Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: Б.Хангай (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оршихуй овогт Байгалын Хангайд холбогдох эрүүгийн 1809001980285 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Мэдээлэл Холбооны Технолгийн сулгуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УИ97121237 регистерийн дугаартай, Оршихуй овогт Байгалын Хангай.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Хангай нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “Блью Скай” төвийн гадна Ж.Цэнгүүнтэй маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа 2-3 удаа цохиж Ж.Цэнгүүний биед хамарт хаван цус хуралт, хамар ясны хугарал, тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хангай мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Цэнгүүн /хх-ийн 6-7/, гэрч З.Жавхланбаатар /хх-ийн 8/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 977 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/, Б.Хангайн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18/, Б.Хангайн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-24/, хохирол төлсөн баримт /хх-ийн 36/, Ж.Цэнгүүний хүсэлт /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Хангай нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Блью Скай” төвийн гадна Ж.Цэнгүүнийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Цэнгүүний /хх-ийн 6/: “... 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед найз Мөнхбаярын хамтаар Мөнхбаярын найзтай нь уулзана гээд “Блью Скай” төвийн автобусны буудал дээр ирсэн юм. Тэндээ зогсож байтал зүс таних Жавхаа, Тэмүүлэн нартай автобусны буудал дээр таарсан. Тэр хоёр миний танихгүй найзтайгаа гурвуулаа явж байсан. Би Жавхаатай юм яриад зогсож байхад манай найз Мөнхбаяр Тэмүүлэнтэй маргалдсан. Юунаас болсныг нь би мэдэхгүй байна. Тэмүүлэн Мөнхбаярыг цохихоор нь би салгах гээд очтол миний танихгүй залуу нь намайг татаж толгойгоороо хамар руу мөргөөд гараараа 2-3 удаа толгой руу цохьсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Жавхланбаатарын /хх-ийн 8/: “... Бид хоёрыг юм ярилцаад байж байх үед манай найз Тэмүүлэн, Цэнгүүний хамт явж байсан найзтай нь гэнэт зодолдоод эхэлсэн. Хангай, Цэнгүүн бид гурав зодолдож байгаа хоёрыг салгасан. ... Бид гурав салгаж байх явцад Цэнгүүн Хангай хоёр маргаж эхэлсэн. ... Хангай Цэнгүүнийг мөргөх шиг болсон. Цэнгүүн хамраа дараад хойшоо ухарсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Хангайн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 18/: “... Жавхланбаатар бид хоёр салгах гээд байж байтал Цэнгүүн миний араас татахаар нь би эргэж хараад нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэр үед Цэнгүүн хамараа бариад доош суусан чинь Жавхланбаатар Цэнгүүнийг “зүгээр үү” гэж байгаад яваад өгсөн…” гэх мэдүүлгээр,

 

Б.Хангайн буруутай үйлдлийн улмаас Ж.Цэнгүүний биед “хамарт хаван цус хуралт, хамар ясны хугарал, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 977 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгч хохирогчийг зодож байхыг тухайн үйл явдлыг харсан хүмүүс гэрчилж мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ж.Цэнгүүнийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Хангайн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Хангайн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Б.Хангай гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ж.Цэнгүүнд 1.600.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Оршихуй овогт Байгалын Хангайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хангайг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хангайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ