Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02429

 

 

У.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03325 дугаар шийдвэртэй,

 

У.П-гийн нэхэмжлэлтэй Ө.Б-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б-, У.П- нар зээлийн гэрээ амаар байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн. Ө.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг ч төгрөгийн хүү төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул зээлийн үндсэн төлбөр болох 7 500 000 төгрөгийг иргэн Ө.Б-гаас гаргуулж өгнө үү.

Ө.Б- нь дансаар 1 315 000 төгрөг, бэлнээр 75 000 төгрөг, нутгийн шинэ жилд орох тасалбарын үнэд 60 000 төгрөг, нийт 1 450 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн учир үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй. Бэлнээр 250 000 төгрөгийг өгсөн гэх боловч уг мөнгийг аваагүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс зээлээр 2 500 000 төгрөг, 5 000 000 төгрөг авсан гэдэгт маргахгүй. Талуудын хооронд Иргэний хуульд заагдсан бичгийн хэлбэртэй зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүү тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч нь ажил дээр нь ирж 40 000 төгрөг, 30 000 төгрөг, ангийн нийллэгийн 120 000 төгрөг, 2020 онд 60 000 төгрөг, сумын шинэ жилийн төлбөр 60 000 төгрөг, шүд эмчлүүлэх 75 000 төгрөг, нийт 385 000 төгрөгийг бэлнээр авсан ба дансаар 1 315 000 төгрөг авсан, энэ талаар маргаангүй. 7 500 000 төгрөгөөс дансаар төлсөн 1 315 000 төгрөг, бэлнээр төлсөн 385 000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 5 710 000 төгрөгийг төлнө. Зээлийн хүү төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б-гаас 6 050 000 /зургаан сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.П-д олгож, нэхэмжлэлээс 1 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б-гаас 111 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.П-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд яг хэдэн төгрөг яаж төлсөн талаар талуудын зөрүүтэй тайлбар шүүх хурлын явцад гаргасан байхад бүрэн төлөөлж чадаагүй нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж хариуцагчийн төлөлтийг үгүйсгэж 6 050 000 төгрөгийг гаргуулхаар шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад процессын алдаа гаргасан. Иймд анхан атны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч У.П- нь хариуцагч Ө.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 5 800 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ зээлийн хүү болон хугацааг тохиролцсон гэж буруу дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч У.П- нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 500 000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус зээлдэгч Ө.Б-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь 7 500 000 төгрөг гэж тодорхойлогдоно.

 

Ө.Б- нь У.П- болон Д.Уянга /У.П-гийн охин/ нарын, Хаан банк дахь дансанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын   10-ны өдрийн хооронд нийт 1 315 000 төгрөгийг шилжүүлсэн, У.П- нь Ө.Б-гаас бэлнээр нийт 135 000 төгрөг /шүд эмчлүүлэхэд 75 000 төгрөг, шинэ жилийн тасалбарын үнэ 60 000 төгрөг/ авсныг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон нь зөв болжээ.

 

Ө.Б- нь У.П-д бэлнээр 250 000 /40 000 + 30 000 + 60 000 + 120 000 ангийн нийллэгт гэх мэт/ төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч У.П- нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхгүй тул хариуцагч Ө.Б-гаас төлсөн 1 450 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авах үндэслэлгүй.

 

Иймд Ө.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт төлөх 7 500 000 төгрөгөөс төлөгдсөн 1 450 000 төгрөгийг хасч, 6 050 000 төгрөгийг гаргуулэ У.П-д олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03325 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                       Э.ЗОЛЗАЯА