Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02325

 

С.Т-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяанарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02981 дугаар шийдвэртэй,

 

С.Т-ы нэхэмжлэлтэй С.Г-д холбогдох,

бэлэглэлийн гэрээ хүчингүй болгож, барилгын өмчлөгчөөр тогтоолгох, газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон үйлчилгээний барилгын өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Г- болон С.Т- нь 2005 онд Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, Москва гудамж, өнөр хороолол .. тоот хаягт байрлах, 400 м.кв газарт улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаар бүртгэлтэй, 414 м.кв үйлчилгээний барилга барьж, ашиглалтад оруулсан.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Т- нь С.Г-тай хамтран өмчилдөг байсан бөгөөд 2008 онд зээл авах зорилгоор С.Г-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, С.Г-т өмчлөх эрхийг шилжүүлсэн. Өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөс хойш уг барилга зээлийн барьцаанд байсан ба С.Г- нь зээлээ төлөх боломжгүй байгаа гэсэн шалтгаанаар С.Т- миний барилгыг өмчлөх, эзэмших, үйл ажиллагаа явуулах, орлого олох эрхийг хааж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн зээл авах, барьцаанд тавих зорилгоор өмчлөх эрхийг тодорхой нөхцөлтэйгээр шилжүүлэн өгсөн.

Мөн тухайн үед С.Т- нь дээрх хаягт байрлах газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.Г-т шилжүүлсэн ба үйлчилгээний барилгын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийсэн.

Иймд С.Г- болон С.Т- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах, уг барилгын өмчлөгчөөр эргүүлэн тогтоож болгож өгнө үү.

С.Г-, С.Т- нар эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг эвлэрлийн гэрээг баталгаажуулж, С.Т-ыг барилгын өмчлөгчөөр тогтоовол гуравдагч этгээд Б.Одонтуяагийн 270 000 000 төгрөгийг өгөх болно. Өөрөөр хэлбэл, хамтран өмчлөгчөөр тогтоогдоогүй байхад С.Т- 270 000 000 төгрөгийг гуравдагч этгээд Б.Одонтуяад өгвөл С.Г- обьектыг дангаар өмчлөх болоод байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Одонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201020289 бүртгэлийн гэрчилгээтэй, 414 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн 1863731037331 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий газрыг барьцаалан С.Г-т зээл олгосон ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр С.Гүлдараас 270 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дагуу өнөөг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйлээс нэг төгрөгийн ч төлбөр барагдуулж аваагүй байна. Хэрэв шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болговол барьцаалагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөнө.

С.Г- нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж байхдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаа болгож зээл авсан.

Зохигчдын хооронд 2008 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Бэлэглэгч С.Т-ыг бэлэг хүлээн авагч С.Г- нь гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймд дээрх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр С.Гүлдараас 270 000 000 төгрөгийг гаргуулж Б.Одонтуяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа.

Зохигчдын хооронд 2008 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 280 дугаар зүйлийн 280.3-д зааснаар С.Т-ы нэхэмжлэлтэй С.Г-т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, бүртгэлийн 585 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, бүртгэлийн 584 дугаартай Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамж 174 950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, шинжээчийн зардал 1 320 000 төгрөг гаргуулан хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499009345 дугаар дансанд тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ С.Т- нь нэг жилийн хугацаанд бэлэглэлээ хүчингүй болгоогүй бол хүчингүй болгох эрхээ алдах бөгөөд энэ хугацаа нь бэлэглэгч бэлэглэлээ хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг хугацаанаас эхлэн тооцно, бэлэглэгч буюу нэхэмжлэгч С.Т- нь нэхэмжлэлдээ С.Г- нь хөрөнгийг 2008 оноос эхлэн зээлийн барьцаанд тавьж хөрөнгө эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулж орлого олох эрхгүй болгож гомдоосон гэж дурдсанаас үзэхэд бэлэглэгч 2008 оноос бэлэглэл хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдэж байсан боловч 2019 онд буюу 11 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь түүнийг бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрхээ алдсан гэж үзэх буюу бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч хариуцагч нарын зүгээс тайлбар мэдүүлэгтээ зөвхөн зээл авах, зээлийн барьцаанд тавих зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн болохыг нотолсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Учир нь хүсэл зоригоо илэрхийлэгч С.Т- нь дүр үзүүлэх төдийгөөр илэрхийлсэн болохыг хариуцагч С.Г- мэдэж байсан бөгөөд зөвхөн зээл авах зээлийн барьцаанд тавих нэрийдлээр бэлэглэлийн гэрээ хийж байгааг аль аль тал нь мэдэж байснаар энэ гэрээ хийгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр бус гэрээ байгаа нь тодорхойлогдож байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар 11 жил гэж шүүгч үндэслэсэн ба энэ талаар ямар нэгэн хуулийн тайлбар зүйл заалтыг шийдвэртээ дурьдаагүй бөгөөд зөвхөн гомдлын шаардлага гаргах 1 жилийн хугацааг үндэслэсэн нь өөрөө хуулийн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулинд заасны дагуу хариуцагч С.Г- нэхэмжлэгчтэй эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь өөрөө энэ хугацаанд хамааралгүй, тоолохгүй гэж үзнэ. Иймд шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүх шийдвэртээ нэхэмжлэгч С.Т- нь 584, 585 дугаар бүхий хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлдээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, шаардлагаа нотолсон аливаа баримт шүүхэд гаргаагүй, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь С.Г-, С.Т- нар нь дээрх бэлэглэлийн гэрээг хийж байхдаа дүр үзүүлэн гэрээ хийсэн болохоо тайлбар, мэдүүлэг, нэхэмжлэлдээ гаргасан бөгөөд хариуцагч С.Г- нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болохоо тус шүүхэд удаа дараа гаргаж хүсэлт ирүүлсэн, мөн эвлэрлийн гэрээгээр нь өөрөө дүр үзүүлэн хийсэн болохоо зөвшөөрсөн байхад үүнийг үнэлээгүй. Нэгэнт хариуцагчийн зүгээс бүх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэмэлт нотлох баримт гаргаж өгөх шаардлаггүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа эвлэрлийн гэрээ болон, хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй нь өөрөө үндэслэлгүй байна. Учир нь С.Т- болон С.Г- нар нь шүүхийн үндэслэл шийдвэрт дурьдсан зээлийн барьцаа барьцааны эд зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ гуравдагч этгээд болох зээлдүүлэгч Б. Одонтуяагийн эрх ашгийг хөндөөгүй бөгөөд түүнд төлөх ёстой зээлийн гэрээгээр хүлээсэн гэрээний үүргийг гүйцэтгэсний дараа буцаан шилжүүлэн авахаа илэрхийлсэн бөгөөд гуравдагч этгээдүүд мөн төлбөр мөнгөө авбал өөр гомдол саналгүй гэдгээ удаа дараа шүүхэд илэрхийлсэн.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Т- хариуцагч С.Г-т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, өмчлөл шилжүүлэх нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С.Т-, С.Г- нарт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 42 хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 239.26 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон,

С.Т-, С.Г- нар 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Т- нь дээрх үйлчилгээний зориулалттай 239.26 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрхийг С.Г-т бэлэглэсэн, гэрээнд бэлэглэгч талыг Ёлт Алтай ЗБН гэж тодорхойлсон хөрөнгийн өмчлөгч нь иргэн С.Т- байсан талаар маргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.Гүлдарийг улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 42 хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 414 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ. /хх7, 9-11/

 

С.Т- маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 239.26 м.кв, 70 хувийн гүйцэтгэлтэй байх үед С.Г-тай хамтран өмчилдөг байсан байх бөгөөд одоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 414 м.кв талбайтай болж өөрчлөгдсөн байна.

 

С.Т-, С.Г- нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох бөгөөд уг үндэслэлд бэлэглэгчийг ноцтой гомдоосон ноцтой үйлдэл гаргасан, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэх нөхцөл байдал хамаарах юм. Гэтэл С.Т- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан, С.Г- зээлийг төлж чадахгүй болсноор миний өмчлөх, эзэмших эрх зөрчигдөж байна гэж тайлбарласан нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Хуульд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүйгэсэн үндэслэл нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болно.

 

Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч бэлэглэлийн зүйлийг буцаан шаардах эрхгүй юм.

 

Сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

С.Т- нь С.Г-тай 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Т- дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрхээс татгалзаж, уг эрхийг С.Гүльдарийн өмчлөлд үлдээхээр тохиролцсон байна.

С.Т- нь С.Г-тай 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 17, 18 дугаар байрны урд байрлах 400 м.кв газрын эзэмших эрхийг С.Г-т шилжүүлж, /хх8/ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 252 тоот шийдвэрийг үндэслэн мөн дүүргийн 14 дүгээр хороо Москвагийн 42-р байр гэж байршлыг тодорхойлсон нэгж талбарын 18637310737331 дугаар бүхий 400 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар С.Г-т эзэмшүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилгээг олгосон байна. /хх12/

 

Сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шаардлагын үндэслэлийг тодруулахад тэрээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор дээрх гэрээнүүд байгуулах үндэслэлгүй байсан гэх агуулгаар тайлбар гаргажээ.

 

Дээр дурдсанаар бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр тул дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэсэн болон найруулгын хувьд оновчгүй байгааг залруулав.

 

С.Гүльдарь нь Б.Одонтуяатай 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Г- өөрийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 42 хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга өмчлөх эрх, мөн хаягт байрших 400 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00462 дугаар шийдвэрээр С.Гүлдариас 270 000 000 төгрөгийг гаргуулж Б.Одонтуяад олгож шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгааг дурдах нь зүйтэй.

 

Харин энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг гуравдагч этгээдээр оролцуулсан нь алдаатай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйл нь гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал гуравдагч этгээдээр оролцуулна гэжээ. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянагдаж буй гэрээг хүчингүй болгуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах маргаан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Г-т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, барилгын өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах С.Т-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Э.ЗОЛЗАЯА