Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02428

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02977 дугаар шийдвэртэй,

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХК, НГЗБА, СХДГЗБАнд тус тус холбогдох,

гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, Ж.Эрдэнэцэцэг, хариуцагч “Э” ХК-ийн төлөөлөгч Ж.Дамчаа, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагч НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал, хариуцагч СХДГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тува, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 41-1, 2, 3 хаягт байрлах 27 340 м.кв талбайтай газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 тоот захирамжаар агуулах аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа. Уг газарт манай өмчлөлийн 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болоод тус агуулахад 20 тэрбум орчим төгрөгийн бараа, эд хөрөнгө байршдаг.

Дээрх обьект байрлаж буй 27340 м.кв талбайгаас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар 4520 м.кв талбайг “Э” ХК-д олгосон. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжийн хүрээнд НГЗБАнаас “Э” ХК-д газрын гэрчилгээ, гэрээ, кадастрыг гаргахдаа манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, зориулалтын дагуу агуулахыг ашиглах боломжгүй болгосон.

НГЗБА болон Сонгинохайрхан дүүргийн газрын алба, “Э” ХК нь Газрын тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуултд заасныг зөрчиж 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манайд урьдчилсан хугацаатай мэдэгдэл өгөөгүй, газраа чөлөөлөх боломж олголгүй байгууллагын хөрөнгийг эвдүүлж, асфальтан талбайг ухаж хохирол учруулсан ба эд хөрөнгийг чөлөөлөхдөө “Э” ХХК-ийн техник хэрэгслийг ашиглаж контейнерийг зөөсөн.

Нийслэлийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн газрын алба, “Э” ХК нь газар албадан чөлөөлөх тухай шүүхийн захирамж гараагүй, газрыг албадан чөлөөлөх Засаг даргын шийдвэр гараагүй, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гараагүй байхад манай газар дээр газар албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан.

Иймд НГЗБА, СХДГЗБА, “Э” ХК-аас гэм хорын хохирол 6 843 392 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн газар эзэмших ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамж гарсантайгаар холбогдуулан “М” ХХК-ийн эзэмшиж буй газрыг албадан чөлөөлж, гарах зардлыг “М” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж байсан. Энэ нөхцөл байдлууд болон тухайн газартай холбоотой 2 удаагийн маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрүүдийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар “Э” ХК-д 3820 м.кв газар аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгосон ба мэдэгдэл хүргүүлсний дараа нэхэмжлэгч контейнер авчирч тавьсан.

Үүний дараа “М” ХХК нь Нийслэл засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон.  

Иймд тухайн өөрийн эзэмшил газар дээрээ аж ахуй үйл ажиллагаа явуулахад нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол, гэм хор учрах хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын албанаас манай байгууллагад 4 500 м.кв газрыг олгосон ба Засаг даргын захирамж гарч мэдэгдэл хүргүүлсний дараа нэхэмжлэгч контейнер авчирч тавьсан.

Түүнчлэн уг нэхэмжлэлд гурван хариуцагч байх ба чухам алинаас нь ямар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий хүмүүсийн албан шаардлагыг удаа дараа зөрчиж байсан, нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч НГЗБА шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замын уулзварын хойд талд байрлах 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай “Э” ХХК-д эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон.

“М” ХХК-д газрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдлийг 2019 оны 08 сарын 07-ны өдрийн албан бичиг, Засаг даргын 2019 оны 09 сарын 17-ны албан бичгээр тус тус хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс бидэнд зөвшилцөх боломж олгоно уу гэсэн албан бичиг явуулсан, Газар зохион байгуулалтын алба бол зөвшилцөх боломж олгодог чиг үүрэгтэй биш, зөвшилцөх асуудал манайд хамааралгүй байсан.

Газар чөлөөлөх асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. НГЗБА нь “Э” ХХК-ийг цэг тэмдэгтийн дагуу хашаа барьж байгаа эсэх тал дээр хяналт тавихаар маргаан бүхий газарт очсон. “Э” ХК-ийн краныг ашиглаад тус газарт үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Хэрэв контейнер дотор эд зүйл байсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч компани контейнерийг өргөөд тавихад эд зүйл нь гэмтсэн үү, “Э” ХК контейнерийг өргөөд тавихад эд зүйл эвдэрсэн үү гэдгийг хэн ч тогтоож чадахгүй.

Нэхэмжилж буй 6 843 392 төгрөгийг төрийн захиргааны байгууллага төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СХДГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замын уулзварын хойд талд байрлах 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай “Э” ХХК-д эзэмшүүлэхээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль бусаар газар чөлөөлсөн зүйл байхгүй, нэхэмжлэгч өөрөө хууль зөрччихөөд манайхыг хууль зөрчиж байна гэж ярих нь хууль бус гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХК, хариуцагч НГЗБА, хариуцагч СХДГЗБАнд холбогдох гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК нь 6 843 392 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ 124 444 төгрөг төлөхөөс 70 200 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 54 244 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, шаардлагатай нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар газар чөлөөлөх үйл ажиллагаа явуулж манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг эвдэлж, гэмтээсэн болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүх НГЗБА, СХДГЗБА хууль бусаар газар чөлөөлөх ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хохирлыг Иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд хариуцагч нар хууль бусаар манай компанийн өмчлөлийн эд хөрөнгөд халдсан болох нь нэгэнт тогтоогдчихсон үйл баримт юм.

Манай компанийн өмчлөлийн эд хөрөнгөд 6 843 392 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 11 сарын 21-ны өдрийн үнэлгээний тайлан, үзлэг хийсэн акт, 2018, 2019 оны жилийн эцсийн тооллого, карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Өмнөх хэсэгт дурдсан хууль бус үйлдлээс шалтгаалж манай компанид хохирол учирсан болохыг видео бичлэгээр тогтоогдох бөгөөд шүүх бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн контейнерыг зөөж байрлуулсан зүйл огт байхгүй, анхнаасаа тус газарт байрлаж байсан талаар удаа дараа тайлбарлаж байсан. Манай компани тус контейнерыг зөөсөн талаарх нотлох баримт хэрэгт огт байхгүй. Гэтэл “М” ХХК, “Э” ХК, аль аль нь ачих, буулгах мехнизм /кран/ ашиглан зөөж буулгасан гэсэн буруу дүгнэлт өгсөн.

Мөн нэхэмжпэгчийн зүгээс компанийн өмчлөлийн ямар эд хөрөнгө эвдэрч гэмтсэн болон хэн эвдэлж гэмтээснийг тодруулах зорилгоор “Монхангай” трейд ХХК-ийн түгээлтийн нэгдсэн төвийн дарга Б.Уранчимэгийг гэрчээр асуулгах, шүүхээр үзлэг хийлгэх, эд хөрөнгөд мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний компаниар дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус гаргасан ба шүүхээс нэхэмжпэгчийн нотлох баримт бүрдүүлэх, хүсэлт гаргах хууль заасан эрхийг хязгаарлаж шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой байсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааны үргэлжлүүлсэн.

Энэ нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, илт хариуцагчийн талд шийдвэр гарахад нөлөөлөх хүчин зүйл болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр орж ирсэн НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Өсөхжаргалд хэргийн оролцогчдод заавал танилцуулах эрх, үүрэг болон шүүгчид хөндлөнгийн байдлаас нөлөөлж болохгүй гэсэн агуулга бүхий нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулаагүй хэргийн шийдвэрлэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохуйц нөхцөл байдал шууд утгаараа харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, зөвтгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “Э” ХК, НГЗБА, СХДГЗБАнд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчид эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 1 ширхэг СД-г баримтаар өгсөн байна. /1хх 4/ Анхан шатны шүүх уг баримтын талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийгээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Уг баримтыг хэрхэх талаар тодруулах ажиллагааг хийснээр нэхэмжлэгчийн баримтыг шинжлэн судлуулах хүсэлт гаргах, хариуцагчийн уг баримтыг хасуулах, хэн алины мэтгэлцэх эрх нээгдэж, улмаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг учиртай.

 

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0904 дугаар шийдвэрийн хуулбарыг нотариатч гэрчилсэн байх ба уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь хэргийн 103-112 дугаар талд авагдсан уг баримтын хуудас бүр дээр гараар тэмдэглэгээ хийсэн, засвартай байхад нотариатч баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл хийсэн нь буруу байна. Уг шийдвэрийн эх хувьтай нийцээгүй, засвартай хуулбарыг нотариатч гэрчилсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. /хх103-117/

 

Түүнчлэн хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор контейнер дотор буй эд хөрөнгөд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШТ2020/00270 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА