Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2020/02981

 

 

 

 

 

 

   

2020 09 30 184/ШШ2020/02981

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 31 хороо, алтай 1 гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 14 хороо, өнөр хороолол, гудамж, байр, 1 тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:/

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, уг барилгын өмчлөгчөөр эргүүлэн тогтоох, С.******* болон С.******* нарын бүртгэлийн 585 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 584 дугаартай үйлчилгээний барилгын өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* болон С.******* нь анх 2005 оноос эхлэн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 14 хороо, гудамж, өнөр хороолол тоот хаягт байрлах м.кв үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 400 м.кв газарт үйлчилгээний барилга байгууламж барин ашиглалтад оруулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь мөн С.*******ий өмч бөгөөд 2005 оноос эхлэн анх баригдахад нь С.*******тай хамтран өмчлөгчөөр байсан бөгөөд 2008 оноос эхлэн зээл авах нэрээр бэлэглэлийн гэрээгээр С.*******т өмчлөх эрхийг шилжүүлэн өгч байхдаа үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй барилгын зарим хэсгийг зочид буудлын чиглэлээр С.******* би үйл ажиллагаа явуулж байхаар тохиролцож өнөөдрийг хүртэл уг барилгыг зочид буудал чиглэлээр ажиллуулсаар ирсэн. Өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл уг барилга нь дандаа зээлийн барьцаанд байсаар ирсэн ба С.******* нь өөрөө зээлийн зарцуулалтыг хийсээр ирсэн. Өнөөдөр уг барилгыг С.******* нь зээлийн барьцаанд тавьсан зээлээ төлөх боломжгүй байгаа гэсэн шалтгаанаар С.******* миний барилгыг өмчлөх, эзэмших үйл ажиллагаа явуулах орлого олох эрхгүй болгоод байна. Уг үйлчилгээний барилгыг зөвхөн зээл авах зээлийн барьцаанд тавих нэрээр С.*******т дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой нөхцөлтэй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч байсан ба өнөөдөр бэлэглэгч миний өмчлөх, эзэмших эрх ашигт шууд нөлөөлж гомдоогоод байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 14 хороо гудамж, өнөр хороолол тоот м.кв үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 400 м.кв газрыг эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож уг барилгын өмчлөгчөөр эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.******* нь С.*******т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гарган хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэл гаргахдаа дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Үүнд: Улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 14 хороо, гудамж, өнөр хороолол тоот хаягт байрлах м.кв үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 400 м.кв газрыг эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож уг барилгын өмчлөгчөөр эргүүлэн тогтоолгохоор гаргажээ. Мөн тухайн үед ******* дүүргийн 14 хороо гудамж, өнөр хороолол тоот хаягт байрлах газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.*******т шилжүүлсэн ба дугаартай ******* дүүргийн 14 дүгээр хороо Москва гудамж, өнөр хороолол тоот м.кв үл хөдлөх хөрөнгийг мөн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээс гадна үйлчилгээний барилгын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийсэн байна. Иймд дараах нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. Дээрх С.******* болон С.******* нарын бүртгэлийн 585 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 584 дугаартай үйлчилгээний өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэхэмжлэлийн шаардлага бол бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцоод С.*******ыг хамтран өмчлөгчөөр тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэл байгаа юм. Улсын бүртгэлийн Ү2201020289 дугаартай ******* дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, Өнөр хороолол тоот, м.кв үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 400 м.кв газрын эд хөрөнгийг бэлэглэсэн 2008 оны бэлэглэлийн гэрээ байгаа. Энэ гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Анх дээрх обьект нь С.*******, С.******* нарын хамтын өмч байсан. Гэтэл С.******* обьектод өргөтгөл хийхээр зээл авсан. Ингээд бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 05 сарын 23-ны өдөр эгч С.******* нь С.*******т эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. 2008 оноос хойш энэ обьект нь зээлийн барьцаанд байж, үйл ажиллагаа нь явагдаж байсан. С.******* нь зээл авснаасаа хойш өргөтгөл хийсэн учраас түүнийг харж үзээд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоод С.*******ыг анх байсан шиг хамтран өмчлөгчөөр тогтоогоод өгчих гээд байгаа юм. Хэрэв хамтран өмчлөгчөөр тогтоогоод өгчих юм бол үйл ажиллагаагаа явуулаад хамтраад ажиллах боломжтой болно. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохгүй болхоор обьект нь С.Гүлдарийн мэдэлд байгаад байгаа, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцчихвол С.******* обьектдоо өмчлөгчөөр тогтоогдоно.

Хэрэв эвлэрлийн гэрээ нь баталгаажаад С.*******ыг өмчлөгчөөр тогтоогоод өгөх юм бол гуравдагч этгээд Б.Одонтуяагийн 270 000 000 төгрөгийг нь өгье гэж байгаа. Энэ мөнгө нь бэлэн байгаа, яагаад мөнгийг өгөхгүй байгаа вэ гэвэл С.*******ы эрх зүйн байдал нь баталгаажаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хамтран өмчлөгчөөр тогтоогдоогүй байхад С.******* 270 000 000 төгрөгийг гуравдагч этгээд Б.Одонтуяад өгчихвөл С.*******т обьект бүтнээрээ очих гээд байгаа юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар заасан байгаа. Гуравдагч этгээдүүд бэлэглэлийн гэрээний хугацаа дууссан гэж ярих гээд байна. Би 4 дүгээр сараас хойш Б.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлж байгаа Хэрэв бэлэглэлийн гэрээ хүчингүй болоод С.******* хамтран өмчлөгчөөр тогтоогдоод ирвэл Б.Одонтуяагийн 270 000 000 төгрөгийг өгье, одоо ч гэсэн тоолоод өгөхөд бэлэн байна, ганцхан юун дээр гацаад байна вэ гэвэл С.Гүлдарын нэр дээр обьект шилжчихээд байгаа. С.*******ыг хамтран өмчлөгчөөр тогтоогоод бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоод өгчихвөл манай С.******* барих барьцтай болж байгаа юм. 270 000 000 төгрөгийг нь Б.Одонтуяад өгчих юм бол түүний эрх ашиг хөндөгдөөд байх зүйл байхгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: С.******* нь тус дүүргийн шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг надад холбогдуулан гаргасан байна. Би анх 2005 оноос эхлэн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 14 хороо, гудамж, өнөр хороолол, тоот м.кв үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 400 м.кв газар үйлчилгээний барилга байгууламж барин ашиглалтад оруулсан нь үнэн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөд нь тухайн үед С.******* нь хамтран өмчлөгч байсан бөгөөд 2008 онд бэлэглэлийн гэрээгээр С.******* надад өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш уг барилгыг өөрийн хөрөнгөөр өргөтгөн одоогоор нийт 800 м.кв талбайтай болгосон бөгөөд өнөөдөр уг дээрх маргаж буй барилга нь миний өмчлөлд байгаа бөгөөд С.*******ыг өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Одонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн С.Гүлдартай 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий улсын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 1863731037331 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж ингээд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр С.Гүлдараас 270 000 000 төгрөгийг гаргуулж Б.Одонтуяад надад олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөг хүртэл шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өнөөдрийг хүртэл барьцаалагч би барьцааны зүйлээс нэг төгрөгийн ч төлбөр барагдуулж аваагүй байна. Хэрэв шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болговол барьцаалагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөх учир энэхүү иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байж байгаад бэлэглэлийн гэрээний үндсэн дээр дүү С.*******т шилжүүлэн өгснөөр өмчлөх эзэмших эрхэд халдаж, намайг гомдоосон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Маргааны зүйл болох улсын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 1863731037331 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг С.******* өөрийн нэр дээр бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан өмчлөх эрхтэй болж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар тэрээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх үүссэн. Маргааны зүйл болж буй газар, байшингийн өмчлөл болон түүнтэй холбоотой 2008 онд байгуулсан бэлэглэлийн гэрээ болон уг бүртгэлийн улмаас өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн атал, холбогдох хууль, журамд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгч С.*******ы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн гомдлыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүйг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ба бэлэглэгч нар бэлэглэлийн гэрээнд болзол заагаагүй, бэлэг хүлээн авагч С.******* нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж байхдаа үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болгож зээл авсан, түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэжээ. Зохигчдын хооронд 2008 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, харин нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж анх 2019 оны 12 сарын 04-ний өдөр буюу 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Бэлэглэгч С.******* Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280 дугаар зүйлийн 280.1.2 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй боловч бэлэг хүлээн авагч С.******* нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймд дээрх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.******* нь өөрийн нэр дээрх эд хөрөнгийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу өмчлөх эрхийг С.Гульдиханаас авсан. Гэрээг хүчин төгөлдөр бус болгох үндэслэлийг нэхэмжлэгч ярилаа. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т бэлэглэлийн гэрээгээр С.*******т эрхийг олгосон, эрх олгосны үндсэн дээр Улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчөөр бүртгэж авсан. Үүний дараа гуравдагч этгээдтэй зээлийн гэрээ байгуулж, эд хөрөнгөө барьцаанд тавьсан. Гэвч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр гарсан, одоо шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бид эвлэрсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл эгч, дүү хоёр нэгнийхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж, түүнийгээ барьцаалж, зээл авчхаад үүргээ биелүүлээгүй. Тэгснээ одоо хоёулаа эвлэрье гээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулчихвал гуравдагч этгээд буюу зээлдэгч Б.Одонтуяагийн эрх ашиг ноцтой зөрчигдөнө. Тиймээс нэхэмжлэгч эрх зүйн стандарт бус нөхцөлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна гэж үзэж байна. С.******* нь Иргэний хуульд заасны дагуу яах аргагүй өмчлөгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т хүчингүй болгох эрхийн талаар заасан байгаа, хавтаст хэрэгт үнэхээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон асуудалтай холбоотой нэг ч нотлох баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээ хийгдсэнээс хойш 11 жилийн дараа хоёулаа эвлэрчих юм бол гуравдагч этгээдийн эрх ашиг бид нарт ямар хамаатай юм бэ гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь угаасаа хууль зүйн үндэслэлгүй зүйл байна. Мөн хамтран өмчлөгчөөр оруулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүхэд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр С.Гүлдараас 270 000 000 төгрөгийг гаргуулж Б.Одонтуяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар: барьцаа эд хөрөнгүүдийн битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулсан боловч төлбөр төлөгч тал үнэлгээ дээр шүүхэд гомдол гаргаж үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж хөндлөнгийн шинжээч томилон барьцаа эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгож анхны болон хоёр дахь дуудлага худалдаан оруулахад дуудлага худалдааны ялагч тодорч худалдан борлогдсон. Хариуцагч, нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, удаашруулах зорилгоор саад учруулж шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Иргэн С.*******ы нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэжээ. Зохигчдын хооронд 2008 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Харин нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол гэрээг хүчингүй болгохоор заасан боловч С.******* нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй. Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй. Иймд дээрх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн хэлсэн тайлбартай санал нэг байна, өөр тайлбаргүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* хөрөнгө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, эд хөрөнгийн өмчлөгчөөр эгүүлэн тогтоох, 585 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 584 дугаартай үйлчилгээний өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч С.******* хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 239.26 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, хоёр давхар зоорийн хамт үл хөдлөх эд хөрөнгө нь хоёр хүний өмч буюу нэхэмжлэгч С.*******, хариуцагч С.******* нар өмчлөгчөөр бүртгүүлж 2008 оны 05 сарын 26-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-10/

2008 оны 05 сарын 23-ны өдөр Ёлт-Алтай ЗБН-ийг төлөөлж бэлэглэгч С.******* нь бэлэг хүлээн авагч С.*******д ******* дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 239.26 мкв талбайтай, хоёр давхар зоорийн хамт үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэж бэлэглэлийн гэрээ байгуулсан /хх-7/ ба бэлэглэлийн гэрээнд бэлэглэгч тал нь Ёлт-Алтай ЗБН бичигдсэн боловч талууд хөрөнгө бэлэглэсэн, хүлээн авсан тухай маргахгүй байна.

Бэлэглэлийн гэрээний дагуу хөрөнгийн хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч С.******* хасагдсан, хөрөнгө байрших газрыг эрх шилжүүлэх гэрээгээр С.Гүлдарийн эзэмшилд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь 2008 оны 05 сарын 27-ны өдрийн бүртгэлийн 585 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-8/, 2008 оны 05 сарын 27-ны өдрийн бүртгэлийн 584 дугаартай Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр /хх-9/ тогтоогдож байна.

Зохигчид бэлэглэлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл байгуулснаар хариуцагч С.******* нь ******* дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 239.26 мкв талбайтай, хоёр давхар зоорийн хамт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөр /хх-10/, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 400 мкв газрын эзэмшигчээр бүртгүүлжээ. /хх-12/

Хариуцагч С.******* нь дээр дурдсан хөрөнгө барьцаалж, иргэн Б.Одонтуяатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хавтаст хэргийн 38-41, 67, 77-97 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл бэлэглэгч С.******* нь нэг жилийн хугацаанд бэлэглэлээ хүчингүй болгоогүй бол хүчингүй болгох эрхээ алдах бөгөөд энэ хугацаа нь бэлэглэгч бэлэглэлээ хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг хугацаанаас эхлэн тооцно. Бэлэглэгч буюу нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлдээ ... С.******* нь ... хөрөнгийг 2008 оноос эхлэн зээлийн барьцаанд тавьж, миний хөрөнгө эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулж орлого олох эрхгүй болгож, гомдоосон /хх-1/ гэж дурдсанаас үзэхэд бэлэглэгч нь 2008 оноос бэлэглэл хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдэж байсан боловч 2019 онд буюу 11 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь түүнийг бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрхээ алдсан гэж үзэх буюу бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг зохицуулсан байна. Нэхэмжлэгч С.******* 584, 585 дугаар хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлдээ /хх-43/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, шаардлагаа нотолсон аливаа баримт шүүхэд гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан шаардлагаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй байна. Иймд 2008 оны 05 сарын 27-ны өдрийн бүртгэлийн 585 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2008 оны 05 сарын 27-ны өдрийн бүртгэлийн 584 дугаартай Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, түүнд тохирсон тэмдэгтийн хураамж төлөхөөр заажээ. Бэлэглэлийн гэрээнд 10 000 000 төгрөгийн үнэ бүхий барилга, зоорь бэлэглэсэн гэж байх тул 10 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг нэхэмжлэгч С.*******аар нөхөн төлүүлэх үндэстэй байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 1 320 000 төгрөг гаргуулан хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь *******9009345 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 280 дугаар зүйлийн 280.3-д зааснаар С.*******ы нэхэмжлэлтэй С.*******т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, бүртгэлийн 585 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, бүртгэлийн 584 дугаартай Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамж 174 950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, шинжээчийн зардал 1 320 000 төгрөг гаргуулан хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь *******9009345 дугаар дансанд тус тус оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР