Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0165

 

Г.Б, Д.Ю, Г.О,
Р.М, Ч.Н нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээд Л.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б, Д.Ю, Г.О, Р.М, Ч.Н нарын нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан даргалагч Б.Э-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.14, 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.Б нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан Засаг даргыг томилох, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож Иргэдийн Нийтийн Хурлын товыг дахин гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дугаар 128/ШШ2017/0878 тоот шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй ба дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээр хуудсанд “... мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т: баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж тус тус хуульчилжээ” гэсэн атлаа 18 дугаар хуудсанд “... хорооны ИНХ-д оролцож сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй, анхдугаар хуралдаан нь дээрх байдлаар холбогдох хуулийг зөрчсөн нь нэхэмжлэгч нарын тухайн өөрийн амьдарч буй хорооны ИНХуралд оролцож өөрийн нэрийг дэвшүүлэх, бусад этгээдийн нэрийг дэвшүүлэх зэргээр санал өгөх, сонгох сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болсон, үүгээрээ маргаан бүхий захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ” гэжээ.
Ийнхүү дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь нэг талаас шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөвхөн хуралд оролцсон иргэд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх замаар сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгч 5 иргэнийг хуралд оролцоогүй байхад нь тэдний уг эрхийг эдлүүлээгүй мэтээр дүгнэсэн нь тус хуулийн 26.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Мөн шүүх үзэхдээ “... нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын 2017 оны 8 сарын 9-ний өдрийн Хорооны ИНХ~ын дарга сонгох тухай 3-р тогтоол, хорооны ИНХ-ийн Тэргүүлэгчдийг сонгох тухай 4 дүгээр тогтоол, хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 5 дугаар тогтоолуудыг тус тус тодорхойлж, эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн ба харин Анхдугаар хуралдааны хугацаанд ажилласан Тооллогын комиссын шийдвэр болон бусад асуудалтай холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно” хэмээн маргаан хүрээ хязгаарыг тогтоож өгсөн. Гэвч шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудсанд шүүх Анхдугаар хуралдааныг товлосон тогтоолд үнэлэлт өгсөн бөгөөд шүүх үзэхдээ “Тэгэхээр маргаан бүхий захиргааны актуудыг баталсан хорооны анхдугаар хурал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2016 оны 10 сарын 19-ний өдөр, нэмэлт санал хураалт 10 сарын 23-ны өдөр тус тус явагдсаныг анхаарч, хугацааны хувьд дээрх огнооноос тоолон, ... Анхдугаар хуралдааны тов тогтоож шийдвэрлэх байтал уг хугацааг баримтлаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим баримтлаагүй буруутай байна” гэжээ.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байдал болон шүүх түүнийг үндэслэх хэсэгтээ дурдсанаас үзвэл маргаан бүхий гурван тогтоолоос бусад тов тогтоосон тогтоол нь хэрэгт хамааралгүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 5-р тогтоолыг хүчингүй болгох байсан. Уг 5 дугаар тогтоол нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон этгээдийг хорооны засаг даргад томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан баримт бичиг юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг...” гэжээ. Энд зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэсэн хэлбэрүүдээр илэрнэ. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой маргаан хянан шийдвэрлэхийг хуулиар зохицуулж өгсөн.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 5 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй шинжүүдээрээ захиргааны акт биш юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актад өөрт нь үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэгийг талыг барьж захиргааны акт бус баримт бичгийг хүчингүй болгосон нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болно. Гурав. Нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй тухайд:
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 3 дугаар тогтоол, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 4 дүгээр тогтоол, хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 5 дугаар тогтоолуудыг тус тус тодорхойлж, эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж буй бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” байхыг тус тус шаардсанаар өөрийн зөрчигдсөн эрхийг хэрхэн яаж зөрчигдсөнийг нотлох буюу тодорхойлох ёстой.
Нэхэмжлэгч нар нэгдүгээрт: хорооны иргэдээсээ нууж, өөрсдийн хамаатан садан, тойрон хүрээлэгчдийнхээ хамт хурал хийсэн, хоёрдугаарт: ардчилсан холбооны байранд хийсэн, гуравдугаарт: Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 сарын 19-ний өдөр зарлан хуралдуулах ёстой гэж маргасан ба дээрх зөрчлүүд нь 2017 оны 08 сарын 09-ний өдрийн хурлыг Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан шаардлагуудыг зөрчсөн гэжээ.
Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь буюу сонгох эрх нь сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцохыг хэлэх бөгөөд нөгөө талаас сонгууль зохион байгуулагч нь уг боломжийг ялгалгүйгээр олгохыг ойлгодог. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 2017 оны 08 сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурал нь хэн бүхэнд нээлттэй болсон ба түүнийг товыг аль болох хүртээмжтэй боломжит хэлбэрээр мэдэгдсэн байдал нь уг Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөөгүй буюу нэхэмжлэгч нарын үндсэн эрхийг зөрчөөгүй юм.
Хэрэв нэхэмжлэгч нар сонгох сонгогдох эрхэд халдсан гэж үзвэл 2017 оны 8 сарын 09-ний өдрийн хуралдаанд ирж зохих ёсоор оролцож эрхээ эдлэх гэтэл хурлын зүгээс эдлүүлээгүй үед тэдний эрх зөрчигдсөн байх ёстой. Гэтэл тус өдөр хуралдаанд ирээгүй нь тэдний эрхийг зөрчих нөхцөл бүрэлдэхгүй юм. Иймээс хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.О давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.Б нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан Засаг даргыг томилох, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож иргэдийн Нийтийн Хурлын товыг дахин гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэж 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдөр дугаар 128/ШШ2017/0878 тоот шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй ба дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй тухайд.
Нэхэмжлэгч нар 2017 оны 08 сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хурлыг хорооны иргэдээс нууж зөвхөн өөрсдийнхөө ойрын хамаатан садан, тойрон хүрээлэгчид, Ардчилсан намын зарим гишүүдийнхээ хамтаар Монголын Ардчилсан холбооны байранд хийсэн. Энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэж заасныг зөрчиж тэдний нэр дэвших, бусдын нэрийг дэвшүүлэх эрхийг хязгаарласан гэж маргасан болно.
Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэдэг нь аливаа нэр дэвшигч болон сонгогчдын сонгуультай холбоотой үйл явдалд чөлөөтэй, аливаа хязгаарлалтгүйгээр оролцох, хараат бусаар нэрээ дэвшүүлэх болон хэн нэгний нэрийг дэвшүүлэх эрхийг чөлөөтэй эдлэх тухай өргөн ойлголт билээ.
Хорооны Засаг даргын бүрэн эрх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө ... ажлаа хариуцна” гэж зааснаар тодорхойлогдоно.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 07 сарын 26-ны өдөр Тов тогтоох тухай 12 дугаар тогтоол гаргасан. Дээр дурдсан хуулийн дагуу хорооны Засаг дарга нь тухай хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгч болохынхоо хувьд тухайн тогтоолыг хэрэгжүүлсэн болно.
Уг шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд хорооны олон нийтийн үйл ажиллагааг явуулдаг байсан 2 дугаар сургууль болон Эрдэмтөгс сургуулиудын байр их засвартай байсан тул хурал хийх боломжгүй байсан. Ингээд өмнө хэд хэдэн удаа олон нийтийн арга хэмжээ хийж байсан “Монголын Ардчилсан Холбоо” ТББ-ын байрыг хүсэлт гаргаж ашигласан болно. Ийнхүү хурлын тов болон болох газрыг 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс нийтэд илээр бүгдэд ойлгомжтойгоор орцны зарын самбаруудад байршуулсан болно. Улмаар хурлын өдөр хуралд оролцсон нийт гишүүдийн дундаас нэр дэвшигчид шалгарч хурал дэгийн дагуу үргэлжилж дээрх тогтоолуудыг гаргасан болно.
Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 5 дугаар тогтоолыг хүчингүй болгох байсан. Уг 5 дугаар тогтоол нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сонгогдсон этгээдийг хорооны засаг даргад томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан баримт бичиг юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг...” гэжээ. Энд зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэсэн хэлбэрүүдээр илэрнэ. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой маргаан хянан шийдвэрлэхийг хуулиар зохицуулж өгсөн.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 5 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй шинжүүдээрээ захиргааны акт биш юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актад өөрт нь үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэгийг талыг барьж захиргааны акт бус баримт бичгийг хүчингүй болгосон нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болно. Иймээс хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
                                                                              ХЯНАВАЛ:
   Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
 Нэхэмжлэгч Г.Б, Д.Ю, Г.О, Р.М, Ч.Н нар “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг дарга томилуулахыг уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ... хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн үр дүнд багийн иргэдийн Нийтийн Хурлаас сонгогдсон Хурлын Тэргүүлэгчид товлон зарлах үүрэгтэй.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн  “Тов тогтоох тухай” 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 00 минутад “Ардчиллын ордны хурлын танхим”-д хуралдуулах”-аар товлон, Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталжээ.
Улмаар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 00 минутад “Ардчиллын ордны хурлын танхим”-д хуралдуулахаар товлосон Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны хурлын товыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны орц, нийтийн эзэмшлийн талбайд байршуулан тус хорооны иргэдэд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан фото зургуудаар нотлогдож байгаа.
Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан “Ардчиллын ордны хурлын танхим”-д 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 00 минутад хуралдсан бөгөөд хуралдаанд нийт 2530 өрхөөс 123 иргэн хүрэлцэн ирж оролцсон болох нь хуралдаанд оролцогч иргэдийн ирцийн бүртгэлээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны зарыг иргэдэд хүргэсэн, нөгөөтэйгүүр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу Анхдугаар хуралдааныг ирц хангалттай бүрдсэн зэргээс үзэхэд уг Анхдугаар хуралдаанаас гаргасан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг дарга томилуулахыг уламжлах тухай” 05 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр юм.
Хэдийгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн “Тов тогтоох тухай” 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Анхдугаар хуралдааныг товлон зарлахдаа товлон зарлах өдрөөс 15 дахь хоногт хуралдуулахаар тогтоосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ... хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчсөн боловч энэ нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгоход нөлөөлөхгүй гэж үзлээ.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна.
Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Анхдугаар хуралдаанд тус хорооны нийт 123 иргэн оролцон, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэн нутгийн өөрөө удирдах ёсны анхан шатны нэгжээ сонгосныг зөвхөн “анхдугаар хуралдааныг товлон зарлахдаа товлон зарлах өдрөөс 15 дахь хоногт хуралдуулахаар тогтоосон” нь хууль бус гэсэн үндэслэлээр эдгээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нөгөөтэйгүүр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Анхдугаар хуралдааныг товлон зарласан иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тов тогтоох тухай” 12 дугаар тогтоол нь нэхэмжлэгч нарыг эрхийг зөрчсөн талаар маргаагүй юм.
Харин анхан шатны шүүх, “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид Анхдугаар хуралдааныг товлон тогтоож шийдвэрлэх байтал уг хугацааг баримтлаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэн Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
                                                                         ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Д.Ю, Г.О, Р.М, Ч.Н нарын “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 03 дугаар тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд Л.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР