Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2022/00251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2022/00121/и

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... хот, ..........дүүрэг, ...........дугаар хороо, ............. гудамж, өөрийн байранд байрлах ХААДСАА /регистрийн дугаар........./-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... аймаг, ........... сум, ........ баг, ........... оршин суух ........ овогт Л-П  /регистрийн дугаар:........./-д холбогдох,

 

............... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.П нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ......... төгрөгийн үнэ бүхий тракторыг .......... төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдэх төлбөрийг 5 жилийн хугацаатай хүүгүй буцааж төлөхөөр гэрээ байгуулж авсан. Үлдэгдэл 50 хувь болох .......... төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүүгүй, гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэлтэй байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр .......... төгрөг байна. Дээрх гэрээний үлдэгдэл ............. төгрөг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз тооцоход ............... төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн ............ төгрөгийг хариуцагчаас гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Л.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............. төгрөгийн пад тракторыг 50 хувь буюу ........ төгрөгийг төлөөд 5 жилийн хугацаатай лизингээр авсан нь үнэн. Тухайн трактор 5 жилийн өмнө мотор нь цохиод зэв идээд ажиллагаагүй болсон. Л.П нь .... аймгийн .........суманд байдаг. Хилийн зааг болон газрын маргаанаас болоод хадлан хадаж чадахгүй, санхүүгийн боломжгүй болсон. Одоо 73 настай буюу өндөр настай, өөрөө даралт ихэсдэг, сахартай. Мөн гэр бүлийн хүн нь бас адилхан даралт ихтэй. Ийм нөхцөл байдалтай байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа заасан байдаг. Аливаа гэрээний хугацаа 3 жил гэж заасан. Гэтэл гэрээний хугацаа 2017 онд дууссан, хөөн хэлэлцэх хугацаа 2020 онд дууссан. Энэ хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Л.П холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт ........... төгрөг, анз .............төгрөг, нийт ...........төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ Л.П нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ........... тоот бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж, ............ төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхгийг авсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр ........... төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз .............. төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч Л.П нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ......сая төгрөгийн үнэтэй хадлангийн иж бүрдэл урьдчилгаа.......... сая төгрөг төлж хүлээн авсан ба үлдэгдэл ....... төгрөгийг 5 жилийн хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 20-нд төлж барагдуулахаар тохиролцсон. ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ. Энэ заалтаар бол гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 20-нд дуусаад 4 жил, 4 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан .......... тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас Л.П нар харилцан тохиролцож, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхгийг .......... төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар, гэрээний 3.3-т төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алдангийг хоногт төлөхөөр заажээ.

 

            Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хэдий санхүүгийн түрээсийн гэрээ хийгдсэн боловч Л.П үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 80, 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

           

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаас үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуулийн энэхүү шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

           

            Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан ....... тоот гэрээ нь дээрх хуулийн шаардлага хангасан гэрээ хийгдсэн гэж үзэв.

           

            Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас .......... тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний дагуу төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон төлөх үүрэг Л.П үүсэхгүй.

 

            Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй хариуцагч Л.П холбогдуулан гаргасан ............ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй, Л.П холбогдох ........... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЖАВХЛАНТӨГС