Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 54

 

Л.............., Б.............., Б..............,

Д.Батсайхан нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.............., Ш..............

 нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.............., Ш.............. нарт холбогдох,

Д.Батсайхан, Л.............., Б.............., Б.............., Д.............. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д.............., Ш.............. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.............., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.............., Б.............., Б.............. бид Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуут 29 дүгээр гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх хаягт байрлах 890 м2 газрыг 2006 онд бид хувьчилж авсан бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000052815 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101002485 дугаарт бүртгэгдэж газрын өмчлөгч болсон. Миний нөхөр бидний аав болох Д.Батсайханы төрсөн дүү Д.............. нь гоо сайхны газар ажиллуулдаг байсан ба 2009 онд хамтарч зээл авч бизнес хийе гэх санааг гарган бидний өмчлөлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж зээл авъя гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр ажил орлогогүй байсан тул банк бидэнд зээл олгох боломжгүй харин тодорхой хэмжээний орлоготой хүнд зээл олгоно гэж хэлсэн. Ингээд нөхрийн дүү Д.............. тухайн үед гоо сайханы газар ажиллуулж байсан тул түүний нэр дээр өөрсдийн өмчлөлийн газрыг шилжүүлэн зээл авахаар болсон. Ингээд нотариат орж үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулсан. Ийнхүү бэлэглэлийн гэрээний дагуу газрыг шилжүүлж зээл дууссаны дараа Д.............. нь газрыг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Д.............. нь буцаан шилжүүлж өгөлгүй явсаар өдийг хүрсэн ба 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ш.............. гэх хүнд газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байна. Одоо Ш.............. нь бидний амьдарч буй газар дээр ирж биднийг нүү гэсэн шаардлага тавьж байгаа ба газрыг ухаж барилга барина гэж дураараа аашилж байна. Иймд үл хөдлөх хөрөнгө бэлэглэх 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д.............., Ш.............. нарын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.   

Хариуцагч Д.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь миний ах Д.Батсайхантай гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд одоогоор тус тусдаа амьдраад 8 жил орчим болж байгаа билээ. Намайг насанд хүрээгүй хүүхэд байхаас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуутын 29-11 тоот газарт манай ээж Цэвээнжавын Сувд, ах Д.Батсайхан, миний бие 2 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд ах маань сүүлд Л..............тай гэр бүл болж Л.............. болон хүүхдүүд нь бидэнтэй хамт амьдарч эхэлсэн. Ингээд газар хувьчлах үед ахын нэр дээр бид газраа өмчлөн авсан. Ингээд ах маань эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт өөр газарт амьдрах болсон тул надад 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлэн өгсөн. Ингээд ээж бид хоёр болон миний хоёр хүүхэд тус газарт амьдарч байгаад ээж маань 2016 оны 08 дугаар сарын 29-нд нас барсны дараа би иргэн н.Болорсүхтэй танилцаж, Дэнж багт хамт амьдрах болсон. Сүүлдээ иргэн н.Болорсүхийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдрахаар болж, ээж болон өөрийнхөө амьдарч байсан гэрээ н.Болорсүхийн аав ээжид зарж мөн 2018 онд өөрийн газраа Ш.............. гэх хүнд худалдсан. Нэхэмжлэгч ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Ах болон түүний гэр бүл 2009 оноос хойш уг газарт амьдраагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Хариуцагч Ш.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байсан талаараа дурьдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч нарын аав болох Д.Батсайханаас дүү Д..............д 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлсэн байна. Энэ хугацаанд Д.............. нь ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2016 онд ээж нь нас барсан. Тэгээд Д.............. нь ганцаараа эндэ амьдарч байсан байна лээ. Би Д..............эс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газрыг худалдах худалдан авах гэрээгээр 7 сая төгрөг бэлэн өгч газрыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Одоо би энэ газар дээрээ хүйтний улирал эхлэхээс өмнө байшин барилга барьж орох гээд эхэлсэн, дуусах дөхөж байгаа. Би хэрвээ хүний газар дээр ямар ч зөвшөөрөлгүй барилга байшин барьсан бол миний буруу гэх юм. Гэтэл би байшин барихын тулд газар хайж сураглаж байгаад зараар энэ газрыг худалдаж авсан юм. Тэгээд өөрийн өмчлөлд шилжүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Г-2101002485, нэгж талбайн дугаар 6104100988 бүхий гэрчилгээтэй болсон. Тиймээс би өөрийнхөө өмчлөлийн газар дээр барилга барьсан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь миний газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан талаар нэхэмжлэлдээ дурьдсан. Би энэ газрын шударга өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нарыг би урьд нь танихгүй байсан болно. Нэхэмжлэгч нар нь дээрх газрыг Д..............д өгөхдөө гоо сайханы газар ажиллуулах, бизнес эрхлэхээр Д.Болор-Эрдэнийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан талаар дурьдсан байдаг. Анх энэ газар дээр ээж нь, Д.............. нар амьдарч байсан байх бөгөөд ах Д.Батсайханы нэр дээр нь гэрчилгээг гаргуулж авч байсан. Гэвч ах нь энд амьдарч байгаагүй гэдэг. Тиймээс энэ газрын өмчлөгч нь Д.............. ба буцааж Д.Батсайханд өгөх талаар ямар ч тохиролцоо байхгүйг дүү Д.............. нь хэлж байна. Нэхэмжлэгч нарын шаардлагад дурьдсан 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч нар нь зөвшөөрч Д.Болор-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн байна. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох гээд байгаа шаардлага нь тодорхойгүй. Би хууль зөрчиж Д..............эс энэ газрыг худалдаж аваагүй. Эдгээр нэхэмжлэгч нар нь Д..............д газрыг бэлэглэхдээ хариу төлбөргүйгээр, ямар ч болзолгүйгээр бэлэглэсэн байдаг. Гэвч өнөөдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй, тухайн үед хүсэл зоригоо илэрхийлээд Д.Болор-Эрдэнийн өмчлөлд сайн дураараа шилжүүлсэн нь харагдаж байна. Хэрвээ энэ газрыг буцааж авах талаар тохиролцоотой байсан бол болзол тавьж, болзлоо нэмэлт нөхцөлөөр дурьдах байсан байх. Гэтэл гэрээний нэмэлт заалтанд буцааж авах талаар дурьдаагүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг бөгөөд энэ газар дээрээ их хэмжээний зардал гаргаж байшин барилга барьж байгаа болно. Энэ байшингаа яаралтай босгож банкинд барьцаанд тавьж хүүгийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж байгаа юм. Гэтэл миний яаралтай хийх ёстой ажилд хөндлөнгөөс саад учруулж барилгыг минь бариулахгүй байгаад гомдолтой байна. Хүүхэд маань яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь хүү маань осолд ороод эмчилгээ хийлгэх нэн хэрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.1., 280.1.2., 280.2., 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10., 56.5.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах газрыг Д..............д шилжүүлсэн 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “бэлэглэлийн гэрээ”, “Д.............., Ш.............. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “газар худалдах худалдан авах” гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгч Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.............., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1. дэх заалтыг хэрэглэхдээ Д.Болор-Эрдэнийг 280 дугаар зүйлд заасан үйлдэл гаргаагүй гэж дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй болсон байна. Учир нь Д.............. нь Д.Батсайхан, Л.............., Б.............., Б.............. нараас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан гэр бүлийн зориулалттай газрыг бусдад шилжүүлэн худалдаж байгаа үйлдэл нь анх тэдний хооронд байгуулагдсан хэлцлийг зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал бэлэглэгч нар нь бэлэг хүлээн авагчтай хамтарч зээл авч бизнес хийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл бэлэглэлийн гэрээг өөртөө давуу байдал болгон бусдад худалдах, худалдан авах гэрээгээр худалдан борлуулж байгаа үйлдэл нь тэднийг нэхэмжлэгч нарын өмчилж буй бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэл юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй байна гэж дүгнэж байгаа нь энэ хуулийг нэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэж, хэрэглэж байгааг харуулж байна.  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийг тайлбарлаж хэрэглэхдээ шүүх хуралдаанд хэлсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан “... зээл авч болохгүй байна гэдгийг бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа мэдсэн. Түүнээс хойш байнга газрын гэрчилгээгээ Д..............эс нэхэж байгаа, барьцаанд тавьсан байгаа л гэдэг байсан ...” гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. дэх хэсэгт заасныг үндэслэл болгож хэрэглэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай ойр дотны холбоотой бөгөөд газрыг чөлөөлөөд тэр даруй буцааж өгнө гэх тайлбарыг хэлсэн энэ нь хэвтэст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл Д.............. нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ш..............тай худалдах, худалдан авах гэрээгээр тус газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч нар нь хууль ёсны өмчлөх эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. дахь хэсэгт зааснаар тухайн үеэс л хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нар хариуцагч Д..............тэй 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д.............., Ш.............. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.............. “... үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Ах болон түүний гэр бүл 2009 оноос хойш уг газарт амьдраагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэх тайлбар, хариуцагч Ш.............. “... Би хууль зөрчиж Д..............эс энэ газрыг худалдаж аваагүй. Эдгээр нэхэмжлэгч нар нь Д..............д газрыг бэлэглэхдээ хариу төлбөргүйгээр, ямар ч болзолгүйгээр бэлэглэсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар тус тус гаргаж маргажээ. 

Шүүх нэхэмжлэгч Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгч Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нар тус сумын 11 дүгээр баг Цагаанчулуут 29 дүгээр гудамжны 10 тоотод байрлах 890 м2 талбай бүхий газрыг 2005 онд өмчлөн авч улмаар уг газрыг 2009 дүгээр сарын 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Д..............д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Л.............., Б.............., Б.............., Д.Батсайхан нар “... дээрх газрыг барьцаалж зээл аваад, зээлээ төлж дуусгаад буцааж авах болзолтойгоор хариуцагч Д..............д бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн” гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй харин уг газрыг нэхэмжлэгч Д.Батсайхан, хариуцагч Д.Болор-Эрдэний гэр бүл 2005 оноос өмнө худалдан авсан болох нь гэрч Д.Бат-Эрдэний мэдүүлэг, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд газрын хууль ёсны өмчлөгч нарын гарын үсэг зурагдсан, тэрээр өөрсдийн эрх зөрчигдсэн гэдгийг хэзээнээс мэдсэн, хөөн хэлэлцэх хугацааг аль үэс эхлэн тооцож байгааг тодорхойлж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Д.............. уг газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн, зээл авах боломжгүй болсныг тухайн үед нэхэмжлэгч нар мэдсэн цагаас газрыг буцааж өгөхийг шаардаж байсан  болох нь тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

Хариуцагч Д.............. өөрийн эзэмшлийн 890 м2 талбай бүхий газрыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ш..............д шилжүүлэхдээ хууль болон бусдын эрх ашгийг хөндөөгүй байх тул талуудын хооронд үүссэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасан зохицуулалтанд хамаарахгүй ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.............., өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан “... газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч нар нь хууль ёсны өмчлөх эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн бөгөөд шүүх хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцоолоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.............., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л..............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ