Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00026

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                     Хэргийн индекс: 135/2022/00157/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах” тухай,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь эд хөрөнгө хураах тогтоол 3 удаа үйлдэн эд хөрөнгүүдийг 3 дах удаагаа хурааж хууль бус ажиллагаа явуулсан.

Мөн шинжээч томилж 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үнэлүүлсэн үнэлгээгээр 2 давхрын 3 өрөө орон сууцыг 56,422,510 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 477 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт 367,860,690 төгрөгөөр маш бага үнэлсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д ...анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан байхад дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг минь хүлээн авч дахин үнэлгээ тогтоолгүй, 1 жил 6 сарын өмнө тогтоосон үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 477 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 305,000,000 төгрөгөөр худалдан борлуулж бусдад давуу эрх олгосонд гомдолтой байна.

Тус гомдлын хариуд гомдол гаргасан үндэслэлүүдэд бүрэн дүүрэн хариулт өгөлгүй яагаад 3-н удаа хураах тогтоол үйлдэх болсон, 2 тогтоолын аль нь хүчинтэй, үүний үр дүнд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө хүчинтэй эсэх тал дээр огт хариу өгөөгүй. Мөн тухай бүр хариуцагч надад танилцуулж мэдэгдэх ёстой байсан ч огт мэдэгдээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-т Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох... талаар заасан байх тул хураасан тогтоолыг хүчингүй болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2 тогтоол өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Мөн тус хуулийн заалтад үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан тохиолдолд дахин үнэлгээ тогтоохгүй гэсэн үг, үсэг нэг ч байхгүй байхад хуулийг буруу хэрэглэж хохироосонд гомдолтой байна гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул төлбөр төлөгч *******ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч *******ийн Дархан-Уул аймаг дахь *******д холбогдуулан хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

4.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 217 дүгээр зүйлийн 271.3.1-т Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох... талаар заасан байх тул эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2 тогтоол хүчин төгөлдөр бус.

Гэтэл шүүх Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 06 дугаартай тогтоолоор, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцсон байна гэж нотлох баримтыг үнэлсэн нь болсон үйл баримтын хувьд цаг хугацааг огт харгалзаж үзэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд аль хэдийн албадан дуудлага худалдааг явуулж миний хөрөнгийг худалдан борлуулсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж хүчингүйд тооцсон байгааг анхаарч үзсэнгүй.

4.б. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх ёстой байтал бодитоор үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан эд хөрөнгө хураасан тогтоолууд болон хууль бус ажиллагааны үр дүнд болсон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл/гомдол/-н шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан *******ийн ... 3.1.ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 22-ний, 03 дугаар сарын 27-ний өдрийн 03/005 тоот тогтоолуудын аль нь хүчинтэй, үүний үр дүнд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй эсэхэд анхаарч, нотлох баримтыг бодитоор үнэлээгүй,

3.2.Шүүх нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцсон байна гэж үнэлсэн нь болсон үйл баримтын хувьд цаг хугацааг огт харгалзаж үзэлгүй дүгнэлт хийсэн,

3.3. хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бодитоор үнэлээгүйд гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг нэмж хийлээ.

4. Хэргийг судлан үзвэл: Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг 392,849,611.03 төгрөгийн хэмжээнд баталсан байх бөгөөд хариуцагч нар нь төлбөрийг барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч Төрийн банк Дархан салбарын хүсэлтийн дагуу шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 6800 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх-40-43/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 6.2.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн явуулна гэж хуульчлан зохицуулсан.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн ...6.2.2, ...-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... хамаарна гэж заасан ба анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6800 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 1073 тоот гүйцэтгэх хуудас олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 83 дугаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол/хх-44/ авагдсан байх ба энэ нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар дээр дурдсан гүйцэтгэх баримт бичгийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, тогтоол гаргажээ гэж үзэхээр байна.

Хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх баримтад үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн *******, 360 м2 талбайтай барилгын дэлгүүр, 477 м2 талбай бүхий газар зэргийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хурааж, дуудлага худалдаанд оруулжээ./хх-45-50, 57,60,64,69,72/.

5. Төлбөр төлөгчид болон төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн/хх-51-52/, улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 20/12,20/13 дугаар тогтоолуудаар Толидох оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй.

6. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч *******, төлбөр авагч Төрийн банк нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр мэдэгдсэн байна./хх-62,63/

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилуулж үнэлгээ гаргуулах тухай гомдлыг анхан шатны шүүхэд гаргасан, энэ нь 3 шатны шүүхээр хянагдсан байх бөгөөд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 996 дугаар тогтоолоор ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасныг баримтлан ... байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 477 м.кв талбайтай эзэмших эрхтэй газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах болон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч *******ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байж түүний өмнөөс эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд энэ нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэгдсэн гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь дээрх 996 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэл гаргаагүй байх тул эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

8. 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураах тухай *******, дугаартай тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, *******, дугаартай тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр/хх-49,50/ тус тус үйлдсэн байна.

   Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 03 дугаар сарын 22, 27-ны өдрийн 2020/03/05 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *******, тоот тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсон, /хх-13,14,92/,

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 2020/03/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцжээ./хх-106/.

Тодруулбал, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 2020/03/05 дугаар тогтоол нь хүчингүй, харин 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 2020/03/05 дугаартай тогтоол нь хүчинтэй байна.

Энэ талаар гомдолд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцсон байтал анхан шатны шүүх 03 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг гэж буруу бичсэн, мөн дээр дурдсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолуудын аль нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй гэх агуулгын хүрээнд энэхүү тодруулгыг хийлээ.

Дээрх байдлуудаас дүгнэхэд: 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүйн улмаас дээд шатны эрх бүхий албан тушаалтнууд нь хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хүчингүйд тооцсон байх тул дахин 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр *******, дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг хураах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, ... эрхтэй.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 271.3-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба тэрээр хуулийн 271.3.1-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ...-н шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, ... , 271.3.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаарх гомдлыг хянан шийдвэрлэх эрхтэй байна.

9.Энэхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч нь Төрийн банкны Дархан салбар, төлбөр төлөгч нь *******, ******* нар байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн мөн хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах учиртай.

Иймээс анхан шатны шүүх гүйцэтгэх бичиг баримтын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, үнэлгээний талаар гаргасан гомдлыг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1., 66 дугаар зүйлийн 66.2, 177 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар нэхэмжлэгч нь гомдлоо шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байх тул гомдол үндэслэлгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эд хөрөнгийн үнэлгээний тадаар гомдол гаргаагүй, шинжээчийн гаргасан үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул ...шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад бичлэгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

11. Түүнчлэн анхан шатны шүүх нь шүүх хуралдааны тэмдэглэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ... гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, ... -т заасныг тус тус баримтлан ... гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж хууль хэрэглээг зөрүүтэй бичсэн алдаа гаргажээ.

Дээрх байдлыг тодруулах үүднээс шүүх хуралдааны бичлэг үзэх, сонсох шаардлага үүссэний дагуу тус шүүхийн Тамгын газарт албан бичгээр хүсэлт гаргасан боловч тус Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэг техникийн саатлын улмаас дуугүй, зөвхөн дүрс бичигдсэн болно гэсэн хариуг ирүүлсэн.

Гэвч шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/хх-124/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэсэн гарчиг бүхий албан ёсны бланк дээр бичигдсэн шийдвэр /хх-125-133/ зэргээр тогтоогдож байгаа, энэ талаар хэргийн оролцогч нарын хэн алинаас гомдол гараагүй, шүүхийн шийдэл нь адил бичигдсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин зөрчлийг магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн цаашид хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн шаардлагыг хангуулан авч хэрэгт хавсаргаж байхыг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ийн Дархан Уул аймаг дахь *******д холбогдуулан гаргасан хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан эд хөрөнгө хураасан тогтоолууд болон хууль бус ажиллагааны үр дүнд болсон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА    

                                                 ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ