Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00138

 

Л.Ж, Б.М, Б.М,

Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дүгээр магадлалтай,

Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Д.Б, Ш.Б нарт холбогдох,

Д.Б, Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д.Б, Ш.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч /нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Л.Ж, түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж, түүний өмгөөлөгч М.Г, хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Ш.Б-ийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нар нь Д.Б, Ш.Б нарт холбогдуулан Д.Бтэй 2009.09.09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д.Б, Ш.Б нарын хооронд 2018.04.23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.1., 280.1.2., 280.2., 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10., 56.5.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах газрыг Д.Бд шилжүүлсэн 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, Д.Б, Ш.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Г нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж болон өмгөөлөгч М.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.Ж, Д.Б, Б.М, Б.М нарын нэхэмжлэлтэй, Д.Б, Ш.Б нарт холбогдох 2009.09.09-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2018.04.23-ны өдрийн газар худалдах худалдах авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.01.09-ний өдрийн 54 дугаартай шийдвэрээр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 54 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн холбогдох зүйлийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох тухай хуулийн заалтыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам болон 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох болон тасалдахтай холбоотой хуулийг шүүхүүд хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байна. Тодруулбал хариуцагч Д.Б нь уг газар, хашааг буцааж шилжүүлэхийг зөвшөөрч ирсэн бөгөөд тэрээр 2018 оны 04 дүгээр сарыг хүртэл өөрийн төрсөн ах Д.Бд, бэр Л.Ж нарт банкны зээлээ төлж дуусаад буцааж шилжүүлнэ” гэж хэлсээр ирсэн байдаг ба үүнийг Д.Б нэхэмжлэгчээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлэхээсээ өмнө гэрчээр мэдүүлдэг, нэхэмжлэгчээр орсон хойноо уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг, нэхэмжлэгч Л.Ж нь мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Б нь “банкны зээлээ төлөөд эргүүлж өгнө... гэж хэлсэн тул нэхэмжлэлээ гаргалгүй удсан тухай тайлбарладаг ба үүнийг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт, тайлбарыг шүүхэд гаргаагүй байна. Үүнээс дүгнэвэл шүүх нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл байна. Иргэний хуулийн холбогдох зүйлийг хэрэглээгүй тухайд: Л.Ж, Д.Б, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2009.09.09-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх уг гэрээний хүчин төгөлдөр эсэх дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Тодруулбал шүүх талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: хариуцагч Д.Б нь ах Д.Бы Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу төрөөс нэг удаа үнэгүй өмчилж авсан газрыг банкны барьцаанд тавьж зээлийг хэрэглээд буцааж өгөхөөр тохиролцож, улмаар хуульд заасны дагуу 2010 оны 10 дугаар сард улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлсэн цагаасаа эхлэн банкны зээлийг барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулж байсан тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний тайлбар нь нотлогддог, нөгөө талаас газрыг буцааж өгөх тухай хариуцагч Д.Б 2018 оны 04 дүгээр сард хүртэл энэ хэргийн нэхэмжлэгч, ах Д.Бдаа болон бэр Л.Ж нарт хэлж хугацааг хойшлуулах тухай хэлж байсан гэдгийг нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан тайлбартаа анхнаасаа тайлбарладаг. Үүнийг хариуцагч Д.Б үгүйсгэж тайлбар гаргаагүй, энэ талаарх нотлох баримт гаргаагүй, харин өөрийн ах Бат-Эрдэнэ болон дүү Номин-Эрдэнэ нарыг гэрчээр оролцуулсан боловч тэдний мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэх боломжгүй юм. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс 2020.04.09-ний өдрийн 54 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны 142/ШШ2020/00097 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нар нь Д.Б, Ш.Б нарт холбогдуулан Д.Бтэй 2009.09.09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д.Б, Ш.Б нарын хооронд 2018.04.23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...маргаан бүхий газрыг бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч Д.Бд шилжүүлэхдээ, зээл авахад барьцаалж, зээлээ төлж дуусгаад буцааж авах болзолтойгоор шилжүүлсэн, ...гэтэл буцааж өгөлгүй, бусдад худалдсан... гэж тодорхойлжээ. 

7. Хариуцагч Д.Б “...нэхэмжлэлд үндэслэлгүй, худал зүйл бичсэн байна. Д.Б  ах болон түүний гэр бүл 2009 оноос хойш уг газарт амьдраагүй, ...хуулийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж газрыг шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн, хариуцагч Ш.Б “...Д.Бэс энэ газрыг хуулийн дагуу гэрээ байгуулж худалдан авсан. ...нэхэмжлэгч нар газрыг ямар ч болзолгүйгээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн байдаг” гэсэн тайлбарууд гарган маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нар 2005 онд тус аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут 29 дүгээр гудамжны 10 тоотод байрлах 890 м2 талбай бүхий газрыг өмчлөн авч, уг газрыг 2009.09.09-ний өдрийн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Д.Бд шилжүүлсэн байх бөгөөд Д.Б нь 2018.04.23-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Ш.Бгийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

10. Нэхэмжлэгч нарын ...Д.Бд газрыг барьцаалж зээл авахад, зээлээ төлж дуусгахаар нь буцааж авах болзолтойгоор бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэсэн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр уг газрыг нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.Б-ийнгэр бүл 2005 оноос өмнө худалдан авч, амьдарч байсан нь нотлогджээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй, ...талуудын хооронд 2009.09.09-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010.09.02-ны өдөр хариуцагч Д.Б уг газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн, нэхэмжлэгч нар нь бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа зээл авах боломжгүй болсныг мэдсэн, тухайн цаг хугацаанаас газрыг буцааж өгөхийг шаардаж байсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жилгэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

12. Түүнчлэн, Д.Б, Ш.Б нарын хооронд 2018.04.23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээний дагуу Д.Б нь өөрийн эзэмшлийн 890 м2 талбай бүхий газрыг шилжүүлэхдээ хууль болон бусдын эрх ашгийг хөндөөгүй, талуудын хооронд үүссэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарахгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт хуулийг буруу баримталсан тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дүгээр магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/00097 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.1., 280.1.2., 280.2., 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10., 56.5.” гэснийг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.30-ны өдөр төлсөн 173,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                            Б.МӨНХТУЯА