Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02388

 

 

 

 

 

 

 

 

 

Б.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01116 дугаар шийдвэртэй,

 

Б.Зын нэхэмжлэлтэй “Г” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт 700 000 төгрөг, дутуу олгосон цалинд 1 000 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардалд 2 015 950 төгрөг, нийт 3 715 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг хүртэл “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажилласан. Миний өмнө ажиллаж байсан гүйцэтгэх захирал нягтлан бодогчоо тушаал гаргалгүй ажлаас нь халсан гэх шалтгаанаар шүүхийн шийдвэр гарч, уг нягтлан бодогчийг ажилд нь эгүүлэн авах, түүнд “Г” СӨХ-оос 8 000 000 төгрөг буцааж олгох үүднээс тус СӨХ-ны дансыг битүүмжилсэн. СӨХ 2016 оноос эхлэн СӨХ цахилгааны болон засвар үйлчилгээний төлбөрийн өртэй болсон.

Мөн тухайн үед нягтлан бодогчоор ажилладаг байсан Ж.Оюунтуяа нь санхүүгийн тайлан тооцоогоо гаргаж, ажлаа хүлээлгэн өгөлгүй явсны улмаас СӨХ-ны санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал лавширч ажилчдынхаа цалинг бүрэн тавьж чадахгүй, ээлжийн амралтын олговрыг өгч чадахгүй болсон.

Миний бие тус СӨХ-ны үйл ажиллагааг зогсоочихгүй явуулах, оршин суугчдын ая тухыг алдагдуулахгүй байх үүднээс шаардлагатай бараа материал авах, өмгөөлөгчийн хөлсийг хувиасаа болон бусдаас зээл авч өгдөг байсан.

Түүнчлэн 2016, 2017 оны ээлжийн амралтаа эдэлж чадаагүй бөгөөд амралтын олговроо авч чадаагүй. Мөн сар бүрийн цалингаас 100 000 – 250 000 төгрөг дутуу авч байсан. Мөн хоёр ч удаа байрныхаа дээврийн засварыг хувиасаа мөнгө гарган хийлгэсэн.

Иймд хариуцагч “Г” СӨХ-оос 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор 700 000 төгрөг, дутуу авсан цалинд 1 000 000 төгрөг, СӨХ-ны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал буюу 2 015 950 төгрөг, өөрийн орон сууцны дээвэрт 3 удаа засвар хийсэн зардал 1 235 950 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500 000 төгрөг, бусад материал, бичиг хэрэг худалдан авсан зардал 72 000 төгрөг, хайлаас худалдан авсан 8 000 төгрөг, мод тарьсан зардал 100 000 төгрөг, ахмадын баярт зарцуулсан 100 000 төгрөг, нийт 3 715 950 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч “Г” СӨХ нь орон сууцны дээврийн засварт зарцуулсан 1 235 950 төгрөгийг хүлээн зөвшөөрч СӨХ-д төлөх сар бүрийн төлбөрт суутгах замаар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харилцахын гүйлгээнээс харахад 2015 онд цалин 22 865 387 төгрөг, 2016 онд цалин 12 154 547 төгрөг, 2017 онд цалин 16 725 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард цалин 4 665 000 төгрөг тус тус зарлагдсаныг, мөн жилийн эцсийн үлдэгдэл, байгууллагын өргүй байдлыг харахад Б.З нь сар бүрийн цалинг болон амралтын олговрын тооцоогоо хийж дуусгасан байна. Иймд Б.Зын 2016, 2017 оны дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговорт 1 700 000 төгрөгийг СӨХ нөхөн гаргаж өгөх үндэслэлгүй.

Б.З нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр харилцахын 3 104 195 төгрөгийн үлдэгдэлтэй, ямар нэгэн аж ахуйн нэгжид өргүй ажил хүлээн авсан байдаг. 2010 оноос хойшхи санхүүгийн анхан шатны баримт хүлээлгэж өгөөгүй учраас хаана, ямар засвар, үйлчилгээ болон дээврийн засвар хийгдсэнийг мэдэх аргагүй. Гэхдээ 2015 онд материал 6 956 303 төгрөг, 2016 онд материал 6 516 754 төгрөг, 2017 онд материал 720 000 төгрөгийг тус тус зарцуулсан байдаг. Иймд Б.Зын хувиасаа гаргасан зардал гэх 2 015 950 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр байгууллагын дансыг хааж, битүүмжилсэн ба нэхэмжлэгч хувийн ашиг сонирхлоосоо болоод тус СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулсан. Хариуцагч Б.З нь 22 дугаар байрны хамгийн дээд давхарт оршин суудаг, оршин суугч нарын дээврээс ус гоожсоны улмаас учирсан зардлыг тэр болгон төлөөд байх боломж СӨХ-д байхгүй. Орон сууцны дээврээс ус гоожсоны улмаас Б.З 3 удаа засвар хийсэн болохыг үгүйсгэхгүй. Тийм учир орон сууцны дээврийн засварт зарцуулсан 1 235 950 төгрөгийг хүлээн зөвшөөрч СӨХ-д өгөх сар бүрийн төлбөрт суутгах замаар төлж барагдуулна.

Харин 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор, цалингийн зөрүүд нэхэмжилсэн 1 700 000 төгрөг, СӨХ-ны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан гэх 780 000 төгрөг, нийт 2 480 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Зын хариуцагч Г сууц өмчлөгчдийн холбооноос 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700 000 төгрөг, дутуу олгосон цалингийн зөрүү 1 000 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал 780 000 төгрөг, нийт 2 480 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Зын орон сууцны дээврийн засварын ажилд зарцуулсан зардал 1 235 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцагч “Г” СӨХ хүлээн зөвшөөрч, СӨХ-д өгөх сар бүрийн төлбөрт суутгах замаар төлж барагдуулахаар сон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГСӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 34 213 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Зод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хөрөнгө мөнгөний гачигдалтай, ажилчдынхаа цалинг бүтнээр нь өгч чадахгүй байсан он, жилүүдэд тус СӨХ-ны нэг ч хүн ээлжийн амралтаа эдэлж чадаагүйг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Жанчивсэнгээ батална.

Цалингийн урьдчилгаа болон сүүл мөнгөн дээр 50 000 - 100 000 төгрөг авч байсныг нотлох баримтууд хэрэгт хангалттай байгаа. “Г” СӨХ-д 2015 оноос өмнө гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Балжиржанцангаас 40 гаруй сая төгрөг төлүүлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчид СӨХ гэрээт хугацаанд нь төлөх мөнгөгүй байсан учир хувиасаа болон сайн таних хүмүүсээс мөнгө зээлж төлж байсан болон засварын, бичиг хэргийн зардалд хувиасаа мөнгө гаргаж байсан мөнгөний санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбож дүгнэлт хийсэн. Би шүүх цагдаагаар заргалдаж цаг алдахгүйн тулд СӨХ-д хүсэлт гаргасан боловч, уг асуудлыг "Г" СӨХ авч хэлэлцэхгүй, хариу өгөхгүй байсан тул шүүхэд хандсан.

Ийм болохоор хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.Г” СӨХ-оос нэхэмжилсэн мөнгө санхүүгийн дансанд орлого, зарлагад тусгагдаагүй учир төлөх боломжгүй гэж хариуцагч татгалзаж байгаа. Өмнө нь тус СӨХ-ны санхүүгийн 5-6 жилийн, мөн 2016, 2017 оны санхүүгийн баримт бичгийг аваад шүүх, цагдаа, шалгалтын албанд өгсөн гэх аргаар залилан хийж баримтгүй болгосон. Иймд 2 480 000 төгрөгийг СӨХ-оос гаргуулж өгрнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “Г” СӨХ-нд холбогдуулан 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор 700 000 төгрөг, дутуу олгосон цалинд 1 000 000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал 2 015 950 төгрөг, нийт 3 715 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны дээврийн засварын ажилд зарцуулсан 1 235 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2 480 000 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.З нь “Г” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан, талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.З нь 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт 700 000 төгрөг, дутуу олгосон цалинд 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлын шаардлага гаргах, уг байгууллага байхгүй бол шүүхэд мөн хугацааны дотор гомдол гаргах байтал хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Б.З нь “Г” СӨХ-д 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг баримталсан гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч талын дангаар үйлдсэн баримт байх бөгөөд уг хүсэлтээ хариуцагч талд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй тул хариуцагч уг хүсэлтэд хариу өгөх байсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын, зарлагын баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Б.З нь 780 000 төгрөгийн зардлыг СӨХ-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                      Э.ЗОЛЗАЯА