Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2016/00093

 

Булгансүйх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05182 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1903 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Булгансүйх ХХК

Хариуцагч :  С.Баярсайхан

Үндсэн нэхэмжлэл: 6.070.200 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: 2014.01.09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиуны гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун, хариуцагчийн төлөөлөгч Ч.Батболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.01.09-ний өдөр С.Баярсайханд 4 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөөгүй. Зээлийн хүүг 2014.10.04-ний өдөр төлөөд түүнээс хойш төлөлт хийгдээгүй. Шүүхэд хүсэлт гаргасны дагуу 2016.5.11-ний өдөр 101/ШШ2016/04175 дугаартай шийдвэр гарч С.Баярсайханыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж авч байсан. Иймд С.Баярсайханаас үндсэн зээл 4 сая төгрөг, зээлийн хүү 2 сая төгрөг, шүүхийн эрэн сурвалжлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 6.070.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014.01.09-ний өдөр 4 сая төгрөг зээлж авсан, үүнтэй маргахгүй. Харин зээл болон хүүд нийт 6.000.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би 600.000 төгрөгийн өртэй байгаа. Зээлийн гэрээнд зээл 4 сая төгрөг, түүний хүү 320.00 төгрөг нийт төлөх мөнгө нь 4.320.000 төгрөг гэж байна. Зээлийн хүү үндсэн зээлийн 50 хувиас ихгүй байна, үргэлжлүүлэн хүү төлж болно гэсэн зохицуулалт нь талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй. Хариуцагч 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд зээлийн хүүнд 2.880.000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийнхээ 50 хувиас хэтэрсэн. Дахин хүү 2 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаанд төлсөн 70.200 төгрөг нь зээлийн гэрээнд огт хамааралгүй учир хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор гэж үзэх үндэслэлгүй. Иймд хүүд төлсөн 2.880.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл 1.120.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хууль болон Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS 52742003 стандартын 6.12.3-т иргэний бичиг баримтгүй хүнд болон барьцаагүйгээр зээл олгохыг хориглодог. Энэхүү стандартыг барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж иргэд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой. Иргэний хуулийн 286.1-т  барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан. Хууль холбогдох дүрэм журам, стандартад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь харилцагчид хоорондоо тохиролцсон тодорхой хугацаа, гэрээний үндсэн дээр зээлдэгч нь хөдлөх хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, барьцаагүйгээр бусдад мөнгө зээлүүлж болохгүй гэсэн үг. Талуудын хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учраас Булган сүйх ХХК иргэн С.Баярсайхан нарын хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: С.Баярсайхантай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан. Уг зүйл нь “..барьцаа авах үүрэгтэй, хэрэв барьцаа аваагүй бол зээл олгохыг хориглосон...” зохицуулалт биш тул хууль зөрчсөн гэж үзэхгүй. Тухайн үед С.Баярсайхан өөрийн танил н.Пүрэвсүрэн гэгчид хандан барьцаагүйгээр мөнгө зээлүүлээч найдвартай төлнө гэж гуйснаар мөнгө зээлэх ажиллагаа хийгдсэн. Эд хөрөнгө барьцаанд тавихыг шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр, үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгож байгаа нэг хэлбэр тул гэрээ хүчин төгөлдөр юм. Иргэний хуулийн 39.1, 40.1, 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож 609 тоот барьцааны хуудсаар 4 сая төгрөгийг зээлдүүлсэн тул барьцаагүй зээл олгосон үйлдэл гэж үзэхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05182 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.5, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан С.Баярсайханаас  4.070.000 төгрөг гаргуулж  Булгансүйх ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2014.01.09-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай С.Баярсайханы  сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 112.100 төгрөг, хариуцагчаас төлсөн 84.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Баярсайханаас 80.070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1903 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.Баярсайханаас 1.510.200 төгрөг гаргуулж Булгансүйх ХХК-д олгож, нэхэмжлэлээс  4.560.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 15.1, 39.1, 40.1, 42.8, 43.3-т заасны дагуу С.Баярсайхан нь 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх бөгөөд анх 2014.01.09-2014.02.08-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 8%-ийн хүүтэй 4 сая төгрөг зээлж авсан. Үндсэн зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан тул нэхэмжлэгчтэй №609 тоот “барьцааны хуудас”-н Санамж хэсэг "Хугацааг сунгахдаа урьд сарын хүү буюу хэтрүүлсэн хугацааны хүү алдангийг төлж сунгана"-т заасны дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан. Улмаар Иргэний хуулийн 72.1, 72.7-т заасны дагуу гэрээний хугацаа дуусах бүр хариуцагчаас гэрээнд харилцан тохиролцсон ёсоор үндсэн зээлээс сар бүр 8 хувиар 320 мянган төгрөгийг хүүнд төлж, зээлийн гэрээг сунгасан хэд хэдэн удаагийн үйлдэл нь  хариуцагчаас өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний хугацаа дуусах бүр сар бүр 8 хувиар тооцон хүү төлж гэрээний хугацаагаа сунгаж байсан ба энэ нь  хуульд зааснаар бодит үйлдлээр хийгдсэн байна. Талууд хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулсан.  Гэрээний хугацааг сунгах бүртээ заавал дахин шинээр гэрээ байгуулж, гарын үсэг зуралгүйгээр гэрээний хугацаа дуусах бүр нэхэмжлэгчид зээлийн хүүг төлж байсан нь баримтаар нотлогдож байгаа. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. /хх71-72/

                                                                         ХЯНАВАЛ:

Булгансүйх ХХК  нь С.Баярсайханаас үндсэн зээл 4 сая төгрөг, зээлийн хүү 2 сая төгрөг, шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 6.070.200 төгрөг гаргуулахыг /хх1-2/ шаардаж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  609 дугаартай “Барьцааны хуудас” гэсэн баримтыг /хх 6/ үндэслэл болгожээ.

Хариуцагч нэхэмжлэлийн 1.120.000 төгрөгөөс бусад шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн байна.  /хх 15, 31, 41/

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 4.000.000 төгрөг, шүүхээр эрэн сурвалжлуулахад төлсөн 70.200 төгрөг нийт 4.070.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ. /хх 43-45/

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, зээлдэгч үндсэн зээлд 4.000.000 төгрөг, хүүд 320.000 төгрөг бүгд 4.320.000 төгрөг төлөх үүрэг хүлээж 2.880.000 төгрөг төлсөн талаар дүгнэлт хийж, үлдэх 1.440.000 төгрөгийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн хамт нийт 1.510.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 4.560.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээсэн байна. /хх 63-66/

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

Нэхэмжлэгч нь С.Баярсайханд 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4 сая  төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 8 хувийн хүүтэй зээлүүлсэн, хариуцагч нь  уг мөнгийг  хүлээн авсан,  нийт 2.880.000 төгрөг буцааж төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг хэн аль нь шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 281, 282, 286 дугаар  зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Булгансүйх ХХК нь 4 сая төгрөгийг С.Баярсайханд өгсөн, зээлдэгч мөнгийг авсан боловч буцааж бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.      

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байгаа, бичгээр байгуулсан уг гэрээний хугацааг талууд сунгаж байсан нь тогтоогдоогүй, “барьцааны 609 тоот хуудас” гэх баримтад огноо бичиж хүүгийн тооцоог тэмдэглэсэн нөхцөл байдал нь гэрээг сунгасан гэж үзэх үндэслэл биш юм.

Шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт   Иргэний хуулийн 43, 282 дугаар зүйлд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1903 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиуны гомдлыг хангахгүй орхисугай

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ