Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Ш.Хэрлэнбаатар (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шижиртийн Хэрлэнбаатарт холбогдох эрүүгийн 1809013360453 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 1-11 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 996Б тоотод түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” 10 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацааг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, НЭ98022418 регистерийн дугаартай, Шавь овогт Шижиртийн Хэрлэнбаатар.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ш.Хэрлэнбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өлзий” төвийн караоке дотор хохирогч С.Болорцэцэгийг “манайх чамд үйлчлэхгүй” гэж хэллээ гэх шалтгааны улмаас зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний гадна хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Хэрлэнбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, хохирогч С.Болорцэцэг /хх-ийн 8-10/, гэрч Г.Дуламрагчаа /хх-ийн 12-13/, Л.Лувсанцэрэн /хх-ийн 14/, Г.Пүрэмдулам /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3676 тоот дүгнэлт /хх-ийн 17/, Ш.Хэрлэнбаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22/, Ш.Хэрлэнбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-40/, С.Болорцэцэгийн хүсэлт /хх-ийн 42/, прокуророос шинээр өгсөн шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд 6 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Хэрлэнбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Өлзий” төвийн караокед С.Болорцэцэгийн “…чамд пиво зарахгүй” гэж хэлсэн үгэнд дургүйцэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Болорцэцэгийн /хх-ийн 8-9/: “... Өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 50 минутын үед би өөрийн ажил болох “Өлзий” төв дээр ирсэн. Ажил дээр ирээд 2 дугаар давхар руу гартал Дуламрагчаа гэх манай бармен охин найз залуутайгаа хамт зогсож байсан. Найз залуу нь “Нийслэл” пиво барьчихсан зогсож байхаар нь би “чи одоо гар аа, чамд үйлчлэхгүй, пивоо задлаагүй байгаа юм чинь 3000 төгрөг тавьчихаж болно шүү дээ” гэж хэлтэл нөгөө охин нь “3000 төгрөг аваад ирье” гээд буугаад явсан. Би тэр залууд “чи наад ууж байгаа пивоо тавь, манайх чамд үйлчлэхгүй” гэхэд нөгөө залуу “гарна, гарахгүй” гэж маргалдаад байсан.  Нөгөө залуу намайг “чиний өмгөөлөгч гэж юу байдаг юм бэ” гээд миний куртикны захнаас доошоо дараад нүүр рүү 2 удаа өшиглөхөөр нь би гараараа хамгаалсан. Найз охин нь салгах гэж дундуур ороод ч нэмэргүй байсан бөгөөд доороос харуул гарч ирж намайг салгасан. Эхлээд намайг 3 өшиглөчихөөд салсаны дараагаар ахиад 1 удаа өшиглөсөн. Би юу болсоныг ч мэдээгүй оч үсрээд халуу дүйгээд л явчихсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Дуламрагчаагийн /хх-ийн 12/: “... Би 2018 оны 03 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Өлзий” төвийн караокед ажил дээрээ байж байх үед манай найз залуу Хэрлэнбаатар согтуу ороод ирсэн. ... Орж ирээд караокений хөргөгчнөөс дураараа пиво авсан. Би мөнгийг нь нэхсэн чинь “найзуудаас ав” гэсэн. Би гарч найзуудаас нь пивоны мөнгийг нь аваад буцаад орж ирэхэд Хэрлэнбаатар манай захирал Болорцэцэгтэй муудалцчихсан пиво булаацалдаж байсан. Хэрлэнбаатар Болорцэцэгийн куртикний захнаас нь зуураад доошоо  дараад нүүр рүү нь өшиглөсөн. Би салгах гэсэн боловч чадахгүй байсан. ...Болорцэцэг өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Лувсанцэрэнгийн /хх-ийн 14/: “...  Хэрлэнбаатар намайг “...“Өлзий” төв рүү хүргээд өгөөч” гэхээр нь хүргэж өгсөн. Хэрлэнбаатар “хүлээж байгаарай, хөгшин чинь удахгүй гараад ирнэ, эхнэртэйгээ уулзчихаад гараад ирье” гэж хэлээд орсон. Тэгээд гарч ирэхгүй удаад байсан. Найз Өлзий-Орших намайг “чи араас нь ороод явлаа гээд хэлчих, хоёулаа явья” гэсэн. Би “Өлзий” төв рүү ороход 2 давхрын шатан дээр Хэрлэнбаатар нэг эмэгтэйтэй хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр эмэгтэй надад “чи найзыгаа аваад яв” гэсэн. Би Хэрлэнбаатарыг авч гарах гэсэн чинь гарахгүй байхаар нь хүчээр аваад гарах гэтэл Хэрлэнбаатар тэнцвэр алдаад шатны уруу унаад толгойгоороо вакум хаалганы булан мөргөсөн. Тэгээд босгоод аваад гарсан чинь хамгаалагч явуулахгүй “цагдаа дуудчихсан” гэсэн. Би “найзыгаа аваад явчихья” гэсэн чинь хамгаалагч Хэрлэнбаатарыг газар дарж хэвтчихээд босгохгүй байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Үл таних эмэгтэй “танай найз чинь намайг цохичихлоо” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ш.Хэрлэнбаатарын буруутай үйлдлийн улмаас С.Болорцэцэгийн биед “тархи доргилт, баруун нүдний гадна хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3676 тоот дүгнэлт /хх-ийн 17/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгч хохирогчийг зодож байхыг тухайн үйл явдлыг харсан хүмүүс гэрчилж мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ш.Хэрлэнбаатарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ш.Хэрлэнбаатарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

 

Шүүгдэгч нийтийн ашиг сонирхолд тустай ямарч ажлыг цалин хөлсгүйгээр хийх учиртай тул шүүх шийдвэртээ хийх ажлыг тусгайлан заах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэ тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэхийг дурдаж байна.

Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэмээн ташаарч бичсэн байх боловч хэрэгт авагдсан баримтат мэдээлэлээр гэмт хэрэг 2018 оны 03 дугаар сарын 14-нд үйлдэгдсэн нь тогтоогдож байх тул уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж залруулсан болно. Ингэж зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шавь овогт Шижиртийн Хэрлэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хэрлэнбаатарыг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хэрлэнбаатарт оногдуулсан  260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хэрлэнбаатар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Хэрлэнбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ