Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

шүүгдэгч: Д.Батжаргал (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарамжалцангийн Батжаргалд холбогдох эрүүгийн 1809000000092 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 46 дугаар гудамжны 1 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ЖВ91020518 регистерийн дугаартай, Бодонгууд овогт Дарамжалцангийн Батжаргал.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Батжаргал нь бусдын орон байранд нэвтэрч 48 инчийн зурагт 1 ширхэг, орны бүтээлэг 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, хохирогч Ө.Дуламсүрэн /хх-ийн 16-19/, гэрч Д.Ариунаа /хх-ийн 20/, Ш.Түмэндэмбэрэл /хх-ийн 21/ нарын мэдүүлэг, Д.Батжаргалын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн /, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-32/, Д.Батжаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-63/, прокуророос шинээр өгсөн 7 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Батжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81б-45 тоотоос Ө.Дуламсүрэнгийн өмчлөлийн 48 инчийн “Сони” загварын зурагт, 2 ширхэг орны бүтээлгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ө.Дуламсүрэнгийн /хх-ийн 16-19/: “... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ... гэрээ цоожлоод гарсан. 10 цаг 15 минутын үед гэртээ иртэл манай гэрийн хаалга үүд онгорхой, гэрийн цоож эвдэрсэн байсан. Гэртээ ороод эд зүйлээ шалгахад 48 инчийн “Сони” загварын зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ш.Түмэндэмбэрэлийн /хх-ийн 21/: “... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн үед Бэлх 10-аас “Дамбадаржаагийн 81б-45 тоотод хулгай орлоо” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгаад явж байтал Бэлх 10-аас “бараан өнгийн хувцастай 30 орчим насны эрэгтэй хүн зурагт аваад явж байсан” гэх мэдээллийн дагуу хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаат зээлийн газруудыг шалгасан. “Танзамети” нэртэй ломбардыг шалгатал 2 ширхэг орны бүтээлгийг хаясан байсныг аваад “Халиун” төв доторх ломбардыг шалгахад зурагт тэвэрсэн бараан өнгийн хувцастай 30 орчим насны залуу зогсож байсан. Бичиг баримтыг нь шалгахад хулгайн зурагт болох нь тогтоогдож Бэлх 10-т зөрчлийг шүүлгээд тэр хүнийг аваад явах гэтэл миний зүүн гарыг мушгиад зугатаачихсан. 48 инчийн хар өнгийн “Сони” зурагтыг аваад 2 ширхэг орны бүтээлгийг үлдээгээд явсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Батжаргалын яллагдагчаар мэдүүлсэн хх-ийн /: “... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өглөө 08-9:30 цагийн хооронд өөрийн хамаатаны эгч болох Дуламсүрэнгийн гэрт 150.000 төгрөг зээлэхээр очсон. Гэрт нь хүн байхгүй, гэр нь эзэнгүй байсан. Би гар утсаар ярих гэтэл миний гар утасны нэгж дууссан байсан. Би гэрийнх нь үүдийг эвдээд хаалгыг нь онгойлгоод баруун орон дээр байсан орны бүтээлгэнд зурагтыг нь боож аваад гарсан. Тэгээд Сүхбаатар дүүрэгт байдаг ламборданд тавих гэж байгаад цагдаад баригдсан. …Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлгээр, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч гэрээсээ эд зүйл хулгайд алдсанаа мэдүүлсэн, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж, хэрхэн хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж мэдүүлгээ эргэлзээгүй баталсан, хохирогчийн хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

  Айлын гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгож буй Д.Батжаргалын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Батжаргалын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогчид “Сони” загварийн 48 инчийн зурагт 1 ширхэг, шар алаг орны бүтээлэг 1 ширхэг, бор алаг орны бүтээлэг 1 ширхэг зэргийг буцаан өгсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн) нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Дарамжалцангийн Батжаргалыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Батжаргалыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргалд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргалын урьд цагдан хоригдсон 73 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ