Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00028

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын
албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00121/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 17-ны өдрийн 251 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ Гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах” тухай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

 ******* нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий тракторыг 2,500,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдэх 2,500,000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор буюу 5 жилийн хугацаатай хүүгүй буцааж төлөхөөр гэрээ байгуулсан боловч төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз 1,250,000 төгрөг, гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий тракторыг 2,500,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдэх 2,500,000 төгрөгийн төлбөрийг 5 жилийн хугацаатай төлөхөөр авсан нь үнэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусаад 4 жил 4 сарын хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан ******* нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

4.а. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь давуу эрх олгосон, улсыг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хууль ёсонд таарахгүй, зээлдэгч талд илүү боломжийг олгосон шийдвэр гаргасан.

4.б.Түрээсийн зүйлийг зориулалтаар нь ашиглаагүй, санхүүгийн байдал доройтож зээлийг хугацаанд нь төлөх чадваргүй болсон тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар хуульд заасан тул Хөдөө аж ахуйг дамжих сангийн ажлын албаны зүгээс хохирлоо барагдуулах боломжтой.

4.в. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу сангийн зүгээс хохирлоо барагдуулах боломжтой.

4.г. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар санд учирсан хохирлыг нөхөн  төлүүлэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ...гэрээний үүргийн биелэлт нь одоог хүртэл биелэгдээгүй, нийт 3,750,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн ... ,75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2.1. Хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь хуулийн давуу эрх олгосон, улсыг хохироосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хууль ёсонд таарахгүй, өөрийн үүргээ биелүүлээгүй зээлдэгч талд илүү боломжийг олгосон шийдвэр гаргасан,

2.2. Гэрээний 5.3-т ...түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авах эс бөгөөс шүүхээр шийдвэрлүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан.

2.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу сангийн зүгээс хохирлоо барагдуулах боломжтой,

2.4. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтад тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

2.5. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгөхийг хүсье гэсэн агуулгыг тус тус тусгажээ.

3. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр  шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн  нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

4. Давж заалдах гомдлын гэрээний үүргийн биелэлт нь одоог хүртэл биелэгдээгүй,  нийт 3,750,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, ...хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй ...,  өөрийн үүргээ биелүүлээгүй  зээлдэгч талд илүү боломжийг олгосон шийдвэр гаргасан ...гэх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байх тул гомдлын  зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

5. Хэргээс судлан үзвэл: талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ” гэж нэрлэсэн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркын хадлангийн иж бүрдэл нэг ширхэг  эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, гэрээний хугацаа 5 жил буюу 60 сар байх, нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 2,500,000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх, үлдэгдэл төлбөр болох 50 хувь буюу 2,500,000 төгрөгийг 2013-2017 оны хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах, хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд  төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

6. Хэдийгээр талууд нь гэрээ-г “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ” гэж нэрлэсэн байх боловч гэрээний  агуулга, түүнд тусгасан нөхцөл зэрэг нь  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

7. Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн,  харин худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч биелүүлээгүй байх тул  нэхэмжлэгч буюу худалдагч  нь  FT-200 маркийн тракторын үнийн үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

8. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд  нэхэмжлэгч тал нь талуудын хооронд   гэрээний харилцаа үүссэн гэж  гэрээний үүргийн гүйцэтгэл болон  гэрээний хариуцлага  болох  “алданги”  зэргийг гаргуулахаар шаардсан  байх ба анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа дууссан  гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Хэргийн 9-11 дүгээр талд авагдсан  Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар “Хөдөө ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тушаал,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар “******* байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоол зэрэг бичгийн баримтуудаас үзвэл:   Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн  санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг,авлага, ...  г Хөдөө аж ахуйг дэмжих санд  балансаас балансад шилжүүлэхээр тус тус  шийдвэрлэж,  *******нд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:  75.2.1-д ” гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”  гэж   хуульчлан зохицуулсан.

Харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйл,заалтаар зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он,сар,өдрөөс, 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан.

11.Энэ хэргийн хувьд хэргийн 4-6 дугаар талд авагдсан гэрээнээс үзэхэд: гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байх ба   хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байна.

             Гэвч  уг хугацаанаас  өмнө Засгийн газрын тогтоол гарсан байх тул энэ үеэс *******нд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

            Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь  хөөн хэлэлцэх хугацааны дотор  гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага  гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

           Харин Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөх хэлэлцэх хугацаа  түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

12. Хариуцагч нь гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл тракторыг урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлж хүлээн авсан, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 20-нд төлж барагдуулахаар тохирсон болохоо  хүлээн зөвшөөрдөг,  энэ талаар маргаагүй.

13. Харин хаана, хэнд үлдэгдэл мөнгийг төлөх нь тодорхойгүй, нэхэж шаардсан тохиолдол гараагүй, олон жил чимээгүй явж байгаад нэхэмжлэл гаргаж алданги тооцжээ, төлье гэсэн сэтгэл байвч төлбөрийн чадваргүй болсон, гэрээний хугацаа дууссан  гэсэн тайлбарыг  анхан шатны шүүхэд бичгээр гаргаж маргасан. /хх-21/,

Мөн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд : тэрээр үлдэгдэл  төлбөрийг төлөх хугацаа болсон гэх үүднээс төлөх санаачлага гаргаж анх трактор хүлээлгэн өгсөн газартаа очсон  боловч хаана, хэн хүлээн авах нь тодорхойгүй, мэдэгдэхгүй, уулзсан хүмүүс нь энд хамааралгүй гэх тайлбар өгч байсан гэх зэрэг байдлаар явсаар өдийг хүргэжээ гэж үзэхээр байна.

13. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. 

Хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн  анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ.

14. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ/хх-4-6/-ний 5.2-т заасан “түрээслэгчээс түрээсийн үнэ, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгчийн лизинг хариуцсан ажилтан түрээслэгчийн бүх орлогод хяналт тавьж, төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна” гэсэн  үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн байх боловч энэ үүргээ хэрэгжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр  байна. 

15. Иймд хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 1,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

16. Харин давж заалдах гомдлын ... 2.3, 2.4, 2.5-д тусгасан  хэсгүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хангах боломжгүй, өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл гаргасан гэх атлаа үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсвэл хохирол гэх байдлаар гомдол гаргасан нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 17-ний өдрийн 251 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 1,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 

           Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 54950 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай” гэж нэмж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул  давж заалдах гомдол гаргахдаа чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАЙГАЛМАА                                                                

                                                ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ