Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 915

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б*******ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Ч******* дүүргийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: Д.Д*******

“Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/162 дугаар захирамжийн Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б*******э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээд Д.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б*******э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б*******э миний бие Жигжид дэх зусланд өөрийн эзэмшлийн байшинтай юм. Орчин тойрны газрыг өмчлөх боломжтой тухай дүүргийн газрын албаны байцаагч Ю.О*******ээс тодруулахад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн газруудыг иргэдэд эзэмшиж буй байшингийн сууриар нь эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрт хүрсэн тул орчин тойрны газар нийтийн эзэмшлийнх байна гэж тайлбарлаж байсан учраас өөрийн эзэмшлийн байшингийн сууриар газар эзэмших эрхийг гэрчилгээг 2015 онд авсан.

Гэтэл Д.Д******* гэгчид дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн нийтийн эзэмшлийн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийн дагуу иргэн Д.Д******* хашаагаа манай байшин руу хэт шахаж барьсан нь миний болон зуслангийн хүмүүсийн чөлөөтэй зорчих эрхийг зөрчиж байна. Энэ талаар дүүргийн Газрын албаны байцаагчид хэлж хашааг нь буулгуулах, шахаж байриулах хүсэлт гаргасан боловч тэрээр “би энэ шаардлагыг Д.Д******* гэгчид тавьсан боловч тэрээр хүлээж авсангүй” хэмээн тайлбарладаг. Миний бие энэ хүний газар өмчлөх, эзэмших эрхийг хүндэтгэж байгаа бөгөөд Газрын тухай хуулиар газар өмчлөх, эзэмших эрхийг эдлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх гэсэн журмыг зөрчихгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Миний болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Д.Д*******д газар өмчлүүлэхээр гаргасан шийдвэр нь дараах байдлаар зөрчиж байна.

Иргэд нийтийн бие засаh газар руу чөлөөтэй зорчих боломжийг хязгаарлаж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” заалт зөрчигдсөн. Газрын албаны байцаагчийн тайлбарласнаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, өмчлүүлэх харилцааг зохицуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангагдахгүй байна.

Ч******* дүүргийн Засаг даргын Д.Д*******д газар эзэмшүүлсэн захирамж нь хууль зөрчсөн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд иргэнд эзэмшүүлсэн  газар нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй гэж заасан. Гуравдагч этгээд Д.Д*******ын газар эзэмших эрхтэй холбогдуулан маргаагүй, түүний энэ эрхэнд нь хүндэтгэлтэй хандана. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас хэн нэгний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Гэвч өмнө гарсан шийдвэрийг хүчингүй болгож байж дараагийн шийдвэр гарах ёстой. Тухайн газрыг чөлөөлж, хашааг буулга гэсэн Ч******* дүүргийн Засаг дарга н.Очирбатын захирамжийг хүчин төгөлдөр болохыг тогтоосон Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан байтал дахин газар олгосон нь хууль бус байна.

Бусдын орц гарцыг хаасан гэдэг нь зөвхөн нэг үндэслэл нь юм. Засаг даргын захирамжийн Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс газар дээр нь очиж үзлэг хийсэн. Хэрэв миний бие газар эзэмших хүсэлт гаргавал надад ямар хэмжээний газар олдохыг шүүх анзаарсан байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл би байшин дотроосоо гарахгүй байх нөхцөл байдал үүссэн. Иймд ядаж гишгэх газартай болох юмсан гэсэн бодолтой байна.

Бусдын орц гарцыг хаагаагүй нь үнэн боловч Д.Д*******ын адил урьдчилж хашаа барьж, дараа нь газар эзэмших асуудлаа хөөцөлдөж явах санаа надад байгаагүй юм. Газар эзэмших эрхээ шийдвэрлүүлсний дараа хашаа барих ёстой. Би ингэж хуулийн дагуу явсан нь эдгээр хүмүүсийн өмнө буруутан болж харагдах үндэслэл болж байна. Энэ нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. 

Тиймээс өөрийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 09-ний А/162 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй тул дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, Ю.О*******, Ж.А******* нар шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21,5.3 дахь хэсэгт заасныг дагуу 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ч******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар эзэмшүүлэхээр тусгаж газар эзэмшүүлсэн байна. Иргэн Д.Д*******д газар эзэмшүүлэхдээ иргэн Э.Б*******ий Дүүргийн Засаг даргын эзэмшиж байгаа газартай давхцуулсан болон орц гарцыг хаасан гэх тухайн иргэний эрх ашгийг зөрчөөгүй байна. 

Иргэн Э.Б*******эд 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргын А/43 дугаар захирамжаар Ч******* дүүргийн ******* дүгээр хороо, Жигжид зусланд 25 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  Иргэн Д.Д*******д 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/162 дугаар тушаалаар Ч******* дүүргийн ******* дүгээр хороо, Жигжид зусланд 350 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 

Газрын үзлэгээс харахад Д.Д******* нь 350 м.кв талбайгаас илүү газрыг хашаалж авсан зүйл байхгүй бөгөөд 350 м.кв талбайг эзэмшээд, ашиглаад явж байна. Э.Б*******э нь 25 м.кв талбайг эзэмшиж байгаа боловч үүнээс илүү талбайг хашаа барьж авсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан. Уг заалтын дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газар нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа.

Д.Д******* нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/162 дугаар захирамжаар Ч******* дүүргийн ******* дүгээр хороо Жигжид зусланд 350 м.кв хэмжээтэй газар 15 хугацаатай эзэмшүүлсэн байна. Э.Б*******э нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/43 дугаартай захирамжаар Ч******* дүүргийн ******* дүгээр хороо Жигжид зусланд 25 мкв хэмжээтэй газар 5 жилийн хугацаатай эзэмшсэн байна. Э.Б*******э эзэмших буй газар нь Д.Д*******ын эзэмшиж буй газартай давхцал байхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй, бусад иргэдийн газар эзэмших эрхийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд Д.Д******* шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд Засаг дарга Очирбат, зуслангийн удирдлагуудын зөвшөөрлөөр барьсан байдаг. Миний эзэмшиж буй газар нь хууль ёсны дагуу, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу уг газрыг эзэмшиж байна. Тийм учраас дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/162 тоот захирамж ямар ч зөрчилгүй, хүчин төгөлдөр болно. 

Э.Б*******э нь Жигжидэд миний эзэмшлийн байшинг 2014 онд зун түрээсэлж байхдаа миний байшингийн ард жижигхэн 25 м.кв талбай бүхий байшинг худалдаж авсан билээ. Ингээд 2015 оны 9 дүгээр сард уг байшингаа буулгаж том дүнзэн байшин барьсан.  Ингэж барихдаа ойр орчмын айлуудын орц гарц гудамж талбайг бодолцоогүй. Энэ хүн нь албан ёсны гэрчилгээ авсан бус 25 м.кв талбай бүхий газар худалдаж аваад түүнийгээ хүчээр томруулах гэж байна. Э.Б*******эд байшингийн сууриар нь газар эзэмшүүлэх нь зөв зүйтэй шийдэл гэж үзэж байна.   

Дүүргийн Засаг даргын 2016  оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/162 тоот захирамжийн дагуу зуслангийн байр хашаа, газраа хууль ёсны эзэмшлийн болгож авсан. Манай зуслангийн байшин нь 2008 оны 3 дугаар сард баригдсан. Иргэн Э.Б*******ийн газар уу ороогүй, шахаж бариагүй. Тэр ч бүү хэл 2 хажуу талын настай хүмүүсийн хашааг хүчээр буулгаж, дур мэдэн хашаа хатгаж, байшингаа хашиж барьсан байдаг. Засаг даргын захирамж нь хууль ёсны, ямар ч хууль зөрчөөгүй, бид үндсэн хуульд заасан газар эзэмших эрхээ эдэлж байгаа. Би бүрэн эрхийнхээ дагуу 0.7 га газраа эзэмшээгүй байгааг минь анхаарч үзнэ үү. Харин Э.Б*******э нь миний эрх, газар эзэмших өмчлөх бүрт минь хууль бусаар халдаж байгаад гомдолтой байна. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг зааж өгсөн. Гэтэл манайх тус хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчлийг гаргаагүй. Тэгэхээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч 25 м.кв газар эзэмших эрхийг худалдан авсан. Гэтэл хуулийн дагуу газар эзэмшээд явж буй этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж байна. Нэхэмжлэгч 25 м.кв талбайгаас илүү газрыг эзэмшиж, хуулийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл нь Засаг даргад хамааралгүй, газар эзэмшигчийн эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага аль, аль талаараа үндэслэлгүй байна. Иймд Э.Б*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б*******э Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/162 дугаар захирамжийн Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч Э.Б*******э нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшүүлсэн, иргэдийн нийтийн засах газар луу чөлөөтэй зорчих орц гарцыг хаасан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. 

Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/162 дугаар захирамжаар иргэн Д.Д*******д Ч******* дүүргийн *******-р хороо, Жигжидэд зуслангийн зориулалтаар 350 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ . 

Ч******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаар захирамжаар иргэн Д.Ганбатын зөвшөөрөлгүй барьсан байшинг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх гэж гарч байжээ . 

Иргэн Д.Ганбат, Д.Д******* нар дээрх захирамжийг хүчингүй болгуулах, Д.Ганбат, Д.Д******* нарын газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасаны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Д.Ганбат, Д.Д******* нарын газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ч******* дүүргийн Засаг даргад даалгаж, Ч******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаар захирамжийн иргэн Д.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ . 

Нэхэмжлэгч Ч******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаар захирамжийн иргэн Д.Ганбатад холбогдох хэсэг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр үлдсэн, түүнийг хүчингүй болгосон захирамж байхгүй тул иргэн Д.Д*******д газар эзэмшүүлсэн Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/162 дугаар захирамжийн иргэн Д.Д*******д холбогдох хэсэг хүчингүй болох ёстой гэж маргаж байна. 

Ч******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаар захирамжаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин барьсан гэсэн үндэслэлээр иргэн Д.Ганбатыг байшингаа буулгаж, газар чөлөөл гэсэн захирамжийг шүүх хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндэслэлээр захирамжийг хэвээр үлдээж шүүх шийдвэрлээгүй байна . 

Түүнчлэн Д.Д*******ын газар эзэмшихийг хүссэн өргөдлийг  үндэслэн уг газар дээр иргэн Д.Д*******д Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/162 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар 350 м2 газрыг эзэмшүүлсэнээрээ Д.Ганбатад холбогдуулан гарсан дээрх захирамжийн үр дагавар арилсан, уг захирамж нь тухайн цаг үеийн нөхцөл байдалд үндэслэн гаргасан байх төдийгүй уг захирамжаар иргэн Д.Д*******ын газар эзэмших эрхийг хязгаарлаагүй байна.  

Шүүхээс уг зуслангийн газарт үзлэг хийхэд  нийтийн бие засах газар луу явах орц, гарцыг хаагаагүй, уг зам нь чөлөөтэй, нэхэмжлэгч энэ талаар шүүх хуралдаан дээр маргаагүй  бөгөөд нэхэмжлэгч Э.Б*******э Ч******* дүүргийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/43 дугаар захирамжаар 25 м2 газрыг иргэн Ш.Санжпэрлээгээс шилжүүлэн авсан  байх бөгөөд бодит байдал дээр Э.Б*******ийн эзэмшиж байгаа газар 137.5 м2, /довжооны хэсгийг оруулаад 148 м2/, Д.Д*******ын эзэмшиж байгаа газар 387 м2 байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газрууд нь давхцаагүй, хэн аль нь захирамжаар олгогдсон газраас илүү хэмжээгээр газраа хашаалсан, байшин барьсан байна . 

Иргэн Д.Д*******ын хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй, орц, гарцыг хаагаагүй, нийтийн эзэмшлийн талбай биш байх тул иргэн Э.Б*******ийн газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3. “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”,  мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг Ч******* дүүргийн Засаг дарга зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б*******ийн “Ч******* дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/162 дугаар захирамжийн Д.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ