Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 129

 

Б..............н нэхэмжлэлтэй,

Ц..............д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/001130 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б..............н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц..............д холбогдох,

“Гэм хорын хохирол 545.800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.............. онлайнаар, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.............. нь хүү .............ийн асран хамгаалагч эцэг нь юм. Хүү .............ийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-27 дугаар байрны урдах зам дээр Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.............. нь дайрч маш хүндээр гэмтээсэн юм. Иймд эмчилгээний зардал болох 545 800 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Ц.............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ц.............. нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолоор хүү Э..............ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн. Тухайн хэргийг шийдвэрлэхэд хохирол гэх ямар ч баримтыг харгалзан үзэлгүй нэхэмжилсэн гэх 3 650 000 төгрөгийг төлж байсан. Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00991 дүгээр шийдвэрээр 626 618 төгрөг төлөхөөр шийдвэрлэхэд мөн төлсөн. Энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй бөгөөд нүдний ухархайг гэмтээсэн гэмтэл гаргаагүй. Тухайн үед шинжээчийн 546 дугаартай дүгнэлтээр тархины зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн хүү Э..............ийн биед хийсэн бүх үзлэг шинжилгээний баримтуудыг би төлж байсан нь үнэн. Энэ нь гэмтэлтэй холбоотой, холбоогүй бүх шинжилгээний баримтуудыг тухайн үед төлж байсан. Намайг болон гэр бүлийг маань удаа дараа дарамталж байсан ба гадуур намайг элдвээр хэлж байгаа талаар сонсдог ч тухайн хүүхэд эрүүл саруул, бусадтай тоглон инээж гүйж явааг хараад би их баярлаж яваа билээ. Анх хэрэг учрал болоход намайг дангаар буруутгахад би юм хэлээгүй.

Учир нь би хүүхдийг гэмтээсэнд өөрийгөө буруутай гэж үзэж байсан учраас элдэв юм хэлж ярьж яваагүй. Тухайн үед 5 настай хүүхэд бөмбөг хөөгөөд тоглож явсан бөгөөд хөдөлгөөнд ороод явж байгаа машины урдуур буюу зам руу гүйж орж ирээд миний бие машины зогсоох бүх арга хэмжээг авсан боловч түүнийг мөргөж гэмтлийг учруулсан. Хөдөлгөөнд орж яваа машины зам руу ямар ч хараа хяналтгүй замын хөдөлгөөний талаар огт мэддэггүй 5 настай хүүхэд гэнэт бөмбөг хөөгөөд гүйж орж ирэхэд насанд хүрсэн томчууд бид бүгдээрээ буруутай гэж үзэж байгаа. 5 настай хүүхдийг харгалзах хүнгүй зам руу гүйж орж ирсэнд би буруугүй, харин гүйж орж ирсэн хүүхдийг харж, авто машиныг зогсоох арга хэмжээг хуулийн дагуу авах үүргээ жолооч хангалттай биелүүлээгүй нь миний буруу юм. Эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүд зөв шийдвэрлэсэн гэж үзсэн учир би гомдоогүй, төлбөрийг бүрэн барагдуулсан. Намайг хохирогч хүүг санаатай гэмтээсэн мэт ар гэрийнхэн нь үздэг бөгөөд би хохирогч хүүг зам дээр санаатай гаргаагүй. Гэтэл над руу байнга чи дайраа биз дээ гэж ханддаг.

Надаас анх 30 гаруй сая төгрөгийг амаар хэлж нэхэмжилж байсан. Би их хэмжээний төлбөр төлөх боломжгүй бөгөөд би ажил хийдэггүй, тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Мөн би хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдөж эмнэлгийн байнгын хяналтанд байгаа ганц хүүтэй учир хохирогч хүүд маш их сэтгэл зовж байсан. Харин одоо хохирогч хүүхэд эрүүл саруул болсон хичээлдээ яваад гадаа тоглож наадаад гүйж харайгаад явж байгаатай би зөндөө таарсан. Тэр болгонд би баярлаж явдаг. Гэтэл эцэг эх нь таарах болгондоо байнга мөнгө нэхэж байдаг. Энэ бүхэн хуулийн дагуу байгаасай гэж би хүсч байна. Хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна”  гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц..............гоос 544 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7., 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 16.973 төгрөг гаргуулан төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

Ц.............. нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолоор хүү  Э..............ийн хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шийдвэрлэсэн. Эмчилгээний зардал 544.100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогч Э.............. хүүгийн зүүн нүдийг ослын улмаас гэмтээгүй, нүдний ухархайг гэмтээсэн гэх байдалд тогтоогдоогүй. Тухайн осол болох үед шинжээчийн 546 дугаартай дүгнэлтээр тархины зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн. Хүүгийн нүдний хялар үүнээс үүссэн гэх баримт байхгүй байхад зүүн нүдний хялар засах хагалгааны зардал, түүнтэй холбогдон гарсан гэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэг учрал болохоос өмнө буюу 2014 онд хүүгийн нүд хялар үе үе харж байсан, эмнэлэгт үзүүлж байсан гэх баримтыг нотлох баримтаар судлуулсан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч баруун нүд төрөлхийн хялар гэж тайлбарласныг шүүх анхаарч үзсэнгүй. Нэг нүд төрөлхийн хялар байсан, нөгөө нүд гэмтлээс болсон гэж мэргэжлийн эмч шинжээчийн дүгнэлт байхгүй байхад Ц..............г буруутган хохирлыг гаргасан нь үндэслэлгүй.

Бусдад учруулаагүй хохиролд буруутган хохирол гаргасан нь буруу. Анхан шатны шүүх нь Э..............т учруулсан гэмтлийн улмаас зүүн нүдэнд үүссэн гэмтлийн шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд зүүн нүдний хялар нь гэмтэл мөн эсэх, гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад таамгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хохирогч хүүгийн нүдийг гэмтээгүй атлаа цаашид гэмтээсэн гэж эмчилгээний зардлыг удаа дараа үндэслэлгүй төлөх байдал үүсэхээр болж байх тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э..............ийн хууль ёсны төлөөлөгч Б.............. хариуцагч Ц..............гоос гэм хорын хохиролд 545.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.............. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.............. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-27 дугаар байрны урд зам дээр хариуцагч Ц.............. нь тоёота Х маркийн ОРХ-63-62 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 5 настай хүү Э..............ийг дайрч хүнд гэмтэл учруулсан үйл баримт болон Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолд үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Ц.............. нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг 4-27 дугаар байрны урд зам дээр тоёота Х маркийн ОРХ 63-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 5 настай хүү Э..............ийг дайрч хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож хохирол төлбөр төлж байжээ.

Нэхэмжлэгч Б.............. нь хүү Э..............ийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн /нүдний хялар засах хагалгаанд орсон/ зардал, эм эмчилгээний болон бусад зардалд гарсан 545.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Ц.............. нь нүдний хялар засах хагалгаанд орсон нь миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй төрөлхийн хялар байсан гэж маргасан байна. Хариуцагч Ц.............. нь хүүхдийн нүдний хялар засах хагалгаа нь миний буруутай үйлдлээс болоогүй гэсэн татгалзал тайлбараа нотолж чадаагүй, түүнийг үгүйсгэх няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Э..............ийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай болон суурь ясны зөрөөгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, нүүр их биеийн зулгаралт зэрэг хүнд зэргийн гэмтэл учирсан нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 546 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. 

Э..............ийн баруун нүд нь бага байхдаа үе үе хялар хардаг байсан талаар эмчлүүлэгчийн өвчний түүх дээр бичигдсэн байх ба 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэхдээ зүүн нүдний хялар засуулах мэс засал хийлгэсэн болох нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн “хүүхдийн өвчний түүх” гэсэн баримтаар тогтоогджээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх” зарчимтай бөгөөд хариуцагч Ц.............. нь өөрийн гэм буруугүйг нотолж чадаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн Э..............ийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн болон суурь ясны зөрүүгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл дор цус хуралт харвалт зэрэг нь түүний зүүн нүдэнд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой, гэм буруутай үйлдлийн улмаас Э..............ийн биед гэмтэл учирсан гэсэн дүгнэлт хийж, нотлох баримтаар тогтоогдсон 505.800 төгрөгийг хариуцагч Ц..............гоор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505.1., заасантай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ц..............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.973 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ