Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2022/00691

 

С.Г, Г.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/00416 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Г, Г.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд нийт 109,582,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 16,903,000 төгрөг болон зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г.Б бид хоёр Ш.Нын гаргасан зарын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр +++ гудамжид 60-р байрны 47 тоот 1 өрөө 36,7 м.кв орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх төлбөрөө зээлээр төлөхөөр тохиролцсон. Худалдан авахаар тохирсон орон сууц Голомт банкны ипотекийн зээлийн барьцаалбартай байсан тул бид Ш.Нын өмнөөс зээлийг нь төлдөг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууцны төлбөрт нийт 65,920,640 төгрөгийг бэлнээр болон дансаар цувуулан өгсөн. Бид сүүлдээ мөнгөө хугацаандаа төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Ш.Н нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж дураараа авирлан биднийг орон сууцанд үргэлжлүүлэн оруулахгүйгээр бусдад сарын 550,000 төгрөгөөр түрээсэлж их хэмжээний ашиг олж, сүүлдээ энэ орон сууцаа бусдад зарсан. Бидэнд орон сууц худалдах гэрээ байгуулсан мөртлөө өөр хүнд орон сууцаа зарж биднийг хохироосон. Манай гэр бүл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийтийн байр түрээслэн амьдарч 22,550,000 төгрөг төлж хохироод байна. Хэрвээ Ш.Н гэрээний үүргээ биелүүлж орон сууцаа бидэнд зарсан байсан бол бид өөр орон сууц түрээслэж хохирохгүй байх байсан. Хариуцагчийн байранд амьдарч байх хугацаандаа 1 өрөө орон сууцыг 2 өрөө болгож засварлахад 800,000 төгрөг зарцуулсан. Нэгэнт гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул орон сууцны үнэд төлсөн 87,302,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу түрээсийн төлбөр 22,550,000 төгрөг, нийт 109,852,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Энэ мөнгөнөөс Г.Б авах ёсгүй. Учир нь тэр хоёр дагавар хүүхэдтэйгээ надтай анх нийлж амьдарч байхдаа миний мөнгийг их зарцуулсан тул би 109,852,000 төгрөгийг ганцаараа авах ёстой гэж үзэж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш.Наас орон сууцны үнэд нийт төлсөн 87,302,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу Ш.Нын буруутай үйлдлийн улмаас өөр байр түрээслэж суусан түрээсийн төлбөр 22,550,000 төгрөг, нийт 109,852,000 төгрөг гаргуулмаар байна. Харин энэ мөнгийг С.Г бид хоёр тэнцүү хувааж авах ёстой. Учир нь бид хоёрын аль аль нь Ш.Над өгсөн мөнгийг тэнцүү гаргаж, хамтдаа ажиллуулж байсан лангууны орлогоосоо төлж байсан. Мөн би хоёр хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг өгч байсан. Иймд 109,852,000 төгрөгийг Ш.Наас гаргуулж С.Г бид хоёрт тэнцүү олгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Энэ орон сууцыг худалдан борлуулахаар болж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Г.Б, С.Г нартай 2015 оноос хойш гурван ч удаа гэрээ байгуулж байна. Энэ хүмүүс өөрсдөө зээлээр худалдаж авах хүсэлт тавьсан бөгөөд Голомт банкинд 21,800,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг гэрээнд тусгаж, зээлийг хариуцагч нар төлөхөөр болсон. Гэвч тохирсон хугацаандаа төлбөр төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас Голомт банкны зээлийг би өөрийнхөө орлогоор төлж байсан. Би удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хугацаа олгосон боловч төлбөрийг төлөхгүй байсан тул 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр аргагүйн эрхэнд байрыг өөр хүнд түрээслэхээр болсон бөгөөд энэ хүмүүс энэ бүх цаг хугацаанд миний байранд үнэгүй амьдарсан. Улмаар 2015 оноос 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд байрыг би өөр хэн нэгэн этгээдэд худалдаагүй, төлбөрөө бүрэн барагдуулахыг 3 жил тэвчээртэй хүлээсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар 22,793,140 төгрөгийг надад шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг нь буцаан өгнө. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.Б, С.Г нар бидэнд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлсний барьцаанд байранд суух хүсэлтэй хүн байна гээд А.Б-ийг надтай танилцуулсан. Учир нь Баттүшигээс зээлдүүлж байранд суух 11,000,000 төгрөгийг Г.Б, Г нар надаас зээлж эргэлдүүлье гэсэн санал хэлэхэд би зөвшөөрсөн. Ингээд 11,000,000 төгрөгийг Г.Бт зээлдүүлсэн. Гэтэл Г.Б, С.Г нар зээлсэн мөнгөө өгөөгүйн улмаас дахин нэг жилээр гэрээг сунгахаас аргагүй нөхцөл байдалд орсон. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь арга буюу өөр хүн байрандаа оруулж өмнөх хөлслөгчийн мөнгийг өгч байрнаас гаргасан. Нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл хугацаанд надад зээлсэн 11,000,000 төгрөгөө өгөөгүй бөгөөд байр худалдан авна гэж итгүүлэн 2015-2018 он хүртэл байранд минь амьдарсан. Иймд Г.Б, С.Г нараас тухайн байранд амьдарч байсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 30 сар 22 хоногийн төлбөрийг сарын 550,000 төгрөгөөр тооцож 16,903,000 төгрөгийг гаргуулна. Мөн Г.Бээс зээлийн гэрээний үүрэг 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч С.Гийн гаргасан хариу тайлбарын агуулга: Биднээс авсан мөнгөнөөс нэг ч төгрөгийг төлөөгүй, хүүгүй олон жил ашиглаж байна. Иймд биднээс мөнгө тооцож нэхэх учиргүй. Бид тухайн орон сууцны зардлыг сар бүр төлж барагдуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Нэхэмжлэгч Г.Бийн гаргасан хариу тайлбарын агуулга: 11,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч бодитоор 4,700,000 төгрөг өгсөн. Иймд би өөрийн авсан 4,700,000 төгрөгийг төлнө. Бид нараас авсан байрны мөнгөө өгөөгүй хохироосон тул түрээсийн төлбөр төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Наас 50,273,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г, Г.Б нарт, нэхэмжлэгч С.Г, Г.Б нараас 16,903,000 төгрөг гаргуулж хариуцагч Ш.Над тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 59,578,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бээс 7,050,000 төгрөг гаргуулж хариуцагч Ш.Над олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 756,875 төгрөг, хариуцагчаас төлсөн 324,965 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 409,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 242,465 төгрөг, нэхэмжлэгч Г.Бээс 127,750 төгрөг тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Г.Б миний зүгээс хариуцагч Ш.Нтай орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй. Гэтэл шүүх Ш.Н бидний хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан мэтээр дүгнэж надаас 16,903,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. хариуцагч Ш.Над орон сууц худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг Ш.Н нь ямар нэгэн хүү, төлбөргүйгээр бас ашигласан байдаг. Хэрэв намайг орон сууцанд үнэгүй суусан гэж үзвэл миний өгсөн мөнгө хүүтэйд тооцогдох ёстой, гэхдээ миний бие хүү нэхэмжлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж 16,903,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Хариуцагчаас гаргасан хариу тайлбарын агуулга: Тухайн орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийн үнийн дүнг шинжээч томилуулах хүсэлт гаргасны үндсэн дээр шинжээчийн дүгнэлтээр буюу 16,903,000 төгрөгийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

11. Хариуцагч Ш.Нын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ш.Нын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох баримтаар тогтоогдсон 22,793,140 төгрөгийг шилжүүлэн авсан гэдгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... мөн талууд анх 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хариуцагчид орон сууцны төлбөрт зориулж бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргахгүй гэж тайлбарладаг, мөн нэхэмжлэгч нараас ... уг зээлийн гэрээг байгуулсан зорилго нь орон сууцны үлдэх үнийг хэд хэдэн удаагийн үйлдлээр цувуулан бэлнээр мөнгө болон бараагаар төлдөг байсан. Ингээд бэлнээр төлж байсан төлбөрүүдийнхээ тооцоог Ш.Нтай нийлж, нийт бэлнээр өгсөн мөнгөний тооцоог гаргаж, үүнийгээ зээлийн гэрээ хэлбэрээр баталгаажуулсан. Бодитоор зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг зээлдүүлсэн зүйл байхгүй гэж, ...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтаар орон сууцны үнэд бэлнээр хүлээлгэн өгсөн мөнгөн хөрөнгийн үнийн дүнг талууд тооцоо нийлэх замаар гаргаж, нийт 16,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг баталгаажуулсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнээд дээрх тооцоо нийлсэн гэх нийт мөнгөн дүнг нэмж нэгтгэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх бүгд тооцоо нийлсэн акт нь хариуцагчийн дансны хуулгаар нотлогдсон бөгөөд нийт дансаар шилжүүлсэн 22,793,140 төгрөгт багтсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, өөр бусад баримтаар төлөгдсөн төлбөрийг үнэлээгүй тул баримтаар төлөгдсөн төлбөр, тооцоо нийлсэн актыг нэг мөр тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Г.Б, С.Г нар нь өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн бидэнд мөнгө хэрэгтэй боллоо, мөнгө зээлсний барьцаанд байранд суух хүсэлтэй хүн олж ирлээ гэж хэлээд А.Б-ийг танилцуулсан. А.Б- нь 11,000,000 төгрөгийг зээлэх, зээлийн хүүгийн оронд түрээсийн төлбөргүй уг байранд амьдрах гэсэн болзлыг хэлсэн. Тэрээр уг мөнгийг Г.Б, С.Г нар нь бидэнд зээлдүүлээч гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А.Б-ээс 11,000,000 төгрөгийг зээлж, гэрээ байгуулан авч, тэр даруйд Г.Бт 11,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс 4,700,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд А.Б-ээс шилжүүлэн авч Г.Бийн Хаан банк дахь 5031286872 тоот дансанд шилжүүлсэн. Тэрээр А.Б-ээс авах мөнгийг нэхэмжлэгч нараас зээлэхийг хүссэн хүсэлтийг ирүүлсэн атлаа 6,000,000 төгрөгийг хүлээн аваагүй болохыг нотолж чадахгүй байгаа. Иймд шүүхийн шийдвэрлэсэн үнийн дүнгээс (50,273,140- 24,793,140) 26,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

12. Нэхэмжлэгч С.Г хариу тайлбар гаргаагүй байна.

13. Нэхэмжлэгчийн Г.Бийн гаргасан хариу тайлбарын агуулга: Түрээсийн төлбөрт 16,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ төлбөр анхнаасаа яригдаагүй. Мөн 256,000 төгрөг гэж яригдсан ипотекийн зээлийг олон жилийн турш төлүүлсэн атлаа төлүүлээгүй гэж худлаа хэлдэг. Миний дансны хуулгаар Ш.Н 4,700,000 төгрөгийг 2 өдөр хувааж шилжүүлсэн нь нотлогддог16,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх гэж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Талуудын хооронд ямар ч түрээс яригдаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Г, Г.Б нар нь хариуцагч Ш.Над холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 87,302,000 төгрөгийг гэрээ цуцалснаас учирсан хохирол 22,550,000 төгрөгийн хамт нийт 109,852,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч С.Г нь уг мөнгийг ганцаараа авна гэсэн бол нэхэмжлэгч Г.Б нь С.Гтай тэнцүү хувааж авна гэж тус тус тайлбарласан. /хх1, 160/

Хариуцагч Ш.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 22,793,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж марган, нэхэмжлэгч нараас орон сууцны түрээсийн төлбөрт 16,903,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Бээс зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг тус тус гаруулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх73, 74-75/

3. Хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар:

3а. Нэхэмжлэгч С.Г, Г.Б нар нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ш.Нтай Зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр худалдагч Ш.Н нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 6 дугаар байр 47 тоотод байрлах 36.7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авагч С.Г, Г.Б нар нь орон сууцны үнэд нийт 58,000,000 төгрөг төлөхдөө уг орон сууцны зээлийн үлдэгдэл болох 21,866,000 төгрөгийн сар бүрийн хуваарьт төлбөр болох 256,000 төгрөгийг Ш.Нын өмнөөс төлснөөр орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх, өмчлөх эрх шилжих хүртэл үлдэгдэл төлбөрөөс 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр худалдан авагч талын барьцаанд байршихаар харилцан тохиролцсон байна. /хх-77/

3б. Мөн зохигчид 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болзолт гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Г, Г.Б нар нь худалдан авч буй орон сууцны Голомт банкны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 18,230,000 төгрөгийг, мөн орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 10,770,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд сарын 3 хувийн хүүтэй төлөх, Ш.Н нь орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-4/

3в. Хэрэгт авагдсан бичмэл баримт, зохигчдын тайлбараар тэдний хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болзолт гэрээгээр талууд өмнө нь байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээний үүргийн тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг хоёр гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 6 дугаар байр, 47 тоотод байрлах 36.7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь Голомт банкны ипотекийн зээлийн барьцаанд барьцаалагдсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /2 хх-63-67/

3г. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч эдгээр гэрээнүүд нь мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байх шаардлагыг хангаагүй, гэрээний зүйл болох орон сууц Голомт банкны орон сууцны ипотекийн зээлийн гэрээний барьцаанд 26,000,000 төгрөгийн хэмжээгээр барьцаалагдсан буюу эрхийн зөрчилтэй хөрөнгө болох нь тогтоогдсоноос гадна хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг мөн хангаагүй тул талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3д. Нэхэмжлэгч С.Г, Г.Б нар нь маргааны зүйл болох орон сууцанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амьдарч, орон сууцыг хариуцагч Ш.Над хүлээлгэн өгсөн талаар талууд маргаангүй байна. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагч Ш.Наас шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримт болох дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт болон 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах,худалдан авах гэрээ байгуулах үед 10,000,000 төгрөг бэлнээр төлөгдсөн гэх талуудын тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууцны үнэд бэлнээр төлөгдсөн мөнгийг мөн өдрөөр тооцон 16,000,000 төгрөгөөр тооцоо нийлж зээлийн гэрээ гэх баримт үйлдсэн зэрэг үйл баримтыг /хх-ийн 32-72, 78-155, 173, 179, 193, 196-198/ үндэслэн хариуцагч Ш.Наас нийт 50,273,140 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч С.Г, Г.Б нар гомдол гаргаагүй байна. Мөн энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

3е. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан боловч зохигчдын хооронд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн явдалд талуудын хэн алиныг нь буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул аль аль нь хохирол шаардах эрхгүй болно.

Нөгөө талаар, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох орон сууц нэхэмжлэгч С.Г, Г.Б нарын эзэмшилд байсан, хариуцагч Ш.Н нь нэхэмжлэгч нараас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгасан зэргээс үзэхэд уг мөнгөнд хүү, алданги тооцох, орон сууц эзэмшсэнд хөлс тооцох тус тус үндэслэлгүй байхаас гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй гэж заасан тул түрээсийн төлбөр гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлж, хохирол гаргуулахаар шаардсан хариуцагч Ш.Нын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч Г.Бийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

3ж. Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ш.Н нар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх болон зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтэрвэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон төлөхөөр тохиролцсон байна. /хх9-10/

Хариуцагч Ш.Н нь зээлийн гэрээний дагуу 11,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Г.Бт шилжүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Бийн тайлбар, дансны хуулга зэрэгт үндэслэн хариуцагч Ш.Наас нэхэмжлэгч Г.Бт 4,700,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч Ш.Н нь зээлийн гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Бийг зээлийн гэрээний дагуу нийт 11,000,000 төгрөгийг аваагүй гэдгээ нотлоогүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулагдсан буюу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэдгээ нотлох үүрэг зээлдүүлэгчид ногдох юм.

Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний талуудын хооронд 4,700,000 төгрөгийн хэмжээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд зээлдэгч Г.Бээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 4,700,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нийт 7,050,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.Над олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцжээ.

4. Нэхэмжлэгч Г.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрт заасан 16,903,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж, уг хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тул давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний гаргасан анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх агуулгатай тайлбарыг давж заалдах гомдол гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Г.Бийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/00416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Наас 50,273,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г, Г.Б нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 59,578,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

  2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бээс 7,050,000 төгрөг гаргуулж хариуцагч Ш.Над олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 26,353,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дахь заалтад нэхэмжлэгч нараас 242,465 төгрөг гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 335,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Г.Бийн төлсөн 243,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН