Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02228

 

 

 

 

 

 

 

 

 

Япон улсын “..” компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02004 дугаар шийдвэртэй,

 

Япон улсын “..” компанийн нэхэмжлэлтэй Г.г-, “ББСБ” ХХК-д тус тус холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 025 524 559 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн Камата нь Монгол улсын иргэн Г.г-тэй 2012 онд уулзаж танилцсан бөгөөд Монгол улсад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, хамтран бизнес хийхээр болсон.

Г.г- нь “М" ХХК гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулчихсан гэж хэлээд Япон улсын иргэн, “..” компанийн гүйцэтгэх захирал Каматагаас хөрөнгө оруулалт хүсч улмаар Япон улсын иргэдийн мөнгөн хөрөнгийг зөвшөөрлийн дагуу авч “М" ХХК-д хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллахаар болсон. “..” компани болон Япон улсын иргэдээс 2012 оноос эхлэн нэхэмжлэгч мөнгөн татаж Г.г-ийн заасан данс болон өөрт нь өгөх болсон. Г.г- 2 тэрбум орчих төгрөг авсан ба ямар ч эргэн төлөлт, хүү өгөхгүй байсан тул мөнгөө буцаан авах тухай хэлэхэд тэрээр зөвшөөрч мөнгийг буцаан өгч эхэлсэн боловч 2 тэрбум гаран төгрөгнөөс “..” компанийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 50 000 ам.доллар буюу 133 543 500 төгрөг, “..” компанийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 20 000 000 иен буюу 494 800 000 төгрөг, “..” компанийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 иен буюу 247 400 000 төгрөг, “..” компанийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 10 000 000 иен буюу 247 400 000 төгрөг, Япон улсын иргэн Ямамото Хисакигийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 2 606 696 иен буюу 64 489 659 төгрөг, Япон улсын иргэн Хирошима Акиогийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 373 558 иен буюу 9 241 825 төгрөг, Япон улсын иргэн Уришияама Шиничигийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 7 008 745 төгрөг буюу 173 396 351 төгрөг, Япон улсын иргэн Вада Кэйзогийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 3 457 018 иен буюу 85 526 625 төгрөг, Япон улсын иргэн Ивай Юригийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 1 186 160 иен буюу 29 345 598 төгрөг, Япон улсын иргэн Хаясака Сэйшигийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 иен, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 10 000 000 иен, нийт 20 000 000 буюу 507 400 000 төгрөг, Япон улсын иргэн Коянага Мисакогийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 иен буюу 25 370 000 төгрөг, Япон улсын иргэн Сакурай Миекогийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 300 000 иен буюу 7 611 000 төгрөг, нийт 2 025 524 559 төгрөгийг буцаан өгөөгүй.

Г.г- нь банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байсан тул Г.г-ийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас асуудлыг шалгаад бидний мөнгийг “М” ХХК-ийн дансаар хүлээж аваад Г.г-ийн хувийн “ББСБ”ХХК гэх нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл олгодог, тэрхүү мөнгөнүүд нь үл хөдлөх эд хөрөнгө хэлбэрээр одоо байгаа гэж үзэн Нийслэлийн Прокурорын газраас 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Г.г-т шилжүүлсэн мөнгийг чек болгон аваад банк бус санхүүгийн ажиллагаанд биш хувьдаа авсан нь Голомт банкнаас ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Иймд “..” компаниас Г.г-т өгсөн мөнгө болох 40 000 000 иен буюу 989 600 000 төгрөг, 50 000 ам.доллар буюу 133 543 500 төгрөг, мөн Япон улсын 8 иргэнд төлж барагдуулсан 35 932 177 иен буюу 902 381 058 төгрөг, нийт 2 025 524 559 төгрөгийн 300 000 иен буюу 7 611 000 төгрөгийг ББСБ ХХК-аас, үлдэх 2 017 913 559 төгрөгийг Г.г-өөс тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.г- шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.г- нь “..” компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, уг нэхэмжилж буй мөнгийг аваагүй болно.

Итгэмжлэл болон шаардах эрх шилжүүлсэн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй учраас нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болж чадахгүй. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу уг мөнгийг “М" ХХК-аас гаргуулахаар шийдэж болно. Сүүлд ирүүлсэн гэрээ хэлцлээс үзэхэд Шибуяа Масарү гэрээ хийж мөнгийг авсан байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хэдэн төгрөг нь үндсэн төлбөр, аль нь хүү юм гэдэг нь харагдахгүй, ялгаж салгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэдээс “..” компанид шаардах эрхийг шилжүүлсэн байна. Гэтэл “..” компанийн төлөөлөгч нар шаардах эрхийг Г.г-т хамааруулж, нэхэмжлэл гаргасан нь буруу, “М" ХХК гэснийг Г.г- гэж шууд орчуулан ойлгож болохгүй. “..” компани нь “М" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой. Шаардах эрх шилжүүлсэн гэрээнд “М" ХХК гэж тусгасан байхад Г.г- болон “ББСБ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь буруу тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх “..” компанийн захирал Камата Хироцугугаас анх хөрөнгө оруулах санал гаргаж, банк бус санхүүгийн байгууллагыг хамтран ажиллуулах хөрөнгө оруулалтыг Японоос татахаар тохиролцож, “М”ХХК-ийн дүрмэнд өөрчлөлт орж 2 гишүүн дээр 1 гишүүн нэмэгдэж, 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “М”ХХК нь “..” компани болон Япон улсын нэр бүхий иргэдтэй итгэлцлийн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт татсан. Мөн “..” компани нь Япон улсын иргэдтэй байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээнд “М”ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрх гэж бичсэн байна. Уг гэрээнээс үзвэл “М”ХХК нь Япон улсын иргэдтэй гэрээ хийсэн байж болох ба уг гэрээтэй холбоотой шаардах эрхээ “..” компанид шилжүүлж өгсөн тухай баримт болох нь илэрхий байна. Гэтэл эрхийг шилжүүлж авсан “..” компани нь шаардах эрхийнхээ хүрээнд “М” ХХК-иас шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл “М”ХХК-иас аваарай гээд шаардах эрх шилжүүлсэн байхад өөр этгээдүүдээс нэхэмжлээд байна. Нэхэмжлэгчээс хоёр хариуцагч этгээдтэй гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Нэхэмжпэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.г-өөс 1 816 638 179 / нэг тэрбум найман зуун арван зургаан сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун далан ес/ төгрөг, хариуцагч “ББСБ” ХХК-иас 133 343 500  /нэг зуун гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжпэгч Япон улсын “..” компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 542 880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10 443 523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.г-өөс улсын тэмдэгтийн хураамжид 9 241 141 төгрөг, хариуцагч “ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 824 667 төгрөг тус тус гаргуулж нэхэмжпэгч Япон улсын “..” компани-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “М” ХХК-тай байгуулан хамтран ажиллах гэрээний хугацааг 12 сараар тогтоож, хугацаа дууссан тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулахаар тогтсон. Гэтэл мөнгөний ханшийг анхан шатны шүүх шаардах эрх үүссэн өдрийн ханшаар бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрийн ханшаар тодорхойлсон нь хуульд нийцээгүй. Мөн шүүх дансруу шилжүүлсэн үнийн дүнгээр бус гэрээний үнийн дүнгээр илүү бичиж шийдвэрлэсэн. Түүнчлэн ашиг тооцон гэрээний үүргийг үнэлсэн атлаа шийдвэрээ дүгнэлтээсээ зөрүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөусан хэмээн гаргасан нь хуульд нийцээгүй.

Итгэлцэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд хамааруулан дүгнэсэн атлаа хэлцэл хийсэн тал болон “М” ХХК биш иргэн Г.г-тэй тооцсон эрх зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүх 300 000 иенийг биш 50 000 ам.доллар буюу 133 543 500 төгрөгийг “ББСБ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж хариуцагчаар нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн иргэн Г.г-ийг хэргийн жинхэнэ хариуцагч биш хэмээн үзэж хариуцагчийг “ББСБ” ХХК болгон өөрчилсөн.

Хариуцагчийг өөрийн үзэмжээр солих эрхийг хуулиар олгоогүй. 50 000 ам.доллар “..” компани болон “М” ХХК-ийн хоорондох гэрээний шаардлагад хамаарах асуудал болох нь хэргийн баримтаар нотлогдсон байхад “..” компанитай ямарч гэрээ хэлцэл хийгээгүй “..” компанийн өмнө ямарч үүрэг хүлээгээгүй “ББСБ” ХХК-д холбогдуулан 133 543 500 төгрөгийг шийдвэрлэсэн нь хууль бус юм.

А.Болдод олгосон итгэмжлэлд “ББСБ” ХХК-аас гэрээний болон гэрээний бус үүрэг шаардах эрх олгоогүйгээс гадна “..” компаниас А.Болдод олгосон итгэмжлэлд хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн хэргийн баримтууд дотор “..” компани 3-н гишүүнтэй тухай болон ТУЗ-ын шийдвэрээр Япон улсын иргэн Каматад компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх өгсөн “..” компанийн 100 хувийн хувьцааг Камата дангаараа эзэмшдэг учир компанийг төлөөлж байгаа мэт өөр хоорондоо зөрчилтэй баримтууд байх ба эдгээр зөрчил бүхий баримтууд А.Болдод олгосон итгэмжлэлд тамга дарах бололцоо олгоогүй байдал зэргээс үзвэл Япон улсын иргэн Камата нь “..” компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолсон эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй байна.

Япон улсын аж ахуйн нэгж болох “..” компани Монгол улсын хуулийн этгээд болох “М” ХХК-ын 70 хувийг дангаар эзэмшдэг байх ба “М” ХХК-д өгсөн гэх 50 000 ам.доллар хамтран ажиллах гэрээний үнэ эсхүл хөрөнгө оруулалт мөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн 50 000 ам.доллар “..” компанид байсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд “ББСБ” ХХК-аас 133 543 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Япон улсын “..” компани нь хариуцагч Г.г-өөс 2 017 913 559 төгрөг, хариуцагч “ББСБ” ХХК-аас 7 611 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Япон улсын “..” компани болон Япон улсын иргэн Ямамото Хисаки, Хирошима Акио, Уришияама Шиничи, Вада Кэйзо, Ивай Юри, Хаясака Сэйши, Коянага Мисако, Сакурай Миеко нар нь “М”ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд итгэлцэлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулагдсан, уг гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө шилжүүлэх, гэрээний хугацаа дуусахад ашиг авахаар тохиролцсон байна. Улмаар Япон улсын “..” компани нь дээрх нэр бүхий 8 иргэнээс итгэлцлийн гэрээний үндсэн дээр “М”ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг шижүүлэн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /3хх1-79/

 

Г.г-, О.Батцэцэг нар “М”ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэн байгуулсан, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “М”ХХК-ийн 70 хувийн хувьцааг Япон улсын “..” компани, 25 хувийн хувьцааг Г.г-, 5 хувийн хувьцааг Япон улсын иргэн Шибуяа Масару нар эзэмшиж байгаа болох нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх 240/

 

Япон улсын “..’’ компанийн захирал Камата Хироцугу нь хөрөнгө оруулалтын дагуу эргэн төлөлт хийгдэж, хүү өгөөгүй хөрөнгө оруулалтыг буцаан татах талаарх хүсэлтийг Г.г-, Япон улсын иргэн Шибуяа Масару нарт гаргасан. “М”ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байсан тул банк бус санхүүгийн байгууллага байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулж, 1 664 780 000 төгрөгийг залилсан гэх Камата-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101 тоот тогтоолоор Г.г- нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинж тогтоогдохгүй, иргэд, аж ахуйн нэгж хоорондын эд хөрөнгийн маргаантай холбоотой, иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлвэл зохих асуудал байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /1хх199-202/

 

Анхан шатны шүүх “М” ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан итгэлцлийн үйлчилгээ явуулах эрхгүй тул Япон улсын “..” компани болон Япон улсын нэр бүхий 8 иргэдтэй байгуулсан итгэлцлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Г.г- нь Япон улсын “..” компани болон Япон улсын нэр бүхий 8 иргэдээс “М” ХХК-аар дамжуулан авсан мөнгөн хөрөнгийг уг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбараа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд Япон улсын “..” компани болон “М” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний үүргийн шаардлага Г.г-, “ББСБ” ХХК-д хамаарахгүй, “М” ХХК-иар дамжуулан хариуцагчид өгсөн мөнгөн хөрөнгөөс ногдох ашиг шаардах эрх нэхэмжлэгчид хууль болон гэрээгээр олгогдоогүй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч “..” компани болон Япон улсын 8 иргэний мөнгөн хөрөнгийг Г.г- нь “ББСБ” ХХК болон өөртөө авсан хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Г.г- нь Япон улсын “..” компаниас шилжүүлсэн 40 000 000 иен, Япон улсын иргэн Хаясака Сэйшигийн 20 000 000 иен, Япон улсын иргэн Сакурай Миекогийн шилжүүлсэн 300 000 иен, Япон улсын иргэн Вада Кэйзогийн шилжүүлсэн 3 000 000 иен, Япон улсын иргэн Шиничи Ямамотогийн шилжүүлсэн 5 000 000 иен, Япон улсын иргэн Хаясаки Ямамотогийн шилжүүлсэн 2 000 000 иен, Япон улсын иргэн Коянага Мисакогийн шилжүүлсэн 1 000 000 иен, Япон улсын иргэн Хирошима Акиогийн шилжүүлсэн 300 000 иен, Япон улсын иргэн Ивай Юригийн шилжүүлсэн 1 000 000 иен, нийт буюу нийт 72 600 000 иен буюу 1 796 124 000 / 72 600 000 * 24,74 төгрөг/ төгрөгийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй. /1хх 130/

 

Иймд хариуцагч Г.г-өөс 1 796 124 000 төгрөгийг гаргуулж Япон улсын “..” компанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

“ББСБ” ХХК нь Япон улсын “..” компани болон Япон улсын нэр бүхий 8 иргэдээс “М” ХХК-аар дамжуулан шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 50 000 ам.долларыг хүлээн авч зээлийн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь тус компанийн санхүүгийн тайланд тусгагдсан гэж анхан шатны шүүх зөв тогтоож “ББСБ” ХХК-аас 133 543 500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь зөв болжээ. /1хх247-249, 2хх1-158, 3хх103-179/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02004 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “1 816 638 179 төгрөгийг” “1 796 124 000 төгрөгийг” гэж “75 542 880 төгрөгийн” гэснийг “96 057 059 төгрөгт” гэж

2 дахь заалтын “9 241 141 төгрөг” гэснийг “9 138 570 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар “ББСБ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 824 667 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.г-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 241 141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА