Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00031

 

Ө.Хишигсүхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00703/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 186 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “Контрактын гэрээний 2.4 дэх заалтын дагуу 2019-2020 оны урамшуулал 300,000,000 гаргуулах” тухай,

Нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, П.Батчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдал /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“Шарын гол” ХК-ийн Ерөнхий захирлаар 2018 оны 6 дугаар сарын 4-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд ажиллахаар  контрактын гэрээ хийсэн.

Ажиллаж байх 2 жилийн хугацаанд контракт гэрээний 2.4 дэх заалтаар санхүүгийн жил тутам 300,000,000 төгрөгийн бонус урамшуулал олгоно гэж тохирсон.

Гэрээний дагуу эхний жилийн эцэст 300,000,000 төгрөгийн урамшуулал авсан. Харин 2 дахь жилийн урамшууллыг өгөөгүй.

Иймд контрактын гэрээний үүргийн дагуу 300,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ерөнхий захирлын албан тушаалд 9,000,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар контракт гэрээ байгуулсан.

2020 оны Б/150 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2018-2019 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд 100,000,000 төгрөг, 2019-2020 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд 200,000,000 төгрөгийн урамшуулал нийт 300,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж бүрэн олгосон.

Харин контрактын гэрээний 2.4 дэх заалтын агуулга 300,000,000 төгрөг хүртэлх урамшуулал олгоно гэж заасан бөгөөд тэрнээс жил  болгон 300,000,000 төгрөг олгоно гэж заагаагүй. Жил бүр олгох байсан бол ажлын үр дүнг үнэлэх үзүүлэлт, үнэлж дүгнэх талаар заалт оруулах шаардлага байхгүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д зааснаар нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн хариуцагч Шарын гол ХК-аас контрактын гэрээний 2.4 дэх заалтын дагуу 2020 оны урамшуулал 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч Ө.Хишигсүх давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэлгүй дүгнэлт гаргасан талаар:

2020 оны Б/150 дугаартай тушаалыг холбогдох эзэнд нь танилцуулаагүй, мөн ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн задаргааг гаргахдаа нэхэмжлэгчийн ажлын тайланг үндэслээгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч тал энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүх контрактын гэрээний дагуу нэхэмжлэгч ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх, гэрээг дүгнэсэн эсэхэд ач холбогдол өгөлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой.

4.б. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй талаар:

2018-2019 он, 2019-2020 онуудад нүүрсний өртгийг нэмэгдүүлсэн талаар тайлан гаргуулах, и-мэйл хүргүүлж байсан талаар үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт авахуулаагүй.

Эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдсанаар нэхэмжлэгч гэрээний дагуу ажлаа үр дүнтэй хийж гүйцэтгэж, гэрээг дүгнэж урамшууллыг олгох талаар шаардаж байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй талаар нотлогдох байтал шүүх хүсэлтийг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Гомдлыг хангах үндэслэлгүй тул   анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож,  хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.   

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь  хуулбар боловч нотариотаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан байх ба тухайн нотлох баримтууд нь  шүүх хураалдаанаар хэлэлцэгдсэн  байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан “ шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна. 

5. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоож, дээр дурдсанчлан хуульд заасан шаардлагыг хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч Шарын гол ХК-д холбогдуулан 300,000,000   төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэв.

6. Нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн ...6.1. анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, контрактын гэрээний дагуу  ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх, гэрээг дүгнэсэн эсэхэд ач холбогдол өгөлгүйгээр хэтэрхий нэг талыг барин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 6.2.нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс шийдвэр эргэлзээтэй гарсан, ...цалин хөлстэй холбоотой маргаан шийдвэрлэх атлаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт авхуулаагүй, ... зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт  зэргээс  тогтоогдохгүй байна.

7. Хэргээс судлан үзвэл: нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь Шарын гол ХК-н ерөнхий захирлаар хоёр жилийн хугацаанд ажиллахаар  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 01/2018 дугаар “контрактын гэрээ”-г Шарын гол ХК-тай байгуулсан  байх ба   гэрээний 2.4-т “ажлын үр  дүнг гүйцэтгэлээр дүгнэж санхүүгийн жилийн эцэст 300,000,000 төгрөг хүртэлх урамшуулал олгоно” гэж тусгажээ. /хх-6/

Энэхүү гэрээ нь хоёр жилийн хугацаатай байгуулагдсан байх тул гэрээний хугацаа дууссан байна.

8. Шарын гол ХК-н гүйцэтгэх захиралын  2020 оны 08 дугаар сарын 06-ний Б/150 дугаар “чөлөөлөх, урамшуулал олгох тухай”  тушаалаар гэрээний 2.4-т заасны дагуу 2018-2019 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд 100,000,000 төгрөг, 2019-2020 оны урамшуулалд 200,000,000 төгрөг, нийлбэр дүнгээр 300,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ./хх-22/

9. Нэхэмжлэгч нь 2020 онд 300,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэргийн 24,25,32 дугаар талд авагдсан шилжүүлгийн мэдээлэл зэрэг  баримтаар тогтоогдож байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, зөвшөөрдөг боловч энэ 300,000,000 төгрөг нь 2018-2019 оны урамшуулал, харин 2019-2020 оны урамшуулал 300,000,000 төгрөг олгоогүй гэж, хариуцагч Шарын гол ХК нь 2020 онд ажлын үр дүнг дүгнэж  Б/150 дугаар тушаалыг   гаргаж, урамшууллыг бүрэн олгосон  хэмээн  татгалзлаа тайлбарлан тус тус маргасан байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар  талууд контракт байгуулах үедээ контрактыг дүгнэх журмын талаар гэрээнд тодорхой тохироогүй байх тул ажил олгогчийн Б/150 дугаар тушаал нь контрактын гэрээг дүгнэж урамшууллыг олгосон гэж үзэхээр байна.

11. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй “гэж,

Хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.  198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй контрактын гэрээний 2.4 –т  “ажлын үр  дүнг гүйцэтгэлээр дүгнэж санхүүгийн жилийн эцэст 300,000,000 төгрөг хүртэлх урамшуулал олгоно” гэснээс  үзвэл  жил бүр буюу жил тус бүрд нь дүгнэх бус,  гэрээний хоёр жилийн хугацаанд дүгнэх гэсэн агуулгатай гэж үзэхээр байна.

12. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан байх ба түүнд байгууллагын “хөдөлмөрийн дотоод журам”-г гаргуулах талаар тусгагдаагүй байх тул тэрээр энэ талаар хүсэлт гаргаагүй гэж үзэх тул  “... хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт авхуулаагүй “ гэх гомдол үндэслэлгүй.

13. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн ... анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн  агуулга бүхий гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ   НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                      Б.ОЮУНЦЭЦЭГ