Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 70

 

П.А, Ж.О  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар магадлалтай, П.А, Ж.О  нарт холбогдох 2016 0100 0232 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.О  болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, П.А

2. Монгол Улсын иргэн, Ж.О

П.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Ж.О  нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.А-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ж.О-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ж.О-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг/ 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ж.О-н цагдан хоригдсон хоногийг торгох ялд шилжүүлэн хасч, торгох ялын хэмжээг 6.360.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О  болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.О  гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.О  намайг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн эрх ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 12.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг үндэслэн торгох ялын хэмжээг 6.360.000 төгрөгөөр тогтоосон. Би 630 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2020 оны 08 сарын 03-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Миний гомдолтой хэрэг шүүгч Н.Батсайханд хуваарилагдсан байсан ба 2020 оны 09 сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шүүгч Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нар томилогдсон байсан тул би шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Надад шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан татгалзлалыг хүлээн аваагүй гэж мэдэгдсэн. 2020 оны 09 сарын 29-ний өдөр хэргийг хэлэлцэх хурал эхлэхэд шүүгч нарын бүрэлдэхүүн өөрчлөгдөж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нар томилогдсон байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “өөрөө шууд эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэснийг үндэслэн шүүгч Н.Батсайханаас татгалзсан. Миний хүсэлтийг хүлээн авалгүй хуралдаан үргэлжилсэн. Шүүгч Н.Батсайханыг татгалзан гаргах дараах үндэслэл байсан юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүухээр надад холбогдох хэрэг 3 удаа хэлцэгдсэн.

1. Тус шүүхийн 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргахад шүүгч Н.Батсайханд хуваарилагдсан ба 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 637 дугаар магадлалыг шүүгч Н.Батсайхан боловсруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэр гарсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тодорхой заасан байхад Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 637 дугаар магадлалд “...шүүгдэгч Ж.О  нь нэгжлэгийн явцад өөрийн биеэс илэрсэн 808.500 төгрөгийнхөө эх үүсвэрийг нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байна.” гэсэн хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийж байсан. Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаартай хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн 242 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 637 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж байсан /Илтгэгч нь Н.Батсайхан/.

2. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 741 дугаар цагаатгах тогтоолд улсын яллагч эсэргүүцэл бичээд хэрэг 2019 оны 10 сарын 25-ны өдөр давж заалдах шатны шүүхэд очсон. 2019 оны 11 сарын 01-ний Баасан гарагийн өглөө миний хэрэг ямар шүүгч дээр хуваарилагдсан болохыг мэдэхээр очоод шүүгч Н.Батсайханд хуваарилагдсан гэхээр нь туслахтай нь уулзаж шүүх бүрэлдэхүүн томилж албажуулсан тухай ерөнхий шүүгчийн захирамжтай танилцах гэтэл гараагүй байсан. Мөн өдрийнхөө үдээс хойш гарсан тухай надад туслах нь мэдэгдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр прокурорын эсэргүүцэлтэй хэргийг хэлэлцэх хурал зарлагдаад хуралд очиход бүрэлдэхүүнд шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч /илтгэгч/ Н.Батсайхан нар байсан. Ерөнхий шүүгчийн албажуулсан захирамж 2019 оны 11 сарын 01-ний өдрийн үдээс хойш гараад 2019 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүд амралтын өдрүүд таарч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр л үлдэж байхад 8 хавтаст 2000 гаруй хуудас бүхий хэргийг шинээр томилогдсон шүүгч нар хэрхэн яаж уншиж, өөрсдийн дүгнэлтийг хийсэн нь эргэлзээ төрүүлж байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1117 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 741 дугаартай цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагуудад нийцээгүй гэж үзлээ. ... шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримт дээр үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.” гэсэн дүгнэлт хийгээд цагаатгах тоггоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцаасан.  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 100 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна. Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул” гэсэн дүгнэлтийг хийж 100 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргахад мөн л шүүгч Н.Батсайхан хэргийг илтгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчимтай нийцэхгүй байгаа юм. Шүүгч Н.Батсайхан нь намайг гэм буруутай гэж тооцож, шийтгэх тогтоол гаргахад хэвээр нь үлдээж, цагаатгах тогтоол гарахаар хүчингүй болгож, томилогдсон шүүгч нарт хэрэг танилцах боломжит хугацаа өгөхгүй байна гэсэн сэдлийг харуулж байна. Н.Батсайхан нь миний П.А д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор П.А-г 10 жилийн хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2015 оны 09 дүгээр сард хэлэлцэхэд илтгэгч шүүгчээр орж хуулийн зүйл ангийг хөнгөрүүлэх үндэслэлээр хүчингүй болгож байсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан баттай үндэслэл болж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1257 дугаар магадлал нь намайг гэм буруутай гэж үзсэн нэг шүүгчийн дүгнэлтээр 630 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгч /илтгэгч Н.Батсайханы/ гаргасан шийдвэрүүд нь хэргийн бодит үнэнийг олж тогтооход анхан шатны шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гагцхүү нэг шүүгчийн дүгнэлт түүний намайг буруутай гэж үзсэн үзэл баримтлалаар ял шийтгэж байгаа нь хуульд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1257 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсч байна. ...” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.О ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр Ж.О , П.А  нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мордөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан “нууц ажиллагааны магадлагаа”-г ашиг сонирхлын зөрчилтэй мөрдөгч нар хууль бусаар нөхөн үйлдсэн нь нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах хуульд заасан журмыг зөрчиж хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл “Хууль буцаан хэрэглэх” зарчмыг хуульчилсан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэсэн байна. Мөн хуулийн 16.8 дугаар зүйл, 26.7 дугаар зүйл “Мөрдөн шалгах нууц ажиллагааны журам”, 26.8 “нууц ажиллагааны магадлагаа” гэсэн хууль зүйн ойлголтууд нь Эрүүгийн хэрэг хяпан шийдвэрлэх тухай хуульд шинээр орж ирсэн зарчмууд билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж хуульчилсан ба 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үндэслэл8 журмыг зөрчиж явуулсан байцаан шийтгэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх гэсэн ойлголт байх ёсгүй. Тухайлбал:

1. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т: “Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажлын үндэслэлүүдийг тодорхойлсон. Энэхүү журамд прокурорын хяналт тавьж байсан хэрэг, гаргасан шийдвэртэй нь холбогдуулан гүйцэтгэх ажил явуулах заалт байхгүй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Гүйцэтгэх байгууллага ...дор дурдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрол өгнө. 23.3.1-д харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих” гэсэн байхад прокурорын урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөл авахгүйгээр харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг нууцаар чагнасан ажиллагаа

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлийн 1-д “... хэргийг хэрэгсэхгүй болгосон ...прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ.” гэж заасны дагуу зөвхөн дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх эрхтэй. “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 6-д “Дээд шатны прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан прокурорын хяналтад хэргийг дахин хуваарилахгүй ба өөр прокурорын хяналтад өгнө” гэж заасны дагуу П.А д холбогдох хэрэг дахин Ж.О-н хяналтанд ирэхгүй. Энэ талаар хуульч /мөрдөгч, прокурор/ бүр мэдэж байгаа. Хууль тогтоомжийн заалт нэгэнт ийм байхад өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө бусдаас мөнгөн хөрөнгө өгөхийг шаардаж авсан болохыг хөдөлбөргүй бөгөөд эргэлзээгүй нотлох баримтаар нотлоогүй.

3. П.А нь өөрийн холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгөн хөрөнгө өгсөн гэх үйлдлийг П.А  хүсч, өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэж хүсэл зоригоо хэрхэн илэрхийлж, түүнийг хэрхэн биелүүлсэн болохыг /санаа зорилго, сэдэлтийг/ тогтоогоогүй байж, хийсвэр дүгнэлт, сэжиглэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 426 тогтоолын тодорхойлох хэсэгтээ “мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох шаардлагууд Ж.О , П.А  нарт холбогдох хэрэгт огт хангагдаагүй” гэж дүгнэлт хийсээр байхад нотлох баримтуудыг нөхөн үйлдүүлэх замаар /нууц ажиллагааны магадлагаа бичиж/ намайг яллах талыг баримталж байгаад гомдолтой байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн байхад прокурорын зөвшөөрөлгүй, албан үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй нь холбогдуулан Ж.О-н харилцаа холбооны хэрэгслийг чагнаж хууль бусаар харилцаа холбооны хэрэгслийн халдашгүй байдлыг зөрчсөн.

5. Мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж дуу авианы адилтгалын шинжилгээ хийлгэсэн нь хууль ёсны боловч шинжээч дүгнэлт гаргахдаа Хууль зүйн дотоод хэргийн сайдын “Журам батлах тухай” 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар тушаалаар батлагдсан “Дуу авианы адилтгалын шинжилгээ хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Багажит анализын тоног төхөөрөмжөор харьцуулах. “Икар-лаб” системийн 8187.0 программыг ашиглан үндсэн анализын аргаар дуу хоолойн өнгө болон артикуляцийн түвшинд шинжилгээ хийж сэжигтэн, яллагдагч, хохирогчийн дуу хоолой нь адил төсөөтэй байгаа эсэхийг 0,00000001 магадлалаар тооцож дүгнэлт гаргана” гэснийг зөрчиж, шинжээч өөрийн өдөр тутам хэрэглэдэг гар утсан дээр бичлэг хийж, дүгнэлт гаргасан нь дээрх журмыг зөрчсөн байгааг анхаарч үзсэнгүй. Дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ДШМ/1257 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Ж.О-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахдаа тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байна. Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2016 оны 11 дүгээр сард буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед 192.000 төгрөг байсан байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Ж.О-н урьдчилан цагдан хоригдсон 14 хоногийг торгох ялаас хасч тооцохдоо 420.000 төгрөгөөр бодож хассан нь буруу байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан учир уг дүнгээр бодож тооцох ёстой байжээ. Хэргийн үйл баримт, нотлох баримтад хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн П.А, Ж.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.А-г өөрт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө хяналтын прокурор Ж.О-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Hyundai Sonata” загварын 58-00 УНЕ улсын дугаартай автомашин дотор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.О-г Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан П.А-с 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн төвийн орчим түүний эзэмшлийн “Hyundai Sonata” загварын 58-00 УНЕ улсын дугаартай автомашин дотор 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй бөгөөд шүүгдэгч Ж.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан ял гэм буруу нь тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.О  “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн /илтгэгч Н.Батсайхан/ гаргасан шийдвэрүүд нь хэргийн бодит үнэнийг олж тогтооход анхан шатны шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гагцхүү нэг шүүгчийн дүгнэлт түүний намайг буруутай гэж үзсэн үзэл баримтлалаар ял шийтгэж байгаа нь хуульд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна” гэх гомдол гаргажээ.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд шүүгч Н.Батсайхан 3 удаа илтгэгч шүүгчээр томилогдон оролцохдоо тэрээр ажил үүргийнхээ дагуу хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэн оролцож, шүүх бүрэлдэхүүнээр асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэжээ. Иймд шүүгч Н.Батсайхан нь шүүгдэгч Ж.О-н холбогдсон хэрэгт шууд, эсхүл шууд бус хувийн сонирхлоор хандаж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.

Шүүгдэгч Ж.О-д чиглүүлэн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтыг тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээс гадна уг ажиллагааг прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу явуулсан байх бөгөөд ингэхдээ түүний иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, эсхүл эрх бүхий албан тушаалтнууд хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв. Хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт мэдээллийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж ирүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан “... нотлох баримтуудыг нөхөн үйлдүүлэх замаар /нууц ажиллагааны магадлагаа бичиж/ яллах талыг баримталж байгаад гомдолтой байна” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ж.О-д оногдуулсан торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон гэх боловч “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо”-ны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 цагт 1.142 төгрөг 85 мөнгө байхаар тогтоосны дагуу 192.000 төгрөгөөр тооцох ёстой байтал 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь Ж.О-н эрх зүйн байдлыг дордуулж, шударга ёсны болон хууль ёсны зарчмыг зөрчсөн алдаа гаргасныг, мөн түүнд эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхдээ тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гэж хэт ерөнхийлөн бичсэнийг нийтийн албанд томилогдох эрхийг хэмээн тус тус өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгдэгч Ж.О-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Ж.О-н цагдан хоригдсон хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлэн 2.688.000 төгрөгийг хасч, торгох ялын хэмжээг 7.104.000 төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, дээрх өөрчлөлттэй холбогдох шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР