| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00063/и |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 44
Д..............-Эрдэний нэхэмжлэлтэй,
хариуцагч О..............т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д..............-Эрдэний нэхэмжлэлтэй
Хариуцагч: О..............т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 7.180.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д..............-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч Д..............-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“.............-Эрдэнэ би ............., Ууганцэцэг нарын хүсэлтээр 8 хувийн хүүтэйгээр сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 5.700.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр О.Октябрийн хаан банкны 5111013780 данс руу өөрийнхөө 5093076791 гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсан өдрөө цехдээ миний мөнгөөр 4 том хөргөгч авсан. Түүнээс хойш 40 хоног хэтэрсэн. Одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Өдөр болгон залгахад ерөөсөө утсаа авдаггүй. Аргаа бараад өөр дугаараас залгахад шууд авна. Өөдөөс аймаар уурлана. Намайг арай залилж байна. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Би их гомдолтой байна. Иймд Октябриас үндсэн зээлийн төлбөр дээр 8 хувийн хэтэрсэн хоногоор бодуулж гаргаж өгнө үү. Нийт 7.180.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч Д..............-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Д..............-Эрдэнэ надаас үндсэн зээлд 5.700.000 төгрөг, зээлийн хүү 8 хувиар тооцож /7.180.000-5.700.000=1.480.000 төгрөг/ 1.480.000 төгрөгийн хүү тооцжээ. Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс 4.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдэж авсан учир би үндсэн зээлд 4.500.000 төгрөг, зээлийн хүүд /4.500.000х8%=360.000 төгрөг / 360.000 төгрөг нийт 4.860.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгч буузны цех дээрээс 4 уут 20кг бууз, 7 уут 35 кг банш, нийт 55 кг бууз, баншны үнэ /55кг х 6.500 төгрөг=357.500 төгрөг/ 357 500 төгрөгийн хүү төлсөн учир хүүгийн үлдэгдэл 2.500 төгрөг нийт 4.502.500 төгрөг төлнө. Харин 2019 оны 10 дугаар сард Л.Ууганцэцэгт өгсөн гэх 1.200.000 төгрөгийг, мөн хүү гэж илүү нэхэж байгаа 280.000 төгрөг нийт 1.480.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 1.480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Октябриас 5.832.000 төгрөг гаргуулан Д..............-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.348.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.678 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Октябриас 108.262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Шүүх О.Октябриас үндсэн зээл, зээлийн хүү, алданги зэрэгт нийт 7.180.000 төгрөг гаргуулан авахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх шийдвэрлэхдээ хоёр талын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5.700.000 төгрөгийн зээлийн гэрээг үндсэлэн хариуцагч О.Октябриас үндсэн төлбөрт 4.500.000 төгрөг, зээлийн хүүд 360.000 төгрөг алдангид 972.000 төгрөг, нийт 5.832.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй. Учир нь гэвэл 219 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5.700.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор гэрээ байгаа хэдий ч О..............т 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөг өгсөн атлаа 5.700.000 төгрөг өгсөн гэж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Гэрээ хүчин төгөлдөр бус байхад шүүх хүү, алданги тооцоод байгаа нь буруу учир 1.332.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ/2020/00179 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч О.Октябриас 4.500.000 төгрөг гаргуулж гэж, 1.332.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д..............-Эрдэнэ зээлийн гэрээний үүрэг 7.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “... миний бие 4.502.500 төгрөг төлнө, илүү нэхэмжилсэн 1.480.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй ...” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн ба шүүх хариуцагч О.Октябриас 5.832.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.348.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.............. нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Д..............-Эрдэнэээс 4.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, зээлийн гэрээнд заасан хугацааг хэтэрвэл хоногт 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон ба шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д..............-Эрдэнэ нь хариуцагч болон түүний эхнэр Л.Ууганцэцэг нарын зээлсэн мөнгийг нэгтгэж зээлийн гэрээ байгуулсан байх ба талууд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, хариуцагч зээлдүүлсэн мөнгөнөөс огт төлөөгүй байх тул шүүх хариуцагч О.Октябриас үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 360.000 төгрөг, алданги 972.000 төгрөг /4.500.000+360.000 х15%/30х40хоног/ нийт 5.832.000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... 5.700.000 төгрөг өгсөн гэж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Гэрээ хүчин төгөлдөр бус байхад шүүх хүү, алданги тооцоод байгаа нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхгүй тул хүлээн авах боломжгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.262 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ