Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 12

 

............. банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т..............д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01389 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............. банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т..............д холбогдох,

Гэм хорын хохиролд 42.555.191 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т..............гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх, хариуцагч Т.............., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ............. банк ХХК-ийн Орхон салбарын захирал Ё.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус банк нь Монгол улсын иргэн Баттулгын Бямбарагчаа болон Ламжавын Жаргалсайхан нартай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №3052-2015/008 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 31.2% хүүтэйгээр зээлдүүлсэн. Мөн эдгээр зээлдэгч нартай 3052-2015/008 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа болгон Баттулгын Бямбарагчаа, Ламжавын Жаргалсайхан нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст 7-р байр 11 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Гэтэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст 7-р байр 11 тоот хаягт байрлах “Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хуурамчаар хийж нотариатаар батлуулсан тухай Л.Нарантунгалагийн гомдлоор Орхон аймгийн Цагдаагийн газар Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан, Б.Сувдаа, Т.............. нарт холбогдох 201514000426 тоот дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан. Мөрдөн байцааптын явцад Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан, Б.Сувдаа, Т.............. нар нь гэм буруугаа хүлээсэн, мөн холбогдох бусад нотлох баримтуудаар гэм буруу нь тогтоогдсон үндэслэлээр 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 272 дугаар 272.1 дэх зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. 2015.08.11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Орхон аймгийн Прокурорын газар 2015.11.11-ний өдөр 5/313 дугаартай тогтоол гарган, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Л.Нарантунгалаг Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхээс 2017.09.21-ний өдөр 142/ШШ2017/00945 дугаар шийдвэр гарч Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нарын Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Манай банк нь зээлдэгч Б.Бямбарагчаа, хамтран зээлдэгч Л.Жаргалсайхан нарын зээлийг төлүүлэхээр 2016 оны 01-р сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02-р сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 814 тоот захирамж гарч, Орхон аймгийн ШШГА-нд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Гэвч Л.Нарантунгалаг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2018 оны 03-р сарын 19-ний өдөр 05 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05-р сарын 16-ны өдөр 221/МА2018/0286 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09-р сарын 17-ны өдрийн 322 тогтоол тус тус гарсан.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 12-р сарын 14-ний өдөр 000534932 гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган, тус банкны барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст 7-р байр 11 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөн улмаар Орон сууцны худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 2019 оны 01-р сарын 24-ний өдөр Э.Батцоож гэдэг хүний нэр дээр 00064011 тоот гэрчилгээ гаргасан. Манай банк барьцаалсан хөрөнгөгүй болсны улмаас иргэн Б.Бямбарагчаа болон Л.Жаргалсайхан нарт зээлсэн 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийг одоог хүртэл гаргуулан авч чадаагүй байна. Иймд иргэн Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан, Б.Сувдаа нарын хууль бус гэрээг баталж мэргэжлийн үүргээ зөрчин банкинд хохирол учруулсан Т..............гээс учруулсан хохирол болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэгч ............. банк ХХК-ийн Орхон салбарын захирал Ё.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Хариуцагч Т..............гийн гэм буруу нь Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор хангалттай нотлогдсон тул “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “...., энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу банкны зүгээс ийнхүү шаардлага гаргаж байгаа билээ. Банк нь барьцаа хөрөнгөө алдсаны улмаас нийт 42,555,191.0 (дөчин хоёр сая таван зуун тавин таван мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийг төлүүлж чадахгүй хохироод байгаа бөгөөд өмнө гаргасан нэхэмжлэлдээ техникийн алдаа гаргаж дутуу нэхэмжлэснийг ийнхүү нэмж нэхэмжилж байгаа болно.  Иймд 42,555,191.0 (дөчин хоёр сая таван зуун тавин таван төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус банкинд учирсан хохирол гэж  төгрөгийн зээлийн төлбөрийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний бие энэ банкнаас 1 ч төгрөгний зээл аваагүй, ямар ч хөрөнгө мөнгөний тооцоо байхгүй. Бусдын авсан зээлийг төлөх боломж муудахад надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн бололтой. Энэ асуудлыг Цагдаагийн газарт эрүү үүсгэж шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирол төлүүлэх талаар тухайн хуульд зааснаар зээлдэгч, буруутнаар баталгаа гаргуулсан учир хэрэг цаашид хамтарч шийдвэрлэгдсэн юм. Гэтэл одоо энэ төлбөр төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар надаас нэхэмжилсэн нь ямар ч үлдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Би банкинд төлбөрийн өр тооцоогүй. Хэрвээ надтай хариуцлага тооцуулах гэж байгаа бол сахилгын шийтгэл хүлээхэд бэлэн байна. Өр төлбөр байхгүй. Зээлийг авсан эзэн хариуцан төлөх нь шударга зарчимд нийцнэ. Хууль бус үйлдэл, элдэв шийдвэрээр зээл авсан нь өөр этгээдээр өрөө төлүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01389 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Т..............гээс 17.500.000 төгрөг гаргуулан ............. банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.055.191 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 468.783 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.............. давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад гомдол гаргаж байна. Зээл авсан хүмүүс цөм амьд сэрүүн, ............. банкинд учруулсан 42.555.191 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөрч, банктай хийсэн эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамж байгаа. Банкинд зээлийн хохирол учрах болсон үндэслэл нь миний үүрэгт ажлаа зохих ёсоор хийхгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй бөгөөд үүнээс болж банкинд үүссэн зардал чирэгдэл хор холбогдлыг эрүүгийн хэргийн түвшинд үзэж намайг яллагдагчаар татсан ба өршөөлийн хуульд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хор уршгийг ийм хэмжээнд үзээгүй бол надад сахилгын шийтгэл оноох байв. Үүнээс өөр банкинд би эд материалын хохирол учруулаагүй. Анх авсан зээлийн хагас буюу 50%-ийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь банкнаас авсан зээлээс 1 ч төгрөг аваагүй надад хохиролтой байна. Уг зээлийг 100% авч ашигласан хүмүүст мөн 50% ноогдохоор байгаа нь хууль ёс ярихгүй, хар ухаанар бодсон ч шударга бус байх. Талууд 42.555.191 төгрөг дээр эвлэрсэн. Надаас нэмээд 17.500.000 төгрөг гаргуулж банк авах гэж байгааг яаж ойлгох вэ? иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж надаар төлүүлэх 17.500.000 төгрөгийг чөлөөлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ............. банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Т..............д холбогдуулан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 42.555.191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т.............. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

............. банк ХХК-ийн Орхон салбар нь Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нартай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 35 сая төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 31.2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст 8-р баг 7-р байр 11 тоот байрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон байна.

Зээлийн барьцаанд тавигдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст 8-р баг 7-р байр 11 тоот 1 өрөө байр нь анх С.Жааханхүү, Л.Жаргалсайхан, Л.Нарантунгалаг нарын өмч байсан байх ба эх С.Жааханхүү нь нас барснаар Л.Жаргалсайханд өвлөгдөж, Л.Жаргалсайхан нь Б.Бямбарагчаа, Б.Сувдаа нартай хуйвалдаж хуурамч бичиг баримт үйлдэн Л.Нарантунгалагийг хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийж нотариатч Т.............. баталгаажуулжээ.

Орхон аймгийн Прокурорын газар Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа, Б.Сувдаа нарт хуурамч бичиг баримт үйлдэж Л.Нарантунгалагт их хэмжээний хохирол учруулсан, нотариатч Т.............. албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буру албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгах явцад яллагдагч нар нь гэм буруугаа хүлээж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргаж байсан, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хамтран өмчлөгч байсан Л.Нарантунгалаг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 дугаар шийдвэрээр Л.Жаргалсайхан, Б.Бямбарагчаа нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрээр Л.Нарантунгалагийг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосноор тухайн байр ............. банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлөгдөж улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр н.Батцоожтой худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар н.Батцоожийн өмчлөлд шилжсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нотариатч Т.............. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууцны хамтран өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг Л.Нарантунгалагийн эзгүйд хуурамч баримтыг үндэслэн баталж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас ............. банк ХХК-ийн Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нартай байгуулсан зээлийн гэрээ барьцаа хөрөнгөөр хангагдах боломжгүй болж банкинд хохирол учруулжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн байдал хариуцагч Б.Бямбарагчаа нь банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрлийг баталсан шийдвэр хүчин төгөлдөр болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үндсэн зээл 35 сая төгрөгийн 50%-ийг хариуцагч Т..............гээр төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хохирлыг хариуцан ажилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Хариуцагч нотариатч Т.............. нь гэм хор учирсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01389 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т..............гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Т..............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ