Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00008

 

“******* *******” ХХК-ны нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00055 шийдвэртэй, “******* *******” ХХК-ны нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 71.759.282 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /онлайнаар/
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 
1.а. Нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “*******, ******* нар нь 2018 оны 3 дугаар сарын 23, 28-ны өдөр “******* *******” ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 2018/010, 2018/011 гэрээ байгуулсан. Зээлдэгч *******, ******* нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангаж дуусах огноог 2018/010 зээлийн гэрээг 24 сараар, 2018/011 зээлийн гэрээг 18 сараар зээлийн төлбөр барагдуулж дуусах хугацааг өөрчилж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2 тал тохиролцож зээлийн хугацаанд өөрчлөлт оруулсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн 1031 зээлийн гэрээний 2.5, 5.5-д заасныг үндэслэн зээлийн нэхэмжлэлийг гаргасан. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нартай эхэн үед утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Утсаар ярихдаа зээлийн төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан боловч зээлдэгч цар тахалтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орсон тул хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг 2 тал харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч нарын албан ёсны хаягаар тус *******-ын мэдэгдлийг Монгол шуудангаар хүргэсэн боловч буцаагдаж ирсэн бөгөөд нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан. 
Иймд хариуцагч *******, ******* нараас 71.759.280 төгрөг гаргуулж, “******* *******” ХХК- ийн барьцаанд байгаа Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаар бүхий гэрчилгээтэй, ******* хороо, ******* хороолол, ******* байр, , талбайтай, аар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. 

1.б. Шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нар 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 зээлийг авахаар өөрсдийн биеэр ирж зээл хүссэн өргөдөл гаргасны дагуу талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гуравдагч этгээд байхгүй сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. 10 зээлийн хэмжээ 25.000.000 төгрөг юм. Зээлийн сарын хүү 3,5 хувийн хүүтэй, зээл авсан огноо нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр. Энэ хугацаанд зээлдэгч нар маань цар тахал гарсан, бизнес маань амжилтгүй болсон гэх шалтгаанаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсны дагуу зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан. 10 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж дуусах огноо нь 2022 оны 3 дугаар сарын 22 юм. Гэхдээ бид нар энэ гэрээний нэхэмжилж байгаа үнийн дүнгээр буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр нэхэмжилж байгаа. 10 зээлийн гэрээний үнийн дүн нь 64.967.066 төгрөг нэхэмжилж байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 11 зээлийн гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл 3.000.000 төгрөг нэмж авах боллоо, үйл ажиллагаандаа хэрэглэнэ гээд авсан. Зээлийн хүү 3,5 хүүтэй зээлийг авсан огноо 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж дуусах огноо нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, зээлийн нийт хугацаа 36 cap юм. 11 зээлийн гэрээний нэхэмжилж байгаа үнийн дүн 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж дуусах байсан энэ огноогоор нэхэмжилсэн. 11 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6.792.216 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээний үнийн дүн 71.759.282 төгрөгийг нэхэмжилж байна гэв.


           2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.а. Хариуцагч *******, ******* нар хариу тайлбартаа: Бид “******* *******” ХХК-аас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3000.000 төгрөг тус тус зээлийн гэрээ байгуулан зээлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 9.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1000.000, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1000.000 төгрөг тус тус төлсөн. Бид тухайн үед тус зээлийг дүүргийн хороо, гэх нэртэй “Гэр кемп” /өвөл, зунгүй ажиллах зориулалттай/ ажиллуулахад хөрөнгө оруулалт болгож зээлж авсан. 2018 онд авсан зээлээрээ тус кемпдээ бага сага ажил хийсэн. Кемпээ бүрэн гүйцэд ашиглалтад оруулж тухайн үедээ чадаагүй. Улмаар 2019 оны 10 дугаар сарын үед хөрөнгө оруулах хүн олоод кемпээ бүрэн ашиглалтад оруулсан. Гэвч 2020 оны 1 дүгээр сард Ковид-19 гарч аялал, жуулчлал бүхэлдээ зогссон. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж авсан зээлээ өдий болтол төлж чадахгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байгаа. Иймд энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд ийнхүү хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 онд аялал, жуулчлал сэргэж, хил нээгдэнэ гэж өөдрөгөөр харж байна. Мөн бид 2.900.000 төгрөгийн төлөлт хийсэн байхад зээлээс хэрхэн хассан талаар нэхэмжлэлд дурдагдаагүй байна. Бид авсан зээлээ төлөх нь зүйн хэрэг. Зээлсэн 28.000.000 төгрөг маань яагаад 71.759.282 төгрөг болсонд гайхаж байна. Нэгэнт барьцаатай хөрөнгөтэй юм чинь гээд ийм байдлаар их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зохих ёсны үндсэн зээл, хүүг төлнө. Иймд бидний цар тахалтай үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийг харгалзаж үзэж шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
2.б. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бүх үнийн дүн дээр хүлээн зөвшөөрөхгүй байна, бидний төлсөн мөнгө нэмэгдүүлсэн хүүд төлөгдсөнийг зөвшөөрөхгүй гэв.

         3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
         3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 2018.03.23-ны өдрийн 2018/010 зээлийн гэрээний үүрэгт 64.967.066 төгрөг, 2018.03.28-ны өдрийн 2018/011 зээлийн гэрээний үүрэгт 6.792.216 төгрөг, нийт 71.759.282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож,
         3.2.Зээлдэгч *******, ******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгө болох ******* дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаар бүхий гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, од байршилтай, талбайтай, ны үнийн дүнгээс 64.967.066 төгрөгт дүйцэхүйц үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,  
   3.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516.746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******, ******* нараас 516.746 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
  ...Хариуцагч болох нөхөр бид хоёр нэхэмжлэгч талтай зээлийн асуудлаар удаа дараа холбогдож байсан. Учир нь дэлхий нийтээр тохиолдсон одоо хүртэл үргэлжилж байгаа Ковид-19 цар тахал өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.
Бид хоёр аялал жуулчлалын бизнес эрхлэх зорилгоор тус зээлийг авсан. Улаанбаатар хотын дүүрэгт амралтын газар нээж ажиллуулж байсан бөгөөд үйл ажиллагаандаа зарцуулах зорилгоор зээлээ авсан боловч аялал жуулчлалын салбар зогсоод 2 жил гаран болж байна. Энэ хооронд дан ганц бид хоёрын бизнес зогсоогүй. Олон олон аялал жуулчлалын бизнес зогссон.
Улмаар бид 2018 оны 3 дугаар арын 23-ны өдөр байгуулсан 10 зээлийн гэрээгээ 2020 оны 3 дугаар сарын 23-ыг хүртэл 24 сараар сунгасан. Мөн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 11 зээлийн гэрээгээ 18 сараар сунгасан.
Өнөөдрийг хүртэл 10 зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Харин 11 зээлийн гэрээний хугацаа дууссаныг хүлээн зөвшөөрч байна.
Бид ийнхүү хүнд нөхцөл байдалтай байсан тул шүүхийн шатанд нэхэмжлэгчтэй эвлэрэхээр дараах байдлаар санал тавьж байсан. 
Үүнд:
1.    Нийт нэхэмжлэлийн шаардлагын 50000000 төгрөгт эвлэрэх, энэ мөнгөө 1 жил 6 сарын хугацаанд бүрэн төлж дуусгах гэсэн саналыг эхлээд тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй улмаар
2.    Нийт нэхэмжлэлийн шаардлагын 60000000 төгрөгт эвлэрэх, энэ мөнгөө 1 жил 4 сарын буюу улиралд 15000000 төгрөг төлж дуусгая гэх санал тавьсан боловч бидэнтэй огт харьцахыг хүсээгүй.
Бид 28000000 төгрөг зээлсэн мөртөө 71759282 төгрөг болж төлж байгаадаа үнэхээр одоог хүртэл гайхаж байна. Цар тахалтай холбогдуулж бидний зээлийн гэрээг сунгасан нь өөрсдийн хүүг нэмэгдүүлэх л зорилготой байсан байна. Бидний бизнесийг дэмжих, бидэнд боломж олгох бус эсрэгээрээ нэгэнт барьцаа хөрөнгө нь хангалттай байгаа юм чинь гээд дээрх байдлаар бидэнтэй хандсанд нь үнэхээр гомдолтой байна.
Мөн би 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 зээлийн гэрээнд нийт 3595000 төгрөг төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11 зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч талаас “Санаа зоволтгүй, 25000000 төгрөгийн зээлээ төлж бай” гэж бидэнд анх зээл авахад хэлж байсан.
Учир нь бид нэхэмжлэгч болон ******* *******-ын удирдлагуудыг маш сайн таньдаг юм.
Гэтэл анхан шатны шүүх нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 зээлийн гэрээнээс хасагдах 3595000 төгрөгийг нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэж хасалгүй 2970000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тийм учраас бидний зээлийн төлбөрт төлсөн 3595000 төгрөг нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 зээлийн гэрээнээс хасагдаж тухайн зээлийн гэрээний гүйцэтгээгүй дүн нь 64342066 төгрөг болох ёстой. Өөрөөр хэлбэл бид зөрүү болж байгаа 625000 төгрөг нь 2018 оны 3 дугаар сарын 23-ын өдрийн 10 зээлийн гэрээнд нэмж тооцогдох ёстой гэж үзэж байгаа юм.
Ингэхээр хүү, нэмэгдүүлсэн хүүд мөн зөрүү гарна. Үүнийг анхан шатны шүүх тогтоогоогүй.
Харин 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11 зээлийн гэрээний дүнг хэрхэн тооцож шаардах нь нэхэмжлэгч талын эрх, үүрэг бөгөөд түүнд нь тайлбараа бид өгнө.
Мөн зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаад бид гомдолтой байгаа. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд багасгах боломжтой гэж үзэж байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаар шүүхийн шийдвэрийн 625000 төгрөгийг шийдвэрлэсэн тухайд эс зөвшөөрч байх тул тус шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

           Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71759282 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 42-43/
Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 30/, мөн хэргийн 11-12, 17-18 дахь хуудсанд авагдсан №2018/010, №2018/011 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, 2018 оны 03 дугаар сарын 23, 28-ны өдөр *******, ******* нар нь “******* *******” ХХК-аас 25,000,000 төгрөг, мөн 3000000 төгрөгийг, 30 хоногийн 3,5 хувийн хүүтэй, 25,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 3000000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаатайгаар зээлж, №2018/010 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 байр хаягт байршилтай 30,0 м.кв талбайтай, ны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Мөн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг дээрх 2 зээлд  гэрээний хугацааг №2018/010 зээлийг 2022 оны 03 дугаар сарын 23, №2018/011   зээлийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус тус сунгасан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ сунгасан тухай бичгийн баримт /хх-13, 19/ байх бөгөөд үүнд талууд маргаангүй байна.
Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Хариуцагч *******  анхан шатны шүүх нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 зээлийн гэрээнээс хасагдах 3595000 төгрөгийг нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэж хасалгүй 2970000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 10 зээлийн гэрээний 625000 төгрөгийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаад бид гомдолтой байгаа. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд багасгах боломжтой гэж үзэж байна гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагчийн тайлбарт дурдсанаар зээлийн гэрээний төлөлтийн 625000 төгрөгийн зөрүү нь хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй, зээлдэгч нар 2970000 төгрөгийг аль зээлийн гэрээнд хэдэн төгрөг төлсөн гэдгээ нарийвчлан тооцоолж тайлбарлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрлэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно. 
Талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу зээлийн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байх бөгөөд энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 
 “******* *******” ХХК нь хариуцагч *******, ******* нараас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №2018/010, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №2018/011 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл, түүний хүүг шаардах эрхтэй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 
Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд хариуцагч *******, ******* нар гарын үсгээ зурсан байх бөгөөд үүнд маргаагүй байх тул  гэрээний чөлөөт байдал, талуудын хүсэл зоригт харшилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
Зээлийн болон барьцааны гэрээ,  хүү тооцоолол зэрэг нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, үүнд маргаантай асуудал гарсан талаар нотлох баримтгүй байх тул хариуцагч талын гомдолд дурдсанчлан хүүгийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрлэлт үндэслэлтэй байна. 
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.


Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00055 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 
4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ