Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/01486

 

2020 05 27                             183/ШШ2020/01486

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Стадион оргил-22, Моннис Бюлдинг 2 давхарт байрлах С  С  ББСБ ХХК /РД:00000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг, Өлзийтийн зам гудамж, 734 тоотод байрлах Д о м ХХК /РД:000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг гудамж, 65 тоотод оршин суух Загд овогт Д. Ц /РД:00000/ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1.218.636.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х /ШТЭҮД:2029/, хариуцагч Д.Ц-гийн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б /ШТЭҮД:1023/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С  С  ББСБ ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Д о м ХХК нь манай С  С  ББСБ ХХК-д хүсэлт гаргаж зээл хүссэн дагуу бид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 00000 тоот зээлийн гэрээ байгуулан, тус гэрээний дагуу С  С  ББСБ ХХК-ийн зүгээс Д о м ХХК-д 990.000.000 төгрөгийг бизнесийн хэрэгцээний зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Энэхүү 00000 тоот зээлийн гэрээний дагуу Д о м ХХК-ийн зээлийн дансанд тус зээлийг олгосон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д ом ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 00000 тоот барьцааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг тус тус байгуулсан. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д о м ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Д.Ц-той 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 00000 тоот батлан даалтын гэрээг мөн байгуулсан болно. Д о м ХХК нь 00000 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу, цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тухайн хуримтлагдсан төлбөл зохих дүнгээс төлөх үүрэг хүлээсэн. Мөн 00000 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүү болон зээлийн нүдсэн төлөлтийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт №1-т заасан графикийн дагуу төлөхөөр тохиролцож, ингэхдээ тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүү, үүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллыг баримтлан барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сүүлчийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон эргэлт төлөлт хийлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр ирлээ. Бид зээлдэгчид удаа дараа энэ талаар сануулсан албан бичиг хүргүүлсээр байсан боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Д о м ХХК нь нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 42.261 төгрөг, үндсэн хүүнээс 13.019.178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 8560 төгрөг, нийт 13.070.000 төгрөгийг бидэнд төлж барагдуулаад байна. Д о м ХХК нь 00000 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг гүйцэтгэлгүй 8 сар гаруйн хугацаа өнгөрсөн байх тул эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа нь хэтэрсэн болон хуваарийн дагуу төлөгдөх ёстой үндсэн зээл 989.957.738 төгрөг, зээлийн хүү 145.808.708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.043.661 төгрөг, нийт 1.137.810.109 төгрөгийг Д о м ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч С С  ББСБ ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: С  С  ББСБ ХХК нь Д о м ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00000 тоот зээлийн гэрээ, 00000 тоот барьцааны гэрээ байгуулан 700.000.000 төгрөгийг бизнесийн хэрэгцээний зориулалтаар, 30 сарын хугацаатай, сарын 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэй зээлүүлсэн. Улмаар Д о м ХХК хүсэлт гаргасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 00000 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 00000 дүгээр гэрээгээр 5.171.369 төгрөгийг мөн 2 хувийн хүүтэйгээр нэмж зээл олгосон. Нийт зээлийн хэмжээ 755.171.369 төгрөг болсон бөгөөд иргэн Д.Ц-той 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00000 тоот батлан даалтын гэрээг байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 00000 тоот зээлийн гэрээ, энэхүү гэрээний 00000 дүгээр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн төлбөр 754.973.638 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 146.220.541 төгрөг, нийт 901.194.180 төгрөгийг хариуцагч төлөөгүй байсан. Д о м  ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №71 болон 72 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг манай компани хүлээн зөвшөөрч, С И С И ББСБХХК нь Д о м ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №00000 тоот зээлийн гэрээгээр өмнөх гэрээгээр төлөөгүй байсан 901.194.180 төгрөг дээр шинээр 88.805.820 төгрөгийн зээлийг нэмж, нийт 990.000.000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулахаар хоёр тал харилцан тохирсон. Үүний дагуу 990.000.000 төгрөгөөр гэрээг шинэчлэн байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн буюу жилийн 24 хувийн хүүтэй зээлүүлсэн. Д о м ХХК нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №00000, №00000 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулсан бөгөөд түүнчлэн Д о м ХХК-ийн захирал Д.Ц нь зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд иргэний хүний хувиар өөрийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээхээр хувийн батлан даалт гаргасан ба С  С  ББСБ ХХК-тай №00000, №00000 тоот хувийн батлан даалтын гэрээг тус тус байгуулсан болно. Д о м ХХК нь №00000, №00000 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу, цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тухайн хуримтлагдсан төлбөл зохих дүнгээс төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүү болон зээлийн үндсэн эргэн төлөлтийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөхөөр тохиролцож, ингэхдээ тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүү, үүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллыг баримтлан барагдуулах үүрэг хүлээсэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сүүлчийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт эргэн төлөлт хийгээгүй байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Д о м ХХК нь нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 239.991 төгрөг, үндсэн хүүнээс 44.639.091 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1.226.585 төгрөг буюу нийт 46.105.669 төгрөгийг бидэнд төлж барагдуулаад байна. Зээлдүүлэгч тал зээлдэгч Д о м ХХК-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Зээлдэгч Д о м ХХК-тай байгуулсан №00000, №00000 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ...Дараах тохиолдолд ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр зээлдэгч болон хамтран зээлдэгчээс буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд С  С  ББСБ ХХК нь тус зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д ...зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэх үндэслэлээр зээлдэгч Д о м ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №00000 болон 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00000 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, энэ талаар хариуцагч Д о м ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00000 тоот, мөн оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00000 тоот, 07 дугаар сарын 26-ны өдрийн 00000 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэж байсан. Түүнчлэн Д о м ХХК нь өөрийн түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан байрнаасаа гарахдаа барьцааны гэрээнд заагдсан хөдлөх эд хөрөнгүүдээс ихэнх эд хогшил, эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмжүүдээ аваад явсан бөгөөд сүүлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02500 дугаар шийдвэрээр Х лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өр төлбөртөө тооцуулан С  С  ББСБ ХХК-ийн дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эмнэлгийн тоног төхөөрөмжөө өгөхөөр болсон зэрэг нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т ...барьцаа хөрөнгийг аливаа шалтгаанаар бусад этгээдэд шилжсэн, үрэгдүүлж алга болгосон бол... ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр зээлдэгч болон хамтран зээлдэгчээс буцаан шаардах эрхтэй гэж заасан. Зээлдэгчийн зарим барьцаа хөрөнгүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаалагдсан, чанар байдлын хувьд доройтсон байгаа байгаа учир хэрэв барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй бол батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Иймд Д о м ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 00000 тоот зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 00000 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр үндсэн төлбөр 754.931.377 төгрөг, хүү 316.749.621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.139.174 төгрөг, нийт 1.104.820 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 00000 тоот зээлийн гэрээгээр үндсэн төлбөр 88.808.820 төгрөг, хүү 20.963.039 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.047.367 төгрөг, нийт 113.816.227 төгрөг, нийт 1.218.636.400 төгрөгийг хариуцагч Д о м ХХК-иас гаргуулж, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй тохиолдолд хамтран хариуцагч буюу батлан даагч Д.Ц-гийн хуваарьт хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д о м ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С И С И ББСБХХК болон Д о м ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 700.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээний хувьд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлан даалтын гэрээг байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний үүрэг бүрэн биелээгүй байсан үед талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 990.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл, 00000 тоот зээлийн гэрээний үүргийг эцсийн байдлаар дуусгавар болсон байдаг. Энэ нь нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж байсан санхүүгийн болон 40 том зээлдэгчийн тайлан, мөн Д о м ХХК-д ирүүлж байсан мэдэгдлүүдээс маш тодорхой харагдаж нотлогддог. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон мэдэгдлүүдээс харахад гэрээг шинэчлэн байгуулсан болох нь мэдээллийн сан болон холбогдох тайлангаас харахад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00000 тоот зээлийн гэрээний үүрэг өр, төлбөргүй болж дууссан, шинээр зээлийн гэрээний өр, төлбөр үүсэн болох нь нотлогддог. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-д зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 700.000.000 төгрөгийн 0000 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, талуудын хооронд байгуулсан шинэ зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүрэг үүссэн болно. С И С И ББСБХХК болон Д о м ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 990.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний дагуу 990.000.000 төгрөгийн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэхдээ үүнээс 146.220.541 төгрөг нь өмнөх зээлийн хүү байсан учраас энэхүү дүнгээс хүү тооцох нь хууль бус болно. Өөрөөр хэлбэл хүүнээс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь хууль бус болно. Мөн энэхүү гэрээгээр нэмж 88.805.820 төгрөг зээлэхээр болсон боловч үүнийг яг бодитоор бидэнд олгоогүй, түрээслүүлэгчид бас бодитоор олгоогүй байдаг. Зээлдэгчийн хувьд шинэчлэн байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг шүүхээс тогтоосон тохиолдолд манай компани нь өөрсдөө төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой юм гэжээ.

Хариуцагч Д.Ц-гийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг өмгөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Иргэн Д.Цолмон нь С И С И ББСБХХК болон Д о м ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 700.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээний хувьд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлан даалтын гэрээг байгуулсан байдаг. Харин үүнээс хойш зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн нэмэлт гэрээнд батлан даалт гаргаагүй болно. Дээрх 0000 тоот зээлийн гэрээний үүрэг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр төлөгдөж дууссан байдаг. Учир нь С И С И ББСБХХК нь Д о м ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 990.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээ байгуулсан атлаа тухайн зээлийн мөнгийг зээлдэгчид олголгүйгээр өмнөх зээлийн өр төлбөрт шилжүүлэн төлж хааснаар 00000 тоот зээлийн гэрээний үүрэг эцсийн байдлаар дуусгавар болсон байдаг. Энэ нь нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас авсан мэдээллээс маш тодорхой харагдаж, нотлогдож байгаа болно. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 700.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулахаар талууд харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 990.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэсэн байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-д зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 700.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх хуулийн үндэслэлтэй болно. Дээрх үндэслэлүүдээр буюу өр, төлбөр төлөгдөж дууссан болон хуульд зааснаар өмнөх үүрэг дуусгавар болсон байхад нэмэлт үүргийг дуусгавар болголгүй батлан даагчаас өр, төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус, үндэслэлгүй болно. С С ББСБ ХХК болон Д о м ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 990.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний хувьд иргэн Д.Ц батлан даалт гаргаж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 00000 тоот батлан даалтын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан болно. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч Д о м ХХК-д зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгийг олгож шилжүүлэхийг зээл олгосон гэж үзэхээр маш тодорхой зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитойгоор, захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн өгөх ёстой. Гэтэл зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор зээлдэгчид шилжүүлээгүй, зээлдэгчид үндсэн гэрээний дагуу үүрэг үүсээгүй байхад тэрхүү үүргийг үүссэн мэтээр батлан даагчаас давхар нэхэмжилж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээдэг. Иргэний хуулийн энэхүү зохицуулалтаас харахад нэхэмжлэгч нь зээлдэгчээс хэчнээн төгрөг гаргуулах, зээлдэгч хэчнээн хэмжээний өр, төлбөрийг гүйцэтгэж чадахгүй гэж үзэн батлан даагчаас хэчнээн төгрөгийг нөхөн гаргуулах гэж байгаа нь тодорхой байх ёстой. Мөн нэхэмжлэгчийн хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага тавьж байгаа тохиолдолд батлан даагчаар хэдий хэмжээний төгрөгийг нөхөн хариуцуулах болохоо тодорхой болгосон байх шаардлагатай. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагчаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаахаар, мөн хуулийн 73.5-д барьцаалагч төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлэхээр тус тус зохицуулж өгсөн байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байх тохиолдолд батлан даагч нараар нөхөх хариуцлага хүлээлгэх боломжгүй байх тул батлан даагч нараар хариуцлага хүлээлгэх шаардлага, түүний хэмжээ маш тодорхой байх ёстой гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ тодорхойлсон боловч батлан даагчийг хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч мэтээр үзэн батлан даагчаас тухайн шаардлагаа давхардуулан шаардаж буй нь батлан даагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна гэж үзэх хуулийн үндэслэлтэй болно. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх тухай зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалт болон батлан даагч нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулсан хуулийн заалт, заалттай зөрчилдөж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 990.000.000 төгрөгийн 00000 тоот зээлийн гэрээний мөнгийг зээлдэгчид бодитоор олголгүй өмнөх зээлийг хаасан учраас энэхүү мөнгөн хөрөнгөө хүү тооцолгүйгээр Д о м ХХК-д холбогдуулан шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч С  С ББС БХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.У нь тус компанийн толгой компани болох С  С  групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч, мөн Д о м ХХК-ийн 67 хувийн хувьцаа эзэмшигч учраас эдгээр компаниудын хувьд нэгдмэл сонирхолтой этгээдүүд хоорондоо эрх зүйн маргаан үүсгэж байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчид хохиролтой, төлбөрийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.У нь бас зээлийг батлан даасан байдаг учир бас хариуцах ёстой атал зөвхөн Д.Ц-гоос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгийн хадгалалт хамгаалалт Д о м ХХК-д байхад үнэлгээ гаргаад ирсэн байна. Д о м ХХК нь үйл ажиллагаа явуулбал өр төлбөрөө хангалттай төлөөд явчих компани юм билээ. Энэ бүхнээс үзэхэд 770.000.000 төгрөгийн өмнөх зээл дуусгавар болж, сүүлийн гэрээний үүрэг үргэлжилж байна. Сүүлийн гэрээний үүргийг батлан даагч хариуцахгүй. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Тэгэхээр гэрээ гэрээ цуцлагдаагүй байхад бүх зээлийг төлүүлэхээр шаардсан нь хуульд нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Д о м ХХК-ийн захирал Д.Ц болон хариуцагч Д.Ц-гийн төлөөлөгч Н.А нарт мэдэгдсэн боловч хариуцагч Д о м ХХК-ийн захирал Д.Ц нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн, хариуцагч Д.Ц-гийн төлөөлөгч Н.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д о м ХХК болон хариуцагч Д.Ц-гийн төлөөлөгч Н.А нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С  С  ББСБ ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Д о м ХХК, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.137.810.109 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус өөрчлөн зээлийн гэрээний үүрэгт 1.218.636.400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1.104.820.173 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 113.816.227 төгрөгийн болон хариуцагч Д.Ц-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

Хариуцагч Д о м ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц болон тус компанийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг Ц.У нар Ц.У-ын хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг С  С  ББСБ ХХК-иас компанийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан зээл авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр зохигчид 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Д о м ХХК нь С И С И ББСБХХК-иас 700.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг бариулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна.

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл төлбөр 700.000.000 төгрөг дээр нэмж 55.171.369 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээг 755.171.369 төгрөг болгон, зээлийн хүүг сарын 2 хувь, зээлийн хугацааг 30 сар байхаар тус тус харилцан тохиролцжээ.

Дээрх зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээнүүд нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Уг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл 901.194.180 төгрөг байхад 88.805.820 төгрөгийг нэмж 990.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэхээр зохигчид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч С  С  ББСБ ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу үндсэн төлбөр 754.931.377 төгрөг, хүү 316.749.621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.139.175 төгрөг, нийт 1.104.820.173 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 88.805.820 төгрөг, хүү 20.963.039 төгрөг, нэмэгдүүлсэн хүүш 4.047.67 төгрөг, нийт 113.816.227 төгрөг, бүгд 1.218.636.400 төгрөгийг хариуцагч Д о м ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даагч Д.Ц-гийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бол хариуцагч Д о м ХХК нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар өмнөх үүргийг талууд солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор зохицуулсан заалтын дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 700.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул шинэчлэн байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Харин иргэн Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хувьд батлан даалтын гэрээ байгуулснаас бус үүнээс хойш байгуулагдсан зээлийн гэрээнд батлан даалт гаргаагүй болно. Энэхүү 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг учир сүүлийн гэрээний үүргийг батлан даагч Д.Ц хариуцахгүй. Түүнчлэн батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг атал үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой нөхцөл байдал үүсээгүй байхад зээлийн гэрээний үүргийг батлан даагчаас шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох бөгөөд зээлдүүлэгч С И С И ББСБХХК нь өмнөх зээлийн үлдэгдэл 901.194.180 төгрөг дээр нэмж зээлдсэн 88.805.820 төгрөгийг зээлдэгчид бодитоор олголгүй, Н я х прожект ХХК-ийн 307.303.139 төгрөгийн авлагаас хасаж тооцжээ.

 

Мөн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 700.000.000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 754.973.638 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 146.220.541 төгрөгийг оруулан тооцож, зээлийн үлдэгдэл 901.194.180 төгрөгөөс дахин хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг зөрчжээ.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дээрх хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ болон хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.

Харин хариуцагч Д о м ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 4.2.3-т ББСБ-ын шалгалтаар зээлдэгчийн барьцаа хөрөнгө аливаа шалтгаанаар бусад этгээдэд шилжсэн, үрэгдүүлж алга болсон, эвдрэл гэмтлээс устаж алга болсон буюу тийм байдал учрах нь тодорхой болсон даруй нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.

 

Хариуцагч Д  о м ХХК нь зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрт 239.991 төгрөг, үндсэн зээлийн хүүд 44.639.091 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.226.585 төгрөг, нийт 46.105.669 төгрөг төлсөн байх бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй болно.

Хариуцагч Д о м ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 754.931.377 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д о м ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 754.931.377 төгрөг, зээлийн үндсэн хүү 316.749.621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.139.174 төгрөг, нийт 1.104.820.173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С И С И ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.816.227 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д о м ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт №1-д заасан 59 төрлийн эмнэлгийг тоног төхөөрөмж, эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд дурдагдсан БНСУ-ын С М компанийн ACCUVIX А30 загварын ЭХО аппаратыг хариуцагч Д о м ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Х лизингийн ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өр төлбөртөө тооцуулан өгөхөөр өгч шийдвэрлүүлсэн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй юм.

Мөн хариуцагч Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч

Д о м ХХК нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээж С И С И ББСБХХК-тай батлан даалтын гэрээг байгуулсан байна.

Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэвч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд үүрэг гүйцэтгэгч Д о м ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нь тогтоогдохгүй, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжтой байх тул батлан даагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.

Иймд нэхэмжлэгч С И С И ББСБХХК-ийн батлан даагч Д.Цолмонгийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С И С И ББСБХХК-ийн Монгол банканд хүргүүлж байсан Д о м ХХК-ийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж байсан 40 том зээлдэгчийн тайлан зэргээс үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 700.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэт харагдаж байгаа боловч энэ нь талуудын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хүчин төгөлдөр бус зээлийн гэрээтэй холбоотой бөгөөд энэ нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон гэх хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч С И С И ББСБХХК-иас Д о м ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг Ф э ХХК-иар үнэлүүлэхэд 441.911.809 төгрөгийн үнэтэй болсон талаар хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлжээ.

Гэвч энэхүү тайланг хийж гүйцэтгэсэн этгээдэд шүүх хууль сануулж, танилцуулаагүй, өөрсдийн сайн дурын үндсэн дээр үнэлгээ хийлгүүлсэн байх тул үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд зээлдэгчийн барьцаа хөрөнгийг үрэгдүүлсэн, алга болсон болох нь тогтоогдсон гэж дүгнэж, шууд батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.479.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5.682.051 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Ц нь Д о м ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх ба түүнийг Д о м ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөөгүй болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д о м ХХК-ийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д о м ХХК-ийг төлөөлөн Д.Ц-г оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д о м ХХК-иас 1.104.820.173 / нэг тэрбум нэг зуун дөрвөн сая найман зуун хорин мянга нэг зуун далан гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С И С И ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113.816.227 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт №1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С И С И ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.479.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д о ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5.682.051 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С И С И ББСБХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР