Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00049

 

А............гийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч Д............д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00296 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А............гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д............д холбогдох,

“Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А............гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А............ цахимаар, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Амарбаяр овогтой ........... миний бие Дуламсүрэнгийн ...........д 2021 оны 10 дугаар сарын 16-наас 2021 оны 10 дугаар сарын 21-ний 23:30 цаг хүртэл өөрийн эзэмшлийн ........... УБҮ улсын дугаартай соната 7 автомашинаа 5 хоног түрээслүүлсэн боловч хугацаандаа ирэлгүй олон хоног өнгөрч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Багшийн дээдийн зогсоол дээр тавьсан, түлхүүрийг ТҮЦ-нд үлдээсэн гэх Д............гийн мэдээллийн дагуу очиж авсан болно. Машиныг хүлээн авахад урд баруун кирлан зурагдаж хонхойсон сэвтэй, шатахуун дууссан шалтгаанаар асахгүй байсан тул ачлагын машин дуудаж ачуулж шатахуун түгээх орж газ хийлгүүлж засварын газар хүргүүлж засварлуулсан билээ. Тиймээс гэрээний үүрэг хангуулж түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 400 000 төгрөг, ачлагын 50 000 төгрөг, газны зардал 50 000 төгрөг, авто засварын төлбөр болох 200 000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр болох 100 000 төгрөг буюу нийт 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д............ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д............ миний бие нь А............гаас 2021 оны 10 дугаар сарын 16-аас 21-ний 23:30 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай Соната 7 автомашиныг түрээслэхээр 2021 оны 10 сарын 16-ны 23:30 цагийн үед уулзаж нэг хоногийн 100 000 төгрөгийн төлбөр, барьцаа 200.000 төгрөг нийт 700.000 төгрөгийг дансаар төлж, гараар гэрээ байгуулан автомашиныг хүлээн авсан. Тухайн машиныг хүлээж авснаас хойш 40-өөд минутын дараа эвдрэл гэмтэл нь мэдэгдэж эхэлсэн тул миний бие ........... руу залгаж энэ талаар хэлэхэд би чамд эвдрэлгүй машин хүлээлгэж өгсөн, наад асуудлаа өөрөө шийд гэх утга бүхий хариу хэлж утсаа салган холбоо барих боломжгүй болсон. Иймээс нэгэнт төлбөрөө төлсөн тул түрээсэлсэн хоногууддаа илэрсэн ил эвдрэлүүдийг өөрийн гараар болон засварчнаар засуулж хэрэглэсэн. Тухайн машиныг ашигласан хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байх үед замын цагдаа машиныг ямар нэгэн асуудалтай байгааг анзааран зогсоож шалгахад оношилгоондоо ороогүй байсан нь мэдэгдсэн. Тэр үед мөн л ........... руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. 2021 оны 10 сарын 16-ны өдөр ........... гэнэт холбогдон барьцааны 200.000 төгрөгтөө дахиад 2 хоног сунгаж түрээслэх үү гэсэн санал тавихад тухайн үед миний бие автомашины нэн шаардлагатай хувийн шалтгаантай байсан тул зөвшөөрөн дахин 2 хоног түрээслэхээр болсон. Ингээд 2021 оны 10 сарын 18-ны өдөр буюу тухайн машинаа эргүүлэн өгөхөөр ...........тай холбогдох гэтэл холбогдож чадалгүй байсаар оройн 18:00 цагийн үед холбогдон машинаа хүлээлгэж өгмөөр байгаагаа хэлэхэд наа хавьдаа нэг газар зогсоолд үлдээгээд түлхүүрийг нь дэлгүүрт ч юм уу үлдээчих гэсэн тул багшийн дээдийн зогсоол дээр машинаа тавиад ойролцоох түцэнд түлхүүрийг нь үлдээн ...........д хаяг байршлыг мэдэгдсэн. Энэ цаг үеэр Улаанбаатар хотод авто газ олдохгүй байсан тул ...........тай холбогдох хүртлээ газ хайж явсаар машинаа хүлээлгэж өгөх үедээ газгүй үлдээсэн. ........... нь түрээслүүлсэн автомашинаа тухайн өдрөө очиж авалгүй 3 хоногийн дараа буюу 2021 оны 10 сарын 21-ний өдөр очиж авсан. Тухайн 3 хоногийн хугацаанд гадаа зогсоолд байх үед нь эвдрэл гэмтэл нэмэгдсэн байхад өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж өөрийн биеэр хүлээж аваагүй, түрээслүүлэгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа ........... намайг буруутгаж байгаад нь гомдолтой байна. Нэхэмжлэгчийн түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 400.000 гэх мөнгөн дүнгийн хувьд хугацаа хэтрүүлсэн гэх 4 хоногийн 2 хоног нь анх гэрээ байгуулах үед төлөгдсөн барьцааны 200.000 төгрөгөөр төлөгдөхөөр 2 тал хоорондоо тохиролцож түрээсийн хоногийг сунгасан. Үлдсэн 2 хоногийн хувьд хариуцагч тал түрээслэгчийнхээ үүргийг биелүүлж тохирсон өдрөө автомашинаа хүлээлгэж өгөх гэтэл нэхэмжлэгч тал түрээслүүлэгчийнхээ үүргийг биелүүлж түрээслүүлсэн автомашинаа хугацаандаа хүлээж аваагүй ба тухайн хүлээлгэж өгөх ёстой өдөр багшийн дээдийн зогсоол дээр үлдээхийг өөрөө зөвшөөрсөн. Зам тээврийн торгуулийн төлбөр гэх 100.000 төгрөгийн хувьд ........... миний бие тухайн автомашиныг түрээсэлсэн хугацаанд дугаар нь явдаггүй өдөр хэрэглэснээс болж нэг удаагийн 20.000 төгрөгийн торгууль авснаас өөр торгуульгүй. Ачлага, газны зардал, авто засварын төлбөр гэх нийт 300.000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал өөрөө цаг тухайд нь өөрийн биеэр автомашинаа хүлээж авах үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан хохирол тул ........... миний бие уг хохирлыг барагдуулахаас татгалзаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00296 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч Д............гаас 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560.000 /таван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д............гаас 7.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А............д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А............ шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Нэхэмжлэгч А............ миний бие Д............д өөрийн эзэмшлийн авто машинаа түрээслүүлсэн бөгөөд түрээсийн хугацаа хэтрэх, авто машиныг эвдэлсэн байх, газыг дуусгасан, газны хошуу нарийн учраас ачиж авч явсан гэх зардлуудыг Д............гийн гэрээг орлох хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгийг үндэслэн нэхэмжилсэн боловч Орхон аймгийн анхан шатны шүүхээс зөвхөн эвдрэл гэмтлийг засварласан мөнгөн дүнг төлүүлэхээр шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхэд үлдэгдэл зардлуудыг гаргуулахаар хуулийн дагуу зөв шийдвэр гаргуулахаар гомдол гаргаж байна. Гэрээг орлох баримт бичигт авто машины бүрэн бүтэн байдлыг хангана, засварлагдах хүртэл гарах бүх зардлыг түрээслэгч нь хариуцна гэж заасан бөгөөд Д............ нь өөрийн гараар бичсэн байдаг боловч шүүх нэг талыг барьж хохирогчийн хохирлыг барагдуулах иргэний хуульд заасан гэрээг орлох баримт бичиг, гэм хор, зардлын хуулга, баримт зэргийг үнэлээгүй зөвхөн хариуцагчийн аман тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Тиймээс энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж орчин цагт бий болоод буй ийм төрлийн гэмт үйлдлийг бага дээр нь ойлгуулж хуулийн дагуу ажиллаж амьдрах нөхцөлийг орчин үеийн залууст хуулийн зөвийг ойлгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч А............ нь хариуцагч Д............д холбогдуулан  түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 400.000 төгрөг, ачилтын 50.000 төгрөг, газны зардал 50.000 төгрөг, авто засварын төлбөр 200.000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр 100.000 төгрөг нийт 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэргийг хариуцагч Д............гаас 240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч А............ нь хариуцагч Д............ нар нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 27-95 УБҮ улсын дугаартай, соната 7 маркийн автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 16 ны өдрийн 23 цаг 30 минутаас 2021 оны 10 дугаар сарын 21 ний өдрийн 23 цаг 30 минут хүртэл 5 хоногийн хугацаатай, өдрийн 100.000 төгрөгийн төлбөртэй түрээслэхээр барьцаанд 200.000 төгрөг үлдээж, зам тээврийн тухай хууль, зорчигчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, машины эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах, машин эвдэрсэн тохиолдолд засварлагдах хүртэл түрээсэлсэнд тооцно гэх зэргээр тохирч гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ нь хүчин төгөлдөр  байна.

Нэхэмжлэгч А............ нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2.-т зааснаар энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба хариуцагч Д............ нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5.-д зааснаар тухайн автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй байжээ.

Нэхэмжлэгч А............ нь хариуцагч Д............ нар нь гэрээ байгуулсан ба хөлсөнд 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, барьцааны төлбөрийн 200.000 төгрөгийг 2 хоног сунгаж ашигласан хөлсөнд тооцсон тухайд маргаагүй, тохирсон хугацаанд эвдрэл гэмтэлгүй эд хөрөнгийг буцаах үүргээ биелүүлээгүйгээс засвар хийсний төлбөр 200.000 төгрөг, засварлагдах хүртэл хугацаанд түрээсэлсэнд тооцох гэж тохирсон тул 400.000 төгрөг, түлшгүй орхисноос асаагүй тул шатахуун түгээх газарт ачиж хүргэсний төлбөр 50.000 төгрөг, газны үнэ 50.000 төгрөг, торгуулийн төлбөрийн зарим хэсэг дээр маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Д............г эд хөрөнгө ашигласны хөлсийг бүрэн төлж уг  үүргээ биелүүлсэн байна мөн засварын 200.000 төгрөг,  27-95 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчилд ногдуулсан торгууль болох 40.000 төгрөг  нийт 240.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгч А............д 27-95 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачсан 50.000 төгрөг, газны үнэ  50.000 төгрөг нийт 100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон төрийн банкны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч Д............гаас нэмж гаргуулах үндэслэлтэй юм.

27-95 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчилд ногдуулсан торгууль болох 100.000 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 40.000 төгрөг хариуцагчаас гаргуулсан зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас ачилтын 50.000 төгрөг, газны үнэ 50.000 төгрөг, авто засварын төлбөр 200.000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр 40.000 төгрөг нийт 340.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, эд хөрөнгө ашигласны үлдэгдэл хөлс 400.000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр 60.000 төгрөг нийт 460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч А............гийн  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 17.500 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00296 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч Д............гаас 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560.000 /таван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар хариуцагч Д............гаас ачилтын 50.000 төгрөг, газны үнэ 50.000 төгрөг, авто засварын төлбөр 200.000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр 40.000 төгрөг нийт 340.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө ашигласны хөлс 400.000 төгрөг, зам тээврийн торгуулийн төлбөр 60.000 төгрөг нийт 460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж...”,

Шийдвэрийн 2 дахь  заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д............гаас 7.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А............д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д............гаас 10.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А............д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр   зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч А............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 17.500 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР