Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2022/00680

 

А.Аын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00389 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, Н.М нарт холбогдох ++++, 21 дүгээр байрны 31 тоот хаягт байрлах, 37.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Аыг тогтоолгох, хариуцагч нартай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №13 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ++++, 21 дүгээр байрны 31 тоот хаягт байрлах, 37.16 м.кв талбайтай 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Н.Баярхүүгийн өмгөөлөгч Э.Уянга, хариуцагч Н.Мгийн өмгөөлөгч Л.Баасанжав, Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.А миний бие Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан иргэн Н.М, Б.Б- нарын үйлчилгээтэй, орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Мтай, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б-тэй тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээт ажлын нийт өртгийг 124,083,000 төгрөгөөр, санхүүжилтийг 100 хувь бартераар тооцоо хийхээр харилцан тохиролцсон. Мөн гэрээт ажлын санхүүжилтэд шилжүүлэх бартерын хөрөнгийг гэрээний 3.4-т бартераар хийх орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,700,000 төгрөг, хийж гүйцэтгэсэн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг 2 давхрын А байр /36.31.м.кв/ 9-р давхрын D байр /36.68 м.кв/ нийт 72.99 м.кв х 1,700,000 = 124,083,000 төгрөг талбайн үнийг тооцож, орон сууцны гэрээг орон сууц захиалан бариулах гэрээгээр хийнэ. Бартерын орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 10-нд хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Мөн талууд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах 13 дугаартай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний ажил үүрэг дуусгавар болсноор ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт +++ 31 тоот хаяг байрлах, 37.16 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргийг гэрээнд заасан чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч нарт хүлээлгэж өгсөн ба уг орон сууцыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс баримтуудаа өөрөө хөөцөлдөн авч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад уг орон сууц хариуцагч Н.Мгийн нэр дээр бүртгэлтэй гээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлийг өгсөн. Иймд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний дагуу +++ 31 тоот хаягт байрлах, 37.16 м.кв 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.А миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Аыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Б-гийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг Н.Мгаас олгогдсон итгэмжлэлийн дагуу А.Атай байгуулсан. Бартераар хийх орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,700,000 төгрөг, хийж гүйцэтгэсэн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг 2 давхрын А байр /36.31 .м.кв/, 9-р давхрын D байр /36.68 м.кв/ нийт 72.99 м.кв х 1,700,000=124,083,000 төгрөг талбайн үнийг тооцож гэрээнд заасны дагуу 100 хувь бартераар тооцоо хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу хийж гүйцэтгэх ажил үүргийг заасан чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Н.М нь 9-р давхрын D байр /36.68 м.кв/-ны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлснийг мэдээгүй. Нэхэмжлэгч А.А нь байрны гэрчилгээ авахад материал дутуу талаар хэлж байсан. Гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн учраас А.Аын нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэхийг зөв гэж үзэж байна. Маргах зүйл байхгүй. Хариуцагч Н.М нь санхүүжилт шийдэж, би ажлыг гүйцэтгэж байсан. Би хариуцагч Н.Мгаас 700 саяыг авч барилгад оруулсан. Хариуцагч Н.Мгийн найз бас ажил гүйцэтгэж 2 байр болон өөр хэд хэдэн гүйцэтгэгч ажлын хөлсөнд байр авсан. Тухайн үед би хариуцагч Н.Мг хүндэлж харьцаж итгэлцлээр 35 байрны гэрээг би хийсэн. Одоо хариуцагч Н.М нь эхнэртэйгээ муудалцсанаас болоод энэ асуудалд болон эрүүгийн хэрэгт намайг шалгуулж байгаа. Тэр үед би хэлснээр нь л гарын үсгийг нь дуурайж зурдаг байсан. Байр ашиглалтад ороход 1 байраа материалын үнэд тооцож өгсөн. Хэргийн 90, 91 дүгээр хуудаст байгаа захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад А.А байсныг Н.М болгоод дарсан бөгөөд А.Аын асуудлыг өөрөө шийднэ гэж бичиж өгсөн байдаг. Барилга барьж байх үед бүх гэрээнд Н.Мгийн зөвшөөрснөөр би гарын үсэг зурдаг байсан. Нэхэмжлэгч нь хийх ёстой ажлын үр дүнг хариуцагч Н.Мд өгсөн. Ажлын хөлсөө авах ёстой. Гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамаарч ажил гүйцэтгэгдсэн. Нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

3. Хариуцагч Н.Мгийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хоорондын тооцоо дууссан бөгөөд би А.Атай орон сууц захиалан бариулах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулаагүй, гарын үсэг зураагүй, гэрээ байгуулах талаар итгэмжлэл олгоогүй. Мөн хэргийн материалд нэхэмжлэгч талаас өгсөн Баянзүрх дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст хаягласан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн огноотой бичгийг би гаргаагүй, Н.М гэж зурсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний бие +++36 айлын орон сууцыг бариулахдаа +++ ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллуулж гүйцэтгэх захирал Б.Б-д хийсэн ажлынх нь хөлсөнд дээрх байрны 29 тоот 56 м.кв 2 өрөө байр өгч байсан. Уг байрыг өгөхдөө бидний хооронд ямар нэгэн гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байгаагүй ба амаар тохиролцсоны дагуу би байраа шууд шилжүүлж өгч байсан. Б.Б- нь 2016 оны 6-р сард А.А гэдэг залуугаар цахилгааны ажлыг хийлгүүлье, гэр хороололд амьдардаг байртай болох мөрөөдөлтэй залуу байгаа юм, 1 байраар бартер хийчихэд л болно гэж хэлсэн. Тэгээд би 1 байраараа тохироод хийлгэчих гэж хэлснээс биш А.Атай тохироод ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байхгүй. Би амаар ярьж тохиролцсоноороо 1 байраа өгчихсөн. Одоо надад А.Ат өгөх өглөг, өр төлбөр байхгүй гэжээ.

4. Хариуцагч Н.Мгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Хариуцагч Б.Б- нь барилгын ерөнхий гүйцэтгэгч гэдгээ зөвшөөрч байна. Энэ байранд нэхэмжлэгч амьдарч байгаа гэдгийг мэдэхгүй. Би хариуцагч Б.Б-тэй баз байсан ч одоо больсон. Би эгчтэй нь сууж байсан болохоор л байргүй гэхээр нь хариуцагч Б.Б-г байгаа гэж ойлгож байсан. Иймд одоо байрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Би энэ гэрээнд огт оролцоогүй. Би хийсэн ажлынх нь төлбөрийг өгсөн. Энэхүү барилгын захиалагч нь би мөн бөгөөд хариуцагч Б.Б- нь миний даалгавраар ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүх ажлыг хариуцан ажиллаж байсан. А.А бид хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдээгүй, энэ гэрээ хуурамч бөгөөд Н.Баярхүү нь миний гарын үсгийг дуурайлгаж зурсан. Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Лувсанцэвээний гудамж, 21 байрны 31 тоот хаягт байрлах орон сууцыг А.Аын эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: +++, 21 дүгээр байрны 31 тоот хаягт байрлах автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилгад 126,417,710 төгрөгийн зардлаар холбоо, дохиолол, цахилгаан угсралтын ажлыг өөрийн 100 хувийн зардлаар хийж дуусгасан. Уг барилгад улсын комисс ажиллаж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/629 дугаартай актаар ашиглалтад оруулсан. Н.Мгаас орон сууцны холбоо, дохиолол, цахилгаан угсралтын ажилд нэг ч төгрөгийн зардал гараагүй. Хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийж дуусгаад 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцаа, түлхүүрээ хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. А.А би өөрийн шударга хөдөлмөрөөрөө энэхүү орон сууцыг авсан бөгөөд уг барилгын ерөнхий гүйцэтгэгч Б.Б- болон Н.М нарын хоорондын маргааныг би мэдэх боломжгүй, хэн аль нь надад маргаж байгаа зүйлийнхээ талаар ажил эхлэхэд мэдэгдээгүй байж шүүхэд хандсаны дараа ажлын хөлсөө өгөхгүй гэж байгаад нь үнэхээр гайхаж байна. Иймд хууль бусаар уг орон сууцанд оршин суугаагүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аыг +++, 21 байр, 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, 37.16 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Н.Мд энэхүү орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Аын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч А.Ат холбогдох орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай хариуцагч Н.Мгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А.Аын 70,200 төгрөг, хариуцагч Н.Мгийн 473,810 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Н.Мгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн аман тайлбар дээрх үйл баримтаар хэргийг шийдвэрлэхдээ хууль болон гэрээний агуулга, харилцааг буруугаар тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Н.Мгийн өмчлөл дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

...Аливаа гэрээн дээр Н.Мг төлөөлж, гарын үсэг зурах эрхийг Б.Б-д зөвхөн ганцхан удаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Итгэмжлэл-ээр өгсөн ба хугацааг нь 2 сараар өгсөн байдаг. Энэхүү итгэмжлэлийн хугацааг хоёр" гэдэг тооны өмнө нэг гэдэг тоог нэмж Б.Б- нь дураараа, Н.Мд мэдэгдэлгүйгээр засвар оруулсанг 2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас дахь тухайн итгэмжлэлийг баталгаажуулсан нотариатч В.Батхүүгийн Б.Б- нь ганцаараа ирээд 2 гэдэг тооны өмнө нэгийн тоог нэмж бичүүлж засвар оруулаад явсан гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Н.М Б.Б- нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №БУА-16/ Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан ба хоёр хариуцагчийн нэг болох Н.М нь уг харилцаанд барилга бариулах захиалагч, нөгөө хариуцагч нэхэмжлэгчийн хамаатан, нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн Б.Б- нь тус барилгыг барих гүйцэтгэгч-ээр ажиллахаар тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч А.А нь Б.Б-тэй туслан гүйцэтгэгч-ээр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Н.М болон нэхэмжлэгч А.А нарын хооронд огт гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч А.А нь Ажил гүйцэтгэх гэрээ-ээр тухайн барилгын цахилгаан холбоо, дохиоллын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч А.А нь би нийт 120 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх атлаа Б.Б-тэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, Н.Мтай байгуулсан гэх /дууриалган зурсан гэрээ/ зэрэг нь тус тусдаа 124,083,000 төгрөгийн үнийн дүнтэй, Б.Б-тэй байгуулсан гэрээгээр шаардлагын үндэслэлээ тодорхойлдоггүй.

Дээр дурдагдсан маргаагүй үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч Н.М нарын хооронд гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдсон ч шүүхээс Н.М нэхэмжлэгч А.А нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ харилцаа үүсч, гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Үнэхээр нэхэмжлэгч А.А болон Н.М нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн, Н.М нь хүсч үүсгэсэн бол нөгөө хариуцагч Б.Б- нь гэрээнд түүний гарын үсгийг дууриалгуулан зурах, нэхэмжпэгч нь хэнтэй гэрээ байгуулагдсанаа мэдэхгүй байна гэж тайлбарлах, итгэмжлэл дээр санаатай засвар оруулж тухайн гэрээ байгуулагдсан гэх хугацаанд итгэмжлэлийн хугацааг тааруулах зэрэг хууль бус үйлдэл хийгдэх ямар ч шаардлагагүй байсан. Энэ бүх үйлдэл Н.Мг А.Атай гэрээ хийгдсэн мэт болгох гэсэн хууль бус үйлдэл юм. Мөн Н.М нь уг харилцааг мэдэж, хүлээн зөвшөөрч" байсан бол өөрөө гарын үсгээ асуудалгүй зурах байсан. Үндсэн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр Н.Мг Б.Б- нь төлөөлөх эрх үүссэн мэтээр дүгнэлтийг шүүхээс өгсөн. Энэхүү төлөөллийг хуурамчаар, хууль бус аргаар үүсгээд буй нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа зөвшөөрсөн нэхэмжлэгчтэй хамаатан Б.Б-гийн үйлдлийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн. Гэрээгээр хэн нэгнийг төлөөлөх эрх үүсэхгүй байхад анхан шатны шүүхээс А.А, Н.М нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ гэх хууль болон гэрээнд байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Төлөөлөл нь Итгэмжлэл-ийн үндсэн дээр үүсэх ба тухайн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн Б.Б-гийн үйлдэл хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй аль ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж, ажил гүйцэтгэсэн гэдгээ тодорхойлж чаддаггүй. Нэхэмжлэгч А.А нь би нийт 120 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх атлаа Б.Б-тэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ", Н.Мтай байгуулсан гэх /дууриалган зурсан гэрээ/ зэрэг нь тус тусдаа 124,083,000 төгрөгийн үнийн дүнтэй байдаг. Б.Б-тэй байгуулсан гэрээгээр огт шаардлагын үндэслэлээ тодорхойлдоггүй. Б.Б-тэй байгуулагдсан гэрээний дүнгээр түүний хийсэн ажил дүгнэгдээд дууссан. Хамгийн гол нь Ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гарган гэрээг дүгнүүлээгүй байж, 124 сая төгрөгийн ажил хийсэн, байр авах ёстой гэж, гэрээ байгуулаагүй этгээдээс шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 124 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж шүүх шууд дүгнэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 124 сая төгрөгийн ажил хийснээ нотлохын тулд эдийн засгийн шинжээч томилж өгнө үү гэхэд Ажил гүйцэтгэх гэрээ-ний маргаан биш нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж хүсэлтийг хангаагүй атлаа 124 сая төгрөгийн ажил хийгдсэн, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүсчээ гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж маргааныг шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Гэрээ байгуулагдаагүй этгээдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үндэслэлгүйгээр дүгнэж, хууль ёсны өмчлөгчөөс өмчлөлийн зүйлийг нь А.Ат шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Н.М нь тухайн байрыг улсын бүртгэлийн *** дугаар бүхий гэрчилгээний дагуу өмчилдөг бөгөөд хууль ёсны өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшигчээс чөлөөлүүлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хийсвэр баримтыг нь үнэлээдталуудын тайлбарт үндэслээд шүүхийн шийдвэр гаргана гэж байхгүй. Орон сууцыг улсын комисс хүлээж аваад хариуцагч нар А.Ат тухайн орон сууцыг хүлээлгэж өгсөн болохоос биш дайрч орсон зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл шударгаар олж авч эзэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Н.Баярхүүгийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Н.Мгийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н.М, Н.Баярхүү нарт холбогдуулан +++, 21 байр, 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн 37.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...орон сууцны барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр Н.М, Б.Б- нартай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээт ажлын нийт өртгийг 124,083,000 төгрөгөөр, санхүүжилтийг 100 хувь бартераар тооцоо хийх, гэрээний төлбөрт 2 орон сууц өгөхөөр тус тус харилцан тохиролцсон боловч шаардаж буй 31 тоот орон сууцыг миний өмчлөлд шилжүүлээгүй, ажлын хөлсөө дутуу авсан гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1хх- 1-2, 3хх-1-26/

Хариуцагч Б.Б- нь барилга барьж байх үед бүх гэрээнд Н.Мгийн зөвшөөрснөөр гарын үсэг зурдаг байсан, А.Аын хийсэн ажлын үр дүнг хариуцагч Н.М авсан учир ажлын хөлсөө авах ёстой гэсэн агуулгаар тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хариуцагч Н.М нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ажлын хөлсөнд 1 орон сууц өгсөн, 2 орон сууц өгөхөөр тохиролцоогүй, ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлан, нэхэмжлэлд дурдсан 31 тоот орон сууцыг А.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна. /1хх-33, 46, 157, 2хх24-25/

 3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримтыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, тухайн маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал,

3а. Нэхэмжлэгч А.А, хариуцагч Н.М нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БУА-16/... дугаар гэрээ, нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.Б- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БУА-16/... дугаар ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд анхан шатны шүүх эдгээр гэрээнүүдийн гол нөхцөл болон бусад холбогдох заалтууд ижил бөгөөд эрх зүйн нэг харилцааг зохицуулах зорилготой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт нийцсэн байна. /1хх-15-16, 2хх-43-46 дугаар тал/

3б. Түүнчлэн, хариуцагч Н.М нь хариуцагч Б.Б-гийн үүсгэн байгуулсан +++ ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 36 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил гүйцэтгэхэд ерөнхий гүйцэтгэгчээр тус компанийг ажиллуулахаар харилцан тохиролцож, ерөнхий гүйцэтгэгч +++ ХХК-д туслан гүйцэтгэгч сонгох, ажлыг гүйцэтгүүлэх эрх олгож, ажил гүйцэтгэх явцад гарах аливаа асуудлыг бүрэн хариуцуулахаар гэрээний 4.2.6-д заасан байна. /1хх 91-93 дугаар тал/

Уг гэрээ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч А.Атай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө байгуулагдсан байх тул хариуцагч Б.Б- нь дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр +++ ХХК-д олгогдсон эрхийн хүрээнд тус компанийг төлөөлөн хариуцагч Н.Мгийн захиалгаар 36 айлын үйлчилгээтэй орон сууцыг барих ажилд А.Аыг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3в. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Мгийн захиалгаар хариуцагч Б.Б-гийн үүсгэн байгуулсан +++ ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллан +++, 21 дүгээр байрыг барьж ашиглалтад оруулсан, уг барилгын цахилгаан, холбоо, дохиоллын ажлыг нэхэмжлэгч А.А гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 91-94, 102-103, 54-56 дугаар тал/

Анхан шатны шүүх дээрх 3 гэрээтэй холбогдох маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ талуудын гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, бичмэл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Н.Мгийн гаргасан А.Атай гэрээ байгуулаагүй, гарын үсэг хуурамчаар үйлдсэн, Б.Б-д олгосон орон сууц захиалгын гэрээ байгуулах эрхтэй итгэмжлэлийн хугацаа дууссан байсан зэрэг тайлбар үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна.

Учир нь, гэрээнд гарын үсэг зурагдсан, итгэмжлэлийн хугацаа дууссан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Б- буюу +++ ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Н.Мгийн гаргасан А.Атай гэрээ байгуулаагүй тул түүний өмнө үүрэг хүлээхгүй, гэрээнд гарын үсэг зураагүй, итгэмжлэлд засвар оруулсан зэрэг тайлбар, татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч А.А нь +++, 21 дүгээр байрны цахилгаан, холбоо, дохиоллын ажлыг хийж гүйцэтгэх туслан гүйцэтгэгчээр оролцож, гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгасан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Ажлын хөлсний талаарх талуудын тохиролцооноос үзэхэд, 2016 оны 11 дүгээр сарын 10, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БУА-16/.... дугаар ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 3.4 дэх хэсэгт тус тус нийт 124,083,000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг ажлын хөлсөнд тооцон бартераар шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч А.А нь дээрх барилгыг ашиглалтад орох үед гэрээнд заасан 1 орон сууцыг буюу 2 тоот орон сууцыг ажлын хөлсөндөө тооцон хүлээн авсан, мөн 31 тоот орон сууцанд 2016 оноос хойш амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар /3хх10, 11, 13/ тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, +++, 21 байр, 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн 37.16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн хариуцагч Н.Мд өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт, уг орон сууцыг А.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус нийцсэн гэж үзнэ.

3г. Мөн нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М хариуцах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Мгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00389 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Мгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН