Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00006

 

*******гийн нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2022/00017 тоот шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* сумын *******т холбогдох Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын *******,*******,*******,*******, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гомбо /онлайн/
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

1. Нэхэмжлэлийн агуулга: 
1.а. Нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “Миний бие Дундговь аймгийн ******* сумын *******-ын *******,*******,*******,******* бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.
Би 2021 оны 4 дүгээр сард Covid өвчнөөр өвдөж, сумынхаа эмнэлэг болон гэрээрээ хэвтэн эмчлүүлж эдгэрээд ажилдаа 2021 оны 05 сарын 18-ны өдөр ороод ажил олгогчтой тохирсны дагуу ээлжийн амралтаа авсан. Гэтэл 6 сарын 2-ны өдөр ээлжийн амралттай байхад дуудуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон нөхцөл байдал үүсээгүй, ээлжийн амралттай байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа бол энэ тухайгаа ажилтан надад нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 4097964 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ******* сумын *******-т хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй тул шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байгаа болно...” гэжээ.

           2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “...******* сумын Засаг даргын Тамгын газрын *******,*******,*******,******* бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан байдаг бөгөөд уг албан тушаалын тодорхойлолтын дагуу уг албан тушаалд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг томилон ажиллуулахаар зааж өгсөн.
Гэтэл нэхэмжлэгч *******г ажилд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай шаардлага, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам, 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох хуулийн заалтуудыг зөрчсөн томилгоо хийгдсэн байсан тул *******г ажлаас чөлөөлөх болсон.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхдэлгэр нь нэхэмжлэгч *******д хууль бус томилгоотой юм байна гэдгийг 2021 оны 2 дугаар сард өрөөндөө дуудаж хэлэхэд ******* “тиймээ гээд би одоо 3 сард зохион байгуулагдах Төрийн албаны ерөнхий шалгалт өгнө, түрүүнд нь 2 өгөөд тэнцээгүй одоо сайн бэлдэж байгаад өгнө” гэсэн хариултыг хэлсэн байдаг.
Нэхэмжлэгч Г.Нямаа нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс З сарын 14- ний өдрүүдэд зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтыг өгч улмаар дахин тэнцээгүй. ... Нэхэмжлэгч *******д томилгооны зөрчилтэй учраас ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдэхэд тэгвэл би амралтаа авсны дараа ажлаасаа чөлөөлөгдөнө, тэтгэврийнхээ асуудлыг бас хөөцөлдөнө гэснээр амралтыг нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 7 хоногоор тооцооны дагуу олгосон. Ингээд ******* нь 2021 оны 5 сарын 31-ний өдөр ажилдаа орж, 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/16 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн болно.
Мөн хариуцагчийн төлөөлөгчийн хувьд аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажилласан.
Иймээс дээрх хуулийн заалтууд зөрчсөн томилгоо хийгдсэн, төрийн албаны шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй ажилтан байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэж заасныг үндэслэн *******г 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
      3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 
3.1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******г Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын *******,*******,*******,******* бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 3817200 /гурван сая найман зуун арван долоон мянга хоёр зуун/ төгрөгийг Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг суутгаж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 280767 /хоёр зуун наян мянга долоон зуун жаран долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146225 /нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг олгож, төсвийн орлогод 76025 /далан зургаан мянга хорин таван/ төгрөгийг оруулж шийдвэрлэжээ. 

     4. Хариуцагчийн төлөөлөгч ийн давж заалдах заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 40 дугаар тогтоолын 5-р хавсралтаар “Мал аж ахуйн*******,*******,******* бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Уг тогтоолоор дээрх ажлын байр нь Төрийн захиргааны албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагч байхаар баталж өгсөн. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор албан тушаалын тодорхойлолтыг баталж өгснөөрөө ******* нь Төрийн захиргааны албан хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлага, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам, 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох хуулийн заалтууд зөрчигдсөн томилгоо хийгдсэн тул *******г ажлаас чөлөөлөх болсон.
Түүнчлэн шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс *******г ажлаас чөлөөлсөн 2021 оны 6 сарын 2-ны өдрийн Б/16 дугаар тушаалын үндэслэх хэсгийг өөрчилсөн Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны танхимд захиргааны актыг танилцуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасантай нийцэхгүй байна гэж дүгнэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Ажил олгогчийн зүгээс *******г ажлаас чөлөөлсөн 2021 оны 6 сарын 2-ны өдрийн Б/16 дугаар тушаалын зөвхөн үндэслэх хэсгийг өөрчилсөн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн Б дугаартай тушаалыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захирамжилсан шийдвэрийг гаргаагүй, өмнөх захирамжид өөрчлөлт оруулсан шийдвэр юм.
Нэхэмжлэгч ******* нь төрийн захиргааны албан хаагч болох нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогддог, мөн ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсгийг өөрчилсөн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар өгсөөр байхад шүүх Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 17 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нямаа нь ******* сумын засаг даргын тамгын газарт хариуцуулан 2021 оны 06 сарын 02-ны өдрийн тушаалд маргаж нэхэмжлэл гаргасан. Нямаа болон ******* сумын засаг даргын тамгын газрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байсан. Энэхүү тушаалаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд Нямаа хэрхэн тэнцэхгүй байгаа талаар комиссын дүгнэлт байдаггүй. Нямааг 2019 оны 01 сарын 31-ний өдөр томилж, ТҮ-6 ангиллаар цалинжиж байсан. 2018-2019 онд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад явж байсан. Энхдэлгэр дарга томилогдсоноос хойш гэрээ байгуулаагүй байсан. Гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг. Ажилтан ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, энэ нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан юм. 2021 оны 07 сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа 06 дугаар сарын 02-ны өдрийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд байдаг. Гэтэл Энхсүх төлөөлөгч тушаалын үндэслэлээ өөрчлөөд 12 сарын 31-ний өдөр тушаал гаргасан. Энэ тушаалыг гаргаж ирээд харьяалал зөрчлөө гээд үндэслэлгүй байдлаар маргаад байдаг. Анхан шатны шүүхээс захиргааны акт гэж үзэж байгаа бол Захиргааны хуулийн 43, 46 дугаар зүйлд зааснаар хэрхэн нэхэмжлэгчид мэдэгдсэн юм гээд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул дахин тайлбарлах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэжил, ур чадварын хувьд Нямаа тэнцээд байдаг. Төрийн албаны шалгалтад тэнцээгүй гэдэг үндэслэлээр халаагүй. 2019 оны 01 сарын 31-ний өдөр төрийн албаны шалгалтад тэнцээгүй байхад Хөдөлмөрийн хуулиар томилсон байдаг. Энэ эрх зүйн харилцаагаараа явж байгаа. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 
6. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нямаа нь төрийн захиргааны ажилтны төрийн жинхэнэ албан хаагчийн чиг үүрэг гүйцэтгэж ажиллахаар нөхцөл байдал үүсэж байгаа юм. Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэх шаардлага тавьдаг боловч шалгалтдаа тэнцдэггүй, Төрийн албаны зөвлөлийн тодорхойлолтод заагдсан чиг үүргийн шаардлагыг хангадаггүй учраас ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны шатанд 2021 оны 06 сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын үндэслэх хэсгийг өөрчлөөд, холбогдох заалтыг оруулж, тушаалаа өөрчлөөд гаргасан. Шүүх хуралдааны шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэргийн харьяалал зөрчсөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1, 65.2-т заасан харьяалал зөрчсөн байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заасан. Энэ нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдааны шатанд тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д захиргааны хууль, акт зэргийг тодорхой заасан байгаа. Энэ маргаан бүхий акт нь захиргааны байгууллагаас гарч байгаа. Үүнийг хүчингүй болгохын тулд харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхээр орох ёстой. Энэ асуудлыг анхан шатны шүүхэд тавьсан боловч хүлээж аваагүй, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн. Иргэний шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийг харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар иргэн Сүхбаатарын Нямаагийн нэхэмжлэлтэй ******* сумын *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах зэрэг бусад шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2022/00017 тоот шийдвэрийг хариуцагч талын давж заалдсан гомдлын дагуу хяналаа. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэв. 
Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын *******,*******,*******,******* бүртгэлийн асуудлыг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралттай байхдаа Тамгын газрын даргын тушаалаар ажлаас халагдсан учир ажилд эгүүлэн тогтоох болон бусад шаардлагуудыг гаргаж нэхэмжлэлдээ холбогдох тушаал бичгийн нотлох баримтуудыг хавсарган шүүхэд ирүүлжээ. 
Шүүх талуудын тайлбар, маргааны үйл баримтыг хянан үзээд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын *******,*******,*******,******* бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 3817200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг суутгаж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 280767 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 
Шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдсан гол үндэслэл нь ******* нь төрийн захиргааны албан хаагч учир ... шүүх харьяаллыг зөрчин, захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ. 
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 
Хариуцагч талын зүгээс зөвхөн хэргийн харьяаллын талаар гомдол гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар асуудал огт тавигдаагүйн зэрэгцээ урьд гаргасан тушаал шийдвэрийг өөрчилсөн тухай асуудлыг маргааны үндэс болгож буй нь бодитой биш үйл ажиллагаа юм. 
Хариуцагч талаас *******г төрийн захиргааны албан хаагч байх талаар ямар нэг үндэслэл бүхий тушаал шийдвэр гаргасан тохиолдол үгүй бөгөөд ******* нь тухайн албан тушаалд томилогдсон үедээ төрийн үйлчилгээний албан тушаалын жишгээр цалинжин ажиллаж байсныг түүний өмгөөлөгч шүүхэд мэтгэлцэхдээ нотолсон байна. 
Ажил үүргээ гүйцэтгэж байсан төрийн албан хаагчийг хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн болзол шалгуур хангаагүй гэх зүйлээр шалтаглан хууль зөрчин ажлаас халсан асуудлыг зөвтгөх, ажилтны эрх ашиг сонирхлыг хамгаалж гарсан шүүхийн шийдвэрлэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 
Харин анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасныг зөрчин гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлж авсан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох тул уг тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 
Гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ. 


Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2022/00017 тоот шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дугаар заалтыг бүхэлд нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 
2.    Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 
4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

ДАРГАЛАГЧ                         Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                         Х.ГЭРЭЛМАА

                                                             Ш.ТӨМӨРБААТАР