Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00048

Н............ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ........... ХК,

........... ХХК-нд холбогдох иргэний

 хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00242 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... ХК, ........... ХХК-нд холбогдох,

“........... ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 26.825.190 төгрөг, ........... ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 22.421.569 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

........... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч ........... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр одоо амьдарч буй орон сууцыг Хас банкны зээлээр авч одоо ч зээлээ төлж дуусаагүй байгаа. Уг зээлийг авахдаа ...........ын Орхон аймаг дахь салбартай ипотекийн цогц даатгалын гэрээ байгуулсан, мөн талийгаач нөхөр маань Голомт банкны Орхон салбараас цалингийн зээлтэй байсан ба уг цалингийн зээлийг авахдаа ...........ын Орхон аймаг дахь салбартай ........... дугаартай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний нөхөр нас барсны дараа миний бие ........... болон ...........д хандаж нөхөн олговор олгохыг хүсэхэд тус даатгалуудаас үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан. Үүнийг эс зөвшөөрч миний Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай албан бичгээр ...........д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор нөхөн олговор олгох тухай, 2021 оны 03 дугаар сарын 26-ны 9/1140 дугаартай албан бичгээр ...........д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нөхөн олговор олгохоор тус тус Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар шийдвэрлэхийг даалгасан. Гэтэл ........... болон ........... одоог хүртэл даатгалын нөхөн олговрыг урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргаагүй атлаа нөхөн олговрыг олгохгүй байна. Иймээс ...........д Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1140 дугаартай шийдвэр, ...........д Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай шийдвэрийн дагуу даатгалын нөхөн олговрыг олгохыг тус тус даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Н............ шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие тус шүүхэд хандаж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай шийдвэрийн дагуу даатгалын нөхөн олговрыг ........... ХК-д даалгаж өгнө үү" гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа "........... ХК-ийн зүгээс даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа тул ........... ХК-иас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасны дагуу заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 22.421.569 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. ..."........... ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1140 дугаартай шийдвэрийн дагуу нөхөн төлбөр олгохыг даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагаа "Ипотекийн цогц даатгалын гэрээ, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасны дагуу ........... ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 26.825.190 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэж өөрчилж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.............. ХХК-тай 18.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч гэрээ хийсэн. Эвлэрлийн гэрээний дагуу ........... ХХК 18.000.000 төгрөгөө төлсөн гэв.

Хариуцагч ........... ХХК хариу тайлбартаа:

...Даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгасан бөгөөд өвчнөөс үүдэлтэй нас баралтын эрсдэл нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй. Даатгуулагчтай анх 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 5130135594 тоот Ипотекийн цогц даатгалын гэрээний 2.1,2-т Зээлдэгчийн төлбөр хувьд дараах эрсдэлээс даатгана гээд 2.1.2.1-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 2.1.2.2-т Даатгуулагч эсвэл гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэл гэж тусган даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлээс даатгасан байдаг. Мөн гэрээний 1.4.11-т Гэнэтийн осол гэж гэнэтийн санамсаргүй тохиолдол, болгоомжгүй үйлдлийн улмаас даатгуулагчийн амь нас эсвэл эрүүл мэндэд хохирол учрах гэж тодорхойлсон. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018 оны 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг шинэчлэн баталж, даатгагч Ипотекийн даатгалын үйл ажиллагааг эрхлэхдээ уг журмыг баримталж, уг журамд заасан Даатгалын эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаалж, ипотекийн даатгалын гэрээнд заавал тусгана гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг шинэчлэн байгуулсан. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.1.1- т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл гүүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын дээр дурдсан шаардлагын дагуу Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээгээр даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэл-ээс даатгахдаа тус гэрээний 1.3.8-д гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно гээд дараах эрсдэлүүдийг хамруулсан байдаг. Үүнд:

1. Ахуйн осол (гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих гэх мэт үед тохиолдсон осол);

2.Зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол;

3.Даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл;

4.Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол;

5. Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл

Үүнээс үзвэл Даатгуулагчтай анх байгуулсан 5130135594 тоот Ипотекийн цогц даатгалын гэрээ болон 1201281027826 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээгээр хамгаалсан үндсэн эрсдэлүүдэд өвчнөөс үүдэлтэй нас баралтын эрсдэлийг хамруулаагүй байна. Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас бус архаг хууч өвчний улмаас нас барсан болох нь Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 тоот Прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хамтран зээлдэгч Н............ын өргөдөл зэрэг баримтаар нотлогдсон. Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн үйлдсэн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 4. Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний булчингийн соривжил зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд эдгээрээс зүрхний булчингийн үрэвсэл нь үхлийн шалтгаанд нөлөөлжээ 5. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь зүрхний булчингийн үрэвсэл болно гэснийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот Шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн ...7.Талийгаач нь шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас гэнэт нас баржээ гэж дүгнэсэн байдаг. Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоолд Хохирогч Н............, Гэрч С.Оюунгэрэл, Б.Аззаяа, Б.Гэрэл-Очир нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1245 тоот Шинжээчийн дүгнэлт зэрэг цугларсан нотлох баримтуудаар Б............ нь ил харагдах шарх гэмтэлгүй, шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас гэнэт нас барсан болох нь тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гээд хэргийг хаасан байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь өвчний улмаас буюу даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл болох нь нотлогдож байх тул Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан." тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Даатгагч нь Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ........... ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компанийн Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №........... тоот гэрээний даатгуулагч Б............ нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас гэртээ нас барсан байна. Даатгуулагчийн нас барсан шалтгааныг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний булчингийн сорвижил зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд эдгээрээс зүрхний булчингийн үрэвсэл нь үхлийн шалтгаанд нөлөөлжээ Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь зүрхний булчингийн үрэвсэл болно гэж тогтоожээ. Мөн Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №392 тоот тогтоолд Б............ нь ил харагдах шарх гэмтэлгүй, шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон гэжээ. Иймд даатгуулагч Бадрах овогтой ...........тай байгуулсан №........... тоот Цалингийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.1 "Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй" 8.1.2 "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00242 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3., 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан ........... ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 22.421.569  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н............д олгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н............ хариуцагч ........... ХХК нар нэхэмжлэлийн шаардлага болох 26.825.190 төгрөгөөс 18.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 18.000.000 төгрөгийг хариуцагч төлж, нэхэмжлэгч 8.825.190 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 58 дугаар зүйлийн 58.3.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ........... ХК-с 199.858 төгрөг, ........... ХХК-с 247.950 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

........... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Шүүх хэргийн нөхцөл байдал, тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Үндэслэх хэсгийн 7-т...............“...........” ХК даатгуулагч Б............ нарын хооронд Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулагджээ. Даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч болон даатгуулагч Б............ 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зүрхний булчингийн үрэвсэл өвчний улмаас нас барсан /хх192/ 392 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол зэрэг үйл баримтаар тогтоогдсон гэжээ. Гэтэл шүүх хариуцагч талын даатгуулагч гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас нас барсан гэх тайлбар болоод хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитойгоор үнэлж үзээгүй юм. Даатгуулагч Б............ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ажиллаж байх явцдаа жил бүр эмнэлгийн үзлэгт хамрагддаг байсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Медипас” эмнэлгээс даатгуулагч Б............н 2016 оноос хойших бүх “Эмнэлгийн үзлэгийн хуудас”-г ирүүлсэн. Тус үзлэгийн хуудсанд даатгуулагч нэлээдгүй суурь архаг өвчтэй байсныг дурдаад дараагийн нарийн үзлэг оношилгоо, зүрхний эхо, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх зэрэг зөвлөгөөг эмч үзлэгийн хуудсанд дурдсан байдаг. Мөн Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2020.09.22-ны өдрийн 70 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд даатгуулагч Б............г Үндсэн онош: 1. Зүрхний булчингийн            үрэвсэл,2. Зүрхний            хурц дутагдал, 3. Нойр булчирхай архаг үрэвсэл, зүрхний булчингийн сорвижилт. Дүгнэлт: Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний булчингийн сорвижилт зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд эдгээрээс зүрхний булчингийн үрэвсэл нь үхлийн шалтгаанд нөлөөлжээ. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь зүрхний булчингийн үрэвсэл болно гэжээ. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг үнэн бодитойгоор үнэлээгүй бөгөөд Прокурорын тогтоол дурдсан зүрхний булчингийн улмаас гэнэт нас баржээ гэж бичигдсэн шууд үгийг утгаар тайлбарлаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан Цалингийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1-т Даатгагч Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг дараах эрсдэлүүдээс даатгана. Үүнд: 2.1.1 Даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, 2.1.2-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн болон 70 болон түүнээс дээш хувиар хугацаагүйгээр алдах эрсдэлийг даатгасан. Гэтэл даатгуулагч Б............ нь архаг хууч өвчтэй байсан нь Эмнэлгийн үзлэгийн хуудсуудаар нотлогдож, өвчний улмаас нас барсан нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоор байтал гэрээг буруу тайлбарлан даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тухайд: Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас ирүүлсэн эмнэлгийн баримтуудад 2016-2020 оныг хүртэлх шинжилгээний хариунд амьдралын хэв маягаа өөрчлөх, зүрхний эход харуулах зүрх судасны эмчид үзүүлэх, эмчийн хяналтад орох шаардлагатайг дурдсан байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтүүдэд өөр бусад архаг өвчнүүд шинжилгээгээр илэрсэн байдаг. Мөн Орхон аймгийн “Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ээс ирүүлсэн 2022 оны 28-ны өдөр ирүүлсэн тодорхойлолтод даатгуулагч Б............г өрхийн хүн амын бүртгэлээс 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр инфакт миокард өвчний учир нас баралтын улмаас хасалт хийгдсэн байна гэж ирүүлсэн байдаг бөгөөд даатгуулагчийг өвчний улмаас нас барсныг мөн нотолж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх эдгээр бүхий л нотлох баримтыг ИХШХШТХуулийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 8.Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.1.2-т Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол 8.2-т Дараах тохиолдлуудыг даатгалын эрсдэлд хамаарахгүй буюу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ. Үүнд: 8.2.4-т Даатгуулагч цус харвасан, татаж унасны болон аливаа өвчний улмаас учирсан хохирол гэж заасны дагуу даатгуулагчийг өвчний улмаас нас барсанд даатгагч нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан №........... тоот даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийг шууд тулган хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 22.421.569 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00242 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хэргийн нөхцөл байдал. тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж. хэрэгдэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлын тухайд: Даатгуулагч нь архаг хууч өвчнөөр нас барсан гэх үйл баримт уг хэрэгт үгүйсгэгдсэн бөгөөд харин шалтгаан нь тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслээр гэнэт нас барсан гэх үйл баримт тогтоогдсон. Даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д гэрээ байгуулагдсан талаарх дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн байна. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т зааснаар хүчин төгөлдөр байгуулагдсан талаарх хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй хуульд нийцсэн байна. талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэнэтийн осол гэх ойлголтыг "...урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйлдэл..." гэж заасныг талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд тулгуурлан тайлбарласан нь хуульд нийцсэн. Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгч болох Н............ нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг шаардах эрхийн үндэслэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн 2022.02.18-ны өдрийн 242 дугаартай шийдвэр нь хуульд нийцсэн тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй. хэт нэг талыг барьсан гэх гомдлын тухайд: Даатгуулагчийн бусад өвчинтэй байсан, амьдралын хэв маягаа өөрчлөх талаарх эмчийн зөвлөгөө зэрэг нь Б............н нас барсан шалтгаантай холбоогүй байна. Тодруулбал даатгуулагч нь архаг өвчинтэй гэдгээ огт мэдээгүй, харин түүний нас барсан шалтгааныг нас барсны дараа шүүхийн эмнэлгийн задлан шинжилгээ хийснээр тогтоосон. Даатгалын тухай хуулийн үзэл баримтлал нь архаг өвчинтэйгөө  мэдсээр байж, урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авахгүйгээр өвчний байдлыг өөрөө хүндрүүлсэн тохиолдолд даатгалын эрсдэлд хамаарахгүй байхаар тогтоосноос бус урьдчилан мэдэх боломжгүй өвчнөөр гэнэт нас барсан нь тогтоогдсон. Нэгэнт даатгуулагч архаг өвчинтэйгөө мэдээгүй, Эрдэнэт үйлдвэрийн ажилтны урьдчилан сэргийлэх жил бүрийн үзлэгт хамрагдахад илрээгүй өвчнийг илэрсэн байсан мэтээр дүгнэж даатгалын нөхөн олговор олгохгүй байх тухай тохиолдолд хамаарах үндэслэлтэй талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үндэслэлгүй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.18-ны өдрийн 142/ШШ2022/00242 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Н............ нь хариуцагч ........... ХК-иас 22.421.569 төгрөг, ........... ХХК-иас 26.825.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Н............ын нөхөр Б............ нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Ил уурхайн уулын ажлын хэсгийн экскаваторын машинистаар ажиллаж байсан ба одоо амьдарч байгаа орон сууцаа Хас банкны зээлээр авахдаа ........... ХХК-ийн Орхон салбартай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ипотекийн цогц даатгалын гэрээ байгуулсан, Голомт банкны Орхон салбараас цалингийн зээл авахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монгол даатгал ХХК-ийн Орхон салбартай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг тус тус байгуулсан байна. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө гэртээ гэнэт зүрхний булчингийн үрэвсэл өвчний улмаас  нас барсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч даатгалын компаниуд нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгасан бөгөөд өвчнөөс үүдэлтэй нас баралтын эрсдэл нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй гэсэн тайлбар гаргаж, нөхөн төлбөр олгохоос татгалзаж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... ХХК нь нэхэмжлэгч Н............тай эвлэрлийн гэрээ байгуулж даатгалын нөхөн төлбөрт 26.825.190 төгрөг гаргуулахаар шаардаж байсан шаардлагаа багасгаж 18.000.000 төгрөг болгон төлөхөөр хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч зохигчдын эвлэрлийн гэрээг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин ........... ХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй татгалзал тайлбараа дэмжин шүүх хуралдаанд оролцсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Голомт банк Б............н хамтран зээлдэгч Н............ нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, ........... ХК даатгуулагч Б............ нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан зээлдэгчийн ослын даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 9/1139 тоот албан бичиг зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Н............ нөхөр Б............г нас барсны дараа даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар ........... ХК-нд хүсэлт гаргасныг хүлээж аваагүй татгалзсан тул гэрээнд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хороо нь ........... ХК-ийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан ба гэрээний хугацаанд  даатгуулагч нас барж даатгалын тохиолдол үүссэн байгаа гэсэн дүгнэлт бүхий 9/1139 тоот албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ........... ХК-нд хүргүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 тоот дүгнэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж ...талийгаач нь шалтгаан тодорхойгүй зүрхний булчингийн үрэвслийн улмаас гэнэт нас барсан, талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн сорвижилт зэрэг  архаг хууч өвчин тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан ........... ХК, даатгуулагч Б............ нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 1.3.14.-т “гэнэтийн осол”- даатгуулагчийн бие махбодод гэмтэл учруулах, санаандгүй урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйлдлийг ойлгохоор заажээ.

Даатгуулагч Б............ нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчдын жил бүр хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэгт Орхон аймгийн Медипас эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж байсан тухай баримт хэрэгт авагдсан байгаа боловч энэхүү үзлэгийн дүгнэлтээр зүрхний эход харуулах эмчийн хяналтад орохыг зөвлөж байсан байх ба тухайн үеийн үзлэгээр үхлийн шалтгаан болсон зүрхний булчингийн үрэвсэл гэдэг онош тавигдаж байгаагүй, энэ талаар эмч нар зөвлөөгүй биед байсан архаг хууч өвчин буюу нойр булчирхайн архаг хууч өвчин зүрхний булчингийн сорвижилт гэх өвчин үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй гэдгийг мэргэжлийн шинжээчид тогтоосон байна.

Түүний үхлийн шалтгаан болсон зүрхний булчингийн үрэвсэл гэх өвчин нь урьдчилан харах боломжгүй, санаандгүй гэнэтийн бий болсон үйлдэл байх тул гэрээнд заасан /1.3.14.-т/ гэнэтийн осол гэсэн гэрээний нэр дээр томьёог тайлбарласан заалтад хамаарч байна.

Даатгуулагч даатгагч нарын хооронд байгуулсан зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын тохиолдол бий болсон байх тул ........... ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгалын нөхөн олговор нэхэмжилсэн 22.421.569 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ. 

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ........... ХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ........... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар ........... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ