Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 89

 

                             “Арвин хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                            захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Ё.Энх-Оюун, Ч.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0033 дугаар магадлалтай, “Арвин хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Ё.Энх-Оюун нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж  байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаар актаар тогтоосон 818,181.80 төгрөгийн торгууль, 1,363,636.40 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 2,727,272.70 төгрөг болгон тогтоосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0033 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Арвин хүдэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч “Арвин хүдэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.6, 7.7 болон 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус үндэслэж маргааныг шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч дээрх хуулийн заалтуудын аль алиныг зөрчөөгүй бөгөөд худалдан авалтын санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүх баримтыг хөтлөн бүрдүүлж тайлан балансдаа тусгаж татварын албанд тайлагнасан байдаг. Магадлалын үндэслэх хэсэгт худалдан авагч борлуулагч нар өмнө нь борлуулалт хийж байгаагүй, хоорондоо гэрээ хийгээгүй, НӨАТ падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэсэн. Манай компани борлуулагчаас дизель генератор буюу цахилгаан үүсгүүр худалдан авахдаа гэрээ байгуулаагүй нь үнэн. Гэхдээ талууд гэрээ байгуулалгүй худалдан авалт борлуулалт хийсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн мэт үзэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч болохгүй байна. Тухайн гүйлгээг “Арвин хүдэр” ХХК болон “Жөбүүнээ” ХХК-ийн аль аль нь НӨАТ-ын худалдан авалт, борлуулалтын тайлангаараа дамжуулан өөрсдийн харьяалах татварын албандаа тус тус тайлагнаж хүргүүлсэн байдаг. Нэгэнт татварын байгууллага тухайн гүйлгээг хуульд заасан арга хэлбэр, цаг хугацаанд нь борлуулагч, худалдан авагч нараас тайлангаар дамжуулан хүлээн авсан атлаа маргаан бүхий НӨАТ падааныг үндэслэлгүйгээр хий бичилттэй баримт гэснийг шүүх шууд зөвтгөн бодит байдал худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Магадлалын үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн дизель генераторыг худалдан борлуулах зорилгогүй өөрийн үйл ажиллагаанд ашиглахаар худалдан авсан бараа материал бус үндсэн хөрөнгөдөө бүртгэсэн байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Шүүх энд нотлох баримтад үндэслэж зөв дүгнэлт гаргасан. Бид “Жөбүүнээ” ХХК-иас дизель генераторыг өөрийн уул уурхай үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор худалдан авсан ба үнийн дүнгийн хэмжээгээр компанийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж санхүүгийн тайлан балансдаа тусгасан. Худалдан авалт бодиттой хийгдсэнийг фото зургаар бус санхүүгийн баримтаар нотлогддог. Магадлалын Үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт ямар нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг бөгөөд энд дурдсан дүгнэлтийн үр дагаврыг Тогтоох хэсэгт тусгадаг. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ

“Арвин хүдэр” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөгийн үнэ бүхий дизель станцыг “Жөбүүнээ” ХХК-иас худалдан авсан хэмээн №008844356 НӨАТ-ын падаан, кассын орлого, зарлагын баримтыг үндэслэн 2011 оны татварын тайланд 2 727 272 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт төлснөөр тайлагнасан байна.

Гэтэл “Жөбүүнээ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй НӨАТ-ын падаанд хий бичилт хийн, тамга дарж, бусад хуулийн этгээдэд худалдсан зөрчлийг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалган, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-1313 дугаар албан бичгээр холбогдох  мэдээллийг хүргүүлсний дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 23150200065 дугаар томилолт баталж, татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Ё.Энх-Оюун нар “Арвин хүдэр” ХХК-ийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар “... “Жөбүүнээ” ХХК-ийн хий бичилттэй НӨАТ-ын падааныг ашиглан НӨАТ ногдох орлогыг бууруулсан зөрчил илэрсэн” гэж татварын улсын байцаагч 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаар актаар  2 727 272 төгрөгийн нөхөн татвар, 818 181 төгрөгийн торгууль, 1 363 636 төгрөгийн алданги, нийт 4 909 090 төгрөгийн төлбөрийг “Арвин хүдэр” ХХК-д ногдуулсан байна.

Үүнийг “Арвин хүдэр” ХХК эс зөвшөөрч “НӨАТ шингэсэн үнээр бодит худалдан авалт хийсэн нь анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа” хэмээн маргаж, татварын улсын байцаагчийн 2015 оны 230013753 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” байхаар тус тус зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Жөбүүнээ” ХХК-иас 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан 30 000 000 төгрөг үнэ бүхий дизель станцын үнэд ногдох, “Арвин хүдэр” ХХК-ийн төлсөн гэх 2 727 272 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төсөвт төлөгдөөгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /“Жөбүүнээ” ХХК-ийн №008844356 НӨАТ-ын падаан/ хий бичилттэй болохыг Цагдаагийн байгууллагаас шалган тогтоосон тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон үнээр бараа худалдан авснаа “падаан, орлого зарлагын баримт”-аас бусад  анхан шатны баримтаар эргэлзээгүй нотолж чадаагүй байна.

Иймд, “Арвин хүдэр” ХХК-ийн 30 000 000 төгрөгийн худалдан авалтад ногдох 2 727 272 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөгдөх тухайн татвараас хасаж тооцох үндэслэлгүй байх тул “татвар ногдох орлогыг бууруулсан” гэсэн татварын улсын байцаагч актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийн “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг удирдлага болгон “төлбөрийн хэмжээг багасгаж” шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 828 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0033 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Арвин хүдэр” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун, Ч.Энхтуяа нарын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 230013753 дугаар актаар тогтоосон 818 181 төгрөгийн торгууль, 1 363 636 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                               ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН