Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 828

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “6” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А*******”  ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э*******, Ч.Э*******нар

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаартай төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, Н.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов. 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн захирал Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А******* ХХК нь зах зээлээс дотоодод үйлдвэрлэсэн болон гадаадаас импортлосон бараа материал худалдан авч уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид худалдан авалт хийх бүртээ худалдагч болон ажил үйлчилгээ үзүүлэгч нараас НӨАТ төлөгч байх, бараа ажил үйлчилгээндээ НӨАТ-ын падаан бичиж олгох шалгуур шаардлага тавьдаг. 

Тус компани 2011 оны 7 дугаар сарын 30-нд үйлдвэрийн хэрэгцээнд зориулж “Ж*******” ХХК-аас 30,000,000.00 төгрөгөөр /нөат орсон үнэ/, БНХАУ-д үйлдвэрлэсэн том оврын дизель станц /цахилгаан үүсгэвэр/ худалдан авч орлогын ордер, зарлагын падааныг тус тус бичүүлж, НӨАТ-ын падааны хамт авсан. Тухайн сарын НӨАТ-ын тайланг татварын албаны цахим сайтруу шивж илгээх үед “Ж*******” ХХК нь НӨАТатвар төлөгч гэдэг нь тогтоогдож байсан ба бодитой хийсэн тухайн худалдан авалтын шивэлт цахимаар ямар ч асуудалгүй илгээгдсэн. 

НӨАТ-ын хууль падаанаар хэрэгждэг, тусгай дугаар бүхий падаанд үндэслэн татвар төлөгчийн борлуулалт, худалдан авахад төлсөн татварыг тооцдог. НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн татвар төлөгч падааныг харьяалах татварын хэлтсээс авна. Татвар төлөгч авсан падааны ашиглалт, хэрэглээнд хяналт тавьж, бусдад ашиглуулахгүй байхыг бүрэн хариуцах хуулийн зохицуулалттай. 

Тухайн дугаар бүхий НӨАТ-ын падаан нь татварын байгууллагаас “Ж*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, тусгайлан олгосон санхүүгийн баримт падаан байсан. Гэтэл татварын улсын байцаагч нар Цагдаагийн ерөнхий газар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан бичгийг /бидэнд үзүүлж, танилцаагүй/  үндэслэж хэсэгчлэн шалгалт хийхдээ хуулийн этгээдийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа огт зөрчөөгүй Татварын ерөнхий хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн мэт үзэж 2,727,272.7 төгрөгийн нөхөн татвар, 818.181.8 төгрөгийн торгууль, 1,363,636.4 төгрөгийн алданги, нийт 4,909,090.9 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосныг бид хүлээн зөвшөөрөөгүй юм. Татвар төлөгч актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаас авч хэлэлцэн 103 дугаар тогтоол гарсан. 

Тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл заалтын үндэслэн алданги, торгуулиас чөлөөлж, зөрчилд холбогдох нөхөн төлбөрийн төлүүлэхээр тогтоосон. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл дээрхи 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тогтоолыг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан. Улсын байцаагч нар болон маргаан таслах зөвлөлийн гишүүд хуулийн тодорхой нэгэн зүйл заалтыг иш татаж зөрчсөн байна л гэж өгүүлэхээс түүнийг яаж, хэрхэн зөрчсөн, ямар үйлдэл, үйл ажиллагаа хууль бус эсэх талаар нотолж тайлбарладаггүй. 

Татварын улсын байцаагч зөрчлийн акт тогтоохдоо баримтын шалгалт хийж мэдээ баримтыг өөрөө тулган нягтлахаас гадна тайлан балансыг гаргасан нягтлан бодогчоос тодорхой асуудлуудыг лавлан тодруулах эрх үүрэгтэй. Татварын улсын байцаагч нар “Ж*******” ХХК-иас нийт 30 сая төгрөгийн дизель цахилгаан үүсгүүр авсан бодит худалдан авалт хийж тайлан балансдаа тусгасан “А*******” ХХК-ийг Татварын ерөнхий газрын 18 дугаар зүйлийн 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүргээ биелүүлээгүй гэж үзэн нөхөн татвар ногдуулсан. Тэд хуулийн энэ зүйлийг хэрхэн ямар байдлаар зөрчсөн талаар тайлбар, баримт нотолгоог дурьдаагүй, хуурамч бичилттэй НӨАТ-ын падаан гэсэн байцаагчийн дотоод субьектив хардлага, хийсвэр үнэмшилээр татвар төлөгчийг үндэслэлгүй буруутгаж акт тавьсан. 

Татварын улсын байцаагч нар мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 болон 74.3 заалтыг баримтлан үндэслэлгүй ногдуулсан нөхөн татварын тодорхой хувиар алданги торгууль төлүүлэхээр дахин төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн татварын улсын байцаагч Ё.Э*******, Ч.Э*******нарын 230013753 дугаартай төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Ё.Э*******, Ч.Э*******нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А******* ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э*******, Ч.Э*******нар татварын хяналт шалгалт хийх 23150200065 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ЦЕГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-1313 тоот албан бичгийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хийсэн. 

Хяналт шалгалтаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 103 тоот тогтоолоор 818,181,80 төгрөгийн торгууль, 1,363,636.40 төгрөгийн алданги, нийт 2,181,818.20 төгрөгийн төлбөрийг хасч 27,272,727.00 төгрөгийн зөрчилд 2,727,272.70 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл дээрх 103 дугаар тогтоолыг өөрчлөн улсын байцаагчийн актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. 

Энэ нь дараах үндэслэлтэй болно. 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хий бичилттэй НӨАТ-ын падаан тараагч болох “Ж*******” ХХК-аас дизель станц, мотор худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа багасгахын тулд 27,272,727.00 төгрөгийн 008844356 дугаарын 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2011 оны 7 дугаар сарын тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь худалдан авалтын нэхэмжлэх болон бэлэн мөнгөний орлогын баримт, бараа материалын зарлагын баримт, бараа, материал худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай худалдан авалтыг хасалт хийсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. 

Иймээс НӨАТ-ын хуулийн 14.3-д худалдан авалт нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг татварыг хасч тооцохгүй гэсэн заалтыг үндэслэн акт тавьсан” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь тус шүүхэд “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаартай төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Э*******, Ч.Э*******нар Татварын хяналт шалгалт хийх томилолт, Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-1313 тоот албан бичгийн дагуу “А*******” ХХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 26-2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж “Ж*******” ХХК-аас 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар онгдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн татварын улсын байцаагчийн 230013753 тоот актаар 27,272,727.00 төгрөгийн зөрчилд 2,727,272.70 төгрөгийн нөхөн татвар, 818,181,80 төгрөгийн торгууль, 1,363,636.40 төгрөгийн алданги, нийт 4,909,090.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас “татварын улсын байцаагч нар “Ж*******” ХХК-аас 30 сая төгрөгийн дизель цахилгаан үүсгүүр авсан бодит худалдан авалт хийж тайлан балансдаа тусгасан А******* ХХК-г Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14-д заасныг биелүүлээгүй гэж үзэн нөхөн татвар ногдуулсан, хуурамч бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэсэн байцаагчийн дотоод субьектив хардлага, хийсвэр үнэмшилээр татвар төлөгчийг буруутгаж акт тавьсан” гэж маргасан байна.

Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь нэхэмжлэлдээ “Ж*******” ХХК-аас 30 сая төгрөгийн дизель цахилгаан үүсгүүр авсан бодит худалдан авалт хийж тайлан балансдаа тусгасан гэж тайлбарлаж, энэ нь орлогын ордерын тасалбар, кассын зарлагын ордер зэрэг анхан шатны баримтуудад тусгагдсан байх боловч хэрэгт авагдсан “Ж*******” ХХК-ийн нягтлан бодогч А.Амаржаргалын сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээр “А*******” ХХК болон “Ж*******” ХХК-ийн хооронд худалдан авалт хийгдээгүй болох нь тогтоогдож байх тул татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт үндэслэлтэй байна. 

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 тоот актаар тогтоосон нийт 4,909,090.90 төгрөгийн төлбөрөөс 2,727,272.70 төгрөгийн нөхөн татварыг “А*******” ХХК-аар төлүүлж, 818,181,80 төгрөгийн торгууль, 1,363,636.40 төгрөгийн алданги нийт 2,181,818.2 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 тоот актаар тогтоосон 818,181,80 төгрөгийн торгууль, 1,363,636.40 төгрөгийн алдангийг  өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 2,727,272.70 төгрөг болгон тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   О.ОЮУНГЭРЭЛ