Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00687

 

Р.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 000 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Т ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Р.Т нь М.Г д 2016 оны 12 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 01 сарын 09-ний өдөр 16,900,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. М.Г нь нэг сарын хугацаатай зээлж аваад өгөхгүй, цаг хугацаа алдуулж, бодит хохирол учруулсан. ...Би зээл аваад таны мөнгийг өгнө, та битгий санаа зовоорой... гэж хэлж байсан. Сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэж үзэж байна. Учир нь Ж т сүлжээний эрүүгийн хэрэг 2017 оны 02 сараас эхлэн шалгагдсан бөгөөд энэ үед уулзаж, утсаар ярьж, байнга мөнгөө нэхэж байсан.

Иймд хариуцагчаас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: М.Г нь нэхэмжлэгч Р.Т аас 2017 оны 01 сарын 09-ний өдөр 16,900,000 төгрөг авахдаа Ж т к ХХК-ийн Р.Т ын доод суудалд орж ажиллаж, түүнийг шар матрицийн орой дээр суудалтай болгож өгсөн. Р.Т нь шар матрицийн орой дээр суудалтай болж, үүний цалинд дээрх 16,900,000 төгрөгийг авсан. М.Г нь 16,900,000 төгрөгийг эргүүлээд Ж т к ХХК-ийн дансанд оруулсан. 2017 оны 01 сарын 09-ний өдөр 11,550,700 төгрөгийг Л.Б гээр, 2017 оны 01 сарын 12-ны өдөр 3,050,000 төгрөгийгТ.Б ийн нэрээр, 2017 оны 01 сарын 17-ны өдөр 2,293,000 төгрөгийг нөхөр Г.Г ын нэрээр тус тус Ж т к ХХК-д оруулсан бөгөөд ингэж оруулснаар нөхөр Г.Г ын шар матрицын суудлын цалин олгогдох байсан бөгөөд уг мөнгөнөөс Р.Т т олгохоор тохиролцсон байсан. Уг тохиролцооны бичиг хэргийн материалд авагдсан байгаа. Гэтэл Ж т к ХХК нь 2017 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн дампуурч, уг хэрэг эрүүгийн журмаар шалгагдан одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд М.Г нь Ж т к ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт бусад олон зуун иргэдийн адил залилуулан хохирсон иргэн билээ.

Иймд Р.Т ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г гаас зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г гаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т т олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа, зээлдэгчийн эрх ашиг хэзээ хэрхэн зөрчигдсөн болон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаарх шаардах эрх хэзээнээс үүссэн, уг шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар буюу гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тасалдсан зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй.

Тухайлбал, 2016 оны 12 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 01 сарын 09-ний өдөр 16,900,000 төгрөг, нийт гурван удаагийн үйлдлээр 18,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний 1 сарын хугацааг тоолоход нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хугацаа 2017 оны 02 сарын 09-ний өдрөөс эхэлж байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч М.Г г анх 2020 оны 09 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн анх шаардлага гаргасан хугацаа юм. Үүний дараа нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч М.Г г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 08-ны өдөр өгсөн ба тус шүүхээс 2020 оны 09 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлээ Нэхэмжлэгч Р.Т нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж хариуцагчтай холбогдож байсан талаараа болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэд хэдэн удаа уулзаж мөнгөө нэхэж байсан, түүнчлэн гэрч Д.А нь хариуцагч М.Г тай утсаар ярихад нь хэд хэдэн удаа хамт байсан талаар мэдүүлсэн болон хариуцагч М.Г д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан зэргээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад гэрч Д.А нь тухайн зээл өгсөн авсан харилцааг нарийн тодорхой мэдэхгүй бөгөөд зээлийг дансаар шилжүүлж олгосон байхад гэрч нь бэлнээр өгсөн гэж тайлбарлаж, цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлж байгаа нь тухайн гэрчийн мэдүүлэг хөдөлбөргүй үнэн буюу нотолгооны чадвараа алдсан гэж үзэхээр байна. Мөн гэрч Д.А нь өөрөө М.Г г шүүхэд өгөх талаар Р.Т т тайлбарлаж, 2019 оны 10 сард Р.Т ыг өмгөөлөгчтэй танилцуулж, зөвлөгөө авахуулж байсан зэргээс харахад нэхэмжлэгч Р.Т нь шаардах эрхээ хэрэгжүүлэн боломжит хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааг тодорхой мэдсэн нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан журмаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шүүхийн журмаар шаардаж байгаагүй бөгөөд ...Ж т сүлжээний хэрэг эрүүгийн журмаар шалгагдах явцад цагдаагийн байгууллагын гадаа таарахдаа нэхэж байсан гэж мэдүүлсэн. Түүнчлэн, гэрч Д.А тай хэд хэдэн удаа утсаар ярьсан гэж хэлдэг. Д.А нь гэрчийн мэдүүлэгтээ Р.Т ахын өмнөөс М.Г тай утсаар ярих гэж залгаж байсан, гэрт нь очиж байсан, мөнгийг нь бэлнээр өгсөн гэх зэрэг хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Иймд хэрэгт хувийн ашиг сонирхолтой байж болох гэрчийн зөрүүтэй мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон, уг мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй, баталгаа бичиг болон хугацаа тохирсон зүйл байхгүй байхад Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч М.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчид гурван удаагийн шилжүүлгээр нийт 18,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, нэг сарын дараа буцаан өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч М.Г бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...М.Г нь Р.Т ыг Ж т сүлжээний шар матрицийн орой дээр суудалтай болгож өгсөн, М.Г нь 16,900,000 төгрөгийг Ж т к ХХК-д буцаан төлсөн, зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

4.   Хэрэгт авагдсан Хаан банкны 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Р.Т аас хариуцагч М.Г д 2016 оны 12 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 01 сарын 09-ний өдөр 16,900,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон. /хх 47-49/

 

5.   Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, зээлдүүлэгч Р.Т нь зээлдэгч М.Г гаас түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Хариуцагч М.Г гийн шилжүүлсэн гэх нийт 16,897,070 төгрөгийн хүлээн авагч нь Ж т корпорейшн ХХК болох нь холбогдох орлогын мэдүүлэг, дотоод шилжүүлгийн маягтаар нотлогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг Р.Т т шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй, улмаар зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох үндэслэлгүй. /хх 29-31/

 

6.   Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

6а. Зээлийн гэрээний хугацаа нэг сар байсан талаар зохигчид маргаагүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх 2017 оны 02 сарын 09-ний өдрөөс үүссэн.

6б. Хэргийн 8 дугаар талд хариуцагч М.Г гийн үйлдэж, гарын үсэг зурсан ...цалингаас нь 18,000,000 төгрөг М.Г хүлээн авлаа, ...нөхрийнхөө цалинг гарахаар буцаан 18,000,000 төгрөгийг Р.Т ахад өгнө гэсэн агуулга бүхий бичгийн нотлох баримт авагдсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Дээрх бичгийг зээл авах үедээ буюу 2017 оны 01 сарын 09-ний өдөр үйлдсэн гэсэн тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн татгалзлаа үүрэг гүйцэтгэгч өөрөө нотлох учиртай.

6в. Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч М.Г д холбогдуулан 2020 оны 09 сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, мөн 2020 оны 09 сарын 08-ны өдөр шүүхэд хандаж хариуцагч М.Ганчимэгийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргуулсан үйл баримт хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 000 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон. /хх 50-51, 51-52/

 

7.   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР