Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 123/2019/0004/з |
Дугаар | 400 |
Огноо | 2019-12-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 400
Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах “
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0437 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0437 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0437 дугаар магадлалыг гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль зөрчиж хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Үүнд:
3.1. Магадлалд нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн ба үүнтэй холбогдуулан бичгээр хандан гомдол гаргаж байсан боловч шүүхээр маргаагүй байна” гэжээ. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах, дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд шүүхэд хандах эрхтэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 101 дүгээр тогтоол нь түүний эрхийг зөрчиж байгаа гэсэн агуулгатай гомдол гаргаж байсан боловч энэ нь албан үүргээ гүйцэтгэхгүй байх шалтгаан биш, нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолсон.
3.2. Мөн магадлалд “Сонсох ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт... батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно" гэж заасан. Гэтэл хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа гэх учир битүүлэг асуулт хариулт явуулсан ба дээрх асуулт хариултаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгчийн санал хүсэлтийг огт хүлээн аваагүй юм. Гэтэл магадлалд хуулийн хүрээнд явуулсан гэж дүгнэж байгаа нь материаллаг хуулийг буруу хэрэглэсэн.
4. Нэхэмжлэгч тухайн өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтэй байсан нь нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх харгалзаж үзээгүй бөгөөд Т аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гэх ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлтийг магадлалынхаа үндэслэл болгож байгаа нь хууль зөрчсөн. Тухайлбал, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э нь өөрийн эхнэрийн төрсөн эгч болох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Э-аар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/08 дугаар дүгнэлт гэх Нийтийн албаны 5 хуулийг зөрчсөн шийдвэр гаргуулж түүнийгээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байтал магадлалд үүнийг дурдаж, харин ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байсан эсэхийг магадлаагүй юм. Нэхэмжлэгч тухайн өдрүүдэд өвчтэй байсан, энэ талаараа захиргаанд мэдэгдсэнийг нотлох хангалттай баримт байдаг бөгөөд нэхэмжлэгчийг тухайн өдрүүдэд эмчийн хяналтад байсан талаар эмчлэгч эмч нь гэрчилсэн.
5. Шүүх магадлалдаа “нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн” гэх өнгөц дүгнэлтийг хийсэн атлаа хариуцагч Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг ноцтой зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын албан тоот, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байхад магадлаагүй.
6. Хэрэг анх хуваарилагдсан н.Н шүүгч ямар учир шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнд ороогүй, мөн шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 1 сарын дараа магадлалыг оролцогчдод гардуулсан эсэх нь ойлгомжгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан дараах гомдлын шаардлагыг ямар учраас хэрэгсэхгүй болгосон талаар давж заалдах шатны шүүх магадлалд огт тусгаагүй. Үүнд:
6.1. Маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Уг хуулийн зүйл хэсэгт “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” шийдвэрийн талаар нэхэмжлэгчид огт танилцуулаагүй энэ талаарх тэмдэглэл байхгүй, нэхэмжлэгчээс захиргааны актад огт хамааралгүй асуулт асууж хариулт авах хэлбэрээр явагдсан тэмдэглэлийг анхан шатны шүүх сонсох ажиллагаа явуулсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд харамсаж байна.
6.2. Мөн сонсох ажиллагаа гэх нэршил бүхий асуулт, хариултын үеэр нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан байдаг бөгөөд хариуцагчийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ч гэсэн өмгөөлөгч авна“ гэх утгагүй хариултаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
6.3. Маргаан бүхий захиргааны акт болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн албан үүргээ гүйцэтгээгүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан байна. Гэтэл хэргийн материалд Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэвийн үйл ажиллагаа хэдий хугацаагаар, хэрхэн яаж алдагдсан асуудлыг хариуцагчийн зүгээс шалган тогтоосон баримт байхгүй, захирамжийн үндэслэл болох ач холбогдол бүхий баримт хэрэгт байхгүй, өөрөөр хэлбэл хариуцагч шийдвэрийнхээ үндэслэл хэсэг, түүнд холбогдох баримтыг ирүүлээгүй байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий акт нь үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгчийг анх 2016 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлснөөс хойш Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сахилгын шийтгэл ногдуулсан 03 дугаар захирамж нь түүнийг ажлаас халсан 5 дахь удаагийн шийдвэр юм. Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль журам болон бусад холбогдох эрхийн актын дагуу ажлаас чөлөөлөөгүй, зөвхөн авлига ашиг сонирхол, 60 тэрбумын системийн дагуу ажлаас чөлөөлж байсан бөгөөд нэхэмжлэгч хүчирхийлүүлж байсан 3 жилийн хугацаанд биеийн байдал нь эрс муудаж, удаа дараа эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байсан, одоо ч эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан 47 өдөр /хэрхэн яаж 47 өдөр тогтоож гаргасан нь тодорхойгүй/ нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтсэн, удаа дараа өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байсан, эмнэлгийн магадалгаа холбогдох баримтыг хэргийн материалд эх хувиар нь хавсаргасан байхад анхан шатны шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн гэрч Ц.М нь нэхэмжлэгчийг үзэж эмчилж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байхад шүүх харгалзан үзээгүй.
8. Хариуцагчийн зүгээс эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж албан үүргээ гүйцэтгэж байсан эмч нарт үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч, Цагдаагийн байгууллагаар шалгуулж нийгмийг айдас хүйдэст автуулаад байгаа юм. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэхэмжлэгчийг хууль бусаар 4 дэх удаагаа албан тушаал бууруулж шийдвэрлэсэн байхад шүүх нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, актыг илт хууль бусад тооцсон. Үүний дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг буцаан ажилд нь үргэлжлүүлэн томилсон шийдвэр гаргасан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 101 дүгээр тогтоолд нэхэмжлэгчийн цалин хөлсний асуудлыг шийдээгүй, уг тогтоолыг нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч 101 дүгээр тогтоолыг мэдсэн цагаас эхлэн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор дээд шатны захиргааны байгууллагад нь “хөдөлмөрлөх түүнийхээ үр шимийг хүртэх” эрхээ сэргээлгэх талаар гомдол гаргасан боловч түүнд тодорхойгүй хариу өгч байсан. Дээд шатны захиргааны байгууллагаас ирүүлсэн хариуг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд тоологдох талаар нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд тайлбар гаргасан боловч хүлээж аваагүй.
9. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдож чөлөөлөгддөг албан тушаал бөгөөд энэ талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан. Гэтэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлж /халж/ байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуулийн зорилго зорилтод нийцэхгүй. Тодруулбал, нарийн бичгийн даргыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж, түүнийг үндэслэн Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлаас чөлөөлөх хуультай.
10. Төрийн болон төрийн бус байгууллага хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн стандарт нөхцөлийн дагуу хууль тогтоомжоор зохицуулаагүй бусад харилцааг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулдаг. Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь хөдөлмөрийн дотоод журамтай бөгөөд маргаан бүхий актын үндэслэл хэсэгт хөдөлмөрийн дотоод журмын 5.1 гэжээ. Уг заалтад хөдөлмөрийн дотоод журмаар хөдөлмөрийн сахилга хариуцлагын асуудлыг огт журамлаагүй, ямар зөрчлийг сахилгын зөрчил гэж тооцох эсэх, түүнд ямар хариуцлага хүлээлгэж болох эсэх талаар огт журамлаагүй, тодруулбал 47 өдөр ажил тасалсан бол сахилгын зөрчилд тооцно гэсэн материаллаг зохицуулалт байхгүй байхад дур мэдэж сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.
11. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах талаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын гол зорилго нь нэхэмжлэгчийг хуурамч эмнэлгийн магадалгаа бүрдүүлсэн эсэхийг шалгуулж тогтоолгохоор Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт уламжилсан. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийг шалгаж дүгнэлт гаргуулах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э-ын албан хүсэлтээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Э /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э-ын эхнэрийн төрсөн эгч/ нь өөрийн төрсөн дүүгийн нөхрөөс ирсэн хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийх албан удирдамж баталж шалгалт явуулсан байдаг.
12. Шалгалтаар эмч үзлэгийн тэмдэглэлээ цахим бүртгэлд бүртгээгүй, иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, байгууллагын цахим системд оруулаагүй, ерөнхий эмч гарын үсэг зураагүй, тамга дараагүй гэх эмнэлгийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэхэмжлэгч иргэнд хамаатуулан дүгнэж өөрийн төрсөн дүүгийн нөхөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э-д хаяглан албажуулж хариуг явуулсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э нь өөрийн эхнэрийн төрсөн эгчээс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэх огт гараагүй эрхийн актыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э, Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Э нар нь Гэр бүлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад хуулийн дагуу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна гэж үзэн хууль зөрчсөн талаарх дүгнэлт шаардлага хүргүүлсэн байдаг.
13. Сахилгын шийтгэл ногдуулах гол үндэслэл болгоод байгаа дээрх асуудлаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гомдол гаргаж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдаж байсан боловч шүүх үүнийг огт хүлээж аваагүй, шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт зориудаар оруулаагүйд харамсаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан зорилт, зарчмын дагуу явагдаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч өвчтэй байсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгч 47 өдөр ажил тасалсан гэж шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж маргадаг, харин шүүх хөндлөнгийн зүгээс хариуцагчийн тайлбар үндэслэл, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэр гаргах атал хариуцагчтай нийлж түүний шийдвэрийн үндэслэлийг 47 бус 17 болгон засаж залруулан нотолж, шийдвэр гаргасанд нэхэмжлэгчийн зүгээс маш их харамсаж байгаа.
14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0437 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёс болон шударга ёсыг сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
16. Тогтоолын Тодорхойлох хэсгийн 3.1 болон 8-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийн тухайд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал, хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 101 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-ыг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тогтоолыг түүнд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгчээс уг тогтоолтой холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “...5,613,685 төгрөгийн гэм хорын асуудлыг шийдвэрлээгүй...” гэсэн агуулгатай гомдлыг гаргасан /өөрөөр хэлбэл ажилд үргэлжлүүлэн томилсонтой маргаагүй/ байх ба уг гомдолд Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “хууль бус актын улмаас учирсан хохирол цалин хөлс 5,613,685 төгрөгийг нягтлан үзэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж шийдвэрлүүлэх бодолтой байна...” гэсэн хариуг өгсөн, үүний дараа нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид дахин гомдол гаргасан боловч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасантай нийцээгүй, нэг үгээр хэлбэл, нэхэмжлэгчээс 101 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч шүүхээр маргаагүй тул уг тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Д.Б-ын101 дүгээр тогтоолтой маргасан үйл баримт нь /цалин хохирлын талаар / тэрээр албан үүргээ гүйцэтгэхгүй байх шалтгаан биш бөгөөд тэрээр шүүхэд “би ажилдаа албан ёсоор томилогдоогүй” гэж маргаагүй, харин “өвчтэй байсан” гэсэн агуулгаар маргаж, холбогдох баримтуудыг өгсөн байна.
17. Мөн хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 тоот албан бичгээр “...ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 47 өдөр ажил тасалсан,...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу танд сахилгын шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэл үүссэн байна...Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлын талаар тодруулах, харилцан ярилцах, таны тайлбар, саналыг сонсох, цаашид авах арга хэмжээний талаар сонсох ажиллагаа явуулах тухай танд мэдэгдэж байна...” гэсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн байх ба нэхэмжлэгч Д.Б нь уг сонсох ажиллагаанд буюу Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцож, эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн тухайгаа тайлбарлаж, холбогдох баримтуудыг өгсөн, тус хуралдаанаас сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийг нягтлан шалгах ажлын хэсэг гаргаж, шалгалтын дүнг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэх шийдвэр гаргасан зэргээс үзвэл, Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах... гомдол гаргах журам”-ыг зөрчөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
18. Тодруулбал, сонсох ажиллагааны зорилго, хэлэлцэх асуудал нь тодорхой буюу нэхэмжлэгчийн ажилд ирээгүй шалтгааныг тодруулах, энэ нь сахилгын зөрчил мөн эсэх, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тодруулахад чиглэгдсэн байх бөгөөд уг ажиллагаанд нэхэмжлэгч оролцож өөрийн байр суурийг илэрхийлж, холбогдох баримтыг өгсөн байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3.2, 6.1-д заасан “хариуцагч сонсох ажиллагааны журмыг зөрчсөн, огт мэдэгдээгүй, санал хүсэлтийг огт аваагүй, огт хамааралгүй асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан...” гэсэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.
19. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн нь захиргаанаас шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөх этгээдэд буюу тухайлбал, захиргааны актын улмаас эрх нь хөндөгдөх этгээдэд огт мэдэгдэлгүйгээр гаргах ёсгүй, харин гаргах гэж буй шийдвэрийнхээ үндэслэлийг тодруулах зорилгоор тухайн этгээдийн тайлбар, саналыг сонсох, хэрэв тэр нь үндэслэлтэй бол шийдвэр гаргахдаа харгалзан үзэх, ингэснээр захиргааны шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангахад чиглэгдэж байгаа болохоос бус сонсох ажиллагаанд оролцсон этгээдийн санал, хүсэлтийг заавал авна гэсэн үг биш юм.
20. Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлдэгт оршдог /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл/ ба анхан шатны шүүх уг зарчмыг хэрэгжүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр “нэхэмжлэгч нь албан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 17 өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй...” гэж дүгнэснийг “нэхэмжлэгч нь холбогдох баримтаа өгсөөр байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, гэрчийн мэдүүлгийг харгалзаж үзээгүй, эмнэлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэхэмжлэгчид хамаатуулж дүгнэсэн, шүүх хариуцагчтай нийлж түүний шийдвэрийн үндэслэлийг өөрчилсөн” гэж үзэхгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 7, 12, 13-т заасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.
21. Харин маргаан бүхий актын үндэслэлд заасан “нэхэмжлэгч албаны үйл ажиллагааг алдагдуулсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн, гэхдээ нэхэмжлэгч нь “албан үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан болох нь /дээр дурдсанаар/ тогтоогдсон ба энэ нь Д.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 03 дугаар захирамжид заасан хууль зүйн үндэслэлд нийцэж байх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 6.3-д заасан гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
22. “Хариуцагч “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн.., нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль журам болон бусад холбогдох эрхийн актын дагуу ажлаас чөлөөлөөгүй, зөвхөн авлига ашиг сонирхол, 60 тэрбумын системийн дагуу ажлаас чөлөөлж байсан бөгөөд нэхэмжлэгч хүчирхийлүүлж байсан,… Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э нь өөрийн эхнэрийн төрсөн эгчээс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэх огт гараагүй эрхийн актыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан, ...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э, Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Э нар нь Гэр бүлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад хуулийн дагуу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна гэж үзэн хууль зөрчсөн талаарх дүгнэлт шаардлага хүргүүлсэн, сахилгын шийтгэл ногдуулах гол үндэслэл болгоод байгаа эдгээр асуудлаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гомдол гаргаж шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдсан боловч шүүх үүнийг огт хүлээж аваагүй, шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт зориудаар оруулаагүй…” гэх зэрэг нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл нь /Тодорхойлох хэсгийн 5, 7, 12, 13/ нь эрх бүхий этгээдээс бүрэн тогтоогоогүй, энэхүү хэрэгт шууд хамааралгүй, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал биш байна. Харин нэхэмжлэгчийн хувьд холбогдох албан тушаалтнуудтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар зохих журмын дагуу маргах эрх нь нээлттэй.
23. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 1043 дугаар захирамжаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон бөгөөд /2 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/ уг бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байх тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан” гэсэн агуулгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
24. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2019/0014 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0437 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ