Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00641

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Мын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00557 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдох, орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Л.М нь Бизнес Инвест девелопмент ХХК-аас авсан зээлээ төлж чадаагүй тул Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00144 дугаар тогтоолоор Л.Маас 35,848,987 төгрөг гаргуулж, Бизнес Инвест девелопмент ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 сарын 24-ний өдөр Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 21/0034 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар 110,066,238 төгрөгөөр орон сууцыг үнэлж, 2021 оны 12 сарын 01-ний өдөр уг үнэлгээний мэдэгдлийг гардуулсан. Уг орон сууц байршил сайтай, сургууль болон цэцэрлэгтэй ойрхон бөгөөд сүүлийн нэг жилд зах зээлийн ханш огцом өсөж тэр хавийн орон сууцнууд 125,000,000-140,000,000 төгрөгийн ханштай болсон.

Иймд Бэсгэ ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 03 сарын 24-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Л.Мын барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 52-р байрны 55 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 сарын 09-ний өдөр битүүмжилж, 2017 оны 04 сарын 18-ны өдөр хураан авсан. Л.Маас үнийн санал авахад 160,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Бизнес Инвест девелопмент ХХК зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 160,000,000 төгрөгөөр тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. 2017 оны 05 сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2017 оны 06 сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох дуудлага худалдааны комиссын хуралд ирэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

Төлбөр авагч Бизнес Инвест девелопмент ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс шинжээч томилуулах шийдвэрийг 2020 оны 10 сарын 09-ний өдөр 102/ШШ2020/2976 дугаар шийдвэрээр гаргасан. Дээрх шийдвэрт талууд гомдол гарган 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 1010 тоот Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч шийдвэр хүчин төгөлдөр болсон. Дээрх шийдвэрийг үндэслэн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 11/337 тоот шинжээчийн тогтоолоор хөндлөнгийн шинжээч болох Бэсгэ ХХК-аар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхэд 110,066,238 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаарх мэдэгдлийг 2021 оны 12 сарын 01-ний өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н.Ш.Ш.Г.Гт холбогдох, Баянгол дүүргийн 4-р хороо 2-р хороолол, Төмөр зам гудамж, 52-р байр 55 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Лувсандоржийн Мандахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Бэсгэ ХХК-ийн гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур байгаа тул миний бие энэхүү үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь манай байр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд, Ханбүргэдэй их дэлгүүрийн урд, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй ойрхон байршил сайтай орон сууц юм. Сүүлийн жилүүдэд зах зээлийн ханш нь огцом өсөж 125,000,000-140,000,000 төгрөгийн ханштай болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Маас 47,230,341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бизнес Инвест девелопмент ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Төмөр зам гудамж, 52-р байрны 55 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг /хх 19-21/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлалаар хэвээр үлдээж /хх 21-23/, улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00144 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж Л.Маас 36,185,880 төгрөгийг гаргуулж, Бизнес Инвест девелопмент ББСС ХХК-д олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан байна. /хх 24-25/

 

3.   Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Л.М сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 03 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн /хх 28-арын нүүр/ албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Л.Мын өмчлөлийн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Төмөр зам гудамж, 52-р байрны 55 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 сарын 09-ний өдөр битүүмжлэн /хх 28/, 2017 оны 04 сарын 18-ны өдөр хураасан нь /хх 26/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

 

4.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан авах үнийн санал ирээгүй. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон боловч татгалзсан үйл баримтуудыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг баримталсан байна. /хх 30-арын нүүр, 31-арын нүүр, 33, 35, 36, 37-арын нүүр-40, 44-46/

 

5.   Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02976 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01010 дугаар тогтоолоор орон сууцны үнэлгээг шинжээч томилж тогтоолгохоор шийдвэрлэсэн гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул дээрх үйл баримтыг зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж шүүх дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөв баримталсан байна.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 11/337 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Бэсгэ ХХК, шинжээч С.Мөнхжаргалыг шинжээчээр томилсныг буруутгах үндэслэлгүй.

 

7.   Шинжээчээр томилогдсон Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргал нь тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 55/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-д үнэлгээ гаргахдаа баримталсан хууль, олон улсын стандартыг дурдаж, өртөгийн болон зах зээлийн аргуудыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 110,066,238 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, үнэлгээ зах зээлийн ханшаас хэт бага гэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн, үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээний зүйл буюу орон сууцны ашиглалтад орсон огноо, байршил, бүтэц, цэвэр бохир ус, дулааны нэгдсэн системд холбогдсон байдал, ашиглалтын байдал зэргийг тусгасан байх тул ...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд, Ханбүргэдэй их дэлгүүрийн урд, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй ойрхон байршил сайтай зэрэг нөхцөл байдлыг шинжээч харгалзан үзээгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч Л.Мын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8.   Нэхэмжлэгч Л.М нь ...Сүүлийн жилүүдэд зах зээлийн ханш нь огцом өсөж 125,000,000-140,000,000 төгрөгийн ханштай болсон... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Маас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР