Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 580

 

    Б.Сумъяабазарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Х.Жанибек,

ялтан Б.Сумъяабазарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,  

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн улсын яллагчийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 15 дугаар эсэргүүцэл, ялтан Б.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Сумъяабазарт холбогдох 201626030092 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овгийн Батбаатарын Сумъяабазар, 1981 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дэлгэр интернейшнл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамж, 236 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МП81120771/,

Б.Сумъяабазар нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техас” баранд иргэн Ш.Түмэн-Ерөөлттэй “хуурамч үнэртэй ус зарлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь “тархи доргилт, хамрын ясны хурал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сумъяабазарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сумъяабазарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Сумъяабазараас 436.616 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.325.784 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэд буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Сумъяабазар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн төлөөлөгч А.Алтан-Эрдэнэ “гомдолтой” гэснийг тус тус дурдаж, Б.Сумъяабазарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Сумъяабазар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би анх удаа болчимгүй зангаас болж хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид зохих эмчилгээний зардал, хохирол төлбөрийг сайн дураараа төлж байсан. Мөн өөрийн бурууг ойлгож ухамсарлан, хохирогчтой уулзаж уучлалт гуйж байсан. Анхан шатны шүүхээс хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 436.616 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулах бөгөөд цаашид хохирогчийн ар гэрт өөрийн боломжоор туслах болно. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадах бөгөөд миний энэ гомдлыг хүлээн авч надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос Б.Сумъяабазарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч Б.Сумъяабазар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зан төлөв сайн, эрхэлсэн ажилтай, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс харахад түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй юм. Мөн хохирогчийн ар гэрээс удаа дараа уучлалт гуйж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Сумъяабазарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “...Хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой нийт 4.737.456 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүх хохирогчийн төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн 2.762.400 төгрөгийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон. Б.Сумъяабазарын мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний төлбөрт өгсөн 940.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. Хохирогч Ш.Түмэн-Ерөөлт нь нас барсан, улмаар амьд байхдаа хамар ясны хугарал тэгшлэх мэс заслыг хийлгээгүй байх тул нэхэмжилсэн 1.385.769 төгрөгийг хасч тооцон, тархины хаван бууруулахад авч хэрэглэсэн гэх альбумины үнэ, эмнэлэгт эмчлүүлэх болон боолт хийлгэх үед ирж очсон унааны зардал 436.616 төгрөгийг хохирогчид зарцуулсан эмчилгээний болон бусад зардалд тооцон Б.Сумъяабазараас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтан-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 2.325.784 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хохирогчоос 4.737.456 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүх хохирогчийн төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн 2.762.400 төгрөгийн хэмжээнд хязгаарлалт тогтоон, Б.Сумъяабазарын мөрдөн байцаалтын шатанд төлсөн 940.000 төгрөг болон хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн хийлгэх байсан хамар ясны хугарал тэгшлэх мэс заслын төлбөр 1.385.769 төгрөгийг тус тус хасч тооцон, Б.Сумъяабазараас 436.616 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол нэхэмжлэлээс 3.336.840 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэх ёстой байсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсгийн заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 Прокурор Х.Жанибек тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс Б.Сумъяабазарын үйлдсэн хэрэг, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцно. Тиймээс давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Сумъяабазар нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техас” баранд иргэн Ш.Түмэн-Ерөөлтийг “хуурамч үнэртэй ус зарлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь “тархи доргилт, хамрын ясны хурал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн: “... Нөгөө залуу бид хоёр бар луу буцаж ороод танилцсан. Тэр залуу өөрийгөө Сумъяабазар гэж танилцуулсан. Тэгээд бид хоёр түүний ууж байсан тал шил архийг хувааж уусан... Ингээд Сумъяабазартай хэсэг хугацаанд ярилцаж байгаад “ах нь оройтлоо, явъя” гэж хэлээд гадуур хувцасаа өмсөөд гарах гэтэл тэр намайг “сууж байгаач” гээд гуйгаад байсан. Би барнаас гараад баруун тийш алхаж байтал гэнэт хойноос нэг хүн өмсөж явсан цамцны малгайнаас татаад намайг газар унагаасан. Тэгээд миний хоолойг цамцны захаар боосноо, миний нүүр, зүүн нүд хамар, толгой, зүүн хөлний гуя, шилбэ орчимд хөлөөрөө өшиглөөд дэвсээд байсан. Би “ах нь бие муутай хүн, намайг битгий зодооч” гэж гуйхдаа намайг зодож байгаа залууг хартал “Техас” баранд хамт сууж байсан Сумъяабазар дан цамцтайгаа миний араас гарч ирээд намайг зодож байсан. Би нүүр болон элгээ 2 гараараа хамгаалахад тэрээр миний гар сарвуу руу өшиглөөд байсан. Миний хамраас цус гарсан ба Сумъяабазар миний хоолойг бооход би ухаан алдсан...” /хх 9/

гэрч  Д.Отгонбаярын: “...Би “Техас” баранд ажилладаг ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед “Дэлгэр интернэшнл” ХХК-д жолооч ажилтай Сумъяабазар гэх залуу манай баранд орж ирсэн. Тэгээд надаас 1 шил архи зээлж авч ууж байхад гаднаас нэг ах үнэртэй ус зарах гээд орж ирсэн. Би тэр ахын үнэртэй усыг үзэж байтал Сумъяа ирээд тэр ахтай юм яриад үлдсэн. Би гал тогоо орсон ба удалгүй манайд шинээр орсон зөөгч охин “нөгөө хоёр ах чинь муудалцаад байна” гэж хэлсэн. Намайг гараад хартал нөгөө ах Сумъяа хоёр хэрэлдэж байхаар нь би нөгөө ахыг гар гэж хэлээд Сумъяаг бариад үлдсэн. Нөгөө ах гараад явсан ба би Сумъяаг тавиад гал тогоо руу ороход Сумъяа нөгөө ахын араас гараад явсан байсан. Тэгээд хэсэг байхгүй байж байгаад Сумъяа буцаж орж ирсэн. Намайг гараад хартал нөгөө ах манай үүдэнд дээш хараад уначихсан амнаас нь цус гарсан байдалтай байсан ба цагдаа нар ирсэн байсан...” /хх 69/,

гэрч Х.Бат-Өлзийгийн: “... Би тухайн өдөр Өнөболд, Энхчимэг нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад “Техас” нэртэй барны үүдэнд хар хувцастай өндөр согтуу залуу 45-50 орчим насны бараан өнгийн хувцастай согтуу эрэгтэйг хувцасных нь захаас чирээд явж байхаар нь шалгахаар очсон. Гэтэл нэг эрэгтэйгийн нүүр нь цус болчихсон газар хэвтэж байсан. Газар унасан хүнийг чирээд явж байсан өндөр залууг “Арцат 112” чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд хүлээлгэн өгсөн...” /хх 73/,

шинжээч Ч.Эрдэмболорын: “... Баруун гарын эрхий хуруу мултрах, хугарах буюу холбоос нь салсан тохиолдолд тухайн үед өвдөхгүй мэдэгдэхгүй байх боломжгүй, бөгөөд энэ гэмтлийн үед гарын хурууны хөдөлгөөн хязгаарлагдах, хавдах, өвдөх шинж тэмдэг илэрдэг. Намайг үзлэг хийх үед хурууны гэмтэлгүй, зүгээр байсан байна...” /хх 88/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Түмэн-Ерөөлтийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 387 дугаар дүгнэлт /хх 13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн давтан гаргасан “... Түмэн-Ерөөлтийн биед тухайн үед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, цээж, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зовхи, баруун сарвуунд цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 387 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх эмнэлгийн анхны үзлэгээр баруун гарын эрхий хуруунд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан байна. 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн ГССҮТ-н өвчний түүхэнд Ш.Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны 2-р үений хажуу холбоос бүрэн урагдаж, сэмэрч, тасарсан, үений холбоос сунаж урагдсан, үений мултралтай засах мэс засал хийгдсэн байх ба ил харагдах хөхрөлт, хаван хавдаргүй, ил гэмтэлгүй тул уг гэмтэл нь хэдийд үүсгэгдсэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн 419 дүгээр дүгнэлт /хх 78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалын “...Урьд гаргасан 387, 419 дугаар гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Ш.Түмэн-Ерөөлтийн баруун гарын эрхий хурууны хажуу холбоос урагдаж сэмэрч тасарч, хурууны үе мултарсан ба энэ тохиолдолд улайх, хавдах, үений хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөг, цус хурах шинжүүд илрэх бөгөөд өвчин намдаах эм хэрэглэсэн тохиолдолд түр зуух намдах боловч зовиур ихэсч, хэсэг газрын шинжүүд нэмэгдэнэ. Ш.Түмэн-Ерөөлт нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн рентген зургаар баруун эрхий хурууны 2 дугаар үений мултрал тогтоогджээ. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл болон учирсан бусад гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүссэн нь тогтоогдохгүй байна. Ш.Түмэн-Ерөөлт нь элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан ба гарын эрхий хурууны мэс засалд орсны улмаас суурь өвчин нь хүндэрч, өвчний явцад нь хурдсаж үхэлд хүрээгүй болно...” гэсэн шинжээчийн 686 тоот дүгнэлт /хх 177-178/, хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн өвчний түүхийн хуулбар /хх 99-104/, фото зургийн үзүүлэлт /хх 22-28/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Сумъяабазарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Ш.Түмэн-Ерөөлтийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

Гэвч Б.Сумъяабазар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүхийн тогтоосон төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн төлөөлөгч гомдолгүй гэснийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой ба энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн улсын яллагчийн шүүх хохирлыг буруу тооцсон тухай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хохирогчийн төлөөлөгч 4.737.456 төгрөгийн баримт гаргаж өгснөөс Б.Сумъяабазарын хохиролд төлсөн 940.000 төгрөгийг хасч, 436.616 төгрөгийг Б.Сумъяабазараас гаргуулж, хохирогчийн төлөөлөгчид олгон, 2.325.784 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл шүүх хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилсэн нийт дүнд үндэслэхгүйгээр хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл хохирогчийн төлөөлөгч 4.737.456 төгрөгийг Б.Сумъяабазараас нэхэмжилсэн ба үүнээс мөрдөн байцаалтын шатанд хохиролд төлсөн 940.000 төгрөг болон Б.Сумъяабазараас гаргуулсан 436.616 төгрөгийг хасахад 3.336.840 төгрөг үлдэх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих байжээ.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.