Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2020/02977

 

2020 09 30 184/ШШ2020/02977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, РЦНК-ийн зүүн талд өөрийн байранд байрлах Монхангай трэйд ХХК /РД:2677555/

  Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ЭТӨЧ, Толгойт 99/А тоот хаягт байрлах Монгол эд импекс ХК /РД:2026902/

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон хаягт байрлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын гудамж-1 хаягт байрлах Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, Ж.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, хариуцагч Монгол эд импекс ХК-ийн төлөөлөгч Ж.Дамчаа, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тува, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монхангай трейд ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 41-1, 2, 3 хаягт байрлах 27340 м.кв талбайтай газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 тоот захирамжаар өнөөдрийг хүртэл агуулах аж ахуйн зориулалтаар эзэмшиж байна. Энэхүү газарт манай өмчлөлийн 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болоод тус агуулахад 20 тэрбум орчим төгрөгийн бараа, эд хөрөнгө байршдаг. Дээрх обьект байрлаж буй 27340 м.кв талбайгаас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар 4520 м.кв талбайг Монгол Эд Импекс ХК-д олгосон. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Монгол Эд Импекс ХК-д газрын гэрчилгээ, гэрээ, кадастрыг гаргахдаа манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, зориулалтын дагуу агуулахыг ашиглах боломжгүй болгосон. Иймээс манай компани бидний эрх ашгийг зөрчиж байгаа кадастрын зургийг хянуулах, өөрчлүүлэх асуудлыг удаа дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан бичгээр тавьсан болно.

Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Монгол Эд Импекс ХК нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57 дугаар зүйлийн 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлнэ гэж тус тус заасныг зөрчиж 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манайд урьдчилсан хугацаатай мэдэгдэл өгөлгүйгээр манайхыг газраа чөлөөлөх боломж олголгүй газар обьект руу хүч хэрэглэн дайрч байгууллагын хөрөнгийг эвдүүлж, асфальтан талбайг ухуулж хохирол учруулсан.

Нийслэлийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Монгол Эд импекс ХК нь газар албадан чөлөөлөх тухай шүүхийн захирамж гараагүй, газрыг албадан чөлөөлөх Засаг даргын шийдвэр гараагүй, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гараагүй байхад манай газар дээр газар албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу манай компани учирсан хохирлыг нэхэмжилж байна. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба, Монгол Эд импекс ХК-аас гэм хорын хохирол 6 843 392 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Монхангай трейд ХХК-ийн агуулахад дээр дурдсан газрын албад болон Монгол Эд Импекс ХК нар хууль бус газар чөлөөлөх ажиллагаа явуулсан гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн. Энэ анхан шатны шүүхийн шийдвэр Хяналтын шатны шүүхээр орж анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэж шийдсэн байгаа. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал дээр зөвхөн газрыг хууль бусаар чөлөөлсөн биш, гэм буруугийн асуудлыг хэн хариуцах вэ гэх асуудлаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн газрын алба, Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Монгол Эд Импекс ХК нараас гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулж өгнө үү. Улсын дээд шүүхийн тогтоолыг эцсийн шийдвэр гэдэг дээр манайх маргаагүй. Энэ тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хууль бусаар газар чөлөөлөх ажиллагаа явуулсан болохыг тогтоосугай гэсэн байгаа. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нэгэнт гэм буруутай байсан гэдгийг хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Манайх нэмэлтээр яагаад Монгол Эд Импекс ХК-ийг хариуцагчаар татаад байгаа вэ гэвэл тухайн эд хөрөнгийг чөлөөлөхдөө Монгол Эд Импекс ХХК-ийн техник хэрэгслийг ашиглаж контейнерийг зөөсөн байгаа юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлөөлөгч хэлэхдээ манайд газар чөлөөл гэсэн мэдэгдэл өгсөн гээд байгаа. Хуульд заасны дагуу ямар мэдэгдэл өгөх ёстой вэ гэвэл хугацаатай мэдэгдэл өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл контейнерийг чөлөөлөх хангалттай боломжтой хугацаа өгсөн үү гэвэл өгөөгүй. Төлөөлөгчийн яриад байгаа 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл нь ямар ч хугацаа заагаагүй, хуулийн шаардлагыг хангаагүй мэдэгдэл байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан заалттай нийцэхгүй байгаа юм. Тэгэхээр гэм буруутай гэдэг нь нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ, тайлбар байхгүй гэв.

Хариуцагч Монгол эд импекс ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд Монхангай трейд ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Тухай маргаан бүхий газарт Монхангай трейд ХХК-д Нийслэлийн засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар манай компанийн хувьцаа эзэмшигч иргэн Ж.Дамчаагаас нэхэмжлэл гаргаж байсныг гурван шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг эргэлзээ бүхий байна гэж үзэж түдгэлзүүлсэн.

Улмаар нийслэлийн Засаг даргаас удаа дараагийн захиргааны хэргийн шийдвэрийг үндэслэж Монхангай трейд ХХК-ийн газар эзэмших ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамж гарсантайгаар холбогдуулан Монхангай трейд ХХК-ийн эзэмшиж буй газрыг албадан чөлөөлж, гаргах зардлыг мөн Монхангай трейд ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж байсан. Энэ нөхцөл байдлууд болон тухайн газартай холбоотой 2 удаагийн маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрүүдийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Монгол Эд Импекс ХК-д 3820 м.кв газар аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгосон.

Үүний дараа мөн л Монхангай трейд ХХК нь одоо гаргасан нэхэмжлэлд нь дурдсан байгаа газрыг манайд эзэмшүүлсэн Нийслэл засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон бөгөөд уг нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий газар нь одоо танай шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан газар юм. Харин Монхангай трейд ХХК нь нэхэмжлэлдээ ... 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манайд урьдчилсан хугацаатай мэдэгдэл өгөлгүйгээр манайхыг газраа чөлөөлөх боломж олголгүй газар обьект руу хүч хэрэглэн дайрч байгууллагын хөрөнгийг эвдүүлж, асфальтан талбайг ухуулж хохирол учруулсан гэжээ. Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолд ... хуулийн дээрх заалтад зааснаар газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэх зарчимтай, ийнхүү хуулийн дагуу үүссэн эрх шүүхээр хамгаалагдах ба гуравдагч этгээд нь тухайн үед эрхийн зөрчилгүй газар эзэмших гэрчилгээ шилжүүлэн аваагүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах юм.. мөн ... энэхүү газрын маргаан нь 2008 оны 06 дугаар сарын 23-аас эхлэн шүүхээр хянагдаж, маргаан үргэлжилж байсан, нөгөө талаар Ц.Амарсайханд газар хуулийн дагуу шилжээгүй болох нь эрүүгийн журмаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Монгол Эд Импекс ХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгч Монгол Эд Импекс ХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.... гэж дүгнээд дээрх одоогийн нэхэмжлэлд дурдагдсан газрын маргааныг эцэслэн шийдвэрлэж нэг мөр дуусгавар болгосон юм. Иймд тухайн өөрийн эзэмшил газар дээрээ аж ахуй үйл ажиллагаа явуулахад нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол, гэм хор учрах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Мөн дээрх удаа дараагийн маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд болон нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар Монхангай трейд ХХК нь тухайн газарт болон тухайн газрын ойролцоо газар эзэмших эрхгүй болсон, тухайн газар дээрх аливаа үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй болсон байхад манай хуулийн дагуу эзэмшиж байгаа газартай холбоотой ямар нэгэн маргаан үүсгэх шаардлага гаргах эрхгүй этгээд юм.

Түүнчлэн уг нэхэмжлэлд гурван хариуцагч байх ба чухам алинаас нь ямар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Гэвч манай компанийн зүгээс энэхүү маргааныг шүүхээс хянаж гаргасан аливаа шийдвэрийг хүндэтгэж нэн даруй биелүүлэх болно. Харин нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий хүмүүсийн албан шаардлагыг удаа дараа зөрчиж байсан учраас нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж манай зүгээс үзэж байна гэжээ.

Хариуцагч Монгол эд импекс ХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Монхангай трейд ХХК-ийн буруу, газрыг шилжүүл гэсэн шийдвэр гарсан. Дараа нь 12 дугаар сард шүүхийн магадлалаар мөн л Монхангай трейд ХХК-ийн буруу гэсэн магадлал гарсан. Энэ хэрэг нэхэмжлэгч компани шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс болсон. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Шүүхийн шийдвэр дандаа нэхэмжлэгч компанийн буруу гэж гарсан. Энэ хэрэг 6 сая төгрөгтөө ч биш, нэхэмжлэгч компани цаад утгаараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ийм үйлдэл хийж байгаа юм. Газрын албанаас манайд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 4 500 м.кв газрыг олгосон. Энэ явдлаас жилийн дараа буюу Засаг даргын захирамж гараад мэдэгдэл хүргүүлсний дараа нэхэмжлэгч контейнер авчирч тавьсан. Нэхэмжлэгч компани бүх л шатанд эсэргүүцэж байсан. Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд одоо ч шүүхээр явж байна. Газрыг Цоггэрэл гэх хүн хуурамч гэрчилгээгээр зарсан. Хуурамч гэрчилгээгээр зарсан бүх бурууг өөрсдөө хариуцна гээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан, буруугаас буруу үүссэн гэдгийг нэхэмжлэгч талыг ойлгооч гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замын уулзварын хойд талд байрлах 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай Монгол Эд Импекс ХХК-д эзэмшүүлэхээр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Монхангай трейд ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 41 дүгээр зүйлийн 41.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ. гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу газрыг хуулийн хүрээнд чөлөөлсөн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Монгол Эд Импекс ХХК-ийг цэг тэмдэгтийн дагуу хашаа барьж байгаа эсэх тал дээр хяналт тавихаар маргаан бүхий газарт очсон болно. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж зааснаар дээрх гэм хорын хохирол болох 6 843 392 төгрөгийг төрийн захиргааны байгууллага төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тэгэхээр шүүх дээр ямар нэгэн маргаан байхгүй гэсэн үг. Манайхаас Монхангай трейд ХХК-д газрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдлийг 2019 оны 08 сарын 07-ны өдрийн албан бичиг, Засаг даргын 2019 оны 09 сарын 17-ны албан бичгээр тус тус хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Манайхаас мэдэгдэл хүргүүлээд хяналт тавьж ажилласан. Нэхэмжлэгч тал албан бичгээр хариу ирүүлээгүй гээд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс манайд бидэнд зөвшилцөх боломж олгоно уу гэсэн албан бичиг явуулсан, Газар зохион байгуулалтын алба бол зөвшилцөх боломж олгодог чиг үүрэгтэй биш, эвлэрүүлэн зуучлагч бол тусдаа чиг үүрэгтэй байгууллага байдаг учраас зөвшилцөх асуудал манайд хамааралгүй байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газар чөлөөлөх асуудалд манайх хяналт тавьдаг тухайгаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар ч, Газрын албаны албан бичгээр ч нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан, нэг талаараа хувийн байгууллага нь төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Өөрсдийн буруутай зүйлээр бусад байгууллага руу халдаж болохгүй. Газар чөлөөлөх асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ч мөн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Манайх мэдэгдэлдээ дээрх хугацаанд нэн даруй чөлөөлж өгнө үү гээд хугацааны талаар агуулга тусгасан байгаа. Мэргэжлийн хяналтын газраас хугацаа заасан, манайх давхар мэдэгдэл хүргүүлсэн байгаа учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Газар чөлөөлөх ажиллагаа явагдах тухайн үед манайд шинэ ажилтан орчихсон байсан. Шинэ ажилтан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэгдэл өгснийг мэдээгүйгээс ийм шүүхийн шийдвэрийг гаргуулчихсан байна. Тиймээс шинээр илэрсэн нөхцөл байдлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийг оруулаад энэ хэргийг задалж харах боломжгүй гэж үзэж байна. Бид Монгол Эд Импекс ХК-ийн манай орц гарцыг нээж өгөхгүй байна. Танайх энэ асуудал дээр хяналт тавьж өгнө үү гэсэн хүсэлтийнх нь дагуу хяналт тавьж байгаа юм. Түүнээс биш бид Монгол Эд Импекс ХК-ийн краныг ашиглаад тус газарт үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Хэрэв контейнер дотор эд зүйл байсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч компани контейнерийг өргөөд тавихад эд зүйл нь гэмтсэн юм уу, Монгол Эд Импекс ХК өргөөд тавихад эд зүйл эвдэрсэн юм уу гэдгийг хэн ч тогтоож чадахгүй гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд илтэд буруутай үйл ажиллагаа хийсэн бол хохирлоо өөрсдөө хариуцахаар зааж өгсөн байна гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замын уулзварын хойд талд байрлах 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай Монгол эд импекс ХХК-д эзэмшүүлэхээр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. Монхангай трейд ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 35 дугаар зүйлийн 35.3.5 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 41 дүгээр зүйлийн 41.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ. гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө , 57.4 Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу газрыг хуулийн хүрээнд чөлөөлсөн байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно. гэж зааснаар дээрх гэм хорын хохирол болох 6 843 392 төгрөгийг төрийн захиргааны байгууллага төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч тал манайхыг хууль бусаар газар чөлөөлсөн гэж байна. Харин нэхэмжлэгч өөрсдөө хууль зөрччихөөд манайхыг хууль зөрчиж байна гэж ярих нь хууль бус юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монхангай трейд ХХК нь гэм хорын хохирол 6 843 392 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Монгол эд импекс ХК, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Монхангай трейд ХХК-ийн нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд ирүүлсэн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ /хх-34-35/, хөрөнгийн үнэлгээний МЧД ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-51/, Монхангай трейд ХХК-ийн ТНТ төвийн хашаанд байрлах 7, 8 дугаар контейнерийн бараа, эвдэрсэн хашаа, асфальтан замд үзлэг хийсэн акт /хх-84-86/, Дэмжих албаны нөөцийн ашиглалтад буй үндсэн хөрөнгийн 2018, 2019 оны жилийн эцсийн тооллого карт /хх-212-226/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч Монгол эд импекс ХК, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тухай маргахгүй, харин хариуцагч нарын буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тухайн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нь Монгол эд импекс ХК-ийг хариуцагчаар татсан үндэслэлээ тухайн эд хөрөнгийг чөлөөлөхдөө Монгол Эд Импекс ХХК-ийн техник хэрэгслийг ашиглаж контейнерийг зөөснөөс контейнерт байсан эд хөрөнгө эвдэрч гэмтсэн гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар дотор нь байсан эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн гэх контейнерийг Монхангай трейд ХХК, Монгол эд импекс ХК аль аль нь ачих, буулгах механизм /кран/ ашиглан зөөж буулгасан байх ба чухам аль үйлдлээс хохирол учирсан болохыг нотолсон баримт хэрэгт цуглараагүй байна.

Нэхэмжлэгч нь нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөд хохирол учирсан болох нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 207 дугаар шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон тул гэм хор шаардах эрхтэй гэжээ. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх ажиллагаа хууль бус /хх-117/ гэснээс бус хууль бус ажиллагааны улмаас хохирол учирсан болохыг тогтоогоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ гэм хор учруулагч буюу хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон буюу хууль бус үйлдэл, хохирол хооронд шалтгаант холбоотой байх тохиолдолд л гэм хорыг арилгах үндэслэл буй болно. Тодруулбал хариуцагч нарын хууль бус үйлдэл ба нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан 6 843 392 төгрөгийн хохирол хооронд шалтгаант холбоо байх, хариуцагч нар гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд хариуцагч нар учруулсан гэм хорыг хариуцан арилгана. Хавтаст хэрэгт хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсныг нотолсон баримт байхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах ... үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Иймд Монхангай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол эд импекс ХК, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Монхангай трейд ХХК-ийн 6 843 392 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 124 444 төгрөг төлөхөөс 70 200 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 54 244 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Монхангай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол эд импекс ХК, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэм хорын хохиролд 6 843 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монхангай трейд ХХК нь 6 843 392 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ 124 444 төгрөг төлөхөөс 70 200 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 54 244 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Т.БАТСҮХ

 

Ч.НЯМСҮРЭН