Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 315

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “МХ” ТББ

Хариуцагч: АМГТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Х-дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “МХ” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Б.О нарыг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МХ” ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ТББ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Х-дүүргийн Засаг даргын 2011.03.23-ны өдрийн өдрийн 89 дүгээр захирамжаар тус дүүргийн 14-р хороонд байрлах 185986 м.кв газрыг эзэмших эрх олгосон, гэрээ гэрчилгээний дагуу зохих төлбөрөө тасралтгүй төлж ирсэн.

Гэвч Х-дүүргийн Засаг даргын 2014.11.14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болохыг мэдэж, 2018.06.13-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан.

Нийслэлийн Засаг даргаас 2018.06.28-ны өдрийн 07/2698 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн учир ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Уг газар нь төлөвлөлтөөс зайдуу, дэд бүтэц тог, цахилгаан, шугам татах боломжгүй байгаа байдалтай хэдий ч газар дээрээ харуул хамгаалалттайгаар, газрын төлбөрөө төлсөөр ирсэн ба газрын эрхийг хүчингүй болгосон талаар бидэнд огт мэдэгдээгүй байсан байна.

Засаг даргын захирамж шийдвэр нь тодорхой үндэслэлтэй, хуульд нийцсэн, ил тод бидэнд мэдэгдэж танилцуулагдах ёстой байтал Газрын тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр шийдвэрлэжээ.

Иймд манай газар эзэмшихийг хөндөж, хууль зөрчиж гарсан байх тул Х дүүргийн Засаг даргын 2014.11.14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ТББ нь 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 6/3322 тоот зөвшөөрлийн дагуу нэн ховор, ойн туурайтан амьтныг хамгаалах, гаршуулах, үржүүлэх, судалгааны ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу дээрх үйл ажиллагааг явуулах эрхтэй болсон. Зөвшөөрөл авсны дараа 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х-дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж газар эзэмших эрхийг хөдөө аж ахуйн зориулалтаар авсан байдаг. Хөдөө аж ахуйн зориулалтаар авсан тухайн газартаа нэн ховор амьтны судалгааны ажлыг эрдэмтэн, бусад иргэд, аж ахуй нэгжтэй хамтран явуулж ирсэн байдаг. Хүдэр болон Илий гэдэг амьтныг маш хүнд нөхцөлд үржүүлдэг бөгөөд асаргаа маш их шаардагддаг. Хөвсгөл аймагт энэ үржүүлгийг явуулдаг байсан ба Улаанбаатар хотод арай ойртуулах зорилгоор энэ газрыг авсан. Газар эзэмших эрхийг авснаас хойш 2011 оны 05 дугаар сард н.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулж, Илий, Халиу, Буга үржүүлэхээр 30 000 000 төгрөгийн зардал гаргасан. 2012 онд “А” ХХК-тай гэрээ байгуулж, үржүүлгийн ажил хийгдэж байсан. Эдгээр амьтдыг үржүүлэхэд тог цахилгаан зайлшгүй хэрэгтэй гэж үзэн зураг төслөө гаргаж, 2013 онд 05 дугаар сарын 13-ны өдөр техникийн нөхцөлөө аваад бага багаар хөрөнгө оруулж, 2018 онд ЦТБ-г барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ хугацаандаа газрын төлбөрөө төлж байсан. Газар зохион байгуулагчийн зүгээс газрын эрхийг цуцалсан тухай юу ч мэдэгдэхгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сард газар эзэмших эрхийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цуцалсан тухай мэдэгдсэн.

Хариуцагчийн зүгээс газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан гэсэн тайлбар гаргаж байгаа. Гэтэл энэ тухайгаа юугаар нотолж байгаа юм бэ? Хөдөө аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа газарт цахилгаан татна, үржүүлэг явуулна, идэш тэжээл бэлдэнэ, эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана гээд тодорхой хэмжээний онцлогтой. Хүдэр нь “Улаан ном”-д орсон амьтан. Заавал тухайн газрыг барилгажуулах ёстой гэж ойлгоод байна. Нийгэмдээ тустай, үржүүлгийн ажил хийж байгааг Засаг даргын зүгээс дэмжих ёстой байтал, ямар ч судалгаа хийлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан. 2014 онд газар эзэмших эрхийг цуцалсан байж түүнийгээ 2018 онд мэдэгдэж байгаа нь “Х” ТББ-ын эрхийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ТББ дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 185986м2 газрыг 15 жилийн хугацаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлсэн.

Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 хавсралтын “Х" ТББ-т холбогдох хэсгийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт гэж бичилтийн алдаа гарсан бөгөөд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл газар эзэмшигч 2011 оноос хойш тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан тул газар эзэмших эрхийг гэрчилгээг Засаг даргын 2014 оны А/400 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргааны үйл баримтыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс урагш ярина. 2018 оны ЦТБ-тэй холбоотой зүйл яриагүй. “Х” ТББ-д 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Төр өмчөө тодорхой нөхцөлтэйгээр иргэн аж ахуй нэгж байгууллагад гэрээний үндсэн дээр эзэмшүүлж ашиглуулдаг. Нэхэмжлэгч тал дэд бүтэц муутай байсан тухай тайлбар хэлж байна. Өөрсдөө хүсэл сонирхлоо илэрхийлээд, боломжтой байна гэж үзэж үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших тухай хүсэлтээ гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг Засаг дарга дангаараа гаргаагүй. Захиргааны актын үндэслэх хэсэгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/59 тоот тогтоолыг үндэслэсэн байгаа. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан байдаг. Энэ хүрээндээ мөн хяналт тавьдаг бөгөөд тус хяналтаар илэрсэн зөрчлийг Засаг даргад хүргүүлсэн. 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэсэн асуудал гарсан. Мөн хүндэтгэн үзэх шалтгааны тухай Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой заасан байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 13 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Энэ тайлбарт Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсгийг “...“... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн газрыг 2 жил ашиглаагүйг тогтоодог.

2011 онд “Газар эзэмших, ашиглах гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг заасан байдаг. Өнөөдрийг хүртэл тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан зүйл байхгүй. Янзага барих болон Хөвсгөл аймагт явуулж байгаа үйл ажиллагаатай холбогдуулан маргасан зүйл байхгүй.

Бид 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс өмнөх үйл баримтыг ярина. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг бичихдээ техникийн алдаа гаргасан байна. Үндсэн зохицуулалт нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэг юм. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Холбогдож байгаа харилцааны үүднээс жил бүр гэрээгээ дүгнүүлж, төлбөр нийлсэн акт үйлдэж, тайлбар өгч хандаж байх хэрэгтэй байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байж Захиргааны байгууллагад гомдол гаргах эрхгүй. Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэж гарсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллага нь байгууллагынхаа нэрийг бариад нэн ховор амьтдыг тэжээж, Хүдэрийг хамгаалж байгаа мэтээр ярьж байна.  Хамгийн анхны газар хүссэн хүсэлт дээр газрын зориулалтыг “Хөдөө аж, ахуйн зориулалтаар” гэж бичсэн байгаа. Ан амьтан хамгаалах тухай нэг ч үг, үсэг тухайн газар эзэмшүүлэх захирамж дээр байхгүй. 2019 оны байдлаар  “Х” ТББ амьтан хамгаалах битгий хэл газраа хамгаалах зорилгоор нэг ч шон, хашаа хатгаагүй. Гэрээнд заасны дагуу газраа ашиглах ёстой. “Х” ТББ тооцоо нийлсэн акт огт хийдэггүй. Гэрээгээ дүгнүүлээд, тооцоо нийлсэн акт үйлдэж байх ёстой. “Х” ТББ нь зохин байгууллагын нэхэмжлэлгүйгээр газрын төлбөрийг шууд шилжүүлдэг. Газрын албатай ямар ч холбоо байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “МХ” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “МХ” ТББ-ыг төлөөлж захирал Л.А******* шүүхэд хандаж “Х-дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “...гэрээний үүргээ биелүүлж газрын төлбөрөө тогтмол төлж ирсэн байхад бидэнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, тодорхой ажлуудыг хийж байсан...” гэж тодорхойлон маргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Х-дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/59 тоот тогтоолыг тус тус үндэслэн тус дүүргийн...14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон 52 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хавсралтад заасан хэмжээ, зориулалт, байршил бүхий газрын газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцож, газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг Дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгасан, хавсралтын 19-д “Монголын Монголын Х” ТББ, Х-дүүргийн 14 дүгээр хороо, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 185986м2 хэмжээтэй, дүүргийн засаг даргын 2011 оны 89 дүгээр захирамжтай газар болохыг заагаад, хүчингүй болгох үндэслэл хэсэгт  Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дурджээ.

“М М Х” ТББ-ын тэргүүн Л.Г 2010 оны 12 дугаар сарын 02-нд Х-дүүргийн засаг даргад хандаж “...нэн ховор ойн туурайтан амьтдыг хамгаалах, нутагшуулах судалгааны ажил эрхлэх...-ээр 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18,6 га газар олгоно уу” гэсэн хүсэлт гаргаж, түүнд газрын кадастрын зураг бусад холбогдох баримтыг хавсаргаснаар тус дүүргийн засаг даргын 2011 оны 89 дүгээр захирамжаар “Монголын Монголын Х” ТББ-д Х-дүүргийн 14 дүгээр хороо, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 185986м2 хэмжээтэй газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч 2011 оноос хойш 2017 оны 1 дүгээр сарыг хүртэл жил бүр газрын төлбөрөө тогтмол төлсөн үйл баримтууд тогтоогдов.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч байгууллагыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, энэ нь техникийн шинжтэй алдаа байсан” гэсэн тайлбар гаргаж, улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж залруулсан, энэ хүрээнд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг дарга хүчингүй болгохоор, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулгаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч байгууллагыг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн тохиолдолд ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлага тавигдана.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч байгууллагад 2010 оны 4 дүгээр сарын 01-нд Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ олгогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж ховордож байгаа ойн туруутныг хамгаалах, өсгөн үржүүлэх судалгааны ажил эрхлэх төв байгуулах санал гаргасныг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Э*******аас 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр дэмжсэн хариу өгсөн, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарласан  “халиун буга гаршуулах, өсгөх, судалгаа хийх” тендерт шалгарсан, янзага, илий барих ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 6, 2012 оны 5 дугаар саруудад байгуулсан, түүнчлэн уг газар дээрээ 350 кВт-ын цахилгааны КТПН суурилуулах техникийн нөхцөлийг 2013 оны 5 дугаар сарын 13, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд авч ажил гүйцэтгэх гэрээг “М” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, уг цахилгаан дамжуулах агаарын шугам-цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тус тус тогтоогдож байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь “нэн ховор туруутан амьтдыг өсгөх, нутагшуулах зорилгоор тухайлбал Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа эхлээд халиун буга, хүдэр зэргийг өсгөн үржүүлж, нутагшуулж байгаад Улаанбаатар хотын ойролцоо авчир ирэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдана, энэ хугацаанд бэлтгэл ажлын хүрээнд дээрх ажлуудыг хийсэн” гэсэн тайлбар гаргаж байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч энэ талаар няцаах нотлох баримт гаргаагүй болно.

Иймд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан журмын дагуу хийх ажиллагааг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагыг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж  тус тус заасан боловч маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч байгууллагад хуульд заасан хугацааны дотор мэдэгдээгүй, хуулийн энэ заалтыг хариуцагч зөрчсөн, мөн уг маргаан бүхий актад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үндэслэлийн нэгийг нь буруу бичиж илэрхий алдаа гаргаснаа хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МХ” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Х-дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “М М Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН