Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 578

 

Т.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

ялтан Т.Мөнхбатын өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.Мөнхбатад холбогдох 201624000128 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ологонууд овгийн Төрмөнхийн Мөнхбат, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,                Монгол-Солонгосын Политехникийн коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сумын, Хайрхан баг, 10 дугаар байрны 36 тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тани-7-200 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ТЯ95121511/,

Т.Мөнхбат нь 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 22.30 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн автобусны 1 дүгээр буудлын замд Ш.Төрмөнхийн эзэмшлийн “Х.Соната-6” загварын 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарц нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч З.Догсом, О.Ууганбат нарыг мөргөж О.Ууганбатын биед хүндэвтэр, З.Догсомын биед хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Т.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ологонууд овогт Төрмөнхийн Мөнхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, хохирогч О.Ууганбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэж,

хохирогч З.Догсом нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 974346 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Соронзонболдод даалгаж,

Т.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэрэг гарах үед айж сандарсан ч гэлээ хохирогч нарт яаралтай тусламж дуудаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн. Мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй. Хохирогч нарт эмчилгээний зардал, бусад хохирлыг цаг тухайд нь өгч, гэм буруугаа ухамсарлаж, маш их гэмшсэн. Хохирогч З.Догсомд нийтдээ 10.800.000 төгрөгийн хохирол төлсөн, харин О.Ууганбатын хохирол төлбөрт 437.000 төгрөг өгсөн, мөн аавын эзэмшлийн “Х.Соната-6” загварын автомашиныг шилжүүлж өгсөн. Одоо хохирогч нар гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ туйлын их харамсаж байна. Миний бие Монгол-Солонгосын Политехникийн коллежийн 3 дугаар курсын оюутан бөгөөд сургуулиа төгсөж, ажиллаж амьдрахыг хүсч байна” гэжээ.

Ялтан Т.Мөнхбатын өмгөөлөгч Д.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тодорхой учраас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Т.Мөнхбат нь анх удаагаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэм бурууг ойлгож, гэмшиж байгаа. Энэ ч үүднээс хохирогчийн зүгээс нэхэмжилсэн эмчлгээний зардал болон бусад зардлуудыг сайн дурын үндсэн дээр ямар ч маргаангүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт 10.800.000 төгрөг төлсөн. Т.Мөнхбат нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө Монгол-Солонгосын политехникийн коллежийн 3 дугаар курст суралцаж байсан ба өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай, төлөв даруу, хамт олныхоо дунд нэр хүндтэй, цаашид сурч боловсрох, өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй, элдэв гаж зуршилгүй. Өнөөдрийн байдлаар хохирогч З.Догсом нь миний үйлчлүүлэгчээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна. Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрхи нөхцөл байдлуудыг дутуу үнэлж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан заавал хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогчийн талаас тэнсэж, хянан харгалзах тухай өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүхээс оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны дагуу заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Т.Мөнхбатын үйлдсэн хэрэг, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир энэ талаар тодорхой хэлэх зүйлгүй” гэв.

                                                                        ХЯНАВАЛ:    

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Ялтан Т.Мөнхбат нь 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 22.30 цагийн үед      өөрийн эцэг Ш.Төрмөнхийн эзэмшлийн “Х.Соната-6” загварын 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн автобусны 1 дүгээр буудлын замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, дүрмийн 13.2-т заасан  “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарц нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Догсом, О.Ууганбат нарыг автомашинаар мөргөж О.Ууганбатын бие махбодид эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн, З.Догсомын бие махбодид амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

ялтан Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Яармагийн 2 дугаар буудлын гэрлэн дохион дээр зогсоод ногоон гэрэл асахаар нь хөдлөөд явж байхдаа Яармагийн 1 дүгээр буудлын гэрлэн дохио ногоон асахыг харсан, тэгээд тухайн гэрлээр нь амжиж орох зорилгоор автомашиныхаа хурдыг 80 км/цаг хүртэл нэмээд замын 2 дугаар эгнээгээр явж байгаад Яармагийн 1 дүгээр буудлын гэрлэн дохио руу нилээн дөхөж явахдаа 3 хүн хойноосоо урагшаа зүгт зам хөндлөн гарч байхыг харсан. Тэгээд нэг хүн нь гүйгээд гарсан, 2 хүн нь ардаа үлдсэн. Тэгэхээр нь жолооны хүрдийг баруун гар тал руугаа дараад тормоз гишгэсэн боловч зогсолгүй тэр 2 хүнийг автомашиныхаа зүүн талын урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд автомашинаасаа буугаад 103 дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх1, х153/

хохирогч З.Догсомын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ослын улмаас аарцаг 4 хугарсан, дунд чөмөг хугарсан, тархинд хүнд гэмтэл учирсан. Толгой их өвдөж байна, аарцаг мөн их өвдөлттэй, баруун мөр бас зовиурлаад байгаа. Ер нь бол биеийн баруун тал их өөрчлөлттэй байгаа.” гэх мэдүүлэг /хх1, х99-101/,

хохирогч О.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ажлынхаа газрын тогооч Догсом, түүний ээж гэх нэг эмэгтэйн хамт гурвуулаа замынхаа хойд талаас урд тал руугаа зам хөндлөн гарсан юм. … замыг бараг туулаад гарч дуусах гэж байх үед баруун гар талаас буюу баруун зүгээс автомашины гэрэл орж ирээд сигналдсан, тэгээд л мөргүүлчихсэн. Нэг сэрэхэд автомашины жолооч залуу утсаараа дуудлага өгч байсан. Удалгүй түргэн болон цагдаа ирээд З.Догсом бид хоёрыг түргэний автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх1, х115-116/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Дашбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шүүхийн шинжилгээний газраас хүнд гэмтэлтэй гэсэн. Үнэхээр хүнд байгаа. Гэмтлийн 2 эмнэлэгт дамжиж эмчилгээ хийгдсэн, одоо гэртээ хэвтэрт байгаа. Цаашид гарах уршиг ихтэй, аарцагны яс яаж эдгэрэх нь тодорхой бус, тархи толгой цаашдаа уршиг ихтэй, гэнэт унадаг байдал бий болсон. Үүнд санаа зовж байна” гэх мэдүүлэг /хх1, х91-92/,

иргэний хариуцагч Ш.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Соната-6 загварын 47-72 УНЯ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийнх юм. Миний хүү Т.Мөнхбат надаас гуйгаад би нэг найзтайгаа уулзчихаад ирье гээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх1, х125/,

гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 4-ний орой 21 цагийн орчим ажил дээрээ байхад гадаа хүн орилох чимээ гарсан. Гараад хартал зам дээр нэг хүн хэвтчихсэн хажууд нь нэг хүн суучихсан орилж байсан ба өөр нэг залуу бас байсан. Мөн саарал өнгийн нэг автомашин хажуу талд нь замын голд зогсож байсан. Тэгээд ойр орчим цагдаа харагдахгүй байхаар нь 20 орчим минут хүлээгээд цагдаа ирэхгүй байхаар нь 102 руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд 10 орчим минутын дараа цагдаа ч ирсэн, түргэн ч ирсэн.” гэх мэдүүлэг /хх1, х120/,

гэрч Д.Загдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Охин З.Догсомыг автобуснаас тосож аваад зүүн талынх нь явган хүний гарцаар гурвуулаа З.Догсомын ажлын залуу болох О.Ууганбат нарын хамт зам хөндлөн хойноосоо урагшаа зүгт явган хүний ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан. Тэгээд эхнийхээ замыг гарчихаад 2 дахь замаа гараад бараг дуусч байтал баруун гар талаас буюу баруун зүгээс нэг автомашин маш хурдтай нилээн зайтай хол ирж яваа харагдсан. Тэгээд ногоон гэрэл асаалттай байсан болохоор үргэлжлүүлээд явж байтал зүүн гар талд тасхийх чимээ гарсан. Би үл ялиг урд байсан болохоор түрүүлээд гарсан юм. Тэгээд хартал З.Догсом, О.Ууганбат хоёр зам дээр хэвтэж байсан... Тэгээд удалгүй түргэн ирчихсэн тэгээд би охинтойгоо түргэний автомашинаар гэмтэл рүү явсан.” гэх мэдүүлэг /хх1, х123/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...З.Догсомын биед тархины баруун, зүүн духны урд хэсгийн тархины эдийн гүнд жижиг цус хуралтууд, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд болон тенториум, 2 талын чамархайн ар хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, 2 хажуу ховдлын арын эвэр, 4 дүгээр ховдлын цус харвалт, баруун дунд чөмөгний ясны ил хугарал, аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны далд хугарал, дух, баруун сарвуунд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.15, 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх 2017 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х128/,

“...О.Ууганбатын биед баруун суудал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2116 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х130/,

“...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны дүгнэлт зэргээс үзэхэд Х.Соната-6 загварын 47-72 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Мөнхбат нь МУ-ын ЗХД-ийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч З.Догсом, О.Ууганбат нар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны 16/6561 дугаартай дүгнэлтэнд “Х.Соната-6” загварын 47-72 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болно гэсэн байх тул зорчих хэсэг дээр үлдсэн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй юм.” гэх 143 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х137/,

Автотээврийн үндэсний төвийн “...Автомашины зүүн урд дугуйн тоормосны хүч 1.7 кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1.8 кН байсан ба тоормосны зөрүү нь 5.56%, хойд тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 0.9 кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1 кН байсан ба зөрүү нь 10%-тай, автомашины 1 дүгээр тэнхлэгийн тоормос хэвийн ажиллагаатай, 2 дугаар тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны идэвхжил муу байсан болно. Зүүн урд их гэрэл хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 27.1 мм/м ба урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байдалтай байлаа. Автомашины дугуйн хээний гүнийг штангенцеркулээр хэмжихэд 5-6 мм, дугуйн хийн даралт нь 1.8-2.0 бар байна. Уг автомашины зүүн хойд тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, шарвалт үүсгэх байдал үүсгэж болох хэдий ч тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй болно.” гэх 16/6561 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х133-135/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х3, х209-210/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх1, х5, х11, х207/

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х6-7, х12, х211/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх1, х8/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х9/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх  /хх1, х20-42/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас гадна хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Т.Мөнхбатад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээж аваагүй…хуулийн уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш” гэсэн дүгнэлтийг нэгэнт хийсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарахгүй тул шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх замаар ялтан Т.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг тэнсэх хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин ялтан Т.Мөнхбат нь одоо 20 настай, болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч нарын эмчилгээний зардлыг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд хохирогч З.Догсом нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг 3 сар 1 хоног баривчлах ял болгон өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ялтан Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Төрмөнхийн Мөнхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 1 хоног баривчлах ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн ялтан Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Ц.ОЧ