Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00147

 

 

 

 

 

 

                                 МФ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МФ ХХК-ийн хариуцагч Д.Ад холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1,360,832 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д.Агээс барааны төлбөрт 1,288,132 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,360,832 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: МФ ХХК Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 1552 тоот лангууг түрээсэлж ажиллуулдаг байсан Д.Атэй 2017 онд хамтарч ажилласан. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр холимог жимс 4,800 төгрөг, лимоны кремль 4,800 төгрөг, вишны кремль 9,600 төгрөг, слива кремль 7,200 төгрөг, яблоконы кремль 12,000 төгрөг, шоколадны кремль 28,800 төгрөг, вишны кремль 16,800 төгрөг, ананас 14,000 төгрөг, холимог жимс 14,000 төгрөг, подушки 21,600 төгрөг, шоколадтай булчик 4,200 төгрөг, булчик 26,400 төгрөг, давстай булчик 26,400 төгрөг, шагшуурга 23,100 төгрөг, крем дель 17,820 төгрөг, цахлай далавчтай 20,700 төгрөг, холимог жимсний кремль 36,000 төгрөг, бүгд 575,620 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөөг 105,600 төгрөг, абракосны кремль 36,000 төгрөг, шагшуурга 42,000 төгрөг, нийт 183,600 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөөг 121,800 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр абракосны кремль 72,000 төгрөг, шоколадны кремль 16,000 төгрөг, бүгд 88,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр чихэр 54,000 төгрөг, шагшуурга 79,200 төгрөг, подушки 27,000 төгрөг, мөөг 162,400 төгрөг бүгд 303,112 төгрөг, нийт 1,288,132 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. 2019 онд шүүхэд хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байхдаа “М” ХХК-аас бараа худалдан авдаг байсан. Барааны тооцоог компанийн борлуулалтын ажилтнаар дамжуулан хийдэг байсан. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 575,620 төгрөгийг шүүх хуралдаанд оролцож байгаа залуугийн шахсаны дагуу төлж барагдуулсан. Уг баримт дээрх гарын үсэг хариуцагчийнх биш. Олон жилийн өмнө төлсөн падаануудыг зээл гэж бичээд одоо шаардаж байна. Хамгийн сүүлд 99106334 гэсэн дугаартай хүнтэй тооцоо нийлж акт үйлдсэн. Зээл гэдгийг нэмж бичсэн. Хариуцагч нь Бөмбөгөр худалдааны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Компаниуд сар дамжуулж зээл өгдөггүй гэжээ.  

3. Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Агээс 1,360,832 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МФ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,725 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,725 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 “Монре транс фүүд” ХХК-аас бараа худалдан авч зардаг байсан нь үнэн. Худалдаж авсан бараагаа борлуулагчид нь бэлнээр тооцоог нь хийдэг байсан. Хэдэн сар тооцоо хийгээгүй лангуунд бараа өгч нийлүүлдэггүй. Бүх  компани өмнөх тооцоогоо хийж, дараагийн барааг падаанаар тулгаж авдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 залуутай ирээд 3 хоногийн дотор тооцоогоо хийх шаардлагатай гэхэд нь тооцоо хийсэн. Ямар ч тооцоо байхгүй.

4.2 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 576,620 төгрөгийн падаан дээрх гарын үсэг минийх биш. О үсэг бичээд хүлээлгээд өгсөн гэж байна. Би энэ падааныг хүлээн зөвшөөрөхгүй. Бусад падаан дээрх гарын үсгийг харж болно. 303,112 төгрөгийн падаанд өөрсдөө зээл гэж бичээд төлөөгүй гэж нэхэмжилсэн. Надад үлдээсэн падаанд зээл гэсэн бичиг байхгүй. Тооцоо хийсэн падааныг нэхэмжилж байна. Шүүх нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Падаануудын гарын үсгийг тулгаж харвал миний гарын үсэг биш. Мөн нэмж тооцоо хийсэн падаанд зээл гэж бичсэн нь харагдана. Компанидаа мөнгөө дутуу өгсөн борлуулагч, тооцоогоо нийлж авсан хүмүүсийн төлбөрийг би төлөхгүй.

4.3 Надтай харилцдаг байсан борлуулагчийг гадаад руу явсан гэх үндэслэлээр нүүрэлдүүлээгүй. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... 2017 онд Д.Ад МФ ХХК буюу “М” ХХК нь хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж байсан. Барааны мөнгө төлөгдөхгүй байсан учраас би өөрөө очиж уулзаад, тооцоо нийлж байхад хариуцагч нь мөнгө өгнө, борлуулагчид 100,000-200,000 төгрөг бэлнээр өгсөн байж магадгүй, хар дэвтрээ харж байгаад эргээд тооцоо нийлсэн актад гарын үсэг зурья гэж хэлсэн. Сүүлд очиход түрээсэлж байсан лангуугаа хаагаад алга болсон байсан. Төлбөр төлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. Төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй, баримтаар нотлоогүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч МФ ХХК хариуцагч Д.Ад холбогдуулан барааны төлбөрт 1,288,132 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,360,832 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн зарим хэсэг үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Талуудын хооронд 2017 оноос эхлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүнсний бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх8-11/

1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотолж зарлагын баримтууд ирүүлсэн нь хэргийн 8-12 дугаар талуудад авагдсан бөгөөд хариуцагч нь 8-11 дүгээр тал дахь зарлагын баримтад хүлээн авагч тал гэсэн хэсэгт бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг мөн, олон жилийн өмнө төлсөн .., падаануудад зээл гэсэн бичгийг нэмж бичсэн, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 575,620 төгрөгийн баримтан дээрх гарын үсэг минийх биш гэж тайлбарладаг.

Хариуцагч нь хэргийн 8-11 дүгээр тал дахь хүнсний бараа хүлээн авсан баримтад зурагдсан гарын үсэг өөрийнх нь болохыг хүлээн зөвшөөрдөг боловч уг төлбөрийг буцааж төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотолж чадаагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

2. Харин хэргийн 12 дугаар талд авагдсан 575,620 төгрөгийн зарлагын баримтын хүлээн авагч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгийг бусад баримтад зурагдсан хариуцагчийн гарын үсэгтэй харьцуулан үзэхэд өөр байна. Хариуцагч уг баримтад зурагдсан гарын үсэг минийх биш гэж маргаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу нотлох ёстой. Хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадаагүй тул 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 575,620 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. 

Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 618,920 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь тогтоогдсон тул үнийг төлөх үндэслэлтэй. /хх8-11/

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00825 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь тогтоогдож  байх тул хохиролд 70,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв. /хх13/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хүнсний барааны үлдэгдэл үнэ, эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс төлсөн төлбөр, нийт 689,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Агээс 689,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МФ ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 671,712 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,725  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,088 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                        А.МӨНХЗУЛ