Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: Т.Алимаа (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туяагийн Алимаад холбогдох эрүүгийн 1709021020320 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 38 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УХ89111352 регистерийн дугаартай, Төмөр овогт Туяагийн Алимаа.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Т.Алимаа нь Сүхбаатар дүургийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 32 дугаар бааранд О.Энхтүвшинтэй маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Алимаа мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Маргаан байхгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Энхтүвшин /хх-ийн 18-20/, гэрч Ж.Сарантуяа /хх-ийн 29-30/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12684 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/ Т.Алимаагийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, Т.Алимаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-43/ зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Алимаа нь 2017 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “32 нэртэй бааранд О.Энхтүвшинг “муухай харлаа” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч О.Энхтүвшингийн /хх-ийн 18-20/: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагт эгчтэйгээ уулзаад бааранд суусан. … Бүжгийн талбай дээр нэг танихгүй эмэгтэй надруу муухай хараад бүжиглээд байсан. Тэгээд миний ширээний хажууд ирээд “чи муухай хараад байна уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлтэл барьж явсан шилээрээ миний нүүрэн тус газар цохисон. Миний нүүрнээс цус гарсан. Гомдолтой байна. Тэр эмэгтэйд хариуцлага тооцуулмаар байна” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Сарантуяагийн /хх-ийн 29-30/: “… 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой би үеэл дүүтэйгээ утсаар ярьж бид хамтдаа “32” нэртэй бааранд орсон. Бид бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг танихгүй эмэгтэй ирээд манай дүүг “муухай хараад байна уу” гэхээр нь би “манай дүү муухай хараагүй” гэж хэлээд холдуулсан. Бид сууж байсан сандал дээрээ очиж суухад нөгөө эмэгтэй ирээд дахиад манай дүүг “муухай хараад байна уу” гээд шилэн хундагаар толгой руу нь цохисон. Тэр охин дахин манай дүү рүү дайраад үсдэж газар унагааж бөөр рүү нь өшиглөсөн. Тэр хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй…” гэх мэдүүлгээр,

 

Т.Алимаагийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-5/: “… 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр танидаг охины хамт “32” нэртэй бааранд орсон. Уг бааранд 0,75 граммын архи 1 шилийг авч уусан. Түүнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн байсан. …Би уг хүнийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлгээр,

 

Т.Алимаагийн буруутай үйлдлийн улмаас О.Энхтүвшингийн биед “зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун ташаа, зүүн өвдөг, нуруунд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12684 тоот дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээж хохирогчийн мэдүүлгийг баталсан, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 О.Энхтүвшинг “муухай харлаа” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Алимаагийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Т.Алимаагийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч О.Энхтүвшин гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй (хөнгөн гэмтсэнтэй) холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв..

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Төмөр овогт Туяагийн Алимааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алимааг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алимаад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алимаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алимаа нь нийт тав хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож Т.Алимаагийн эдлэх ялаас нийт дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд хохирогч О.Энхтүвшин нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй (хөнгөн гэмтсэнтэй) холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Алимаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Алимаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ