Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 384

 

“М-ын Х х с”

ТББ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул

дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “М-ын Х х с” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0476 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-ын Х х с” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар бүхий “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн “М-ын Х х с” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0476 дугаар магадлалаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “М-ын Х х с” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “М-ын Х х с” төрийн бус байгууллагаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0476 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “...дээд шүүх тайлбарласнаас өөрөөр нэмэлт шаардлага гаргасан” гэж дүгнэж, дээд шүүхийн тайлбарыг хэрэглэж хэрэг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн.

4. Мөн магадлалд “Халиун буга гаршуулах, өсгөх судалгааны тендерээр хийж гүйцэтгэх ажлыг манай байгууллагыг цаас л хүлээлгэн өгөх ёстой байсан, Улаанбаатар хотод бус Хөвсгөл аймагт хийгдэх ажил” гэх зэргээр дүгнэжээ. Нэхэмжлэгч нь “Судалгаа шинжилгээний төв байгуулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд хүдэр, элий, халиун буга гаршуулах, өсгөх ажлыг хийж гүйцэтгэхээр байгаагаа нотлох баримтаар гаргаж тавьсан. Хүдэр, элий, халиун буга нь нэн ховордсон амьтан бөгөөд уг амьтныг зэрлэг байгалиас нь авч эхний үе шатанд өөрийнх нь дассан орчинд 3-5 жил байлгаж гаршуулан, дараагийн үе шатанд гаршсан амьтныг нутаг сэлгүүлэн суурьшуулах, идэш тэжээлийг бэлтгэх зэрэг үе шаттай явагддаг ажил билээ.

5. Уг төслийн дагуу хийгдэх бэлтгэл ажлын үе шат нь стратеги боловсруулах, мониторинг судалгааны цэгүүдийг сонгож, багаж, техник хэрэгслүүдийг суурилуулах, ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх явдал байсан. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд зайлшгүй шаардлагатай болох цахилгаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор 380 кВт-ын КТПН-ийг суурилуулсан, цахилгаантай болсныхоо дараа ажилчдын орон сууцыг барьж эхэлсэн бөгөөд энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон баримт байхад дээрх байдлаар “судалгааны материал болох цаас л хүлээлгэн өгөх ёстой” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгчээс гаргасан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга газрыг зориулалтаар нь ашигласан эсэх хяналт шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар, нотлох баримт гаргуулаагүй гэж маргаж байхад үүнд дүгнэлт өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

7. Хариуцагч нь уг газрыг зориулалтаар нь ашиглана гэдэгт уг газар дээр хүдэр, элий  зэрэг амьтан байршин бэлчих байх гэж үзсэн байна. Дээр дурдсанаар эдгээр амьтдыг суурьшуулахад идэш тэжээлийг нь бэлтгэх тухайн газрыг ургамалжуулах, усжуулах, байрших байр бэлтгэсний  дараа авчрах ёстой байсан. Давж заалдах шатны шүүх нь Хөвсгөл аймагт уг төслийг хэрэгжүүлнэ гэж буруу дүгнэлт хийсэн байна. Учир нь Хөвсгөл аймагтай байгуулсан гэрээгээр дээрх амьтдыг судалж эдгээрээс ямар насны, ямар хүйснээс нь хэдийг барьж гаршуулахад гарших боломжтой зэрэг ажлыг судлах эхний үе шат байсан бөгөөд уг тендерт шалгарах гол нөхцөл нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай газартай байх нөхцөлийг тогтоосон байсан болно. Ийм газартайгаа нотолж байж тендерт шалгарах үндэслэл нь болсон тул тендерт шалгарах, шалгарсны дараа төслийг хэрэгжүүлж эхлэх үе шатыг дараалалтай хийх зэрэг онцлогтой ажил байсан гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Энэхүү газар нь газар дээр барилга барихаар эзэмших эрх олж авсан, тендерээс эрс ялгаатай байхад үүнтэй адилтган дүгнэлт хийж байгаа нь буруу, шүүх хэрэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Тодруулбал, захиргаанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэн шийдвэр гаргах тохиолдолд газар эзэмшигчээс тухайн газраа 2 жил дараалан ашигласан эсэх, хэрэв ашиглаагүй бол тэр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулах үүрэгтэй, гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа уг үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус /хэрэгжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй/ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхийг бүрэн дүүрэн шалгасан бол маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой байсан гэж үзэхээр байна.  

11. Учир нь, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “нэхэмжлэгч байгууллагад 2010 оны 4 дүгээр сарын 01-нд Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ олгогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж ховордож байгаа ойн туруутныг хамгаалах, өсгөн үржүүлэх судалгааны ажил эрхлэх төв байгуулах санал гаргасныг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаас 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дэмжсэн, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарласан “халиун буга гаршуулах, өсгөх, судалгаа хийх” тендерт шалгарсан, ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 6, 2012 оны 5 дугаар саруудад байгуулсан, /маргаан бүхий газрыг эзэмших эрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр захирамжаар авч, 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан/, мөн уг газар дээрээ 350 кВт-ын цахилгааны КТПН суурилуулах техникийн нөхцөлийг 2013 оны 5 дугаар сарын 13-нд авч, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сунгуулж, ажил гүйцэтгэх гэрээг “М г” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ба уг цахилгаан дамжуулах агаарын шугам-цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн” зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

12. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эдгээр үйл баримтын зарим нь “цаг хугацааны хувьд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас өмнө нь, зарим нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш байна, зарим нь газар эзэмших, ашиглахтай огт хамаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж бүхэлд нь үгүйсгэсэн нь буруу байна.

13. Учир нь, нэхэмжлэгчээс “Х х с” нь бодитойгоор үйл ажиллагаа явуулдаг, тус сангаас “Судалгаа шинжилгээний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд хүдэр, элий, халиун буга гаршуулах, өсгөх ажлыг хийж гүйцэтгэх зорилготой, судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий газрыг ашиглах эрхийг авсан, энэхүү судалгааны ажилтай холбоотойгоор Хөвсгөл аймагт тендерт шалгарсан, энэхүү судалгаа нь хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжиж байгаа гэж тайлбарлаж, түүнийгээ нотлох зорилгоор холбогдох баримтуудыг өгснийг огт үндэслэлгүй, маргаан бүхий газрыг ашиглахтай ямар ч хамаагүй гэж үзэх боломжгүй, иймээс тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 5, 7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй.

14. Мөн маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор Х х с-ийн судалгаа шинжилгээний төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “О” ХХК-тай байгуулж, зургийн ажлыг гүйцэтгэсэн, тухайн газар дээрээ 350 кВт-ын цахилгааны КТПН суурилуулах техникийн нөхцөлийг 2013 оны 5 дугаар сарын 13-нд авч, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сунгуулсан зэрэг үйл баримтуудыг үгүйсгэж, газар ашиглахтай шууд холбоогүй гэж үзэхгүй.

15. Түүнчлэн, маргаан бүхий актыг мэдэгдээгүйгээс /хариуцагч мэдэгдсэн гэдгээ нотлоогүй/, нэхэмжлэгч нь газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн, мөн газар дээрээ 350 кВт-ын цахилгааны КТПН суурилуулсныг “маргаан бүхий акт гарснаас хойших үйл баримт тул газар ашигласан гэж үзэхгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. “Захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог” ба энэхүү зарчим нь хэдийгээр 2015 оны Захиргааны ерөнхий хуулиар хуульчлагдсан ч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад агуулагдаж байгааг дурдах нь зүйтэй.

16. Иймд, тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан “хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга газрыг зориулалтаар нь ашигласан эсэх хяналт шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар, нотлох баримт гаргуулаагүй гэж маргаж байхад давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

17. Мөн энэхүү хэргийн тухайд хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй буюу хамгаалагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг /гэрчилгээг/ хүчингүй болгосон маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсноор тухай газрыг өөр хэн нэгэн этгээдэд эзэмшүүлсэн, ингэснээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдсан гэх үйл баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй гэж үзлээ.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0476 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

              ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ