлцэлд бэлтгэх, гэрээт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ...”[9] гэж заасан байна.

Эдгээр чиг үүргийг С.Г нь Уу,хүяны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа хэрэгжүүлж байсан болох нь түүний 2018 оны үр дүнгийн гэрээ, уг гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас зэрэгт холбогдох дүрэм журам, урт хугацааны төлөвлөлтийн баримт бичиг боловсруулсан, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил болон ашиглалтад оруулахад бэлэн болсон алтны уурхай, баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулсан гэх зэргээр бичигдсэн, үүнийг ажил олгогчоос “А” үнэлгээтэй үнэлсэн байдлаар тус тус тогтоогдов[10].

Мөн дээрх чиг үүргүүд нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар тогтоол, Уу,хүяТнбдын 2020 оны 37 дугаар тушаалын хавсралтуудаар батлагдсан “Уул уурхайн салбарын бодлого, стратеги, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч”[11], “Уул уурхайн салбарын бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч[12]”-ийн албан тушаалын чиг үүрэгт шилжжээ.

Энэ тохиолдолд хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах үүрэгтэй байсан байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу юм.

Хариуцагчаас сонгон шалгаруулалт явуулаагүй тухайд маргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

Нэхэмжлэгч С.Г нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Үндэсний хөгжлийн газрын төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалтыг ТЗ-6 зэрэглэлд өгч[13], тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ТЗ-6 буюу дэс түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн атлаа одоо ахлах шинжээчийн буюу ТЗ-9 ангиллын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргах боловч С.Гын эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг ТЗ-9 ангилалд хамаарах албан тушаалын чиг үүрэгт хуваагдан шилжсэнд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүйн дээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу өмнө ажиллаж байсан албан хаагчийн төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн эсэх нь албаны чиг үүрэг шилжсэн албан тушаалын шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах үндэслэл мөн болохооргүй байна. Иймд дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий Б/143 дугаар тушаалаар С.Гыг Ашиг малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахдаа урьдчилан зөвшилцөх шаардлагатай байжээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143, Б/144, Б/145 дугаар тушаалуудыг нэгэн зэрэг танилцуулсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус яамны хурлын танхимд нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан тэмдэглэлд “Ажил олгогчийн зүгээс шилжүүлэн ажиллуулах санал тавьж, шилжүүлэх тухай тушаал гарсныг хүлээн зөвшөөрөөгүй С.Г нар санал гомдлоо илэрхийлсэн”[14] гэснээр тогтоогдов.

Түүнчлэн С.Гыг шилжүүлэх тухай тушаал нь 143, чөлөөлөх тухай тушаал нь 144 дугаартай байгаагаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргахаасаа өмнө зөвшилцөөгүй, харин шийдвэрээ гаргачхаад танилцуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... урьдчилан мэдэгдээгүй, зөвшилцөөгүй, сонсох ажиллагаа хийгээгүй хууль бус шийдвэр болсон” гэсэн тайлбаруудыг хүлээн авахуйц байна.

Гэвч тухайн албан тушаалд ажиллавал зохих этгээдийг сонгон шалгаруулах эрх хэмжээ нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг ... түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчээс: “...Уу,хүяанд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд С.Гыг чиг үүрэг шилжсэн албан тушаалд томилох эсэхийг шүүх урьдчилан таамаглах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

С.Г нь сонгон шалгаруулалтын үр дүнд албан тушаалд томилогдсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардан гаргуулах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Уу,хүяТнбдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг С.Гт холбогдох хэсгийг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Уу,хүяТнбда нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Уу,хүяТнбда нь шүүхээс тогтоосон 1 /нэг/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд С.Гыг шилжүүлэн томилох тухай тус Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХЗУЛ

                                ШҮҮГЧ                                        Ц.ОДМАА

                                ШҮҮГЧ                                        Д.ХАЛИУНА

 

 


[1] 3 дугаар хавтаст хэргийн 103 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 71-74 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь талд

[10] 3 дугаар хавтаст хэргийн 195-207 дахь талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 145-147 дахь талд

[12] 2 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь талд

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь талд

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь талд