Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Б.Батмөнх (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батхуягийн Батмөнхөд холбогдох эрүүгийн 1809003510217 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 19-А байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФМ82070372 регистерийн дугаартай, Мянгад овогт Батхуягийн Батмөнх.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Батмөнх нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баянжаргалд “агаар цэвэршүүлэгч захиалж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 900.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 416003972 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блью Скай” зочид буудалд иргэн С.Орхонтуулыг “Европын орнуудаар аялалаар явуулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.188.450 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 416003972 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдэж бусдад 4.088.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батмөнх мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баянжаргал /хх-ийн 15-18/, С.Орхонтуул /хх-ийн 45-46/ нарын мэдүүлэг, Б.Батмөнхийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24, 49/, Б.Баянжаргал, Б.Батмөнх нарын фэйсбүүкээр харьцаж бичсэн захидлын хуулбар /хх-ийн 8-13/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 32/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 35/, С.Орхонтуулаас Б.Батмөнхийн Худалдаа хөгжлийн банкны дансанд нийт 3.188.450 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 57/, хохирогч Б.Баянжаргал, С.Орхонтуул нарын “гомдол саналгүй, хохирлоо барагдуулж авсан” гэсэн хүсэлт санал /хх-ийн 32, 88/  зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Батмөнх нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутагт “агаар цэвэршүүлэгч захиалж авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.Баянжаргалаас 900.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 416003972 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Блью Скай” зочид буудалд “Европын орнуудаар аялалаар явуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Орхонтуулаас 3.188.450 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 416003972 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, бусдад нийт 4.088.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Баянжаргалын /хх-ийн 15-18/: “... 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүкийн найз зүс таних Батхуяг овогтой Батмөнх гэх хүнд фейсбүүкээр 3 ширхэг агаар цэвэршүүлэгч авахаар захиалга өгсөн юм. Тэр залуу “өөрт нь 2 хүн байгаа, 5 хүн болж байж захиалга цаашаа хийгдэнэ. 3 хүнийхээ урьдчилгаа мөнгө 900.000 төгрөгийг одоо хийчихвэл захиалга авлаа” гэж хэлсэн. Би Голомт банкны 2209288444 дугаарын данснаас Батмөнхийн Худалдаа хөгжлийн банкны 416003972 дугаарын дансруу 900.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө “бүх захиалга хийгдсэн шүү. Захиалга 7 хоногийн дараа ирнэ” гэж чат бичсэн. ... Би “9 дэх өдөр боллоо, агаар цэвэршүүлэгч юу болов” гэсэн чинь хариу өгөөгүй. ... 11 дүгээр сарын 26-ны өдөр чат бичих гэсэн чинь намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Орхонтуулын /хх-ийн 45-46/: “... Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Блью Скай” зочид буудалд Батхуягийн Батмөнхтэй уулзахад надад “Европын орнууд руу аяллаар явуулж өгч чадна. Мөнгө төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Батмөнхийн  Худалдаа хөгжлийн банкны 416003972 дугаартай данс руу 3.188.450 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн боловч намайг аялалаар явуулаагүй өдийг хүрсэн. “Визэнд оруулж өгнө” гэж надаас мөнгө авсан. “Виз чинь бүтээгүй” гэж худал хэлээд ерөөсөө уулзахгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзахад “би удахгүй мөнгийг чинь буцааж өгнө, 1 сарын хугацаа өгчих, мөнгөөр чинь мөрийтэй тоглоод алдчихлаа” гэж хэлэхээр нь би “чамайг цагдаагийн байгууллагад өгнө” гэж хэлээд явуулсан. Энэ цагаас хойш нэг ч удаа надтай уулзахгүй алга болсон. Б.Батмөнхийг миний төрсөн дүү Дорждаваа таньдаг байсан. Батмөнхөд өгсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Батмөнхийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24, 49/: “... Б.Баянжаргалаас агаар шүүгч захиалж авч өгнө гэж 900.000 төгрөгийг авсан…Б.Баянжаргалын мөнгийг Сүрэн гэгчид ямарч баримтгүйгээр бэлнээр өгсөн…Б.Баянжаргалд “мөнгийг чинь Сүрэнд өгсөн” гэж хэлээгүй юм…Тухайн үед гэр бүлийн асуудал гараад би өөрийнхөө фэйсбүүкийг хаачихсан юм…,

…Би С.Орхонтуулаас тийзний мөнгө гэж 3.188.450 төгрөг авсан…Тухайн үед өөр хүнд өртэй байсан…Монголд ирээд С.орхонтуултай “Зээлийн гэрээ” байгуулсан юм… Тухайн үед гэр бүлийн асуудал гараад би утсаа салгаад нэг хэсэг алга болсон юм…” гэх мэдүүлгээр болон Б.Баянжаргал, Б.Батмөнх нарын фэйсбүүкээр харьцаж бичсэн захидлын хуулбар /хх-ийн 8-13/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 32/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 35/, С.Орхонтуулаас Б.Батмөнхийн Худалдаа хөгжлийн банкны дансанд нийт 3.188.450 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 57/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Батмөнхийн “бараа захиалж авчирч өгнө, гадаад улс руу аялалаар явуулж өгнө” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч хохирогч нарын мөнгийг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Батмөнх нь Европын орнууд руу аялалаар явуулж өгнө, захиалгаар бараа авчирч өгнө гэж иргэдэд ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, хямд зардлаар бараа авах, гадаад улс руу аялах гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан барааны үнэ, аялалын зардалд мөнгөн хөрөнгө гаргуулан авч, бараа захиалах, аялалд явуулах талаар өгсөн амлалтуудаа эс биелүүлэн хохирогч нарын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулсан дээрх үйлдлүүд нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгөн хөрөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 4.088.450 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

 Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Б.Батмөнхийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.Баянжаргал, С.Орхонтуул нарын “гомдол саналгүй, хохирлоо барагдуулж авсан” гэсэн хүсэлт санал хавтаст хэргийн 32, 88 дугаар талд тус тус авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн прокурорын саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мянгад овогт Батхуягийн Батмөнхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ